| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаярын Энхтүвшин |
| Хэргийн индекс | 105/2024/1228/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1350 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1350
2024 12 05 2024/ШЦТ/1350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч М.Сумъяа,
насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.О,
Өсвөр насны шүүгдэгч Х.А, түүний хууль ёсны төлөөлөгч Э.А, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хгийн Аэд холбогдох эрүүгийн 2406 00104 2044 дүгээр хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.......................................................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны яллагдагч Х.Аэ нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “.....................” МСҮТ дээр насанд хүрээгүй хохирогч Б.Мтай маргалдаж, хамар хэсэгт мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Өсвөр насны шүүгдэгч Х.Аэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Бидний зүгээс хохирол төлбөр төлж барагдуулна. Өөр хямд зардалтай эмнэлэгт хандаж хагалгаа хийлгэх боломжтой юу, төлбөрийн нөхцөл уян хатан байвал сайн байна. Аийн аав нь бид нартай огт холбоогүй байдаг. Ээж нь хөдөө орон нутагт бага сургуулийн нэг хүүхэд, цэцэрлэгийн насны нэг хүүхэд асардаг тул Аэд төдийлөн сайн анхаарал халамж тавих боломжгүй байдаг юм. Аэ нь өөрөө цагийн ажил хийж хэрэгцээндээ зарцуулдаг тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Аэ нь намайг спорт зааланд хоёр удаа шанаа хэсэгт алгадсан. Яагаад алгадсан талаар асуухад миний хамар хэсэг рүү мөргөсөн. Тэгээд дадлагын багш бид хоёрыг салгасан. Хамар маань үргэлж битүүрч, толгой өвддөг. Хамрын таславчийн хагалгаанд орох гэж байгаа” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хүү эхний удаад хамрын таславч мурийлтын хагалгаанд орно. Дараагийн гоо сайхны ясны хагалгааг насанд хүрсний дараа хийнэ гэсэн. Цагдаа шүүхээр явж цаг алдаагүй байсан бол эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх байсан юм билээ. Яг одоо хагалгаанд ороход мөнгөгүй тул хагалгаанд орж чадахгүй байна. Бидний зүгээс хүүгийн минь хамрыг нь эмчлүүлээд өгчихвөл гомдол саналгүй талаар хэлж байсан. Бидэнд одоогоор хагалгаанд орох шаардлагатай гэх эмчийн бичиг л байна. Харин хэдэн төгрөг болох төлбөр нь хагалгааны дараа тодорхой болох юм.” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Өсвөр насны яллагдагч Х.Аэ нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “.....................” МСҮТ дээр насанд хүрээгүй хохирогч Б.Мтай маргалдаж, хамар хэсэгт мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Мын өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 8 цагийн үед “.....................к” МСҮТ-ийн зааланд байхад Аэ намайг шалтгаангүйгээр 2 удаа нүүрэн тус газар алгадсан. Дараа нь дадлагын кабинетад дадлага орж байсан. Би зааланд байхдаа яагаад намайг алгадаж байгаа юм гэж асуухад Аэ нь хамар луу мөргөөд, улмаар бид хоёр муудалцаад байж байхад манай дадлагын багш Эбо ирж салгасан. Би багшийн бүтэн нэрийг мэдэхгүй байна. Тэгээд би нийгмийн ажилтантай цуг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Тэнд очоод хамраа үзүүлэхэд таславч хэсгээр хугарсан байсан. Би сайн танихгүй. Өмнө ямар нэгэн муудалцсан асуудал байхгүй. Намайг хөнгөн наргиа хийгээд тоглох үед уурлаад байдаг байсан. Тухайн үед би ямар нэг зүйл яриагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргаж өгсөн хохирлын баримт /хавтаст хэргийн 25-30 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болороогийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 548 дугаартай "Б.Мын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
Мөрдөгчийн өсвөр насны шүүгдэгч Х.Аийн насыг тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Х.Аийн өгсөн: “...Тухайн өдөр бид нар сургуулийн доор дадлагатай байж байсан. Тэгээд М бид хоёр хоорондоо муудалцаад М намайг өшиглөөд авахаар нь би зөрүүлээд хамар хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл Мын хамар хугараад цус гараад эхэлсэн. Тэгээд М багшид хэлээд бид хэд эмнэлэг явцгаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэргээр тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Улсын яллагч “...Өсвөр насны яллагдагч Х.Аэ нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “.....................” МСҮТ дээр насанд хүрээгүй хохирогч Б.Мтай маргалдаж, хамар хэсэг газарт мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн 13 дугаар хуудас, хохирогчийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас, шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас, өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон баримт хавтаст хэргийн 33 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс баримтаар 452.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд өсвөр насны шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр төлж барагдуулаагүй байх тул уг 452.000 төгрөгийн хохирлыг өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд 764.500 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өсвөр насны шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг тус тус гаргаж байна” гэх,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч “...Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Бидний зүгээс дээрх хохирол төлбөрүүдийг төлж барагдуулна. Мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Насанд хүрээгүй хохирогч “...Хэлэх зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Хэлэх зүйлгүй” гэв
Өсвөр насны шүүгдэгч “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч “...Хэлэх зүйлгүй” гэв.
Өсвөр насны шүүдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс маргаагүй болно.
1.3. Хууль, эрх зүйн дүгнэлт.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч эмч О.Болороогийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 548 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Мын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Өсвөр насны шүүгдэгч Х.Аэ нь насанд хүрээгүй хохирогч Б.Мтай хэрүүл маргаан хийж, улмаар түүний хамар хэсэгт мөргөсөн үйлдэл нь насанд хүрээгүй хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Тиймээс өсвөр насны шүүгдэгч Х.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэгт, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Нэгтгэн дүгнэвэл, өсвөр насны шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр төлүүлнэ” гэж тус тус заасан байна.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.О нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нийт 452,005 төгрөг /хх-ийн 25-30/ нэхэмжилсэн бөгөөд өсвөр насны шүүгдэгч Х.Аэ, түүний хууль ёсны төлөөлөгч Э.А нар нь төлж барагдуулаагүй байх тул тэдгээрээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгуулахаар шийдвэрлэлээ.
Мөн өсвөр насны шүүгдэгч Х.Аэ нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 764,500 төгрөгийг /хх-ийн 66/ төлж барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.О нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох өсвөр насны шүүгдэгч Х.Аэ, түүний хууль ёсны төлөөлөгч Э.А нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “...Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогчоос уучлалт гуйсан, өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч Х.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна.” гэх,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Насанд хүрээгүй хохирогч “...Хэлэх зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Хэлэх зүйлгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч “...Хэлэх зүйлгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгч “...Хэлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Өсвөр насны шүүгдэгч Х.Аэ гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Х.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дэх тал/, Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 42 дахь тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.
Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хуульчилсан байдаг бөгөөд хавтаст хэргийн 38 дахь талд авагдсан баримтаар Х.Аэ нь өсвөр насанд байх үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Иймд улсын яллагчийн саналаар өсвөр насны шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын гомдол, санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу өсвөр насны шүүгдэгч Х.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Аэд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж, 2.2 дахь заалт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” гэж зааснаар үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Х.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Хгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч Х.Аэд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Аэд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Аэ, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Анараас 452,005 /дөрвөн зуун тавин хоёр мянга таван/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.О нарт олгосугай.
7. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Аэ, түүний хууль ёсны төлөөлөгч Э.А нараас 764,500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 100900020080 дугаарын данс/-д олгосугай.
8. Насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.О нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учрах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу өсвөр насны шүүгдэгч Х.Аэ, түүний хууль ёсны төлөөлөгч Э.А нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Х.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХТҮВШИН