Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2021/02322

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2021/02322

Улаанбаатар хот

 

 

 

 

2021 11 30 181/ШШ2021/02322

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Энканто хотхон, 305 дугаар байрны 27 тоот хаягт оршин суух, Хиад Боржигон овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 19 дүгээр байр 11, 12 дугаар давхар өөрийн байранд байрлах, -д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 128,486,935 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хулан, Б.Энхбаатар, Б.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Хиад боржигон овогтой Отгонбатын Батбаатар нь Монгол улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно.

Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 тоот тогтоолын үндэслэх хэсэгт Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зуйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Монгол улсын Хөгжлийн банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Засгийн газрын 2020 оны 122 дүгаар тогтоол, 129 дүгээр тогтоол, Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн 2020 оны 8-1/2714 тоот чиглэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ажлаас халсан болно.

Миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн Банкинд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхээр нэхэмжлэл гаргасан.

Улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 сарын 31-ний өдрийн дугаар 181/ШШ2020/02173 тоот шийдвэр (Шүүхийн шийдвэр), Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны 2095 тоот магадлал (Магадлал), Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/00686 тоот тогтоол (Тогтоол)-оор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдпийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 43,825,000 төгрөг гаргуулах, (тус ажилгүй байсан хугацааны цалин нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх), нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон болно.

Иймд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажлаас буруу халсан үеийн олговорт нийт 128,486,935 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 сарын 31-ны өдрийн Дугаар 181/ШШ2020/02173 тоот шийдвэрээр нэг сарын дундаж цалин хөлсийг 10,707,244.66 төгрөгөөр тогтоосон болно. Анхан шатны шүүхийн шийдвэрээс ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацаа нэг жил байх бөгөөд дээрх нэг сарын дундаж цалин хөлсийг 12 сард уржүүлж гаргасан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ бол ажлаас үндэслэлгүй халагдсан өмнөх маргааны нэг нэхэмжлэлийн агуулга биш, тусдаа нэхэмжлэл. Тийм учраас шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргаагүй. Ажилд дахиж томилогдъё гэж маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан явдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлийн маргаан бол 128 болон 69 дүгээр зүйлүүдтэй холбоотой ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилогдсон хүртэлх хугацааны цалинг нэхэмжилж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн ойлгоосой гэж хүсэж байна.

2. Шүүхийн шийдвэр биелүүлсэн тухай асуудал ярьж байна. Энэ шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргаан биш. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлтэй холбоотой маргаан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол өмнөх буюу 2020.08.31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн. Энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

3. Өмнөх цалин нь 7,5 сая төгрөг байсан гэж байна. Өмнөх шүүх хурал дээр Хөгжлийн банкны хуульч нар буруу ажилласан. Тэр үед та бүхэн дундаж цалин хөлсөө тогтоох асуудлаа тогтоох ёстой байсан. Харамсалтай нь Хөгжлийн банкны хуульч нар хуулиа мэддэггүйгээс үүдэж цалин хөлсийг нь өндөр гаргасан. Ямар нэг тайлбар гаргаагүй. Нэгэнт шүүхийн шийдвэрээр 10,7 сая төгрөгийн дундаж цалинтай гээд нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримт дээр маргах боломжгүй. 1 жилийн өмнө буюу тэр үедээ дундаж цалин хөлс тогтоох журмаар цалингийн баримтуудыг гаргаад маргах ёстой байсан бөгөөд нэгэнт маргаагүй хариуцагчийн зүгээс дундаж цалин хөлстэй холбоотойгоор маргааны үндэслэл болгоогүй юм. Мөн давж заалдах болон хяналтын шатны шүүх дээр дундаж цалин хөлстэй холбоотой маргаан гаргасан боловч үүнийг хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар тогтоосон юм. Нэгэнт маргаангүй үйл баримтанд хүчин төгөлдөр 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Ийм учраас энд 7,5 сая төгрөгийн цалинтай байсан эсэх нь хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Энэ бол ажилгүй байсан бүх хугацаанд нь олгоно гэж заасан байдаг.

Улсын дээд шүүхийн 2006 оны 43 дугаар тогтоолд ажилгүй байсан бүх хугацаанд нь олгохыг заадаг. Ийм учраас давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх эсэх асуудлыг хянадаг. Ийм учраас ажилд эгүүлэн тогтоох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтална. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан эрх нь зөрчигдсөн буюу зөрчигдсөн гэж мэдсэн, мэдэх боломжтой гэж үзсэн өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гомдлоо гаргасан. Ийм учраас нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Нөгөө талаар 69.1 дэх заалтад бүх хугацаанд нь гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй нэг үйл баримтаар 2020.08.31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоосон 43 сая төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон гэлээ. Тэгэхээр үлдэгдэл 128,486,395 төгрөгийн цалин хөлсийг олгоогүй гэдэг нь тогтоогдож байна. Нэгэнт цалин хөлсийг олгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2-т заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ.

Дараагийн нэг зүйл нь энэ хүн одоо ажиллаж байгаа энэ мөнгө бол төсвийн мөнгө гэж байна. Би өмнөх шүүх хуралдаан дээр ч хэлсэн, дараа дараагийн шүүх хуралдаан дээр болон 1 жилийн өмнөх шүүх хуралдаан дээр ч гэсэн хэлсэн. Энэ бол хөндөгдсөн эрхийг сэргээх шүүх хуралдаан. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны алдаатай шийдвэрийн улмаас хүн хөдөлмөрлөх эрхээ, цалин хөлсөө алдсан. Нэг жилийн хугацаанд зээлтэй байсан, ковидын энэ хүнд хэцүү цаг үеийн байдалд цалин хөлсөө авч чадаагүй хохирсон. Мөн Хөгжлийн банк гүйцэтгэх удирдлагаасаа авна уу, ТУЗ-өөс дараа нь авна уу энэ эрх нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн дагуу нээлттэй. Хөгжлийн банкны удирдлагууд хууль зөрчсөн, хууль зөрчсөний улмаас иргэнийг хохироосон төлбөрийг Хөгжлийн банк хариуцна. Харин Хөгжлийн банкийг хохироосон үйлдлээ ТУЗ-ийн дарга Наранцогт нь хариуцах юм байгаа биз. Монгол улсын төрийн байгууллага нь хүүхдийн тоглоом биш, хүнийг хамаагүй ажлаас халж чөлөөлдөг зүйл байх ёсгүй. Нэхэмжлэгч ажилдаа эргэж орсон нь гуйж орсон зүйл биш, шүүхийн шийдвэрийн дагуу орсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хэн ч заавал биелүүлэх шинжтэй байх ёстой. Энэ утга агуулгаараа явсан үйл баримт. Шүүх хуралдааны танхимд төрийн өмчийн компани гэдэг утгаар хандлага гаргаж болохгүй. Та бүхэн Хөгжлийн банкийг төлөөлөн оролцож байгаа. Үг өгүүлбэр болгон чинь Хөгжлийн банкийг төлөөлж тэмдэглэлд тусгагдана. Дараа нь энэ тэмдэглэл нийтэд ил болох эсэхийг бодож Монгол улсын хууль тогтоомжийг хүндэтгэхийг хүсэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг би тайлбарласан. Энэ маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 46.1-тэй холбоотой маргаанд 129.1 дүгээр зүйлийн үйл баримт болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна уу, үгүй юу гэдгийг л шалгана. Нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Та бүхнээс хүсэхэд энэ бол төсвийн мөнгийг үрэн таран хийгээд байгаа зүйл биш. Хариуцлагагүй шийдвэр гаргаж, хоёр хүнд давхар цалин хөлс олгож байгаагаараа тэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нь хариуцлагаа хүлээнэ биз, эсхүл гүйцэтгэх захирал нь хариуцлагаа хүлээнэ. Энэ нь хуультай. Төрийн өмчийн компани, төрийн байгууллагын удирдлагын буруутай шийдвэрийн улмаас хохирвол хохирлыг нэгдүгээрт төр хариуцдаг. Дараа нь энэ буруутай шийдвэр гаргасан этгээдүүдээс аудитын шалгалтын дагуу төлбөрийн акт нь тогтоогдоод Хөдөлмөрийн тухай хуулийн 135, 134 дүгээр зүйлүүдийн дагуу албан тушаалтан хүнийг ажлаас үндэслэлгүй халсан бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хувиасаа гаргаж өгнө. Бид нар бол Хөгжлийн банкнаас нэхнэ, Хөгжлийн банк гүйцэтгэх удирдлагаасаа нэхээрэй. Өөр хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банкны зүгээс О.Батбаатарыг шүүхийн шийдвэрийн дагуу Эрсдэлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, цалин хөлсийг нь тогтмол олгож байна.

Түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 43,825,000 төгрөгөөр тогтоож, үүнийг тус банк бүрэн төлсөн. Ажилгүй байсан хугацааны олговрын хувьд өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааг болон тус хугацааны мөнгөн дүнг нь тодорхойлсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн олгосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

О.Батбаатарыг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлыг анхан, давж заалдах шат болон хяналтын шатны шүүхээс хянан хэлэлцэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч мөн энэ талаар нэхэмжлэлдээ дурдсан.

Хариуцагчийн зүгээс энэ асуудлыг өмнө нь 3 шатны шүүхээр хэлэлцэж дуусгаад, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь гаргаж өгөөд одоо нэхэмжлэгч ажилдаа хэвийн ажиллаад, ажлаа хийгээд явж байгаа. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хүлээж авах ёсгүй байсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Батбаатар нь хариуцагч Монгол улсын хөгжлийн банк ХХК-д холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажлаас буруу халсан үеийн олговорт нийт 128,486,935 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг нь түүний өмгөөлөгч шүүх хуралдаад оролцож, дэмжсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар эс зөвшөөрч маргасан.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч О.Батбаатар нь Монгол улсын хөгжлийн банк ХХК-ийн Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалыг хашиж байжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02173 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2095 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/00686 дугаар тогтоол зэргээр нэхэмжлэгч О.Батбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, О.Батбаатарыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Эрсдэлийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 43,825,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Батбаатарт олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 6-20 дахь талд/

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр Ажилд эгүүлэн томилох тухай тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаалд О.Батбаатарыг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эгүүлэн томилж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах, түүнтэй холбогдох гэрээ байгуулан ажиллах, Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 43,825,000 төгрөгийг О.Батбаатарт олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрсөн байна./хх-ийн 5 дахь талд/

Зохигч талууд дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч О.Батбаатарт 43,825,000 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин олговор олгосон, түүнийг ажил албан тушалд нь эгүүлэн тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч О.Батбаатар нь Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр Ажилд эгүүлэн томилох тухай тогтоол гарсны дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд уг нэхэмжлэлээ гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхүүдийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч О.Батбаатарыг үндэслэлгүй ажлаас халсан болон түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон байх тул дахин нотлох учиргүй юм.

Нэхэмжлэгч О.Батбаатарыг анхан болон давах, хяналтын шатны шүүхүүдийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д даалгаж шийдвэрлэснийг хариуцагч тал ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан тайлбар татгалзалыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байтал нэхэмжлэгч О.Батбаатарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарснаас хойш буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр Ажилд эгүүлэн томилох тухай тогтоолоор ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 128,486,935 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан ба дээр дурдсан бичгийн нотлох баримтаар Монгол Улсын иргэн О.Батбаатарт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т заасан ...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр заасан энэхүү эрхийг нь эдлүүлээгүй үйл баримт тогтоогдсон байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэг хүлээнэ. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөслтэй танцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заажээ.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхойлсон цалин хөлсөөр буюу 10,707,244 төгрөг х 12 сар = 128,486,935 төгрөг гэж тооцсон шаардлага үндэслэлтэй тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 128,486,935 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2021.09.07-ны өдөр 800,385 төгрөг төлснийг төсвийн орлого болгох бөгөөд хариуцагчаас 800,385 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хуулийн зохицуулалтын дагуу хувиарлалтыг хийх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас 128,486,935 төгрөг гаргуулан О.Батбаатарт олгож, уг үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, зохих бичилт хийхийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2021-09-07-ны өдөр төлсөн 800,385 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлого болгож, хариуцагчаас 800,385 төгрөг гаргуулан О.Батбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

 

 

 

.