Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 151/шш2017/00843

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2017/00843

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “““““ХХКомпани /УБД:9011283054, РД:5469929/

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ганбат

Хариуцагч: “““““л ХХКомпани /УБД:1411008024, РД:3866629/

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Дуламсүрэн

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,141,409 төгрөг, алданги 2,570,704 төгрөг нийт 7,712,113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “““““ХХК болон “““““л ХХК нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч нь Номин агуулах худалдаа Хан-Уул салбараас дараа төлөх тооцоогоор бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 59 төрлийн 2,191,409 төгрөгийн бараа, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 78 төрлийн 5,000,000 төгрөгийн бараа нийт 7,191,409 төгрөгийн барааг хүлээн авч үүнээс 2,050,000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэрээгээ зөрчиж байгаа тул гэрээний төлбөрт 5,141,409 төгрөг, гэрээнд заасны дагуу 0,3 хувийн алданги 2,570,704 төгрөг нийт 7,712,113 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Анх 2015 онд “““““ХХК-тай нэхэмжлэлээр бараа худалдан авч борлуулах тухай гэрээ хийсэн. Тухайн гэрээ хийх үед үнийн дүн, буцаан төлөлтийн талаар гэрээнд зааснаар бус тухайн сардаа багтаан төлбөрөө төлж болно гэж борлуулалт хариуцсан менежертэй харилцан тохиролцсон. Түүнээс өөрөөр авсан барааг 10-15 хоногийн дотор эргүүлэн төлнө гэвэл хөдөө орон нутагт боломжгүй гэдгээ хэлсэн, ингээд сар бүрдээ багтаан төлбөрөө шилжүүлж байсан. Зарим сард бид хоног хоцорч төлбөрөө төлөх тохиолдол гардаг байсан ч төлбөрөө алдангийн хамт төлж барагдуулдаг байсан. Жишээ нь: хүүхдийн баярын өдөр хүүхдүүдэд зориулсан бэлгийн барааг авахын тулд зөвшөөрлийн үндсэн дээр 05 дугаар сард авсан барааны мөнгөө 05 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр төлж, 05 дугаар сарын 27-ны өдөр 9,346,924 төгрөгийн бараа авсан. Ингээд бид тухайн төлбөрийг 07 дугаар сарын 02-ны өдөр алдангийн хамт төлж барагдуулсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр 30 гаран хоногийн алданги тооцсон байсан, бид гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлт гаргаж “““““компанийн захиргаанд хандсаны дагуу биднийг алданги төлбөрөөс чөлөөлнө гэсэн аман хариу өгсөн. Бид 07 дугаар сарын 04-ний өдөр 7,069,264 төгрөгийн бараа худалдан авсан. Энэ үед санхүүгийн байдал доройтож төлбөрөө хугацаанд нь барагдуулах боломжгүй болсон. Удаа дараа тус компанийн захиргаанд график гаргаж төлөлт хийх хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүй, тус компанийн нэхэмжилсэн дүн 7,712,113 төгрөг байгаа бөгөөд хүү алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 6.1-д зааснаар барааг авснаас хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй. Барааны үндсэн төлбөрөөс 1,550,000 төгрөг, 500,000 төгрөг л шилжүүлсэн. Одоогоор үндсэн төлбөрийн 5,141,409 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээний 7.2-д зааснаар алдангийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 325 хоногоор тооцоход 5,012,800 төгрөг болж байгаа, 1 өдрийн алданги нь 15,424 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй үүргийн 50 хувь гэж бодоод 2,570,704 төгрөгийг бодож гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн төлбөрөө, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алдангаа нэхэмжилж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 сараас эхлээд Номин тав трейдээс бараа авч эхэлсэн. Бараа аваад төлбөрөө тухайн сардаа багтааж төлж байгаарай гэрээнд заасан алдангийг авахгүй гэж амаар тохиролсон. Би Төв аймагт ажлын 5 өдөрт хүнсний бараа зарагдахгүй гэдгээ хэлж байсан. Гэтэл барааны менежер нь манайх алданги тооцохгүй тухайн сардаа багтаад төлбөрөө төлөхөд болно гэсэн хариу өгдөг байсан. Тиймээс алданги тооцдоггүй байсан. Гэтэл төлбөр нь арай илүү болоод ирсэн. Бид нарт мэдэгдэхгүйгээр алданги тооцох болсон. Амаар тохироод алданги тооцохгүй явж байснаа гэнэт алданги тооцсон байсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад надад мэдэгдэлгүйгээр гэрээг дур мэдэн цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний 2.2 дахь заалтад аль аль тал нь хүсэлт тавиагүй байхад гэрээг цуцалсан. Тиймээс гэрээний талууд хоёулаа гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Алданги тооцсонтой холбогдуулан манайхаас удаа дараа алдангиа тооцохгүйгээр үндсэн төлбөрөө төлье гэдэг хүсэлт тавихад татгалзсан хариу өгсөн. Хувааж төлье гэдэг саналыг удаа дараа тавьсан боловч татгалзсан хариу өгдөг байсан. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн барааны үндсэн төлбөрөөс алданги тооцсон. Тухайн алдангийг төлөөгүй байхад тус оны 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 04-ний өдөр бараа өгсөн байдаг нь гэрээний заалтаа зөрчсөн байна. Мөн хөдөө орон нутагт 7 сая төгрөгийн барааг аваад 5 хоногийн дотор борлогдох үндэслэл байхгүй. Тиймээс уян хатан байдалтай байна гэж амаар тохиролцсон байна. Нэг талаараа хууран мэхэлсэн. Нэг бол алданги тооцоод нэг бол алданги тооцохгүй байгаад байна. Тиймээс алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. Хэсэгчлэн төлбөр хийх хугацаа, хүүгийн хэмжээг нарийн зааж өгсөн байх ёстой. Гэрээнд хугацаа заасан байна. Мөн гэрээнд зааснаар гэрээний хугацаа сунгагдсан байна гэж үзэж байгаа. Гэрээний төлбөрийн хувьд миний үйлчлүүлэгчид ашиггүй гэрээ болсон байна гэж харагдаж байна. Тийм учраас гэрээний алдангийг төлөхгүй байх үндэстэй гэж үзэж байгаа. гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь.

Нэхэмжлэгч “““““ХХК нь хариуцагч “““““л ХХК-д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,141,409 төгрөг, алданги 2,570,704 төгрөг нийт 7,712,113 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэг талаас “““““ХХК /худалдагч/ нөгөө талаас “““““л ХХК /худалдан авагч/-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 02-ны байгуулсан худалдах, худалдан авах гэрээ-гээр /хх-7-11/ худалдан авсан эд зүйлийг нэг дор бус тодорхой хугацааны дараа төлөхийг /гэрээний 6.1/, анз тохирч болохыг /гэрээний 7.2/ тус тус зохицуулсан байгаа нь тухайн гэрээг худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл болох зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч /худалдагч/ “““““ХХК зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу үнийг төлөхөөс өмнө тодорхой нэр, төрлийн бараа бүтээгдхүүнийг хугацаанд нь худалдан авагчид нийлүүлэх, хариуцагч /худалдан авагч/ “““““л ХХК бараа бүтээгдхүүний үнийг тодорхой цаг хугацааны дараа худалдагчид төлөхөөр тохиролцсон болох нь дээр дурдсан гэрээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,191,409 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийн нийт 7,191,409 төгрөгийн бараа бүтээгдхүүнийг тус тус хариуцагчид нийлүүлсэн болох нь төлбөрийн баримтын хуулбар, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-14-20/-гээр тогтоогдож байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч “““““л ХХК-ийн төлөөлөгч худалдан авсан бараа бүтээгдхүүний төлбөрт 7,191,409 төгрөг төлөхөөс 2,050,000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 5,141,409 төгрөг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрдөг /хх-40/ бөгөөд энэ талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. гэж заажээ. ”““““ХХК хууль болон гэрээний 7.2-т заасны дагуу “““““л ХХК-с анзын нэг төрөл болох алданги 2,570,704 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч алдангийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхой бус байна гэх тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргадаг бөгөөд энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар үндэслэлтэй байна. Тухайлбал гэрээний 6.1-д зааснаар худалдан авагч 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр худалдан авсан барааны төлбөрийг ажлын 5 хоногийн дотор худалдагчийн дансанд шилжүүлэх үүргээ зөрчсөн байх тул 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу гэрээнд заасан 5 хоногийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн 0,3 хувийн алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэсэн заалтад нийцэж байна. Хугацаа хэтэрсэн хоногийг тооцоход 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 325 хоног болж байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үний дүн 5,141,409 төгрөгт ногдох хоног тутамын алданги 15,424 төгрөг /5,141,409 х 0,3 = 15,424/, 325 хоногт ногдох алданги 5,012,800 төгрөг /325 х 15,424 = 5,012,800/ тус тус болж байна. Нийт алдангид 2,570,704 /5,141,409 : 2 = 2,570,704/ төгрөг тооцсон нь гүйцэтгээгүй үүргийн үний дүн 5,141,409 төгрөгийн 50 хувь болж байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Бараа авсан төлбөрөө тухайн сардаа багтааж төлж байгаарай, гэрээнд заасан алдангийг авахгүй гэж борлуулалт хариуцсан менежертэй амаар тохиролсон, ... график гарган төлөлт хийе гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан, ... аль аль тал нь хүсэлт гаргаагүй байхад гэрээгээ цуцалж шүүхэд хандсан тул алдангийг зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргадаг. Хариуцагчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэйгээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр танилцаж гарын үсэг зуржээ. Хуулийн 25 дугаар зүйлд зааснаар алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнийг няцаах нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хариуцагчийн төлөөлөгч биелүүлээгүй болох нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, өөрийн тайлбарыг нотолсон ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хүсэлт тавиагүй байхад гэрээгээ цуцалсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/ болон гэрээг цуцалсан талаар нэхэмжлэл гаргаагүй /хх-39/ гэх тайлбараар няцаагдаж байна.

Дээр дурдснаас үзэхэд “““““ХХК нь үнийг төлөхөөс өмнө бараа, бүтээгдэхүүн шилжүүлсэн, “““““л ХХК бараа бүтээгдхүүний үнийг тодорхой цаг хугацааны дараа төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа ... төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч “““““л ХХК-с зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 5,141,409 төгрөг, гэрээний 7.2-т зааснаар алдангид 2,570,704 төгрөг нийт 7,712,113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “““““ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан итгэмжлэл /хх-3/,”““““ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4-6/, Зээлээр худалдах-худалдан авах гэрээний хуулбар /хх-7-11/, төлбөрийн баримтын хуулбар /хх-14-19/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-20/, ”““““л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-28/-ыг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Хэрэгт авагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ /хх-12/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13,29/ нь хуульд заасан бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэхэмжлэгч “““““ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “““““л ХХКомпаний Хас банкинд байрших 5001113912 дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоож өгнө үү. гэх хүсэлт гаргасан байх ба тухайн данс нь “““““л ХХК-ийн эзэмшдэг данс мөн эсэхийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн 7,712,113 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”““““л ХХК-с 138,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”““““ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “““““л ХХК-с зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,141,409 төгрөг, алданги 2,570,704 төгрөг нийт 7,712,113 төгрөг гаргуулан “““““ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “““““ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “““““л ХХК-с 138,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Нэхэмжлэгчийн “““““л ХХКомпаний Хас банкинд байрших 5001113912 дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоож өгнө үү гэх хүсэлтийг хангахаас татгалзсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР