Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1024

 

 

 

 

 

 

   2024           11            15                                     2024/ШЦТ/1024              

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,

Улсын яллагч Б.Цэрэнтогтох

Шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигин овгийн Г.М холбогдох эрүүгийн 24090****** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, *** **** бүртгэлийн ажилтнаар ажилладаг, ам бүл 3, ээж, аавын хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо **-** тоотод оршин суух хаягтай, Улсын бүртгэлийн хаяг ***** дүүргийн ** дугаар хороо, * дугаар гудамж * тоот, Урьд ял шийтгэлгүй, Боржигин овгийн Г.М, /РД:НС******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2024 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "****” пабын ариун цэврийн өрөөний үүдний хэсэгт Э.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Г.М нь 2024 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "******” пабын ариун цэврийн өрөөний үүдний хэсэгт Э.М тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан.... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би 2024 оны 05 дугаар сарын 03-наас 04-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******" нэртэй паб орж найз М-тай уулзаж, хамт үйлчлүүлэх гээд 19 цагийн үед би эхлээд очсон. Манай найз М миний ардаас 19 цаг 30-40 минутын үед ирсэн ба бид хоёр тухайн пабад булангийн ширээг авч суугаад бага зэрэг хэрэглээд ойр зуурын юм ярьж суусан. Би 00 цаг 50 минутын үед ариун цэврийн өрөө орох гээд ганцаараа босож яваад ариун цэврийн өрөөнд очтол оочиртой байсан тул үүд хэсэгт хүлээж байтал гаднаас 20-25 орчим насны хар өнгийн савхин цувтай, үсээ шуугаад цагаан өнгийн хавчаараар хавччихсан эмэгтэй орж ирээд миний хажуу талаар мөрлөөд гарсан. Би тухайн эмэгтэйд хандан энд хүмүүс дугаарлаж байна ш дээ гэж хэлтэл, тухайн эмэгтэй би гараа угаамаар байна гэж над руу уцаарлангуй хэлэхэд нь би зүгээр хэлээд гарч болно ш дээ гэх утгатай зүйл хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй угаалтуурт гараа угаагаад эргэж миний хажуугаар гарахдаа ахиад мөрлөж гарсан. Би суниаж чилээгээ гаргах гээд гараа өргөж суниатал ард нэг хүнд хүрчихсэн нь намайг мөрлөж гарсан тухайн эмэгтэй байсан. Тэр эмэгтэй хүрч ирээд миний нуруу хэсэг рүү түлхсэн. Би эргэж хараад тухайн эмэгтэйг мөн түлхтэл баруун хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү хүчтэй өшиглөсөн. Би хойшоо угаалтуур мөргөөд унасан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй байсан ба нурууны дээд хэсгээр өвдөөд байсан. Тэр үед миний хажууд ариун цэврийн өрөө орох гээд хүлээж байсан хоёр эмэгтэй над дээр ирээд дээш өндийлгөж суулгасан ба унасан газраа 10 гаран минут босож чадахгүй байсан учраас суусан. Тэгээд найз М дээр очоод болсон асуудлын талаар хэлээд намайг өшиглөсөн эмэгтэйг хайж үзэхэд байгаагүй явсан бололтой байсан. Тэгээд гэртээ харихаар явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6211 дугаартай “...Э.М-ын биед ууцны 3-р нугалам, ахар сүүлний 1-р нугалмын хугарал, дагзны хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 15-16 хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 959 дугаартай “...Магадлуулагч Э.М-н сэтгэцэд 2024 оны 05 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 56-57 хуудас/,

 

Флашт үзлэг хийсэн "...1 бичлэг хадгалагдсан байв. Дүрс бичлэгийг нээж үзэхэд "Assault in toilets.mp4” гэх бичиглэл бүхий 3 минут 44 секунтын бичлэг байв. Тухайн бичлэгийг хяналтын камерын дэлгэцээс Флаш нь дээрээс СД-нд буулгасан байх бөгөөд уг бичлэг нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний шөнийн 00 цаг 50 минутын бичлэг байх ба дүрс бичлэгийг эхлүүлэхэд тухайн баарны угаалгын өрөөний үүдэнд үл таних 3 эмэгтэй зогсож байх ба үл таних 2 эмэгтэй хоорондоо утсаа оролдон ярилцаж байх ба хохирогч Мөнгөнзул нь угаалгын өрөөний гадна байрлах толины өмнө зогсож байх ба гаднаас хар савхин куртика, цэнхэр жинсэн өмдтэй, үсээ боочихсон үл таних эмэгтэй орж ирэн толь руу алхаж явахдаа хохирогч Мөнгөнзултай ярилцан цаашаа толь руу явсан байх бөгөөд холбогдогч нь тольны Урд очиж гараа угаагаад эргэж харан хохирогч Мөнгөнзулын хажуугаар нь гарахдаа мөрлөн гар хатаагч дээр гараа хатаан зогсож байх ба улмаар хоорондоо маргалдан, холбогдогч хохирогчийн хэвлий хавьцаа хөлөөрөө өшиглөж газарт унаган, угаалгын Өрөөнөөс гарч явсан ба угаалгын өрөөнд байсан үл таних 2 эмэгтэй хохирогч М-д туслан босгож байгаа дүрс бичлэг бичигдсэн байна..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 25-26 хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр хохирогч Э.М-ын биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хуульзүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.М-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцох нь зүйтэй.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч нь шүүгдэгчээс 349.190 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг хохирол нь баримтаар тогтоогдохгүй мөн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас 174.682 төгрөгийг гаргуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна.

Харин шүүгдэгч Г.М нь хохирогчид сэтгэцэд учирсан хохиролд нийт 3.100.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.М-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Г.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой баримтаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТҮВШИНТӨГС