| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/1004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1036 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1036
2024 11 20 2024/ШЦТ/1036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,
Улсын яллагч: Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.А-т холбогдох эрүүгийн 2409*********** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20**оны 07 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********ХХК-ийн сангийн ажилтан хийдэг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг **-р хороо****** тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бодонгууд овогт Н.А /РД: ЖА*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь Сүхбаатар дүүргийн **-р хороо тоосгоны **** дүгээр худгийн хажуу талын сагсан бөмбөгийн тайлбай дээр 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр сагсан бөмбөг тоглож байсан насанд хүрээгүй Л.О-той маргалдаж, түүний эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, шанаа, хүзүү цус хуралт, зулгаралт, зүүн нүдний зовхи, шанаа, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ань “...Сүхбаатар дүүргийн 16-р хороо тоосгоны **-**дүгээр худгийн хажуу талын сагсан бөмбөгийн тайлбай дээр 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр сагсан бөмбөг тоглож байсан насанд хүрээгүй Л.О-тай маргалдаж, түүний эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, шанаа, хүзүү цус хуралт, зулгаралт, зүүн нүдний зовхи, шанаа, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 50 минутын би болон манай найзууд Сүхбаатар дүүргийн 16-р хороо тоосгоны ***** дүгээр худгийн хажуу талын сагсан бөмбөгийн шийдэн дээр сагс тоглож байтал нэг 35-40 орчим насны эгч нэгт нохойтоогоо ирж та хэд чимээгүй тогло одоо ингээд харьцгаа гэж бид хэдэд хэлсэн. Тэгээд тэр эгч явсан. Удалгүй тэр эгч өөрийн үеэл дүү болох Б гэх ахыг дагуулж ирээд сагсан бөмбөгийн шийд рүү орсон. Тэгээд тэр Б гэх хүн манай найз Е болон миний төрсөн дүү О нар дээр очоод хоёуланг нь нэг нэг удаа цохихоор нь Б гэх хүний өөдөөс нь алхтал тар хүн бас миний өөдөөс алхаж ирээд намайг шууд учир зүггүй цохиж эхэлсэн. Тэгээд зодуулаад байж байтал манай найзууд намайг салгасан. Б гэх хүний сайн танихгүй зүгээр л зүс мэдэх төдий. Б гэх хүний бүтэн нэгийг нь сайн мэдэхгүй байна дүү нэр нь л Б гэж дууддаг. Б гэх хүн нь миний баруун нүүр рүү алгадаад дараа намайг хөшиглөж унгаасан. Тэгээд Б гэх хүн намайг унгаасныхаа дараа толгой руу нэг удаа хөшиглөөд хоёр гараараа миний толгой руу 7-10 удаа шанаадсан. Удалгүй манай найзууд бид хоёрыг салгасан. Тэгээд би зодуулснаас болоод шийднээс гараад явж байсан. Б гэх хүний миний араас ирээд намайг өөрийнх нь бугуйн цагийг авцан байна гэж хардаад миний зүүн нүүр рүү 2 удаа шанаадсан. Иймд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед намайг зодуулж байхад Е, Т, Г, О, Т нар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Манай гэр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны *** дүгээр худгийн хажууд байх сагсны шийдний хүүхдийн тоглоомын талбайн хажууд байдаг. Тэдгээр хүүхдүүд 22:00 цагаас хойш өдөр бүр үүрийн хоёроос гурван цаг хүртэл тоглодог. Тоглохдоо хашгирч, орилж, чарлан нэгнийгээ харааж зүхээд байдаг. Заримдаа тоглоомын талбай дээр газ дэлбэлж дуу чимээ гаргаж байсан. Би удаа дараа тэдгээр хүүхдүүдэд "дүү нараа унтмаар байна, та нарын аав ээж унтаж байгаа бол би ч гэсэн унтмаар байна" гэхэд урдаас "балай авгай минь бид нар тоглож байна, миний дош" гэх мэтээр хараагаад шаардлага хүлээж авахгүй байсан тұл аргаа барж хорооны хэсгийн группт бичиж байсан. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн тэдгээр хүүхдүүд явах болохоороо "сэрээрэй пяздануудаа" гэж хашгирч байгаад л явдаг. Манай нөхөр унтаж амармаар байна гэхээр "за ахаа" гэж хэлээд эрэгтэй хүн харахаар шал өөр эмэгтэй хүн хэлэхээр доромжлоод байдаг Манай гэрт даралт өндөртэй аав маань амьдардаг мөн маш хүнд зүрхний хагалгаанд орсон дүү Б маань унтаж чадахгүйгээс болоод зүрх нь дэлсэж өвддөг. Ийм хүнд байдалтай удаан байсан. Цагдаагийн байгууллагад би нэг удаа хандаж байсан гэвч цагдаагийн машин харахаараа зугтчихдаг. Биднийг эзгүй хойгуур эмэгтэй хоёр дүүг маань "янхан" гэх мэтээр харааж айж ичээдэг. Хүүхдийн тоглоомын талбай дээр байсан эд зүйлсийг эвдэж устгадаг. Гэхдээ би өөрийн нүдээр хараагүй тэр хавийн жоохон жоохон хүүхдүүд л хэлж байсан. Тухайн өдөр 2024 оны 08 дугаар сарын 22-ны 00:40 минутын үед бас л ирээд хашгараад байхаар нь би гараад "дүү нараа унтаж амармаар байна" гэхэд "бид тоголж байна" гэсэн. Би "дүү нараа 30 минут тоглоод яваарай" гэхэд уг нь "за" гэж хэлчихээд гэрт орсны дараа зориудаар бөмбөгөө хүчтэй цохиод дуу чимээ албаар гараад байхаар нь би нөхрийн утсыг авч гараад дүү А-г дуудаад "энэ хүүхдүүдийг жоохон айлгаад өгчих" гэж хэлсэн. А тэдгээр хүүхдүүд дээр очоод "та нар яагаад том хүний үгэнд орохгүй байгаа юм, өмнө нь ч гэсэн эгчийн өөдөөс хэрэлдэж байсан гэдгийг сонсож байсан" гэхэд хохирогч О дүү 11-13 насны жоохон хүүхэд урдаас нь хэрэлдсэн гэтэл ах нь болох О "яагаад байна аа" гээд босоод ирэхэд манай дүү А Оыг нэг алгадахад О "чамайг би И ах, Л ахдаа хэлж алуулна, чи тэр хоёрыг барахгүй шдээ" гэхэд А "тэгээд танай тэр ах нар чинь яадаг юм" гэж хэлээд О нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд л би А-ыг хориод болиулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №11164 дугаартай “...Л.О биед хоёр нүдний зовхи, шанаа, хүзүү цус хуралт, зулгаралт, зүүн нүдний зовхи, шанаа, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,
Насанд хүрээгүй хохирогч Л.О сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон талаар баримтууд /хх-ийн 33-35/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Н.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас насанд хүрээгүй хохирогч Л.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Н.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Хохирол хор уршгийн хувьд:
Шүүгдэгч Н.А нь шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогч Л.О нэхэмжилсэн 140.000 төгрөг, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирол 124.762 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.А-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.А-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС