Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/22

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Д.Гүндэгмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмаад холбогдох эрүүгийн 201721000022 дугаартай, 153/2016/0024/Э/ индекстэй хэргийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав, 12 дугаар багийн 6-08 тоотод оршин суух, 1986 оны 6 дугаар сарын 29 - ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг,  Ховд аймгийн Шим Ус ОНӨУҮГ-т үсчингээр ажилладаг, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, аминдаа 3 өрөө орон сууц, хашаа нэг, машин нэгийн хөрөнгөтэй, ял шийтгэлгүй, ЧО86062905 дугаарын регистртэй Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмаа.

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Гүндэгмаа нь согтуугаар санаатайгаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Д.Ганзоригийн эзэмшлийн 59-54 ХОҮ улсын дугаартай “Верна аксент” маркийн тээврийн хэрэгсэлийн урд талын салхины шилийг цохиж цууралт үүсгэн гэмтээсэн, баруун гар талын хаалгыг цохиж хонхойлгож гэмтээсэн, хойд талын хаалганы 2 салхины шилийг хагалж устгасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

            -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...5954 ХОҮ улсын дугаартай, “Верна аксент” маркийн Солонгос улсад үйлдвэрлэсэн шаргал өнгийн автомашин байв. Уг автомашины урд талын салхины шил баруун доод булангаас дунд хэсэг хүртэл цуурсан, баруун гар талын хаалга /хотойсон/ арын 2 хаалганы салхины 2 шил хагарсан, байдалтай байсан. Уг автомашины дотор талд үзлэг хийхэд саарал өнгийн бүрээстэй 3 суудал байх ба жолооч талын суудал, арын суудлуудын  шал нилэнхүйдээ шилний үүрмэг хагархай шилний хэлтэрхий цацагдсан байдалтай байв...”гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр  хуудас/

2017 оны 01 сарын 08-ны өдөр согтолтыг тодорхойлсон тэмдэглэлээр...  Шалгагч багажаар шалгахад иргэн Д.Гүндэгмаа нь 2,29%-ийн согтолттой согтолтын хүнд зэрэгт хамаарах болохыг тодорхойлов ... гэх  тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/

               Мөрдөн байцаалтад хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 5-12 тоотод оршин суух /  Д.Ганзоригийн өгсөн“...2017 оны 1 сарын 08-ны өдөр 20 цаг 30 минутын үед би Баруун бүсийн төв захын доод талын зогсоол дээр таксинд явж ирээд хүнээ буулгах гээд хариулт мөнгийг нь өгөх гээд зогсож байтал зам хөндлөн 2 хүүхэн ирээд баруун гар талд урд зогсож байсан машинд суух гэж байсан. Тэгтэл  миний машины урд суудал дээр сууж байсан залуу нөгөө 2 хүүхэнд хандаж цонхоор юм хэлсэн.  Тэр  2 согтуу хүүхний нэг нь миний машинд байсан залуу дээр ирээд буцахад нөгөө нэг согтуу хүүхэн нь миний машины баруун хажууд ирээд хаалга өшиглөж хонхойлгоод цүнхээрээ урд салхины шил цохиход шил цуурсан. Тэгээд миний машин дотор сууж байсан залуутай “чи муу юу гээд байгаа банди вэ” гээд хэрүүл маргаан хийгээд хаалга цонхоо онгойлго гээд  машины хойд хаалганы салхины шил рүү цохисон. Би машиныхаа урд суудал дээр суугаад, тэр машинд сууж байсан залууд хариулт мөнгийг нь өгч байтал Д.Гүндэгмаа машины хойд хаалганы салхины шил хагалчихсан. Тэгэхээр нь би буугаад машины хойд салхины шил хагалсан Д.Гүндэгмаа болон найз Б.Баярмаа хоёрыг цагдаад өгөхөөд дуудлага өгөөд  иртэл нь байж бай гэж хэлээд машинд оруулаад машины хойд суудал дээр суулгасан. Тэгсэн Д.Гүндэгмаа машины арын суудал дээр сууж байгаад уурлаад яахаараа хүнийг” янхан “ гэж дууддаг юм бэ?  гээд машины зүүн талын хойд хаалганы салхины шилийг хөлөөрөө жийгээд хагалсан. Энэ асуудал болж байх хооронд машинд сууж байсан залуу хаашаа явсан нь мэдэгдэхгүй нэг мэдсэн алга болчихсон байсан. Д.Гүндэгмаа нилээн согтуу байсан. Миний машины баруун урд хаалгыг аль хөлөөрөө өшиглөснийг анзаарч харж амжаагүй. Хөлөөрөө 2-3 удаа өшиглөж хонхойлгож, урд салхины шилийг цүнхээрээ цохиж цуулж гэмтээгээд,  баруун хойд 1 хаалганы салхины шилийг аль гараараа цохисныг хараагүй гараараа цохиж хагалсан. Зүүн хойд 1 хаалганы салхины шилийг нь аль хөлөөрөө жийж хагалсаныг машины гадаа зогсож байсан учир хараагүй. Одоо надад ямар нэг санал хүсэлт, нэхэмжпэх зүйл байхгүй. Машинаа бүрэн засуулж, хохиролоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 21-23 дугаар  хуудас/

               Хохирогч Д.Ганзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 24-26 дугаар хуудас/

                Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярмаагийн өгсөн“... Д.Гүндэгмаа бид хоёр Итгэл төвөөс гараад Баруун бүсийн төв захын доод талын 3 замын уулзварын хажууд зогсдог таксины зогсоол дээр ирээд хамгийн урд нь зогсож байсан таксинд Д.Гүндэгмаа түрүүлж суугаад намайг суух гэж байтал ард зогсож байсан такси дотор сууж байсан нэг залуу “2 яашка минь” гэж орилохоор нь би суух гэж байснаа болиод тэр такси  дотор сууж байсан залуу дээр очсон. Тэр  сууж байсан машиныхаа хаалгыг онгойлгоод сууж байсан.  Би 2 хацар луу нь алганы урд, ар талаар баруун гараараа ээлжилж алгадчихаад буцаад явахад араас тэр залуу юм хэлээгүй би ч юм хэлээгүй.  Тэгээд  суух гэж байсан таксиндаа суучихаад хартал Д.Гүндэгмаа байхгүй байхаар нь эргэж таксинаасаа буугаад хартал ард зогсож байсан “2 яашка” гэж хэлсэн залуугийн сууж байсан таксины хажууд нь хүн яахаараа янхан гэж хэлдэг юм гээд хэрүүл маргаан хийгээд хаалга, цонхоо онгойлго гээд хөлөөрөө хаалганы доод хэсэг рүү цохиод гараараа цонхыг нь цохиод зогсож байсан.  Тэгээд очиж явтал цонхны шил хагараад таксины жолооч Д.Ганзориг машинаасаа бууж ирээд машины шил хагалчихлаа гэж хэлсэн. Би Д.Гүндэгмаа дээр очоод явъя гэж хэлэхэд Д.Гүндэгмаа юм хэлээгүй. Тэгсэн таксины жолооч Д.Ганзориг явуулахгүй цагдаа дуудсан гэж хэлээд бид хоёрыг машин дотроо арын суудалд суулгасан. Тэгсэн Д.Гүндэгмаа машины ар талын суудал дээр сууж байснаа хүн яахаараа янхан гэж хэлдэг юм гээд хөлөөрөө зүүн талын хаалганы салхины шилийг жийгээд хагалчихсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр  хуудас/

                Мөрдөн байцаалтад гэрч Д.Магсаржавын өгсөн “...Д.Гүндэгмаа манай эхнэр байгаа юм Бид 2 гэр бүл болоод 8 жил болж байна.  2007 онд танилцаж 2009 онд гэр бүл болсон.  Ам бүл 4, 4-7 насны хоёр  хүүхэдтэй. Д.Гүндэгмаа Халуун усанд үсчин хийдэг. Хамт олон ч найрсаг, нийтэч, хөдөлмөрч, ажилдаа сайн, шударга хүнтэй маргалдаж муудалцаж буруу харьцдаггүй, муу зуршилгүй, даруу төлөв гэртээ нөхөр хүүхэддээ анхаарал халамж сайтай, жирийн  гэрийн эзэгтэй нарын нэг... Согтуу хүнтэй маргалдаж намайг доромжиллоо гэж хэлээд машины эд зүйл  хагалж гэмтээсэн хэрэгт шалгагдаж байгаа.   Зээлээр авсан орон сууц гэрийн тавилга болох хөргөгч, хоолны шкаф 2 хүний ор, телевизор, угаалгын машин  зэрэг бид 2-ын дундын өмч байгаа. Бид 2-ын амьдралын хүрэлцээ муу.  Д.Гүндэгмаагийн  ажил нь тогтмол орлого муутай түрээсийн мөнгө төлнө. Би өөрөө цалингийн болон орон сууцны зээлтэй. Цэргийн хүн болохоор тэр болгон ахуй амьдралдаа туслаад яваад байх боломж муутай.  Өдөр хоногоо болгоод явдаг. Илүү ч үгүй, дутуу  ч үгүй амьдардаг. Ар гэрийн ажлыг Д.Гүндэгмаа зохицуулж хийдэг.  Манай  охин Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүү цэцэрлэгт явдаг ... гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/

                Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэрэнноровын өгсөн“...Би 2013 оноос Д.Гүндэгмаатай найзалж эхэлснээс хойш мэднэ. Ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Найз нөхдийнхөө үгнээс гардаггүй найрсаг, нийтэч, хөдөлмөрч, ажилдаа сайн, муу зуршилгүй багын суурь хүмүүжилтэй, даруу, төлөв зантай, Хийж байгаа ажил нь тогтмол орлого муутай, түрээсийн мөнгө төлнө. Өдөр хоногоо болгоод явдаг. Илүү ч үгүй, дутуу  ч үгүй амьдардаг ... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

                Мөрдөн байцаалтад гэрч О.Цэндээгийн  өгсөн“...“...Би 2013 оноос Д.Гүндэгмаатай хамт ажилласнаас  хойш мэднэ. Ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Найз нөхдийнхөө үгнээс гардаггүй найрсаг нийтэч хөдөлмөрч ажилдаа сайн муу зуршилгүй даруу төлөв зантай. Халуун усанд үсчин хийдэг.  Тогтмол орлого муутай түрээсийн мөнгө төлнө. Нөхөр нь цэргийн  хүн болохоор тэр болгон ахуй амьдралдаа туслаад байж чаддаггүй. Амьдралын хувьд хүрэлцээ муутай  Өдөр хоногоо болгоод явдаг ... гэх мэдүүлэг/ хх-ийн 32 дугаар хуудас/

                Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт / хх-ийн 34 дүгээр хуудас/

                Мөрдөн байцаалтад Д.Гүндэгмаагийн сэжигтэн, яллагдагчаар  өгсөн “... Б.Баярмаа бид хоёр Итгэл төвөөс гараад Баруун бүсийн төв захын доод талын 3 замын уулзварын хажууд зогсдог таксины зогсоол дээр ирээд хамгийн урд нь зогсож байсан таксинд би түрүүлж суугаад Б.Баярмааг суух гэж байтал ард зогсож байсан таксин дотор сууж байсан нэг залуу “2 яашка минь” гэж орилсон. Тэгээд Б.Баярмаа суух гэж байснаа болиод эргэсэн. Тэгэхээр нь хүлээгээд сууж байгаад ирж суухгүй болохоор нь буугаад ард зогсож байсан таксины хажууд  хүн яахаараа янхан гэж хэлдэг юм бэ?  юу гээд байгаа банди вэ? гэхчилэн хэрүүл маргаан хийгээд хаалга, цонхоо онгойлго гээд хөлөөрөө хаалганы доод хэсэг рүү цохиод гараараа цонхыг нь цохиод зогсож байсан. Тэгсэн жолооч хаалганы салхины 2 шил хагалчихлаа гэхээр нь юу билээ гэж бодоод сэргээд хартал хаалганы салхины шил хагарчихсан байсан. Тэгээд машин дотор суугаад би чи яахаараа хүн янхан гэж хэлдэг юм бэ?  гээд хаалга, шилээ онгойлго гээд цохьсон ...  гэх  мэдүүлэг  /хх-ийн 38-41-р хуудас/

                Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмаа нь урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх баримт / хх-ийн 42 дугаар хуудас/

                Ховд аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн албан бичигт 5954 ХОҮ улсын дугаартай  шаргал өнгийн Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл нь ПЮ 87061071 дугаарын регистртэй Д.Ганзоригийн  нэр дээр бүртгэлтэй байгаа болно гэх баримт /хх-ийн 49 дүгээр хуудас/

                ХААН банкны 2017 онысарын 14-ний өдрийн 01 дугаартай Дүрсэмийн Гүндэгмаа нь манай банкинд хугацаагүй хадгаламжийн данс  эзэмшдэг ба 63764,14 төгрөгийн үлдэгдэлтэй  болно ...  гэх баримт / хх-ийн 50 дугаар хуудас/

                Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 138 тоот албан бичигт ЧО86062905 дугаарын регистртэй Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмаагийн  нэр дээр улсын бүртгэлийн Ү1617002032 дугаарт бүртгэлтэй Цамбагарав баг 6-р гудамжны 8 тоотод орших хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г1617000981 дугаарт бүртгэлэй  гэр бүлийн хэрэгцээний газар тус тус бүртгэгдсэн байна ... гэх баримт /хх-ийн 51 дугаар хуудас/

                Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлээр шүүгдэгч Д.Гүндэгмаагийн эзэмшлийн “ElDI” маркын хөргөгчийг битүүмжилсэн баримт... /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гүндэгмаагийн өгсөн... Тэр өдөр бид нар Итгэл төвд суусан. Манай найз Б.Баярмаа намайг хүргэж өгөх гээд  хамт явсан байсан. Хамгийн урд талын таксинд суусан гэтэл тэнд байсан нэг залуу  бид 2 янхан гэж хэлсний улмаас уурлаж  машины цонхны шилийг нь хагалсан байсан.  Таксины жолооч нар нь ямар нэгэн боловсролгүй,  залуучууд  өдөөд орилолдоод байсан. Би  маргааш нь уучлаарай гээд уучлалт гуйсан. Миний  буруу. Мөнгийг нь төлсөн. Тэр таксины жолооч нар бид хоёрыг доромжлоогүй бол ийм асуудал болохгүй байсан. Тухайн  үед бид Итгэл төвд 1 шил архи пиво уусан.  Би амархан согтдог болохоор согтсон байсан. “Янхаан, янхаан” гээд орилоод байсан.  Хүн доромжилж болохгүй шүү дээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү ...  гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан  дээрхи  нотлох баримтуудыг   хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмаа нь согтуугаар санаатайгаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Д.Ганзоригийн эзэмшлийн 59-54 ХОҮ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэлийн урд талын салхины шилийг цохиж цууралт үүсгэн гэмтээсэн, баруун гар талын хаалгыг цохиж хонхойлгож гэмтээсэн, хойд талын хаалганы 2 салхины шилийг хагалж устгаж бусдад 125000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Д.Ганзоригийн өгсөн... 2017 оны 01 сарын 08-ны орой 20 цаг 30 минутын үед таксинд явж ирээд хариулт мөнгийг нь өгөх гээд байж байтал  2 хүүхэн ирсэн. Миний машины урд суудал дээр сууж байсан залуу  тэр хоёрт хандаж цонхоор юм хэлсэн. Тэгтэл Б.Баярмаа миний машин дээр ирээд буцсан. Д.Гүндэгмаа нь миний машины  баруун хажууд ирээд хаалга өшиглөж хонхойлгож, цүнхээрээ урд салхины шилийг цохиход шил цуурсан, хойд хаалганы шил руу цохиж хагалсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Баярмаагийн өгсөн... Д.Гүндэгмаа нь “хоёр яашка” гэж хэллээ гээд  машины хаалганы доод хэсэг рүү нь цохиж, гараараа цонхны шилийг нь цохиж хагалсан... гэх мэдүүлэг,   тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, хохирогч Д.Ганзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,  гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Гүндэгмаагийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Гүндэгмааг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял оногдуулах  нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Гүндэгмааг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болгов.

Шүүгдэгч Д.Гүндэгмаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 42 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар төлсөн нь мөрдөн байцаалтад хохирогч Д.Ганзоригийн өгсөн... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Машинаа бүрэн засуулж, хохирлоо бүрэн барагдуулж авсангэх мэдүүлэг,мөн шүүгдэгч Д.Гүндэгмаагийн ... Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгон гэмшиж байна ... гэх мэдүүлгээр тогтогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Гүндэгмаа нь бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул түүний эзэмшлийн 1200000 төгрөгний үнэ бүхий “ЕLDI” маркийн хөргөгчийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй болгов.

Эрүүгийн 201721000022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй , бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

              Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмааг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмааг 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ял   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмаад оногдуулсан 1/ нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн 201721000022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус  дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмаад оногдуулсан  1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1/нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмаагийн эзэмшлийн “ЕLDI” маркын 1200000 төгрөгний үнэ бүхий хөргөгчийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017оны 02 сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч  Боржигон овогт Дүрсэмийн Гүндэгмаад  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан,хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА