| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2019/00439/И |
| Дугаар | 156/шш2022/00223 |
| Огноо | 2022-05-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 156/шш2022/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00439/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух А.А,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, Г.Т, С.Н нар
Нэхэмжлэлийн шаардлага: 5.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: А.А /онлайнаар/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Гэрч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, мөн түүний өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ..2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэнтий Ус ХХК-д машинист ажилтай Н, түүний эхнэр Н нартай А финанс ББСБ-ын барьцаанд байгаа Приус-20 маркийн автомашиныг урьдчилгаа 5.500.000 төгрөг өгөөд үлдсэн 6.000.000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хугацаанд банк бус санхүүгийн байгууллагад төлөхөөр тохиролцож машиныг худалдан аваад 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 3.882.000 төгрөгийг төлөөд уг машинаа өөрийн нэр дээр авах гэтэл ББСБ-аас Н Н нарын зээл төлөгдөж дуусаагүй, чиний нэр дээр шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш удаагүй 18-ны өдөр худалдаж авсан машин сэвтэй байна, наймаагаа буцаая гэхэд 5.500.000 төгрөгийг чинь төлж чадахгүй шүүхдээд аваарай гээд Н Н нар хэл ам хийсэн. Ингээд байж байтал 2019 оны 05 дугаар сард А финанс ББСБ-аас машиныг хураагаад авсан. Би уг машиныг өөр хүн зарсан байсан боловч тэр хүнээс
хураасан юм байна лээ, тэгээд би тэр хүнд машиныг мөнгийг өгч хохиролгүй болгосон. Одоо Н Н нараас машины үнэд төлсөн 5.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Машины мөнгө гээд 4.800.000 төгрөг, 200.000 төгрөг дансаар төлж, үлдэх 500.000 төгрөг угаалгын машин, өмд зэргийг бодож тооцсон болно...
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийсэн буруутай тал нь эрсдэл буюу нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн хариуцах хууль зүйн зохицуулалт байна. Үүний дагуу Ад 5.500.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байгаа учраас хохирлыг хариуцагч нар бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хуурч мэхэлсэн байвал хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхийг үүсгэж байгаа. Яаж хуурч мэхэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоосон. Анх хэлцэл хийх үед зээлийн гэрээний үлдэгдэл 7.800.000 төгрөг байхад 6.000.000 төгрөг гэж худал мэдээлэл өгсөн. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ хэрэгжүүлэхгүй гэрээ хийсэн байна. Худалдах, худалдан авах гэрээний үнэ 11.500.000 төгрөг байгаа. Хэрвээ 7.800.000 төгрөг үлдэгдэлтэй байсан гэдгээ үнэн зөв мэдүүлсэн бол урьдчилгаа төлбөрт 3.696.447 төгрөг авах ёстой байсан тул 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.Т, С.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..2017 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг А финанс ББСБ-тай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан нийт 12.500.000 төгрөгийн 4.000.000 төгрөгийг бэлнээр өгч 8.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдэж худалдаж авч байсан юм. Уг машинаа 2018 оны 06 сар хүртэл унаж байгаад тухайн үед том хүү Эрхэмбаяр зүрхний хагалгаанд орох шаардлагатай болсон тул эмчилгээний мөнгө хэрэг болж машинаа зарах тухай бодолтой байгаагаа эхнэрийн найз Бд ярьж байсныг А гэх эмэгтэй сонсоод манай машиныг худалдан авахаар харилцан тохиролцсон юм. А нь 5.000.000 төгрөгийг бэлнээр угаалгын машин 200.000 төгрөг, өмд 25.000 төгрөг нийтдээ 5.225.000 төгрөгийг тооцож өгсөн. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг өөрөөр сар сардаа хийнэ гэж тохиролцож худалдан авсан. Бидний зүгээс тухайн үедээ А финанс ББСБ-д урьдчилгаа 4.000.000 төгрөг, зээлийн төлбөр 3.963.500 төгрөг нийт 7.963.500 төгрөгийг төлсөн байсан. А төлбөрөө сар сардаа хийх тохиролцоондоо хүрээгүй, машиныг цааш дамжуулан зарснаас болж уг асуудал үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй (хх-ийн 35 хуудас) байна.
2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хамгийн сүүлд төлөлт хийгээд 5,6 сараа хийгээгүй гэдгээ хэлсэн. 5.225.000 төгрөгийг бэлнээр авсан. Үүнээс 200.000 төгрөгт угаалгын машин, 25.000 төгрөгт өмд авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг А анхнаасаа төлнө гэж тохиролцсон. А болон Н нар А пинанс ХХК-д мэдэгдсэн. А нь тайлбартаа Б гэдэг хүнтэй холбогдсон талаараа хэлж байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага мэдээд харилцан тохиролцож хийсэн. А нь машинаа Даваажаргал гэдэг хүнд зарахдаа машины бүх мөнгийг Даваажаргалаас гаргуулж авсан. Даваажаргалаас нийтдээ 11.500.000 төгрөг авсан гэдэг боловч дансны хуулгаар 18.500.000 төгрөг авсан байсан. Машиныг А ББСБ-ны нэр дээр байгаа гэдгийг мэдэж байсан. Тэгэхээр А өөрийн 5.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 200,000 төгрөгт угаалгын машин, 25,000 төгрөгийг өмд авсан гэж байгаа. Анх аман гэрээ хийхдээ А үлдэгдэл 6.000.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Хариуцагч нар тухайн үед 1.300.000 төгрөгийг төлсөн. Өмнөх зээлийг Г.Т, С.Н төлсөн. Зээлийн үлдэгдэл нь 5.095.000 төгрөг төлөөгүй учраас машин хураагдсан. Хариуцагч нар 680,000 төгрөгийн хүү төлөөгүй байсан. Энэ мөнгийг төлөөгүй гэж машин хураалгасан бол А-д мөнгийг төлөх байсан. Гэтэл үндсэн мөнгө 5.000.000 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Тэгэхээр 5.500.000 төгрөгийг төлөх боломжгүй. буруутай үйл ажиллагаанаас болж зээлээ төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчийн дараах нотлох баримтыг шүүхэд өгсөн байна. Үүнд:
А-ийн нэр дээрх Хаан банк ХХК дахь 5006617261 дугаартай дансны хуулга (хх-ийн 6-18 хуудас)
Новел лизинг ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 484/01 дугаартай албан бичиг (хх-ийн 242 хуудас), зээлийн гэрээний хавсралт (хх-ийн 243 хуудас нотлох баримтын шаардлага хангаагүй)
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүхийн цахим хуудсанд онлайнаар ирсэн гэх нотлох баримтын шаардлага хангахгүй 2 хуудас баримтыг байна. (хх-ийн 244 хуудас)
5.Шүүх хариуцагчийн хүсэлтээр шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1932 дугаар захирамжаар (хх-ийн 142 хуудас)
А финанс ХХК-иас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4468 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Зээлдэгч С.Нтой байгуулсан 447 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлт, төлбөр тооцоо, түүний үлдэгдлийг тооцоолсон баримт (хх-ийн 150-151)
А финанс ХХК болон хариуцагч С.Н нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 447 дугаартай зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци /-ний хуулбар (хх-ийн 152-155 хуудас)
А финанс ХХК нь Приус-20 маркийн 83-50 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авсан баримт тэмдэглэлд үзлэг хийлгэсэн тэмдэглэл (хх-ийн 163-169 дугаар хуудас)
6. Хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 464 дүгээр даалгавар гүйцэтгүүлэх захирамжаар хэрэгт авагдсан:
Хаан банк ХХК-ийн Хэнтий салбарын 2022.03.10-ны өдрийн 01/149 дүгээр албан бичиг, түүний хавсралт лавлагаа (хх-ийн 199-202 хуудас)
Новел лизинг ХХК-ийн 2022.04.06-ны өдрийн 303/01 дугаар албан бичиг (хх-ийн 216 хуудас)
7. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 314 дүгээр захирамжаар авагдсан А финанс ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4788 дугаартай албан бичиг түүний хавсралт тооцооны баримт (хх-ийн 203-204 хуудас)
8. Даалгавар гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу асуугдсан
Гэрч Ө.Б-ийн мэдүүлэгт Би 2018 онд болсон үйл явдлыг сайн санахгүй байна, А.А-аас худалдаж авсан болоод 12.450.000 төгрөг шилжүүлсэн байх,
дугаарыг сайн санахгүй байна, приус байж магадгүй цаашаа хэнд зарснаа санахгүй байна гэх мэдүүлэг (хх-ийн 222 хуудас)
Гэрч С.Д-ын мэдүүлэгт ..А.А-гаас цагаан өнгийн приус автомашиныг 11.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа болгож 6.000.000 төгрөгийг 5006617261 тоот дансруу шилжүүлсэн. ... Тухайн үед цагаан өнгийн приус машин байсан дугаарыг нь сайн санахгүй байна, банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан, А нь бид хоёроос авсан мөнгөөрөө банк бусын зээлийг хаагаад нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн, гэтэл А зээлээ төлөхгүй явсаар банк бус санхүүгийн байгууллага хураагаад авсан гэх мэдүүлэг (хх-ийн 229 хуудас)
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон
Гэрч Б.Д-ийн мэдүүлэгт Тухайн үед машин ББСБ-ийн нэр дээр байгаа, урьдчилгаа мөнгөө өгөөд цааш нь төлж болно эсвэл үлдсэнийг нь төлөөд авч болно гэсэн гэрээ хийсэн. Тэгээд хэдэн сар машинаа хэрэглээд Г.Т, С.Н нартай яриад үлдэгдэл мөнгийг нь өөрсдөө төлөөд нэр дээрээ болгож авъя гэхэд манай ББСБ хотод байдаг та нар өөрсдөө очоод шилжүүл гэж хэлсэн. Тэгээд ББСБ-аас очиж асуухад Г.Т, С.Н нарыг байлгах ёстой, манай нэр дээр байгаа машин зарагдах ёсгүй, яагаад зарагдсан юм гэхээр нь бид хоёр мөнгө төлөөд авсан гэхэд Г.Т, С.Н нарыг авчир гэж хэлсэн. Бид хоёр 2,3 хоног Г.Т, С.Н нарыг хүлээсэн. Сүүлдээ утсаа авахгүй, ББСБ-д машинаа хураалгасан. Өмнөх төлөх ёстой мөнгөө төлөөгүй байсан байна лээ. Тэгээд бид хоёр Г.Т, С.Н нартай машинаа болиод мөнгөө авъя гэж уулзсан боловч зөвшөөрөөгүй гэх мэт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Г.Т, С.Н нарт холбогдуулан 5.500.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлагаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үр дагварыг арилгуулах хэмээн өөрчилсөн (хх-ийн 234 дүгээр хуудас) боловч, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр 5.500.000 төгрөг гаргуулах хэмээн нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дэмжиж оролцсон болно.
Зохигчид 2018 оны 06 дугаар сард Приус-20 маркийн 83-50 УНА улсын дугаартай автомашиныг аман хэлцлээр 11.500.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч 5.000.000 төгрөгийг бэлнээр, 500.000 төгрөгийг бараагаар хариуцагч нарт төлж, үлдэх 6.000.000 төгрөгийг А финанс ХХК-д хариуцагчийн өмнөөс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би 5.500.000 төгрөгийг дансаар болон бараагаар өгсөн, зээлийг хуваарийн дагуу төлж байгаад автомашины үлдэгдлийг бөөнд нь төлөөд машинаа өөрийн нэр дээр шилжүүлэхээр А финанс ХХК-д хандахад зээл бүрэн төлөгдөж дуусаагүй хүү алданги ихтэй
гэсэн тул зээлийг дахин үргэлжлүүлэн төлөөгүй, 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр маргааны зүйл болсон автомашиныг банк бусаас хураан авсан хэмээн 5.500.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан, хариуцагч С.Н, Г.Т нар болон түүний итгэмжлэгдэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч .. нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй, машиныг Ад зарах гэж байгаа тухайгаа банк бусад мэдэгдэж байсан, автомашиныг зарж, А зээлийг үргэлжлүүлэн төлнө гэж тохиролцсоныг зөрчснөөс болж гэрээний үүрэг зөрчигдөж, машин хураалгасан, бид өөрсдөө төлөхөөр байсан бол ингэж машинаа хураалгахгүй байсан,.. хэмээн маргаж байна.
Зохигчдын маргааны зүйл болох Приус-20 маркийн 83-50 УНА улсын дугаартай автомашиныг хариуцагч С.Н нь А финанс ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 447 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 8.500.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээл авч, зээлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл сар бүр А финанс ХХК-д төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл фидуцийн гэрээний дагуу барьцаалагчийн нэр дээр бүртгэгдсэн болох нь хавтаст хэргийн 152-155 дугаар хуудаст авагдсан зээлийн болон фидуцийн гэрээгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл А финанс ХХК, хариуцагч С.Н нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээний харилцаа үүсэж, хуульд зааснаар үүрэг хүлээгч С.Н нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө болох автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх, үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлснээр эд зүйл түүнд буцаж очих буюу үүргээ биелүүлээгүй нөхцөлд автомашин үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрэн шилжих хууль зүйн зохицуулалттай гэрээ байгуулагджээ.
Фидуцийн гэрээгээр С.Н нь үүргээ гүйцэтгэх хүртэл тухайн этгээдийн хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд байлгах ба хэрэв үүргээ биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч тухайн хөрөнгийг захиран зарцуулах замаар шаардлагаа хангах ба уг гэрээний эргэн төлөлттэй холбоотой ямар нэгэн эрхийн зөрчил үүссэн хариуцлагыг хариуцагч С.Н гэрээний 5 дугаар зүйлд заасан байна.
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч нартай тохиролцсны дагуу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 4.800.000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 200.000 төгрөгийг хариуцагч Г.Тийн дансанд шилжүүлсэн, мөн угаалгын машин 200.000 төгрөгт тооцож авсан, 25.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний өмд авсантай хариуцагч нар маргаагүй үүнийг зөвшөөрсөн, зээлийн төлбөрт 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 3.882.000 төгрөгийг А финанс ХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн 5006617261 тоот дансны хуулга, хавтаст хэргийн 151 дүгээр хуудаст авагдсан А финанс ХХК-иас шүүхэд ирүүлсэн тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна. (хх-ийн 06-18, 203-204 хуудас)
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Бид зээлийн хуваарийн дагуу төлж байсан, А нь зээлийг төлөөгүйгээс машин хураалгаж бид хохирсон... хэмээн тайлбарлаж байх бөгөөд шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтээр хэний буруутай үйлдлийн улмаас автомашин хураалгасан, А финанс ХХК-иас нэхэмжлэгч А.А-гийн төлсөн
төлбөр болон хариуцагч С.Н зээлийн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар нотлох баримтыг шаардахад нэхэмжлэгч А.А нь
2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 700.000 төгрөгийг,
2018.07.19-ны өдөр 637.000+300.000=937.000 төгрөгийг,
2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 620.000 төгрөгийг,
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 605.000 төгрөгийг,
2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 500.000 төгрөгийг,
2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 520.000 төгрөгийг нийт 3.882.000 төгрөгийг төлсөн,
Хариуцагч С.Н нь зээлийн гэрээний дагуу 2017.12.20-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл зээлийн хүүгийн эргэн 3.613.500 төгрөгийг, хүүгийн төлбөр 1.926.788 төгрөгийг, үндсэн зээл 1.692.225 төгрөгийг төлж,
2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар буюу нэхэмжлэгч А.Ад машиныг худалдах үед үндсэн зээлийн үлдэгдэл 6.807.776 төгрөг байсан, 2018 оны 03 сараас хойш хүү алданги нийт 680.778, алданги 315.000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 7.803.553 төгрөгийн төлбөртэй болох нь А финанс ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4788 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн тооцооллоор (хх-ийн 203-204 хуудас) нь нотлогдохоос гадна хариуцагч С.Нийн зээлийн үлдэгдэл төлбөрт А финанс ХХК нь автомашиныг гэрээний дагуу 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хураан авсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлсэн тухай үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 163 хуудас)-ээр давхар нотлогдож байна.
Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх талаар маргадаггүй ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч машины урьдчилгаа мөнгө 5.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчийн өмнөөс зээлийн төлөлт хийгдсэн үйлдэлдээ зохигчид эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй байдаг.
Гэвч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар ...эрхийн зөрчилгүй... хөрөнгийг шилжүүлэх үүрэг худалдагч С.Нид байсан, уг зарсан автомашин нь эрхийн зөрчилтэй буюу А финанс ХХК-д барьцаалагч болохынхоо хувьд уг автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн, тус компанийн барьцаанд байсан, барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүйгээр автомашиныг зарсан, зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг биш 7.803.553 төгрөг байсан, фидуцийн гэрээний 5.3-т автомашиныг бусдад худалдаалахыг хориглосон үүргийг хүлээлгэсэн байхад ийнхүү бусдад зарсан худалдах худалдан авах гэрээ нь барьцаалагчаас зөвшөөрөл авалгүйгээр Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад мэдэгдэнэ гэж заасныг зөрчин зохигчид худалдан худалдан авах гэрээ хийгдснийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох ба Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.1-д зааснаар барьцаалуулагч өөрийн эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцахаар зохицуулсан, А финанс ХХК болон хариуцагч С.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.7-д Шилжүүлсэн эд хөрөнгөд ямар нэг өөрчлөлт оруулах тохиолдолд үүрэг хүлээн авагчийн зөвшөөрөл авна гэж заасныг хариуцагч зөрчин А.Ад автомашиныг зарж, урьдчилгаа төлбөр шилжүүлэн авсан байх тул зохигчдын хооронд байгуулсан хэлцэл нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч А.А нь 5.500.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс 5.000.000 төгрөгийг хариуцагч Г.Тийн дансруу шилжүүлсэн болох нь түүний Хаан банк ХХК-ийн 5006617261 тоот дансны хуулгаар нотлогдсон, 200.000 төгрөгт тооцож угаалгын машин авсан, 25.000 төгрөгт эмэгтэй хүний даавуун өмд зэргийг тооцож авсан гэдгээ хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн (хх-ийн 35 хуудас) байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5.225.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 275.000 төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгч А.А нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагч нараас шаардах эрхтэй, хариуцагч нар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг болох нэхэмжлэгчээс машины урьдчилгаанд шилжүүлэн авсан 5.000.000 төгрөг, бараагаар тооцсон 225.000 төррөг, нийт 5.225.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нар татгалзлын нэг үндэслэлдээ Агийн дансны хуулгаас харахад 5017105986, 5028768168, 501718086 дугаар данснаас машин гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн, уг автомашиныг Д гэдэг хүнд зарж ашиг олсон... хэмээн тайлбарлаж байх ба шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 464 дүгээр даалгавар биелүүлэх захирамжаар данс эзэмшигч Ө.Бүрэнтөгс, С.Д нараас гэрчийн мэдүүлэг авч Новел лизинг ХХК-иас тодруулга авахад Новел лизинг ХХК-ас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 303/01 дүгээр албан бичиг (хх-ийн 216 хуудас)-ээр 9858УБЗ автомашины зээлийн төлөлтийг хийсэн, гэрч Ө.Б нь ...би машин борлуулдаг ажил хийдэг, олон хүнд машин зардаг, Агаас машин худалдаж авсан байх, улсын дугаарыг санахгүй байна, улаан өнгө гэж утга дээр нь бичиснийг болохоор улаан байсан юм болов уу даа гэх мэдүүлэг, (хх-ийн 222 хуудас), гэрч С.Даваажаргал нь Би анх Агаас цагаан өнгийн приус-20 машин 11.500.000 төгрөгөөр авахаар болж Агийн дансанд 6.000.000 төгрөгийг машины үлдэгдэл гэж шилжүүлсэн,... А нь бид хоёроос авсан мөнгөөрөө банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хаагаад машинаа дараа нь миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч зээлээ төлөхгүй явсаар банк бусаас ирээд машиныг хураасан. Атай холбогдож энэ талаар хэлэхэд мөнгөний чинь оронд машин өгье гээд Приус20, 20-78 УБВ дугаартай машиныг өгсөн, ямар нэгэн төлбөргүй гэсэн мэдүүлэг (хх-ийн 229) өгсөн бөгөөд нэхэмжлэгч А.А нь хариуцагч нараас авсан машиныг иргэн С.Д-д зарж борлуусан боловч А финанс ХХК-иас машиныг хураан авсан байх тул хариуцагч нарын А.А нь уг машины зарж ашиг олсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Д-ийг гэрчээр оролцуулсан ба гэрч ...Н, Н нартай яриад үлдэгдэл мөнгөө төлөөд машинаа өөрийн нэр дээр болгоё гэхэд банк бус Улаанбаатар хотод байдаг, өөрсдөө очоод шилжүүлж ав гэхээр нь очоод асуутал Н, Н нар байх ёстой, машин зарагдах ёсгүй, яагаад зарагдсан юм бэ гэсэн мэдүүлгийг өгсөн ба хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-д машинаа зарахдаа А финанс ХХК-д мэдэгдсэн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 98.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н, Г.Т нараас 5.225.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож, үлдэх 275.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 98550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА