Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2021/00003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байр хаягт байрлах, /регистрийн дугаар /, Ч хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  тоот хаягт оршин суугч /регистрийн дугаар  /, овогт Цагаанхүүгийн Ө-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ө- нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох тухай гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг олгосон. Гэрээнд заасны дагуу үнийн дүнг 100 хувь эргэн төлөх ба эргэн төлөх сүүлийн хугацаа 2019 оны 9 сард дуусан. Иймд Ц.Ө-аас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ө- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 онд 1,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан нь үнэн болно. Хүний ажлын байранд түр ажиллаж байгаад өөрийн ажлын байрыг барьж байтал хүйтэрч  бараа материалын дутагдалтайгаас гүйцээж амжилгүй зогсолтод орсон. Гэрээрээ бага сага зүйл оёж байна. Миний орлогогүй нөхцөл байдлыг харгалзан цаашид эргэн төлөлт төлж хохирлыг барагдуулна. Эргэн төлөлтийн хугацааг сунгаж өгөх хүсэлтийг минь харгалзаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч хэлтэс нь хариуцагч Ц.Ө-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Ө- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүний ажлын байранд түр ажиллаж байсан. Эргэн төлөлтийн хугацааг сунгаж өгөхийг хүсч маргажээ.

Хариуцагч Ц.Ө-д 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, сар бүр 50,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож олгосон болох нь Аж ахуй Бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч хэлтэс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ц.Ө-ын дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба энэ тухайд талууд маргаагүй.

Хариуцагч Ц.Ө- нь гэрээний 3.5 дахь хэсэгт заасан Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулж, хавсралтад тусгагдсан Эргэн төлөлт хийх хуваарь-ийн дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлнө гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заажээ.

Хариуцагч Ц.Ө- нь Эргэн төлөлтийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч татгалзсан тайлбар бичгээр гаргаж маргасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан /хх-ийн 2-3 тал/ байна.

Иймд хариуцагч Ц.Ө-аас үндсэн зээлийн төлбөрт 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч хэлтэст олгох үндэстэй.

Зохигчдод шүүх хуралдааны товыг Мэдэгдэх хуудас-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ө-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч хэлтэст олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ