Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2019/00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

....... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 4 дүгээр гудамж, 15 тоотод оршин суух, ...............................ын,

 

Хариуцагч: ....... аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багт байрлах, ....... аймгийн .......т холбогдох

 

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ......., түүний өмгөөлөгч А........, хариуцагчийн төлөөлөгч ......., түүний өмгөөлөгч З........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ....... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус хэлтэст жолоочоор ажиллаж байгаад ....... дарга ажилд томилогдож ирээд 2018 оны 5 сараас жижүүрээр ажиллуулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлтсийн дарга ....... жижүүр хийж байхад 17.30 цагийн үед чамайг чөлөөлж байна гээд дараагийн жижүүрийг дуудан ажил авсан. Миний хувьд алдаа дутагдал гаргаж сахилгын зөрчил авагдаж байгаагүй учраас яагаад халагдах болсон шалтгааныг нь ч ойлголгүй ажлаа өгсөн. Маш их гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээг анх жолоочоор ажилд орохдоо байгуулсан, жижүүрээр шилжүүлэн ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тушаалыг нь ч танилцуулаагүй. Хууль бусаар үндэслэлгүй ажлаасаа халагдсанд гомдолтой байгаа учир шүүхэд хандаж байна. Хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч ....... нь ....... аймгийн Татварын хэлтсийн жолоочоор ажиллаж байгаад ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр жижүүрээр ажиллах тушаал гаргасан байдаг. Жижүүрийн ажлыг хийлгэхдээ 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан байдаг бөгөөд эцэст нь ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр буюу ....... аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар .......ыг жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байгаа. Бидний зүгээс энэ тушаал дээр гол маргаан үүсгээд байна. Тушаалын үндэслэлийг аваад үзэхэд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байдаг. Үүнийг товчхон тайлбарлах юм бол байгууллагын даргын зүгээс ажилтны тоог цөөрүүлсэн болон орон тоо хасагдсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах гэсэн заалт байна. Гэтэл бодит байдал дээр аваад үзвэл хэрэгт энэ талаар баримт материал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хэрэв ажилтанг дээрх байдлаар ажлаас чөлөөлөх гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд сарын өмнө мэдэгдэх хуулийн заалт байдаг. Гэтэл тэгээгүй нэг л өдөр ажлаас нь чөлөөлсөн байна. 2 дугаарт нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ заалтыг хараад үзвэл ажилтан сахилгын зөрчлыг удаа дараа давтан гаргасан бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заажээ. Гэтэл ажлаас халсан тушаал дээр сахилгын зөрчил гаргасан талаар нэг ч дурдаагүй байдаг. Тэгэхээр энэ байдал мөн л тогтоогдохгүй байна. Мөн байгууллагын дотоод журмын 3 дугаар заалтын 3.4 дэх хэсэгт ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх хавсралт байдаг. Татварын хэлтсийн даргын тайлбарт байгууллага дээрээ өөрийн биеэр хяналт шалгалтаар ирсэн боловч, ажилтан ....... ажлын байрандаа байгаагүй, албан үүргээ гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх тайлбар өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгчийн хэлж байгаагаар ажлын байрандаа тодорхой хугацаагаар байгаагүй гэдгээ хэлж байгаа. Энэ тал дээр маргах зүйлгүй. Даргын хариу тайлбар дээр хяналт шалгалтаар явж байгаад илрүүлсэн зөрчил гэж яриад байгаа. Үүнийг сайн ойлгохгүй байна. Хөдөө ажлаар явж байгаад ирсэн нь өөрөө зохих журмын дагуу хяналт шалгалт мөн үү. Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд байгууллага болон дотоод хяналт шалгалтын удирдлагатай байна гэсэн зохицуулалт байдаг. Тэр нь даргын тушаалаар байгуулагддаг. Төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу ажиллаад эргээд тайлан мэдээгээ өгдөг. Энэ дагуу хяналт шалгалт явсан уу гэдэг нь өөрөө мөн тогтоогдохгүй байна. 3 дугаар үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байгаа. Энэ нь бол мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан өөрийн буруутай үйлдлээс болж ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажлаас хална гэсэн заалт байгаа юм. Тэгэхээр жижүүр мөнгө хариуцсан албан тушаалтан мөн үү нярав нягтлангууд л мөнгөтэй харьцдаг шүү дээ. Жижүүр бол зөвхөн хамгаалдаг. Энэ талаар мөн тушаал болон хөдөлмөрийн гэрээ нь дээр харагдахгүй байгаа. Ингээд энэ 3 заалтыг үндэслэсэн нь ажилтны гаргасан алдаа зөрчилтэй нийцэхгүй байна. Цаашлаад байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт үйлчилгээний ажилтанг ажлаас чөлөөлөхдөө үндэслэлээ тушаалдаа тодорхой тусгана гэж заасан байдаг боловч үүнийг ерөөсөө хэрэгжүүлээгүй. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ....... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд анх ....... аймгийн Татварын хэлтсийн даргаар ирсэн. Ажиллаж байх хугацаандаа жолооч ажлуулж байгаагүй. Яагаад гэвэл жолооч өдөр бүр хөдөө орон нутагт явдаггүй. Нэгэнт жолоочийн хэрэг байхгүй тул 8 цаг юу хийх вэ. Тийм учраас жолоочийн орон тоон дээр татварын мөнгө хураагч ажлуулж байсан. Энэ талаараа даргын зөвлөлийн хурлаар оруулж байсан. Ингээд Батбаярыг жолоочоор бус жижүүрээр 3 сарын хугацаагаар томилсон. Энэ нь төсвийн хөрөнгийг үр дүнтэй хэмнэх үүднээс ийм шийдвэр гаргасан гэж бодож байна. Ингээд .......ын хувийн амьдарлын байдлыг харгалзаад улмаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр түүнийг жижүүрээр ажлуулсан. Ингээд ....... нь жижүүрээр ажиллаж байх хугацаандаа ажилдаа ирсэн хүнийг ирээгүй гэх, ирээгүй хүнийг ирсэн гэх байдлаар ажилдаа хайнга хариуцлаггүй ажиллаж байсан. Энэ хүнд энэ талаар удаа дараа хэлж байсан. Миний бие ажлын байрандаа гэнэтийн шалгалт хийхэд тухайн өдөр ....... гэх хүн ажлын байрандаа байгаагүй. Бүтэн 1 цагийн хугацаатай алга болсон. Үүнийг утсанд бичлэг хийх байдлаар баталгаажуулсан. Ийм учраас түүнийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч З........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....... аймгийн ....... болон ....... нар 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр харилцан тохиролцон жолоочийн ажлаас жижүүрийн ажилд томилох тухай хөдөлмөрийн гэрээг 3 сараар байгуулсан байдаг. Жижүүрээр ажлуулсантай холбоотой маргаан гаргаагүй байдаг. Ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 9 дүдгээр сарын 29-ний өдөр байгууллагын дарга өөрөө ажил дээрээ жижүүрийн ажиллаж байгаа байдлыг шалгахаар гэнэтийн шалгалтаар очих үед ....... нь ажлын байрандаа байгаагүй. Ингээд Батбаярыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан бол ажлаас чөлөөлөх үндэслэл болдог. Ингээд мөн хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ....... нь ....... аймгийн .......т холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийгээ шүүх хуралдаанд дэмжиж байна. /хх1-2/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасны дагуу ....... нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэн шүүхэд гомдлоо нэхэмжлэл хэлбэрээр гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д тус тус зааснаар .......ын нэхэмжлэл нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд гомдлоор авч хэлэлцэх иргэний маргаанд хамаарч байх бөгөөд нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хариуцагч ....... аймгийн ....... нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Шүүх, хариуцагч ....... аймгийн Татварын хэлтсийг ажилтныг ажлаас буруу халсан гэж үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хувьд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ....... аймгийн ....... нь .......тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар түүнийг тус хэлтсийн жижүүрийн албан тушаалд томилсноор талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

....... аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар, .......ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлээ ...нэхэмжлэгч .......ыг Хөдөлмөрийн гэрээний 3.4-д заасан Байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байраа эзэнгүй орхиж явсан ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, дээрх үйлдлийг тус хэлтсийн дарга .......гийн гар утсанд үзлэг хийлгэсэн тэмдэглэл, гэрч ... мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан орон тоо хасагдсан, эсхүл ажитны тоог цөөрүүлсэн, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан

40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус заасан байна.

 

Ажил олгогчоос гаргасан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

Хэдийгээр, хоёр талын гэрээнд нэг тал үүрэг зөрчсөн тохиолдолд уул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, эсхүл цуцлахаар шаардах эрх нөгөө талд байдаг хэдий ч ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан үндэслэл бүхий шийдвэр /тушаал, захирамж / гаргах нь ажил олгогчийн үүрэг болно.

 

Өөрөөр хэлбэл: Ажил олгогч ....... аймгийн Татварын хэлстийн дарга 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалд ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж, чанар, үр дагаврыг зайлшгүй бичих шаардлагатай юм.

 

Иймд хуульд нийцэхгүй ажил олгогчийн шийдвэр нь хууль бус байх тул нэхэмжлэгч .......ыг ....... аймгийн Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

....... аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

 

Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ....... нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй хэдий ч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Олговрын хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5 ны өдрийн 555 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тодорхойлсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.2-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй, гэсэн байдаг тул .......ыг ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар .......ыг ....... аймгийн Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ....... аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ....... аймгийн Татварын хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 1.514.030 /нэг сая таван зуун арван дөрвөн мянга гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .......т олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч .......ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ....... аймгийн .......т даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ