Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1048

 

 

 

 

 

 

 

 

     2024          11            21                                         2024/ШЦТ/1048               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,

Улсын яллагч Б.Өнөбат,

Яллагдагч: Э.Т, түүний өмгөөлөгч В.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бүргэд овогт С.Т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 19** оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4/3 дүүгийн хамтаар/, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо *** ** дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт С.Т /РД:УК**********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т ньӨ.С урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн ашиг хонжоо олох зорилгоор "***********" ХХК-с гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр олгогдох гар утсыг авахын тулд Хаан банкны Дансны хуулга хуурамчаар үйлдэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *********** ХХК-иас "Самсунг Эс 20" загварын гар утсыг гаргуулан авч 2.799.900 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч С.Т ньӨ.С урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн ашиг хонжоо олох зорилгоор "***********" ХХК-с гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр олгогдох гар утсыг авахын тулд Хаан банкны Дансны хуулга хуурамчаар үйлдэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *********** ХХК-иас "Самсунг Эс 20" загварын гар утсыг гаргуулан авч 2.799.900 төгрөгийн хохирол учруулж залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 15х/,

Эд хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 25х/,

Хохирогч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "..Т гэх эмэгтэйн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуурамч дансны хуулга бүрдүүлж манай компаниас гар утас худалдаж авсан. Тухайн гар утсыг авсан өдрөө тухайн гар утсыг зарж борлуулсан байдаг. Т нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Самсунг эс 20 загварын гар утсыг хуурамч дансны хуулга бүрдүүлж зээл авснаасаа хойш нэг удаа ч төлөөгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа..." гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18х/,

Хохирогч Х.Арлангуагийн дахин өгсөн "...С. Т нь С гэх хүнээр Хаан банкны 6 сарын дансны хуулгыг хуурамчаар буюу тогтмол орлоготой гэж харагдуулахаар хийлгэн Сүхбаатар дүүргийн 1 хороонд үйл ажиллагаа явуулдаг "***********" ХХК-с Самсунг эс 20 загварын гар утсыг залилан мэхэлж авсан.......С.Тнь 603,000 төгрөгийг төлсөн үүнээс үлдэгдэл 1,916,910 төгрөгийн үлдэгдэл байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 61-63х/,

Гэрч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би 2 жилийн өмнө байхаа манай эмэгтэй найзын найз гээд зүс танидаг болсон. Тэгээд 2021 оны 01 сард төрийн албан хаагч анкет бөглүүлэх гээд залгаж бөглөөд өгөөч гэж гуйж байсан. Тэгээд алдаг оног харьцаж байсан. Саяхан буюу 2021 оны 04 сарын 02-нд би мөнгө асуухад болно би дүү нартаа утас лизингээр авч өгдөг асуудалгүй ээ худалдаа хөгжил данс дугаар байхад болно гэж хэлсэн тэгээд би гэрт нь очиж уулзахад эрдэнэсайхан гэх залуу байсан. Би ямар нэгэн асуудалгүй юу гэхэд ямар ч асуудалгүй би дүү нартаа зөндөө авч өгч байсан гээд миний дансны дугаар авч үлдсэн. Би банкны хуулга хуурамчаар үйлдэнэ гэж мэдээгүй ээ. 2021 оны 04 сарын 03-нд сайн дээр С бүрдүүлсэн материал авч очсон тэгэхэд маргааш хариу гарна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь сайн над руу залгаад 1 дэх өдөр ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би тухайн утсаа 2021 оны 04.05 ны өдөр очиж авсан тухайн үед С гэрийн гадаа манай гаднаас ирж авсан. Тухайн үед авсан утсаа 1.600.000 ченжид зараад авсан мөнгөө 2 хувааж аваад сардаа төлөх мөнгө хувааж авъя гэж тохирсон. Би тухайн ченжээс авсан мөнгөө өөрийн хаан банкны ************** гэх дансаараа авсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 70-71х/,

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 91х/,

С.Т-гийн нэр дээр бүртгэлтэй ******** тоот дансны лавлагаа, /хх-ийн 90-95х/,

2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, /хх-ийн 98-102х/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд прокурорын шүүгдэгч С.Т-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

            Иймд шүүгдэгч С.Тг бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Хохирол, хор уршгийн хувьд:   

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *********** ХХК 2.799.900 төгрөгийн хохирол учирсан ба тус хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгч нь хохирогчид 603.000 төгрөгийг төлсөн гэх боловч хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч С.Т-гаас 2.799.900 төгрөгийг гаргуулж хохирогч *********** ХХК олгож шийдвэрлэв.   

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Т-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оноох нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

            Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Т-гийн цагдан хоригдсон 1 сар 6 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцов.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С.Т-г бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-гийн цагдан хоригдсон 1 /нэг/ сар 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-гаас 2.799.900 /хоёр сая долоон зуун ерөн есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч *********** ХХК олгосугай.

8. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ТҮВШИНТӨГС