| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0960/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1018 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1018
2024 11 14 2024/ШЦТ/1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Хохирогч: Т.А,
Шүүгдэгч: Б.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** овогт Б.Э холбогдох эрүүгийн 24090***** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 19** оны 06 дугаар сарын 11-ний өдөр **** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ********зам засварчин ажилтай, ам бүл 4, эмээ, ээж, эгчийн хамт, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо *****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *** Б.Э /РД:ЕЮ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван буудлын орчим гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох хамтран амьдарч байсан Т.А тай "хүүхэдтэй уулзуулсангүй" гэх шалтгааны улмаас маргалдаж түүнийг алгадаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхинд цус бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Энь “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** буудлын орчим гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох хамтран амьдарч байсан Т.Атай "хүүхэдтэй уулзуулсангүй" гэх шалтгааны улмаас маргалдаж түүнийг алгадаж эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхинд цус бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал гэмт хэргийг үйлдсэн...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Т.Аы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би тухайн үед Энхбатад хүү гэрт ээжтэй хамт байгаа чи өөрөө очоод уулзаа би харих болоогүй байна гэж ярьсан. Тэгээд би **-н буудлын хойно явж байхад Э өөдөөс гараад ирсэн. Э тухайн үед согтуу байсан тэгээд өмнө бас хоорондын маргаантай асуудлаас болж гудамжинд дахин маргалдаж байгаад намайг шууд алгадаад, мөн толгой руу мөргөөд 2-3 удаа нуруу луу өшиглөсөн. Би ээж рүү залган болсон зүйлийг хэлээд цагдаа дуудсан. Би 2019 оноос Б.Э-тай хамт амьдарч эхэлсэн. 2020 онд цагаан сарын үеэр бид хоёр Хоорондоо маргалдсаны улмаас миний цээж рүү нэг түлхэж байсан. Би унахдаа ширээний булан шүргээд газар толгойгоороо савж унаж байсан. Тухайн үед би энэ талаар хэнд ч хэлээгүй өнгөрөөж байсан. 2023 онд гэртээ найзтайгаа хам согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд орой унтах гээд орондоо ороод хэвтэж байх үедээ мөн надтай маргалдаад миний баруун талын хацар луу нэг удаа алгадаж байсан. Тэр үед найз нь манай гэрт хонож байсан болохоор босож ирээд болиулаад эхнэртээ гар хүрч байгаа юм гээд дагуулаад аваад гарч байсан. Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний орой болсон явдлаас хойш ажилд явж чадаагүй, мөн улсын эмнэлгийн байгууллагаар үзүүлж эм тариа авсан, чихний эмчилгээнд орох шаардлагатай байгаа тул зардал мөнгөө төлүүлж авмаар..." гэх мэдүүлэг /хх-ийн 21, 31 тал/,
Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...30 орчим минутын дараа дахин залгаад их айсан, уйлсан байдалтай ээжээ намайг ирээд аваач гэж яриад утас нь салсан. Би тэр даруй буцаан залгахад хаана байгаа юу болсон талаар асуухад 5-н буудлын дээд талын гэрлэн дохио нь дээр байна Б.Э ирээд намайг зодоод байна гэж хэлсэн. Би тэр даруй гэрээс гараад явсан боловч түгжрээ ихтэй байхаар нь 6 буудлын эсрэг талаас доошоо 5-н буудлын зүг рүү гүйж байхдаа охин руу залгаад очиж байна болохгүй бол цагдаа дуудаарай гэж хэлэхэд утас нь салсан, дахин залгаад байсан боловч утсаа авахгүй байсан. Би тэгээд **** төвийн урд талын зам дээр очиход цагдаа ирсэн манай хүргэнийг машиндаа суулгасан манай охин А уйлсан байдалтай байсан. Тэгээд цагдаа манай хүргэн Б.Э-г аваад явсан охиныг маань дуудсан цагт ирээрэй гээд явсан. Би гэрлүүгээ харих замдаа охиноосоо юу болсон талаар асуухад гэр лүүгээ алхаж байхад өөдөөс гарч ирээд зодсон гэж ярьсан. Манай охин уйлаад байсан болохоор надад өөр зүйл хэлж чадаагүй уйлаад байсан. Би хүргэн Б.Э өмнө миний охинд гар хүрсэн талаар би ач хүүгээсээ сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Б-н 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8902 дугаартай “...Т.Аы биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 12 тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон РД:**********регистрийн дугаартай Т овогт А-ны сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоов" гэх маягт /хх-ийн 45 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Т.А гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Хохирол хор уршгийн хувьд:
Хохирогч Т.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өвчтэй байх үеийн 5 хоногийн цалин болох 350.000 төгрөгийг, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар 63.300 төгрөгийг шүүгдэгчээс тус тус нэхэмжилжээ.
Мөн эрүүл мэндийн даатгалын санд 117.400 төгрөгийн хохирл учирсан байна.
Хохирогчийн гаргаж ирүүлсэн хохиролын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Б.Э-с 413.300 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ад олгохоор шийдвэрлэв.
Харин улсын яллагчийн зүгээс хохирогч Т.А нь уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 117.400 төгрөгийн үйлчилгээ авсан ба үүнийг нэхэмжилнэ гэх боловч Эрүүл мэндийн даатгалын санг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна.
Иймд дээрх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Хохирогч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохиролоо нэхэмжлэхгүй гэсэн ба цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-с 413.300 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ад олгосугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС