Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч П.Энхболд,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Р.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ринагийн Энхтүвшинд холбогдох эрүүгийн 201722000168 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөхнүүд Ринагийн Энхтүвшин, 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РК89091318 дугаартай,

Шүүгдэгч Р.Энхтүвшин нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Удган гэх газарт цэргийн баяр тэмдэглэн Д.Энхболд, Д.Буянжаргал нартай архидан согтуурч, өөрийн гэртээ П.Энхболдыг чи ганц шил архи гаргаж чадахгүй гуйлгачин, айлын мал малладаг барлаг гэсэн үгнээс болж маргалдан гар руу нь сандлаар цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Энхтүвшин нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Удган гэх газарт цэргийн баяр тэмдэглэн Д.Энхболд, Д.Буянжаргал нартай архидан согтуурч, өөрийн гэртээ П.Энхболдыг чи ганц шил архи гаргаж чадахгүй гуйлгачин, айлын мал малладаг барлаг гэсэн үгнээс болж маргалдан гар руу нь сандлаар цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Р.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2017.03.18-нд өглөө малаа бэлчээчихээд байж байтал манай ойр саахалт байдаг Буянжаргал ах манайд ирэхээр нь би хоол хийж өгөөд баярын өдөр байсан болохоор 0.5 литрийн Ерөөл архи задалж хоёулаа хувааж уугаад Буянаа ах гэрээсээ 2л монгол архи аваад хоёулаа Энхболдынд очсон. Тэднийд нөгөө архиа уугаад орой болохоор нь малруугаа санаа зовоод гадаа гарч гэрийн гадаа хэсэг унтаад гэрлүүгээ явж байх замдаа мотоцикльтойгоо унаад тэндээ хэсэг хэвтэж байгаад гэртээ хариад малын ажлаа хийгээд байж байтал Буянаа ах, Энхболд нар 18 цагийн үед ирээд гурвуулаа манайд орсон. Би галаа түлээд сууж байтал Энхболд ах “...чи ганц шил архи гаргаж чадахгүй гуйлгачин, айлын мал малладаг барлаг” гээд байхаар нь та согтсон байна адилхан уучхаад ингэж болохгүй гэхэд чи миний дууг хорьдог хэн бэ гээд босоод ирсэн. Тэгээд бид хоёр барьцалдаж авахад Буянаа ах салгасан. Тэгээд дахиад барьцалдаж аваад намайг нэг цохихоор нь би буцаагаад сандлаар цохиход гараараа хаасан. Тэр үед Буянаа ах ахиж салгаад хойш нь суулгасан. Би тэр үед нэг өшиглөсөн ба нэг удаа уруул руу нь  цохисон...гэх мэдүүлэг,

Хохирогч П.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 03-р сарын 18-ны өдөр 12 цагийн үед Эрдэнэбулган сумын нутаг Удган гэдэг газарт байх отрын гэртээ байж байтал Энхтүвшин, Буянаа 2 манайд ирсэн. Тэгээд Энхтүвшин гэрт орж ирээд сонин мэнд асуугаад гэрийн зүүн талаар өгсөж суугаад “чи их том гэсэн, гарч уулзъя” гэхээр би “ахын дүү тэгж болохгүй намбалаг бай” гэхэд баруун талаар өгсөж суугаад цай ууж, хоол идэж байснаа босож ирээд дахиад хэрүүл өдөж “гаръя бие засъя эсвэл гэрт чинь бие заслаа шүү” гээд байхаар нь цуг гартал хаяанд гараад хэвтчихсэн. Тэгэхээр нь би буцаад гэртээ ороод хоолоо идээд сууж байтал ганцаараа яваад өгсөн. ...Энхтүвшин Буянаагийн ойролцоо байх гэртээ хүрээд ирэхээр нь одоо архи нь гарсан байх гэж бодоод яагаад над руу дайраад байсныг нь асуухаар Буянаатай хамт явж очоод гэрт нь ороод “чи яагаад манайд очиж агсам тавьсан юм бэ” гэж асуухад үг дуугүй намайг сандлаар баруун гарын шуу руу цохитол гар хугарсан тэгэхээр нь “чи яаж байна, гар хугалчихлаа” гэхэд “ямар амар хугардаг ястай юм бэ гүйцээгээд өгье” гээд учиргүй цохиж зодсон, тэр үед би түр ухаан алдсан байсан. ... гэвч хэргийн шууд хохирол 1.000.000 төгрөгийг Энхтүвшин төлж барагдуулсан тул хохиролгүй болно. Цаашид гэм хор буюу эмчлүүлж байх хугацаанд мал хариулсан хөлс, төлбөрийг иргэний журмаар нэхэмжилнэ гэв.

Гэрч Г.Нямбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 03-р сарын 18-ны өдөр нөхөр бид хоёрыг гэртээ байж байхад өдөр 12 цагийн үед мотоциклийн дуу гэрийн гадаанаас сонсогдсон. Тэгээд удалгүй манай гэрт Энхтүвшин, Буянжаргал хоёр согтуу орж ирсэн. Тэгээд Энхтүвшин гэрийн зүүн талаар өгсөж суугаад мэнд асуугаад удалгүй агсам согтуу тавьсан. Энхтүвшин манай нөхөр Энхболдыг гадагшаа гараад ир гээд Энхболд Энхтүвшинд ахын дүү ингэж агсам тавьж болохгүй, хаанаас архи олоод уучихваа гэсэн чинь Буянжаргал бид хоёр гэртээ архи уусан талаар надад хэлсэн. ...Маргааш өглөө нь манай нөхөр Энхболд хүнд зодуулсан байдалтай гэртээ ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Д.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017.03.18-ны өдөр Энхтүвшин бид хоёр цэргийн баяр тэмдэглээд Энхтүвшингийн гэрт нь 0.5гр-тай Ерөөл архи хувааж уугаад 11 цагийн үед отроор орж ирсэн Энхболд гэдэг айлд очсон. Тухайн үед манайд байсан 2 литр монгол архи аваад очсон. Тэгээд Энхболдтой хамт хувааж уугаад түрүүлээд Энхтүвшин малдаа санаа зовоод гэрлүүгээ 12 цаг өнгөрөөгөөд явсан, би тэнд үлдээд Энхболдтой хамт монгол архи хувааж уучхаад гэртээ ирээд манайд байсан 1 литр монгол архийг Энхболд, Энхтүвшин бид гурав хувааж уусан. Тэгээд нар жаргахын өмнө Энхтүвшингийн гэрт бид гурав сууж байхад Энхболд согтуурхаад Энхтүвшин рүү чи бол жижигхэн, би бол том хүн, чи муу айлын барлаг, ганц юм гаргаад ирж чадахгүй, чи бол өгөх хүндээ өгдөг энэ тэр гээд доромжлоод суугаад байсан, тэгээд би гарч бие засаад ороод ирсэн чинь Энхболд босч ирээд Энхтүвшинг заамдаад авч харагдсан, тэгэхэд Энхтүвшин уурлаад Энхболдыг цохиод унагаасан, тэгээд би дундуур нь ороод болиулаад Энхболдыг орон дээр татаад суулгахад Энхтүвшин сандал аваад шидэхэд Энхболд гараараа хаасан, тэгээд Энхтүвшин ирээд хальт хөл рүү нь өшиглөж авсан, тэгээд би тэр хоёрыг салгаад хоёр талд суулгасан, тэгээд удаагүй тэр хоёр эвлэрээд Энхболд би буруу юм хэлсэн байна, уучлаарай болъё гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18, 24-25 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаартай:

  1. П.Энхболдын биед гэмтэл тогтоогдлоо.
  2. П.Энхболдын биед баруун гарын шуу ясны далд хугарал, уруулд шарх, 2 шүдний сулрал, тархи доргилт, чамархай шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  5. Дээрх гэмтлүүдийн баруун шуу ясны далд хугарал нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, уруулд шарх, тархинд доргилт, 2 шүдний сулрал гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, чамархай, шуунд зулгаралт гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Р.Энхтүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Р.Энхтүвшинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Р.Энхтүвшин нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч П.Энхболд нь “гэвч хэргийн шууд хохирол 1.000.000 төгрөгийг Энхтүвшин төлж барагдуулсан тул хохиролгүй болно. Цаашид гэм хор буюу эмчлүүлж байх хугацаанд мал хариулсан хөлс, төлбөрийг иргэний журмаар нэхэмжилнэ” гэж байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, мал хариулах хөлс болох бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 29*29 см тавцантай, шар өнгөтэй 32 см өндөртэй модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 201722000168 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Шүүгдэгч Хөхнүүд Ринагийн Энхтүвшинг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Р.Энхтүвшинд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Энхтүвшинд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Р.Энхтүвшинд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29*29 см тавцантай, шар өнгөтэй 32 см өндөртэй модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгасугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Энхтүвшинд урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР