| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2018/00217/И |
| Дугаар | 134/ШШ2019/00013 |
| Огноо | 2019-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 134/ШШ2019/00013
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х
Хариуцагч: Г.А
Үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 6 251 430 төгрөг гаргуулах тухай Х нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагч Г.А шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.М, хамтран зээлдэгч Г.А нар нь манай банкнаас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1120016094 тоот зээлийн данстай, 4 700 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч Б.М Х.ХХК дахь 5001173228 дансанд 4 700 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 913 888 төгрөг, зээлийн хүүд 504 219 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4231 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1120016094 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2016 оны 02 дугаар сараас зээлийг хугацаа хэтрүүлж эхэлсэн ба тус оны 10 дугаар сараас хойш зээлд эргэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 960 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х.Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй Солонгос улс руу явсан, холбоо тогтоож чадахгүй байгаа болно.
Иймд, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1120016094 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 3 786 111 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх хүү 2 236 088 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229 231 төгрөг, нийт 6 251 430 төгрөгийг зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч Г.А гаргуулж өгнө үү.
Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж, нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Зээлдэгч нь ажлаасаа гараад зээлийн хугацаа хэтрүүлж эхэлсэн. Орон нутагт амьдрахгүй, Улаанбаатар хотод амьдарч байгаа гээд, түүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй учир энэхүү зээлийн төлбөр болох үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг Г.А гэдэг зээлдэгчээс нэхэмжилсэн. Үндсэн зээлдэгч БНСУ-д ажиллаж байгаа. Тиймээс хамтран зээлдэгчээс гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь гэрээнд ижил эрх, үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар нэг ч төгрөг аваагүй, аль нэг тал илүү зээлийг зарцуулсан болон бага зарцуулснаар зээл төлөх үүрэг хуваагдах боломжгүй. Тэгэхээр зээлдэгч болох хамтран зээлдэгч нар адил эрх, үүрэгтэй гэв.
Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие охин Б.М хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Харин би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг, нэг ч мөнгө хэрэглээгүй. Би зээлдэгч болон хамтран зээлдэгч нар тэгш үүрэгтэй гэдгийг мэдээгүй. Би Говьсүмбэр аймгийн 2 дугаар багт, ам бүл дөрвүүлээ амьдардаг. Өрхийн орлого байхгүй, 240 000 төгрөгөөр амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Би энэ мөнгөний үндсэн зээлийг төлье гэсэн. Хүү, хүүгийн хүүг төлж чадахгүй. Анх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзсан цагаас эхэлж ярьсан. Хүсэлтээ бичиж өгсөн гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Г.А холбогдуулан үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 6 251 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1120016094 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулах гэж тодорхойлсон.
Зээлдэгч Б.М хамтран зээлдэгч Г.А нар нь Х.Б 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4 700 000 төгрөгийн цалингийн зээлийг, 36 сарын хугацаатай, жилийн 21.60 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №1120016094 дүгээр зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, Б.М 1120016094 дүгээр дансны хуулга, хэрэглээний зээлийн өргөдөл зэргээр тус тус тогтоогдож байхаас гадна энэхүү үйл баримтын талаар хариуцагч Г.А нь маргаагүй.
Тус гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ-ний агуулгад нийцсэн байна.
Нэхэмжлэгчээс ... Хас банк ХХК нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч Б.М удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан /хх-23/ бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй Солонгос улс руу явсан, холбоо тогтоож чадахгүй байгаа тул хамтран зээлдэгч Г.А зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлана.
Хариуцагч Г.А нь охин Б.М хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн, тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй, ... ийм үүрэгтэй гэдгийг мэдээгүй, ...охин Б.М холбоо бариагүй удаж байна ... хэмээн маргана.
Хэрэглээний зээлийг Б.М үндсэн зээлдэгч, Г.А хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, баталгаажуулан авсан болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Г.Алтанцогийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Зээлдэгч Б.М хамтран зээлдэгч Г.А нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 10 дугаар сараас хойш гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна, Зээлийн гэрээний 3.1.6-д Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй, 3.3-д Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ хэмээн тус тус заажээ.
Дээрх хууль болон гэрээний зохицуулалтаас үзэхэд үндсэн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамтран зээлдэгч буюу хариуцагч Г.А нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.
Хариуцагчаас ... үндсэн зээлийг нь төлөх боломжтой, харин хүүг нь төлж чадахгүй ... гэж маргана.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж,
Зээлийн гэрээний 3.1.7-д Зээлдэгч нь үүргээ гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй, хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк нэмэгдүүлсэн хүүг тооцон авах эрхтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү буюу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл, зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаас үзэхэд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан бол зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.
Иймд, хариуцагч Г.А үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 6 251 430 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 973 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А 114 973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.А үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 6 251 430 гаргуулж, Х.Б олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 973 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А 114 973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА