| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2023/0995/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1010 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1010
2024 11 14 2024/ШЦТ/1010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч: А.Г, түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А.Г /НБ*******/-д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *** аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***** захад ногоо зардаг, ам бүл 4 хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ******** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо *** задгай тоотод оршин суух хаягтай,
Урьд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 649 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 648 цагийг нэмж нэгтгэн нийт 1 жил 81 хоногийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар 1 жилийн хорих ялаас үлдсэн 8 сар 28 хоногийг 268 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар 648 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн уг ялаас эдлээгүй үлдсэн ялыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 85 дугаар тогтоолоор 24 хоног хорих ялаар сольж ялаа эдэлж дууссан, Боржигон овогт А. Г /РД:НБ******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соёлын төвийн орчимд хохирогч Д.П Ай фоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" кофе шопод үйлчлүүлж байсан хохирогч А.Г Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах "*******" зах дээр хохирогч Р.Элангуун дээрээс түүний эзэмшлийн Самсунг А-54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,295,910 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 3,735,910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч А.Г нь үргэлжилсэн үйлдлээр “...2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соёлын төвийн орчимд хохирогч Д.П Ай фоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" кофе шопод үйлчлүүлж байсан хохирогч А.Г-н Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах "*******" зах дээр хохирогч Р.Э лангуун дээрээс түүний эзэмшлийн Самсунг А-54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,295,910 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 3,735,910 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Д.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Соёлын төвд дүү болох М-н хонхны баяр болоод уг газарт очсон. Тухайн үед би эгч болон 2 хүүхдийн хамт дүүдээ цэцэг болон бамбарууш өгөх гээд байж байтал миний утас алга болсон байсан. Тэгээд би гар утсаа алдсан мэдээд бичлэг үзтэл шар канттай хар өмдтэй эрээн цүнхтэй шар гуталтай урт дуу буржгар үстэй 20-25 орчим насны эмэгтэй хүн миний хармаанаас авч байгаа бичлэг бичигдсэн байсан...” мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/,
"****” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1274 дугаартай "... 2,050,000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,
Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлаас бууж байсан ба 12:00 цагийн үед ажлын газрын 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй кофе шопод орж нэг цай аваад ширээн дээр нь суугаад халаасанд байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан ба тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд миний халааснаас нэг эмэгтэй хүн авч байгаа бичлэг дээр байсан.. миний гар утас самсунг А52 загварын хөх өнгийн гар утас энэ оны 2022 оны 02 дугаар сард Мобикомын салбараас 1,200,000 төгрөгөөр авч байсан..." мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,
"*****" ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1467 дугаартай ". шинжилгээний объектын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 390,000 төгрөгөөр үнэлэгдэв.." гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /ХХ- ийн 42-44 дүгээр хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 50-51 дүгээр хуудас/,
Хохирогч Р.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо *******ийн эцсийн ******* зах дээр 7,8-р лангуун дээр худалдаа эрхэлдэг ба 06-р сарын 09-ний 11 цагийн үед лангууныхаа доор өөрийн самсунг А-54 загварын гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан ба гадаа гарч гурилын лангуун дээрээ очоод эргээд ороод иртэл ITY гар утас маань хулгайд алдагдсан тул цагдаад өргөдөл гаргаж байна...... ******* захын хяналтын камерыг шүүж үзэхэд 40 орчим насны ногоон өнгийн подволк, Цэнхэр өнгийн уранхай женсин өмдтэй, цагаан өнгийн кет өмссөн хүн байсан ба миний утсыг лангууны доороос аваад цүнхэндээ хийгээд гарч байсан цаг хугацаа нь 11:23 минутын үед бичигдсэн байсан юм..." мэдүүлэг /ХХ-ийн 104-105 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан "... Самсунг А54 гар утас 1,295,910 төгрөг...” /ХХ-ийн 107-108 дугаар хуудас/,
Самсунг А-54 загварын гар утсыг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 112-114 дүгээр хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 118-120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт этгээд ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.
Шүүгдэгч А.Г нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад 3.735.910 төгрөгийн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч А.Г-ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.П 2.050.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Гандагийд 390,000 төгрөгийн хохирол, хохирогч Р.Э 1,295,910 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч нь хохирогч Р.Э Самсунг А-54 маркийн гар утсыг буцаан олгосон байна.
Иймд шүүгдэгч А.Г-оос 2.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П, 390.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Г-д тус тус олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Г-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч А.Г нь Г.Т, Д.У, Г.О гэх хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох Г.Т, Д.У, Г.О нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн засаг даргаж даалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогтой А.Г-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-с 2.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П, 390.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Г-д тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар шүүгдэгч Б.Г насанд хүрээгүй хүүхдүүд болох Боржигон овогт Г.Т /РД:УУ******/, Хатигин овогт Д.У /РД:НБ******/, Боржигон овогт Г.О /РД:НБ******/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС