Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 0047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.М

Шүүгдэгч                                           Д.Э

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Эт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Эын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Д-н Э,

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Баян худалдааны төвийн үүдний шатан дээр иргэн Ч.Н-н халааснаас Самсунг С-6 эджи загварын гар утсыг хулгайлан 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овогт Д-н Э-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Эоос 350,000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Н-д олгуулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Д.Э нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 тоот шийтгэх тогтоолоор 2 жил нээлттэй хорих ангид эдлүүлэх ял авсан. Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.1-ээр авсан 2 жил хорих ялаа хөнгөвчлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь харгалзаж үзнэ үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:   Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Д.Эт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

          Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Баян” худалдааны төвийн үүдний шатан дээр иргэн Ч.Н-н халаасанд байсан “Самсунг С-6 эджи” загварын гар утсыг нь нууцаар авч, бусдад 100 000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгийг нь өөртөө зарцуулж хохирогч Ч.Н-д 350 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

         Анхан шатны шүүх шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь  шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хуульд заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Эын ... хорих ялыг минь хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1. 1 , 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                            С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА