Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/23

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Н.Отгонбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгайангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тольтон бургууд овогт Надмидын Отгонбаярт холбогдох эрүүгийн 201721000050 дугаартай, 153/2017/0025/Э/ индекстэй хэргийг 2017оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс өөлд, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг 4-р багт оршин суух хаягтай, аминдаа гэр нэг, 4 адуу, хонь 10, ямаа 10 дундын хөрөнгөтэй, сард 350000 төгрөгийн өрхийн орлоготой, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн  2013 оны 4 сарын 23-ны өдрийн  23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, П076090539 дугаарын регистртэй Тольтон бургууд овогт Надмидын Отгонбаяр.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах 10-18 тоот хашаанд оршин суух С Балжиннямын орон байранд нэвтэрч халтар манан хөөрөг хулгайлж хохирогч С.Балжиннямд 850000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 10-18 тоот төмөр материалаар хийсэн цэнхэр өнгийн ертөнцийн зүгээр урагш харсан хаалгатай хашаанд болсон байв. Уг хэрэг  учрал болсон гэх газрын хаалгаар ороход ертөнцийн зүгээр баруун хойд тал модон материалаар хийсэн цэнхэр улаан өнгийн хаалгатай монгол эсгий гэр мөн цэнхэр өнгийн  хаалгатай жижиг монгол эсгий гэр, цэнхэр өнгийн ачааны авто машин байв. Уг хэрэг учрал болсон гэх газрыг цэнхэр улаан өнгийн хаалгатай  монгол эсгий гэрийн хаалгыг онгйлгож дотогшоо ороход  хувцасны улаан өнгийн  модон шкаф, модон ор улаан цоохор ,,,, цагаан шаргал өнгийн  авдар 2 ширхэг улаан цоохор өнгийн цоожгүй, модон авдар төмөр ор хоолны шкаф тавиур, аяга таваг усны сав, голд нь модон ширээ сул боов цагаан идээгээр зассан 2 ширхэг таваг байсан ба орнуудыг бор цоохор цэнхэр өнгийн бүтээлгээр бүтээж авдарнууд дээр оёдлын машин архи зэрэг эд зүйлүүд тавьсан байв. Хэргийн газарт хөөрөг байсан гэх авдрыг “А” үсгээр тэмдэглэв. Хаалганы цүү эвдэгдээгүй  байв ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар худас/

Эд зүйл  хураан авах тогтоолоор гэрч З.Дагваас хураан авсан улаан өнгийн  чулуун толгойтой, ясан халбагатай халтар манан дунд гарын хөөргийг хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн.... Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт болсон хэрэгт эд зүйл хураан авах тогтоолоор З.Дагваас хураан авсан улаан өнгийн  чулуун толгойтой, ясан халбагатай халтар манан дунд гарын хөөрөг байсанд 08 цаг 35 минутаас 08 цаг 55 минутын хооронд үзлэг хийж хохирогч С.Балжиннямд хүлээлгэн өгөв ...  гэх тэмдэглэл / хх-ийн 12 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 10-18 тоотод оршин суух / С.Балжиннямын өгсөн“...2017 оны 1 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотруу эмчилгээнд яваад 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд 2017 оны 1 сарын 27-ны өдөр хөөргөө авч Улаанбаатар хотоос авч ирсэн дайландаа хийх гэтэл авдар дотор байхгүй байхаар нь хүүхдээс асуухад хулгай ороод таны хөөрөг алга болчихсон гэж хэлж байсан. Өөр зүйл алга болоогүй. Даваа толгойтой, ясан халбагатай, халтар манан дунд гарын хөөрөг алга болсон байна лээ.  2017 оны 01 сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад хөөрөг байсан. Улаанбаатар яваад ирэх хооронд манай гэр эзгүй байсан. Хүүхдүүд эргэж тойроод байдаг байсан. Надад манай хүүхдүүд хэлэлгүй цагдаад мэдэгдсэн байсан.

Улаанбаатар хотоос 2005 онд даваа толгойтой,  дунд гарын халтар манан хөөрөг 1500000 төгрөгөөр худалдаж авч байсан.  Ямар нэг бичиг баримт байхгүй . Хөөргөө авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй,  шүүх хуралд оролцохгүй.  Н.Отгонбаяр  миний хөөргийг харж байсан мэднэ ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Жанцанноровын өгсөн“...2017 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө 10 цаг 55 минутын орчимд байх гэрээсээ эгч А.Шинэбаярын хамт гараад ус асгах хоорондоо өвөө С.Балжиннямын гэрийн цоожийг харахад зүгээр гэр нь цоожтой байсан. Дахиад 12 цагийн үед гэрээсээ эгч А.Шинэбаярын хамт гараад өвөө С.Балжиннямын гэрийг харахад цоожгүй онгорхой байсан.  Эгч А. Шинэбаярын хамт очиж харсан. Би гэр лүү орж хараагүй. Эгч А.Шинэбаяр өөрийн гэрийн цоожоор өвөөгийн гэрийг цоожилсон. Орой ээж Б.Ганцоожийг ирэхээр нь болсон зүйлийн талаар эгч А.Шинэбаяр хэлсэн. Гэрийн хаалга, раманд эвдэгдсэн мөр байхгүй. Хаалганы цоожийг юугаар цохиж эвдсэнийг мэдэхгүй, ойролцоо нь чулуу, төмөр байгаагүй. Өвөө С.Балжиннямын гэрээс халтар манан, даваа толгойтой дунд гарын хөөрөг алга болсон. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өвөө хотоос ирээд хөөргөө асуугаад байхгүй болохоор нь хөөрөг алга болсон юм байна гэж мэдээд, эгч А.Шинэбаяр танай гэрт хулгай орсон, тэгэхэд алга болсон юм байна гэж хэлсэн ...”гэх мэдүүлэг: /хх-ийн 17-р хуудас/

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Шинэбаярын өгсөн“....2017 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө 10 цаг 55 минутын орчимд байх эрээсээ гараад ус асгах хоорондоо өвөө С.Балжиннямын гэрийн цоожийг харахад зүгээр гэр нь цоожтой байсан. Дахиад 12 цагийн үед өвөө С.Балжиннямын гэрийг харахад цоожгүй онгорхой харагдахаар нь очиж үзэхэд цоожийг нь юмаар эвдэж хаалгыг онгойлгосон байхаар нь дотогшоо ороод ерөнхийд нь гэрийн байдлыг харахад бүх эд зүйл нь байрандаа юмыг нь сандаачсан зүйл байхгүй болохоор нь өөрийнхөө гэрийн цоожоор цоожлоод, орой ээж Ганцоожийг ирэхээр нь болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд ээж Д.Ганцоож өвөөгийн гэрт орж үзчихээд эргэж надад юм хэлээгүй. Гэрийн хаалга, раманд эвдэгдсэн мөр байгаагүй. Хаалганы цоожийг юугаар цохиж эвдсэнийг мэдэхгүй, ойролцоо нь чулуу, төмөр зэрэг эвдчихээр зүйл байгаагүй. Гэрийн юмнуудыг сандаачаагүй, хэвийн байсан. Хөөрөг  байсан гэх авдар цоожгүй байсан. 2017 оны 1 сарын 25-ны өдөр өвөө хотоос ирээд хөөргөө асуугаад байхгүй болохоор нь хөөрөг алга болсон юм байна гэж мэдээд, танай гэрт хулгай орсон, тэгэхэд алга болсон юм байна гэж хэлсэн. ӨвөөС.Балжиннямын гэрээс халтар манан, даваа толгойтой дунд гарын хөөрөг алга болсон байсан. Тухайн үед гэрийн цоожийг янзлуулаагүй хаячихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч  З.Дагвын өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Гэртээ байж байтал Н.Отгонбаяр ирээд, даваа толгойтой, ясан халбагатай халтар манан хөөргийг манай аавын хөөрөг, та 30.000 төгрөг өгөөд, авч байгаач би буцаагаад авчихна гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 30.000 төгрөг бэлнээр нь өгөхөд Н.Отгонбаяр аваад явсан. Н.Отгонбаяр бид хоёр нэг нэгнээ таньж мэддэг, мэнд мэдээд явж байдаг гэмгүй танил хүмүүсийн нэг байгаа юм. Надад Н.Отгонбаяр нь 30000 төгрөг буцааж өгсөн. Одоо надад ямар нэг гомдол, санал хүсэл; нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг: /хх-ийн 20-р хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч  Н.Дэмидийн өгсөн ... Н.Отгонбаяр нь 2002 онд гэр бүлээсээ салснаас хойш мал, эд хөрөнгө,  гэрээ зарж идэж уугаад дууссан. Одоо өөрт нь ямар нэг хөрөнгө байхгүй. Эрдэнэбүрэн сумын төвд ээж, дүү 2-тойгоо амьдардаг боловч тэр 2-той бараг амьдардаггүй. Хааяа нэг очдог. Айл айл хэсээд айлын мал хариулаад явж байна гэж хэлээд манайхаар хааяа нэг ирэхдээ хэлдэг. Зуугуул хүн, эрхэлсэн ажил төрөл байхгүй. Амьдралын хүрэлцээ боломж муутай, өөрийн тогтмол цалин орлого байхгүй. Ээж Лхамаасүрэн нь өндөр настай хүн байдаг. Н.Отгонбаярын дүү Нэргүй ээжийг хараад малаа маллаад байж байдаг... Зан байдлын хувьд гайгүй. Заримдаа худлаа хэлээд архи уухаараа зан гаргаад хулгай хийчихдэг. Гэхдээ хүнд тусархуу ажил голохгүй хийдэг. Хар ажилд сайн хүний үгнээс гардаггүй, даруухан зантай багадаа сурлагандаа дунд зэрэг янз бүрийн зан байхгүй  хүүхэд байсан..../хх-ийн 22 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч  Ж.Нэргүйгийн өгсөн...Хүргэн ах С.Балжинням 2017 оны 01 сарын 10-ны өдөр Улаанбаатар хот яваад 2017 оны 01 арны 25-ны өдөр С.Балжинням ахын хүргэнийд очиход 2017 оны 01 сарын 22-ны өдөр С.Балжинням ахын гэрийн цоожийг эвдэж хулгай орсон байсан гэж А.Шинэбаяр хэлсэн ба даваа толгойтой ясан халбагатай, халтар манан хөөрөг алга болсон гэдгийг мэдсэн. А.Жанцанноров, А.Шинэбаяр нарын ээж, аав нь байгаагүй...2017 оны 02 сарны 03-ны өдөр эрүүгийн төлөөлөгч Баясгалан хүргэн ах С.Балжиннямыг хаана байгааг асуугаад Н.Отгонбаяр хөөрөг  хулгайлсан байна гэж хэлэхээр нь мэдсэн...Гэр бүлээсээ салаад мал, эд хөрөнгө гэрээ зарж идэж уугаад дууссан. Эрдэнэбүрэн сумын төвд ээж, дүү 2-тойгоо амьдардаг боловч тэр 2-тойгоо бараг байдаггүй, хааяа нэг очдог. Айл айл хэсээд явдаг, зуугуул хүн. Ажил төрөл хийдэггүй.  Өөрт нь үлдсэн хөрөнгө байхгүй. Ээж Лхамаасүрэн нь өндөр настай хүн байдаг. Н.Отгонбаярын дүү Нэргүй ээжийг хараад малаа маллаад байж байдаг.. .гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

            Эд зүйл үнэлгээгээр.. Манан хөөрөг 1 ширхэгийг 850000 төгрөгийн үнэлсэн баримт /хх-ийн 25 дугаар хуудас

Мөрдөн байцаалтад Н.Отгонбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “....би 2017 оны 1 сарын сүүлээр байх Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 1 шил 0.75 грамм архи уух гээд танидаг хүн олдохгүй болохоор нь ганцаараа уучихаад, 17 цагийн үед Цамбагарав багт байдаг хүргэн ах С.Балжиннямынд очиход гэр нь цоожтой байхаар нь цоожийг нь чулуугаар цохиж эвдэж онгойлгоод дотогшоо ороод гэрийн зүүн талд байсан шар цоохор, цоожгүй байсан авдрын тагийг онгойлгоод дотроос нь дунд гарын даваа толгойтой, ясан халбагатай халтар манан хөөрөг хулгайлж аваад гарсан. Өөр эд зүйл аваагүй. Тэгээд захын дээд тал түлээ зардаг Дагва гэдэг хүнд манай аавын хөөрөг 30000 төгрөг өгч байгаач би буцаагаад авна гэж хэлээд 30.000 төгрөг бэлнээр аваад мөн өдрөө 3 шил Ерөөл нэртэй архи аваад уучихсан. Би тухайн үед их согтсон байсан хөөрөг хулгайлж авсан, хүнд аваачиж өгөөд мөнгө авч архи авсанаа санаж байгаа өөр зарим нэг хэлсэн ярьсан. Хийсэн үйлдэлээ санахгүй байна..."мэдүүлэг: /хх-ийн 36-40-р хуудас/

Сэжигтэн Н.Отгонбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тухай.... тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт/хх-ийн 41-44 дүгээр хуудас/

“Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар Н.Отгонбаяр нь   Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 сарын 23- ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн  / хх-ийн 45 дугаар хуудас/

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 277 тоот ... ПЮ регистрийн дугаартай Надмидын Отгонбаярын нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй... гэх баримт/хх-ийн 46 дугаар хуудас/

Төрийн банкны  2017 оны 03 сарын 17-ны өдрийн 182 тоот ... ПЮ регистрийн дугаартай Надмидын Отгонбаяр нь манай банкинд 111600017283 тоот харилцах данс эзэмшдэг ба үлдэгдэлгүй  болно...гэх баримт /хх-ийн 55 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Отгонбаярыг өгсөн ...  Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас Дуут сум ороод 3 хоногийн дараа С.Балжиннямын ахынд очоод гэр нь эзгүй байхаар нь цоожийг нь эвдээд авдрыг онгойлгоод хөөрөг аваад захад аваачиж өгөөд мөнгөөрөө архи уусан. Хаалгыг нь чулуугаар цохиод цоожийг эвдээд орсон. Хөөргөө 30000 төгрөгөөр зарсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгож байна. Одоо хөдөө айлан мал хөлсөөр хариулж байгаа. Цаашдаа хөлсний мал маллаж амьдарна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх...  мэдүүлэг  зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж  дүгнэвэл:  Шүүгдэгч Тольтон бургууд овогт Надмидын Отгонбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах 10-18 тоот хашаанд оршин суух С Балжиннямын гэрт  нэвтэрч халтар манан хөөрөг хулгайлж хохирогч С.Балжиннямд 850000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Н.Отгонбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн... С.Балжиннямын ахынд очоод гэр нь эзгүй байхаар нь гэрийн цоожийг нь эвдээд авдрыг онгойлгоод хөөрөг аваад захад аваачиж өгөөд мөнгөөрөө архи уусан. Хаалгыг нь чулуугаар цохиод цоожийг эвдээд орсон. Хөөргөө 30000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлээр хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 10-18 тоод хашаанд байх монгол гэр байв... гэх баримт,  гэрэл  зураг,  эд зүйл хураан авсан тэмдэглэлээр гэрч З.Дагваас даваа толгойтой ясан халбагатай, халтар манан хөөрөг хураан авч хохирогч С.Балжиннямд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл  зураг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар  манан хөөрөг 850000 төгрөг гэх баримт, сэжигтэн Н.Отгонбаярын мэдүүлгийг  газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч С.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн... Улаанбаатар хот яваад ирэхэд манай гэрийн авдар байсан  даваа толгойтой манан хөөрөг алга болсон байсан. Хөөргөө авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Надад манан хөөрөг байдаг гэдгийг Н.Отгонбаяр мэднэ ... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Шинэбаяр, А.Жанцанноровын нарын ... 2017 оны 01 сарын 22-ны өдрийн өглөө манай өвөө С.Балжиннямын гэрийн цоож зүгээр байсан. Өдөр 12 цагийн үед харахад цоожийг нь юмаар эвдэж хаалгыг онгойлсон байсныг дахин гэрийг цоожилж орой ээж Б.Ганцоожийг ирэхээр нь хэлсэн. Гэтэл манай өвөө хотоос ирээд хөөрөг алга болсон байна гэхээр болсон явдлын талаар хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч З.Дагвын ... 2017 оны 01 сарын сүүлээр Н.Отгонбаяр нь даваа толгойтой ясан халбагатай, халтар манан хөөргийг нь манай аавын хөөрөг гэж авчирч өгөөд байрьцаанд таьж 30000 төгрөг авсан.  Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг   зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 Шүүгдэгч Н.Отгонбаяр  бусдын орон байран нэвтэрч , хохирогчид 850000 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  нь тогтоогдож байх тул  түүний үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй , хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Отгонбаярыг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Н.Отгонбаяр нь хэргийн 45 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар  Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 сарын 23-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн  байна.

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж шүүхээс оногдуулсан баривчлах ялаар шийтгүүлж, биечлэн  эдэлсэн ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан  ялтай байдалд байхдаа бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн боловч Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа хэрэгсэхгүй болгогдсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. 

 Шүүгдэгч Н.Отгонбаяр нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тогтоол тэмдэглэл, хохирогч С.Балжиннямын ... Хохирол төлсөн. Нэхэмжлэх  зүйлгүй  ... гэх мэдүүлгээр  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, хорих  ялыг биечлэн эдлүүлэхгүй байх нь зүйтэй үзлээ.

Эрүүгийн 2017 21000050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298.1-д заасныг  удирдлага болгон               

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тольтон бургууд овогт Надмидын Отгонбаярыг  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Тольтон бургууд овогт Надмидын Отгонбаярыг  эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201721000050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт  оногдуулсан   2 жилийн  хугацаагаар хорих ялыг тэнсэж,  2/хоёр /жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль   ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА