| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2020/01490/И |
| Дугаар | 151/ШШ2021/00463 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2021/00463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... байрлах Төв аймгийн Татварын хэлтэс /РД:9060456/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоотод оршин суух ... овогт Б.Б-т холбогдох
Гэм хорын хохиролд 6,126,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, гэрч А.Цолмон, Б.Батсайхан, иргэдийн төлөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Б.Б нь Төв аймгийн Татварын хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан. Б.Б жолоочоор ажиллаж байх хугацаанд Ниссан навара маркийн 0527ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан. Уг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй хувийн хэрэгцээнд хэрэглэж, гэмтэл учруулсан.
2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Төв аймгийн Татварын хэлтсийн Өмч хамгаалах комиссын дүгнэлтээр мэргэжлийн байгууллагаар тээврийн хэрэгсэлд үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсний дагуу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Моннис моторс” ХХК-аар оношлуулж, тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлүүдийг тогтоосон.
Дээрх дүгнэлтийн дагуу тээврийн хэрэгслийн засварт сэлбэг, засвар, түлшний зардал гарсан. Тээврийн хэрэгсэлд дүгнэлт гарснаас хойш Татварын хэлтсийн урсгал зардалд зарцуулах буюу машины засварын төсөв байхгүй учраас тодорхой хугацааны дараа засвар үйлчилгээ хийлгэсэн. Мөн Б.Б 2018 оны 5 дугаар сарын 04-нд ажил хүлээлгэж өгөх үед шатахууны нормыг хэтрүүлэн хэрэглэсэн учраас Улаанбаатар хот руу 2018 оны 6 дугаар сарын 13-нд явсан.
Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл тус хэлтэст жолоочийн ажил эрхэлж байхдаа Хөдөлмөрийн гэрээний 3.4 дэх заалтыг зөрчиж, тус хэлтсийн Ниссан навара маркийн 0527ТӨВ автомашины эд ангийг эвдсэн.
Мөн Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 12 минут, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 18 минут, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 45 минутад замын хөдөлгөөний зөрчил гаргаж нийт 48,000 төгрөгийн торгуульд орсон бөгөөд эдгээр торгуулиа төлөх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч төлөөгүй. Энэ торгуулийн цаг хугацааг нь замын хуудастай тулгахаар Б.Батбаяр тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй хувийн хэрэгцээнд ашигладаг нь харагдана.
Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эд хогшлын тооллогын бүртгэлээр 220,000 төгрөгийн үнэтэй автомашины бүтээлэг бүртгэлтэй байсан боловч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил хүлээлгэж өгөхдөө өгөөгүй болно. Мөн Ниссан навара маркийн 0527 ТӨВ автомашин нь 2 түлхүүртэй байсан ба 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш уг түлхүүрийг удаа дараа нэхсэн боловч 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй болно. Тус машины түлхүүр, удирдлагын үнэ 385,000 төгрөг болно.
Мөн шүүхэд нэхэмжлэлд хавсаргасан баримтыг нотариатаар батлуулахад 14,000 төгрөгийн зардал гарсан.
Машинд учруулсан хохирол, түлш, бүтээлэг, түлхүүрний нийт зардал нь 6,126,500 төгрөг болж байна.
Иймд Б.Б-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар байгууллагад учруулсан хохирол 6,126,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэж 6,126,500 төгрөг болсон. Тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй хувьдаа унасан, шатахууныг хувьдаа ашигласан гэжээ.
Б.Б нь тус Татварын хэлтэст жолоочоор ажилд ороход тус машин нь 5-6 жолооч сольсон. 5 жил болчихсон машин авсан. Уг байгууллагад ажиллаж байх хугацаанд Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Лүн сумдад 2018 оны 4 дүгээр сард томилолтоор явсан. Тус хэлтсийн дарга Д.Батсайхан, улсын байцаагч Ж.Дашжамц нартай Дэлгэрхаан суманд ажлаар явж байхад эвдэрсэн. Уг эд ангийг задалсан. Дарга буцаж очоод засах юм шүү гэж хэлсэн. Тэгээд янзлах зав өгөөгүй. Дарга солигдсон. Машины эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад эвдэрч гэмтэл гарсан, зарим эд ангиуд муудсан солих шаардлагатай болсон нь жолоочийн буруугаас болоогүй гэж үзнэ.
Ямарваа байгууллагын автомашины эд анги эвдрэхэд компани, засварын газар, хувь хүн огт тоодоггүй. Төв аймгийн Авто тээвэр зохицуулалтын байгууллагын инженер, техникийн ажилтан нь уг машин яаж эвдэрсэн, юунаас болсон, тухайн эд анги шинэ, хуучин элэгдэл хорогдол, үйлдвэрийн гэмтэл буруу гэх мэтийг тогтоож акт тавьдаг.
Хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй. Тус байгууллагын авто машиныг ажлын бус цагаар авто гражаас авч гараагүй, өөр хүнд руль шилжүүлээгүй, ямар нэгэн авто осол аваар гаргаагүй, гадны хүнтэй юманд яваагүй. Албаны шатахуун бензинийг хувийн ажилд ашиглаагүй болно. Явах болгонд зам явах бөглөж нярав нягтлан нь олгодог байсан.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байвал Замын цагдаагийн байгууллага тухайн хүнд торгууль оногдуулж барагдуулдаг.
Байгууллагын эд хогшлыг жил болгон комисс гарч хуучирсан, эвдэрсэн хэмхэрсэн эд ангийг акт тавьж устгалд оруулдаг. Уг авто машины бүтээлгийг акталсан. Нярав Сайнжаргал, нягтлан бодох Баярмаа нар акталсан.
Уг авто машиныг надад анх хүлээлгэж өгөхдөө 1 ш түлхүүр урьд нь барьж байсан жолооч А.Цолмон хүлээлгэж өгсөн. Нөгөө түлхүүр хуучин даргад нь байсан, надад анхнаасаа хүлээлгэн өгөөгүй.
З.Амгалан дарга ажлаа хүлээж аваад 10 минутын дотор намайг ажлаас халсан. Комисс гаргаж машин техникийг хүлээж аваагүй.
Гэм хор учирсан гэж Иргэний хуулийн 497.1, 510.1-д зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэмт үйлдэл /эс үйлдэхүй/ гэм хор хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Харин хөдөлмөрийн гэрээ, дотоод журамтай холбоотой асуудал гэж үзэж болох боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан ч 2 жил орчим өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Б.Б-т холбогдуулан байгууллагад учруулсан хохиролд 5,624,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 501,600 төгрөгөөр нэмэгдүүлж, гэм хорын хохиролд нийт 6,126,500 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулахаар тодруулан шаарджээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргасан байна.
Б.Б-т холбогдох Төв аймгийн Татварын хэлтсийн гэм хорын хохиролд 6,126,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.Б нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа тээврийн хэрэгслийг эвдсэн, эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй дутагдуулсан, зөрчлийн торгууль тээврийн хэрэгсэл дээр бичигдсэн гэж тайлбарлаж, тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, түлшний зардалд 5,459,500 төгрөг, замын хөдөлгөөний зөрчлийн торгуульд 48,000 төгрөг, машины бүтээлэгний үнэ 220,000 төгрөг, машины түлхүүр, удирдлагын үнэ 385,000 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, нийт 6,126,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж, /хх-1-2, 19, 173-175/
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “автомашины эд ангийн эвдрэл, гэмтэл, элэгдэл жолоочийн буруугаас болоогүй, үүнийг тогтоосон баримтгүй, автомашиныг хувьдаа унаагүй, шатахууныг хувийн ажилд ашиглаагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсний торгуулийг хувь хүнд ногдуулдаг, бүтээлэг актлагдсан, 2 дахь түлхүүрийг хүлээж аваагүй, комисс томилж ажлыг хүлээлцэн авахгүйгээр 2 жилийн дараа гэм хор учруулсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж, /хх-17-18, 26/
зохигч талууд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаж, шүүх хуралдаанд мэтгэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлох эрхтэй.
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Б.Б-аас тус хэлтэст жолоочоор ажиллаж байхдаа хариуцсан автомашинаа эвдснийг засварласан сэлбэг, засварын зардал 3,763,500 төгрөг, дугуй худалдан авсан 1,626,000 төгрөг, түлшний зардал 70,000 төгрөг; 2018 оны эд хөрөнгийн тооллогоор дутсан машины бүтээлгийн үнэ 220,000 төгрөг; 2016-2018 оны замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн мэдээлэлд тэмдэглэгдсэн 220,000 төгрөг; 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэсэн Ниссан навара тээврийн хэрэгслийн түлхүүр, удирдлагын 385,000 төгрөгийн нэхэмжлэх, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш гаргасан 14,000 төгрөгийн нотариатын төлбөрийн баримтуудыг үндэслэн нийт 6,126,500 төгрөгийг байгууллагад учруулсан гэм хорын хохирол буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас шаарджээ.
“Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан.
Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай /санаатай болон болгоомжгүй/ байхыг хуулиар тогтоосон байх ба эдгээр урьдчилсан нөхцөл бүрдсэн, тогтоогдсон тохиолдолд гэм хор, түүнд ногдуулах хариуцлагын асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахын тулд хариуцагч Б.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь нотлогдсон байх учиртай.
Б.Б-ыг Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаартай тушаалаар жолоочоор томилж, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, хэлтсийн жижүүрээр 3 сарын хугацаагаар томилж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар хэлтсийн жижүүрийн ажлаас тухайн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. /хх-100-101, 145/
Нэг талаас Төв аймгийн Татварын хэлтсийг төлөөлөн дарга Д.Батсайхан, нөгөө талаас жолооч Б.Б нар харилцан тохиролцож, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. /хх-139/
Төв аймгийн Татварын хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ниссан Навара маркийн 0527ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Б.Б-ын нэр дээр хариуцуулан бүртгэж байсан нь 2016 оны жилийн эцсийн тооллогын баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байна. /хх-32, 179/
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь Улаанбаатар хотын Делта автосервис, Автоплаза, Д.Эрхэмбаяр, “Гурван шүтээн” ХХК, “Моннис моторс” ХХК зэргээс автомашины эд анги, дугуй худалдан авсан болон оношилогоо, шатахуун зарцуулалтыг нотлох төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, шаардах болон замын хуудас, бараа материалын тайлан зэрэг санхүүгийн баримтуудыг шүүхэд гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засахад нийт 5,459,500 зарцуулсан гэжээ.
Тухайн баримтуудаас үзэхэд, Ниссан навара маркийн тээврийн хэрэгсэлд зориулан Автоплаза Д.Эрхэмбаяраас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,915,000 төгрөгөөр сэлбэг худалдан авсан болохыг нотолж байх хэдий ч, тухайн тээврийн хэрэгслийн гэмтлийг засварлах, сайжруулахад зориулагдсан эсэх нь нотлогдохгүй байна.
Тус тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Моннис моторс” ХХК-аар 30,000 төгрөгөөр эд ангийн оношилгоонд оруулж, шаардлагатай засвар үйлчилгээ, гэмтлийг тодорхойлуулжээ. Харин тухайн элэгдэл, гэмтлийн шалтгаан, үүслийг тодорхойлоогүй, Б.Батбаярыг гэм буруутай болохыг тогтоогоогүй бөгөөд зохигч талууд энэ талаар маргахгүй байна. /хх-165-167/
Төв аймгийн Татварын хэлтэс нь 2016 онд автомашины бүтээлэг /хуучин/-ийг эд хөрөнгийн “хангамжийн материал” хэсэгт 220,000 төгрөгийн үнээр, эд хариуцагчаар Б.Батбаярыг бүртгэжээ. /хх-177/
Төв аймгийн Татварын хэлтсийн “машины бүтээлэг-дутсан хөрөнгө” гэж бүртгэсэн 2018, 2019 оны эд хөрөнгийн тооллогын баримтаар Б.Б-ыг машины бүтээлгийг хүлээлгэн өгөөгүй, үрэгдүүлсэн гэм буруутай болохыг нотлохгүй юм. /хх-34-36, 181-182/
Нэхэмжлэгч тухайн автомашин нь 2 түлхүүртэй байсны нэгийг буцаан авсан, нөгөө түлхүүрийг байгууллагад хүлээлгэн өгөөгүй гэж түлхүүр, удирдлагын үнэд 385,000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч нь анх ажилд ороход нэг түлхүүр өгсөн, нөгөө түлхүүрийг өгөөгүй гэж маргаж байх хэдий ч, Б.Б-т Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийн 2 дахь түлхүүр, удирдлагыг хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч тал, хүлээн аваагүй болохоо хариуцагч талын хэн аль нь нотлоогүй болно.
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь Ниссан Навара маркийн 0527ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний торгуулийг төлж барагдуулсан, эсхүл нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэлд өр төлбөрөөр бүртгэгдсэн, хариуцагчаас тус торгуулийг төлөхийг шаардах эрх үүссэн эсэх, эрх шилжсэн талаарх нотлох баримтыг мөн шүүхэд ирүүлээгүй байна.
Төв аймгийн Татварын хэлтсийн даргын Б.Б-ыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр жолоочийн ажлаас чөлөөлөх тушаалд “ажил хүлээлцэж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Хүний нөөцийн ажилтан /Д.Чулуунхүү/-д”; 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр жижүүрийн ажлаас чөлөөлөх тушаалд “ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлж, тооцоо хийж дуусгахыг хүний нөөцийн ажилтан /Д.Чулуунхүү/, нягтлан бодогч /Л.Баярмаа/ нарт” тус тус үүрэг болгож шийдвэрлэжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШЗ2020/04650 дугаартай захирамжийн биелэлтийг хангаж, “Б.Б-т тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн баримт хувийн хэрэгт байхгүй байна. Б.Б-аас тээврийн хэрэгсэл хүлээн авсан үеийн 10 ширхэг зургийг хүргүүлж байна” гэсэн Төв аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05/17 дугаартай албан тоотоос үзэхэд тушаалд заасан ажил хүлээлцэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан 10 ширхэг зураг нь хэзээ, хэн авсан, ямар шалтгаанаар авсан болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, гэрч А.Цолмон, Б.Батсайхан нарын мэдүүлгүүд зөрүүтэй, бусад баримтаар нотлогдсонгүй./146-156/
Б.Б-ыг ажлаас чөлөөлөх, шилжүүлэхдээ ажлыг хүлээн авах, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, хяналт тавих үүрэг ажил олгогч, түүний удирдлагад хадгалагдана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ажлаа хүлээлцэхийг удаа дараа шаардсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлсэнгүй.
Дүгнэвэл, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил хүлээлцэх акт үйлдэж, ажлаа хүлээн авахаар үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын эс үйлдэхүйн хариуцлагыг эд хөрөнгө эвдэрсэн, гэмтсэн, дутагдсан үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ажлаас чөлөөлөгдсөн этгээдээс шаардах эрх үүсэхгүй байна.
Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх буюу эд хөрөнгийг бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх тухайд Хөдөлмөрийн хуульд нарийвчлан зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д ажилтан ямар тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхийг тодорхойлж, мөн зүйлийн 135.4-т ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь Б.Б-тай Хөдөлмөрийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр шаардах эрхгүй байна гэж дүгнэлээ.
Нөгөө талаар Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар заасан.
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь байгууллагад учруулсан хохирлыг төлүүлэхээр хариуцагч Б.Б-аас 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дотор шүүхэд гаргах, хохирлыг шаардах эрхтэй байсан боловч, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх тухайд зохигчид маргаагүй, шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл эвлэрүүлэн зуучлагчид хандсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ тухайд зохигчид хүсэлт гаргаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Б.Б Татварын хэлтэст жолоочоор ажиллаж байх хугацаанд учруулсан хохирол 5,624,900 төгрөг төлүүлэх нь зөв гэж үзэж байна. Батбаяр нь машинаа бүрэн бүтэн хүлээн авсан, буцааж хүлээлгэн өгөхдөө машиныхаа эд ангийг шамшигдуулсан гэж үзэж байна. Татварын нэхэмжлэлийг төлүүлэх ёстой гэж дүгнэсэн.
Б.Б нь өөрийн ажиллаж байх үедээ хариуцсан тээврийн хэрэгслээс эд ангийг авч өөртөө ашигласан, шамшигдуулсан гэж зохигч талууд шүүхэд маргаагүй бөгөөд тус тээврийн хэрэгсэл эвдэрсэн, гэмтсэнд Б.Б-ыг гэм буруутай болохыг шүүх тогтоогоогүй учраас “Б.Б-ыг машины эд ангийг шамшигдуулсан гэж үзэж, тухайн зардлыг нөхөн төлүүлэх ёстой” гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1- заасныг баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн хариуцагч Б.Б-аас гэм хорын хохиролд 6,126,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт 2 ширхэг CD хавсаргагдсан байх боловч шинжлэн судлагдаагүй, энэ тухайд хүсэлт гаргаагүй, буцаан авна гэж нэхэмжлэгч тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.ТҮВШИНЖАРГАЛ