Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0891/З |
Дугаар | 128/ШШ2020/0205 |
Огноо | 2020-03-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2020/0205
2020 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 128/ШШ2020/0205 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаарН ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч:Н ХХК /РД:*********/
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний 433 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Н, Г.М, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
НэхэмжлэгчН ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний 433 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах;
Н ХХКомпанийн эзэмшлийн ******** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн 187 дугаартай Тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцаан өгөх тухай шийдвэрийн дагуу манай компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Хайрхан толгой гэх нэртэй газарт 1.588,85 га талбайг Ашигт малтмалын ******** тоот дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглах эрхтэй болсон билээ.
Гэтэл Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолж ирүүлсэн 7/5902 тоот дугаартай албан бичигт Танай компанийн эзэмшиж байсан ******** дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар шийдвэрээр цуцалсан тухай албан бичгийг ирүүлсэн. Иймд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна
Нэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй тухай
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хондсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; гэж хуульчилжээ.
Захиргааны байгууллага өөрийн гаргаж буй тушаал шийдвэрийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааг хийхийг Захиргааны ерөнхий хуулиар үүрэг болгосон байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шийдвэр гаргахдааН ХХКомпанид тайлбар, санал, хүсэлт гаргах боломж олголгүй шууд шийдвэр гаргасан нь хуулийн шаардлагад үл нийцсэн үйл ажиллагаа болсон юм.
Хоёр. Ашигт малтмалын ******** тоот дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж эхлээгүй байхад Ашигт малтмалын түхай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,5-т заасныг үндэслэн цуцалсан түхай
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийш захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж хуульчилжээ.
Манай Компани нь Ашигт малтмалын ******** тоот дугааргай тусгай зөвшөөрөлд заасан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нэгт байрлах Хайрхан толгой гэх нэртэй газрыг ашиглаагүй, ямар нэгэн байдлаар газар ухаж, байгаль орчинд хортой нөлөөлөх хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зэрэг зарчимд нийцэхгүй байна
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны агииг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;
Ийнхүү хуулийн шаардлагад үл нийцсэн үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргасан Ашигт малтмап газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны актад гомдол гаргах-д Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн 1/6261 тоот дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/19 тоот дүгнэлтийг үндэслэж гаргасан шийдвэр байх тул гомдлыг хүлээж авахгүй гэх хариуг ирүүлсэн болно. /манай компаниас БОАЖЯ-нд БОАЖЯ-ны сайдын тушаал болон уг тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019/19 тоот дүгнэлтийг бидэнд гарган өгөөч хэмээн албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1- т Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны аишг сонирхол иь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүныйг хүчингүй болгох;, 106.3.12-т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах гэж заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний 433 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,Н ХХКомпанийн эзэмшлийн ******** дугаартай ашшт малтмалын Ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээн зөрчигдсөн эрхийг минь хамгаалж өгнө үү.
Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах
Нэхэмжлэлийн утга:
Тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Кадастрын хэлтсийн дарга гаргасан боловч уг шийдвэрийг гаргах үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт нь мөн хууль бус, үндэслэлгүй дүгнэлт байх тул уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна
Байгаль орчны яамны дүгиэлт хуульд болон бодит нөхцөл байдалд нийцээгүй буюу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосноор тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан хариуцагч Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь хууль бус дүгнэлтэд үндэслэсэн болох нь тогтоогдох ач холбогдолтой юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт нь дараах үндэслэлээр хууль бус, бодит үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
Дээрх дүгнэлтийг Байгаль орчныг хамгаапах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн гаргажээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна гэж заасан байна.
Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа нь хуулийн дээрх заалтад заасан байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт хамаарахгүй билээ.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 15.1.1 байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; гэж заасан байна.
Гэтэл Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт нь хуулийн дээрх заалтад заасан төрийн бодлого, хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь:
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж зааснаас үзэхэд
1- Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа иь бодитой байх ёстой. Өөрөөр хэлбэл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6-д заасан байгаль орчин хортой нөлөөлөх гэдэгт хамаарах байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах (1), муутгах (2), гэмтээх (3), сүйтгэх (4), сөнөөж мөхөөх (5) үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан байхыг шаарддаг.
Гэтэл дээрх заалт нь хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд /байгаль орчинд хортой нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй/-д хамаарахгүй, мөн нэхэмжлэгчийн хувьд Байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт хамаарах 5 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйгээс алийг нь ч гаргаагүй байхад тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан нь хуульд нийцэхгүй байна
Манай компани нь Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 512 дугаар шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хайрхан толгой нэртэй газарт орших 3379.24 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг анх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Хайрхан толгой коал ХХК-ийн эзэмшлийн МУ-020511 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн шилжүүлж эзэмшихээр болсон нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.
Эрдэс баялаг Эрчим хүчний сайдын 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 074 тоот тушаалаар батлагдсан Ашигт малтмалын баялагийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгиин үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам-ын 7.3 т "... техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулснаас хойш ашиглалт явуулалгүй 3-аас дээш жилийн хугацаа өнгөрсөн, ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмишгч өөрчлөгдсөн тохиолдолд ... техник, эдийн засгийн үндэслэлийг тодотгох, ишнэчлэх буюу шинээр боловсруулах ... гэж заасны дагуу манай компани МУ- 021104 дугаар Тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах Техник, эдийн засгийн үндэслэлийг шинээр хийлгэн, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хандаад шинжээч томилогдохыг хүлээж байтал МҮ-021104 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар АМГТГазраас мэдэгдэл ирүүлсэн.
Тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь БОАЖЯамнаас томилогдсон Ажлын хэсгийн 2019 оны 08 сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах гухай 2019/19 тоот МҮ-021104 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй гул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг үндэслэсэн байх ба уг дүгнэлтийг гаргахдаа Өмнөговь аймгийн Засаг дарга болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга нарын албан бичгийг дурьдсан байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /буюу БОАЖЯам/ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа /ийнхүү хортой нөлөөлж байгаа нь бодитой байх/ талаарх нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан дүгнэлт гаргах ёстой байтал Нитро сибирь азиа ХХК-ийг бодитоор байгаль орчинд хоргой нөлөөлсөн талаар биш Засаг дарга нарын саналаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Аймгийн болон сумын Засаг дарга нарын саналд манай компанийг байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэх бодит нөхцөл байдал үүсээгүй, харин эсрэгээрээ, манай компанийг үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа гэдгийг тодорхой дурьдсан байдаг.
Бид ******* дугаар Тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсоноос хойш Монгол Улсын хууль тогтоомжийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй бөгөөд бүхий л үйл ажиллагаагаа
хуулийн дагуу явуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан үйл ажиллагаагаа эхлүүлж балтал тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргаснаас АМГТГазрын Кадастрын хэлтэс манай тусгай зөвшөөрлийг цуцалсан учир Байгаль орчип, аялал жуулчлалын яамыг энэ хэрэгт хариуцагчаар татан оролцуулах хүсэлтэй байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэний дараах байдлаар:
1. Байгаль өрчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт-ийг хүчингүй болгуулах,
2.Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийи даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ны одрийн 433 тоот Тусгай зөвшөорөл цуцлах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож,Н ХХК-ийн эзэмшлийн ******** тоот Ашитт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч, манай компанийн зө рчигдсөн эрх /ашигт маптмал ашиглах/-ыг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэг: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хайрхан толгой нэртэй 1588.85 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 21104А дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгожээ.
Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1- 2103, 1/302 дугаартай албан бичгүүдээр. ашигт малтмалын ашиглалтын 21104А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт-ийг төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мөн Монгол улсын Засгийн газрын шадар сайдад ирүүлж байжээ.
Дээр дурдсан албан бичгүүдэд нэг сумын нутаг дэвсгэрт 20-25 ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр нэгэн зэрэг уул уурхайн олборлолт явуулж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээрийн хомсдол бий болж, нутгийн иргэдийг ихээр бухимдуулж байгаа тул цаашид ... хуулийн хүрээнд цуцлах шийдвэр гаргах саналыг хүргүүлж байна гэж дурьджээ.
Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2019/19 дугаар бүхий дүгнэлийг гаргасан байна.
Хоёр: Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас 01/5820 тоот албан бичгээр 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 дугаар бүхий Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлийг ирүүлжээ. Уг дүгнэлтэдН ХХК-ийн эзэмшдэг 21104А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.
Дээрх хуулийн заалтыг үндэслэн манай байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 433 дугаар шийдвэр гарсан.
Гурав: Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол гэж сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.
ИймдН ХХК-ний захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хзлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрий 2019/19 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт-ий гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3,2,6, 1 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.С Хүсэлт хүргүүлэх тухай Өмнөговь аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 2( ний өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргы 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг тус тус үндэслэН ХХК-ийн эзэмшдэг М\/-021104 тоот ашигт малтмалын тусга зөвшөөрл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хорто нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт н хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Хүсэлт хүргүүлэх тухай Өмнөговь аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаа сарын 20-ний өдрийн 1-2103 тоот албан бичгээрН ХХК-ний М\/-02110 дугаар тусгай зөвшөөрөлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулахад иргэдий дунд үл ойлголцох байдал үүсч зарим нэг зөрчил гарх, Гурвантэм, Номгон сумдын нуте дэвсгэрт байгаль орчны тулгамдсан асуудал үүсэх эрсдэлтэй тул тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, ирээдүйд бодлого төлөвлөлттэйгөөр ашиглуулах шийдвэр гаргах хүсэлтийг уламжилсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах 56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараа үндэслэлээр цуцална: 56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хорто нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлегеен, заасан үүргээ биелүүлзэгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналь харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэл гаргана гэж заасан байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
НэхэмжлэгчН ХХК нь:
Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний 433 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,
Н ХХК-ийн эзэмшлийн ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан байна
Улмаар шүүх хуралдаанд эцсийн байдлаар:
Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний 433 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг тус тус үндэслэнН ХХК-ийн эзэмшдэг MV-021104 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Дээрх 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/19 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, тус сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь бодит нөхцөл байдлыг тогтоох буюу нотлох, шалгах, шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус хуульчилсан байна.
Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй дугаар 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэл нь тодорхойгүй, ерөнхий шинжтэй буюу хэрхэн, ямар байдлаар байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй талаар уг дүгнэлтэд тодорхой заагаагүй, хэрхэн, ямар байдлаар хортой нөлөө учруулж болзошгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Маргаан бүхий 2019/19 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргахдаа Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн байх боловч эдгээр аймаг, сумын Засаг даргын албан бичгүүдэдН ХХК нь ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд тодорхой ямар байдлаар хортой нөлөөлж болзошгүй талаар заагаагүй, дээрх Засаг дарга нарын 1-2103 тоот, 1/302 тоот албан бичгүүдийг ямар судалгаа, шинжилгээнд үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна.
Тус шүүхээс Өмнөговь аймгийн Засаг дарга болон Гурвантэс сумын Засаг даргад хандан 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгүүдийг гаргах үндэслэл болсон бүхий л баримтууд /хяналт шалгалт хийж нөхцөл байдлыг тогтоосонтой холбоотой/-ыг шүүхэд ирүүл гэж шаардсан албан бичгийг явуулсан боловчН ХХК нь ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд тодорхой ямар байдлаар хортой нөлөөлж болзошгүй талаар үндэслэл бүхий тооцоолол, судалгаа, шинжилгээ, нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч буюу захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинэчлэн судлах, нотлон шалгах үүрэгтэй төдийгүй тодорхой ямар шалтгаан, үндэслэлээр шийдвэр гаргаж байгааг уг захиргааны актдаа тодорхой заах шаардлагатай тул маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн дугаар 2019/19 тоот дүгнэлт нь хуулийн эдгээр шаардлагыг хангаагүй байна гэж шүүх үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-дахь заалт болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-дахь заалтаас үзэхэд байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх зэргээр бодитой хохирол учруулж байгааг байгаль орчинд хортой нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд манай компани нь байгаль орчинд хортой нөлөөлсөн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй буюу олборлолт огт явуулаагүй байхад байгаль орчинд хортой нөлөөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-дахь заалтаас үзэхэд нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж хуульчилсан байх ба хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд байгаль орчныг нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол, 28.2-т Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэж тус тус заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь дээрх зохицуулалтуудын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгчН ХХК нь олборлолт явуулаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, гарцаагүй байдлын улмаас, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай зэрэг сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдол үүсээгүй, мөн сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй ба үүнийг нотлох баримтаа хариуцагчид шүүхэд ирүүлээгүй болно.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/19 тоот дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг 2019/19 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 433 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 433 дугаар шийдвэрийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн дугаар 2019/19 тоот дүгнэлтийг үндэслэсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт үндэслэлгүй, хуульд нийцээгүй талаар дээр дүгнэсэн тул уг 2019/19 тоот дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 433 дугаар шийдвэр мөн хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж тус тус хуульчилсан байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Кадастрын хэлтэс нь манай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон буюу бүрдсэн талаарх мэдэгдлийг манай компанид өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Учир нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь заалтуудаар тухайлан, тусгайлан зохицуулсан байх тул манай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг урьдчилан мэдэгдэх үүргээ Кадастрын хэлтэс биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй төдийгүй энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасантай нийцнэ гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны ирцийн тухайд:
Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамбалдорж нар оролцсон ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улсын дээд шүүх дээр шүүх хуралдаан давхацсан учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байсан болно.
Тус хэргийн шүүх хуралдаан олон удаа хойшилсон ба 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу тус газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг хангаж, өмгөөлөгч авах боломж олгож шүүх хуралдааныг 8 хоногийн хугацаагаар хойшлуулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөө ирүүлээгүй.
Мөн тус хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хойшлуулахдаа хэргийн оролцогчдын саналыг авсаны үндсэн дээр 8 хоногоор хоногоор хойшлуулсан ба шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч гарын үсэг зурах үедээ Улсын Дээд шүүх дээр шүүх хуралдаантай талаар шүүхэд хэлээгүй.
Тус захиргааны хэрэг нь хамтран хариуцагч буюу хоёр хариуцагчтай ба тус шүүх хуралдаанд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн, оролцсон тул дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д заасныг тус тус баримтлан шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 28 дугаар зүйлийн 28.2, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчН ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/19 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг болон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 433 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчН ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 35.100 төгрөгийг, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс 35.100 төгрөгийг тус тус гаргуулжН ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ