Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 184/2016/01056/И |
Дугаар | 184/ШШ2017/00119 |
Огноо | 2017-01-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2017/00119
2017 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2017/00119 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Дүүргийн ... хаягт үйл ажиллагаа явуулдаг, Х ХХК /рд: ... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, О овогт Ч-ын Г /рд: ..../-т холбогдох,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х ХХК нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны .. тоот хаягт байрлах 61.3м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22010...дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу хууль ёсоор өмчилдөг болно. Гэтэл иргэн Ч.Гнь манай компанийн өмчлөлийн орон сууцыг хууль ёсоор өөрийн өмчлөлдөө шилжүүлэн аваагүй атлаа эзэмшиж, ашиглан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглан, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулаад байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооол /18082/, хд 43 дугаар байрны 84 тоот орон сууцыг хариуцагч Ч.Г-ийнхууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Ч.Г-аас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ч.Гнь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг Б ХХК-иас авсан бөгөөд Б ХХК нь уг орон сууцыг барьж ашиглалтанд байгууллагаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд авсан гэдэг. Б ХХК болон тэдгээр байгууллагуудын хооронд маргаан үүссэнээс өнөөдрийг болтол надад өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөөгүй байгаа ба маргаанаа шийдвэрлэсний дараа гаргаж өгнө гэсний үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаагүй байсан. Гэтэл Х ХХК гэх байгууллага нь өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч өөрсдөө өмчлөх ёстой, би тэрэнд нь саад болж байгаа мэтээр шүүхэд нэхэмжлэл гарган хууль бусаар миний орон сууцыг хүчээр булаан авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Б ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг байрны өмчлөх эрхийн талаар нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Т ХХК, О ХХК-ийг татсан байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Гэс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Х ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр О ХХК-тай байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах 61.3м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлд уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх 8, 21 дүгээр тал/
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь улсын бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр өөртөө шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэ бүртгэл хүчин төгөлдөр байх тул Х ХХК-ийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.
Хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөлийн эд зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байдаг ба мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг байна.
Маргаан бүхий хөрөнгийн анхны өмчлөгч болох О ХХК нь хэд хэдэн этгээдтэй /Т ХХК, Х ХХК гэх мэт/ орон сууцыг шилжүүлэх талаар харилцан үүрэг хүлээж, үүргийн хэлцэл хийсэн байж болох боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар, үүргийн хэлцлээс гадна өмчийн хэлцэл хийгдсэнээр эд хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжихээр хуульчилсан байна. Хуулийн энэ зохицуулалтын дагуу О ХХК нь эд хөрөнгө шилжүүлэх үүргийн хэлцэл хийсэн хэд хэдэн этгээдүүдээс гагцхүү Х ХХК-тай өмчийн хэлцлийг хийж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул өмчлөх эрх хуулийн дагуу Х ХХК-д шилжүүлсэн гэж үзнэ. /хх 48-57 дугаар тал/
Иймд, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх О ХХК болон Т ХХК-ын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу Т ХХК-д шилжсэн, Т ХХК болон Б ХХК-тай байгуулсан үүргийн хэлцлийн дагуу Баян соен заан ХХК-д шилжсэн, Б ХХК болон Ч.Гнарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ч.Г-т шилжсэн, Ч.Гнь үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж буй шударга эзэмшигч гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг хамгаалах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн 181/ШЗ2016/0... дугаартай, “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжын захирамжлах хэсэгт зааснаар: “...хариуцагч Т ХХК, О ХХК-д тус тус холбогдох 337.935.269 төгрөг гаргуулах тухай ...” Б ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байхаас гадна тус шүүх нь Б ХХК, О ХХК, Т ХХК-иудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний маргааныг шийдэж байгаа нь Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Ганхуягт холбогдох, эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /хх 73 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22010...дугаарт бүртгэгдсэн 61.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Ч.Г-т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР