Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1038

 

 

 

 

 

 

  2024           11            20                                      2024/ШЦТ/1038              

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт Д.Б холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20** оны 10 дугаар сарын 07-ны өдөр **** аймгийн ****** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо ногоон урлан хотхон **-** тоотод оршин суух хаягтай, ****** 3 дугаар баг, Бичигт, ** гудамж, ** тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ** овогт Д.Б /РД:ПЮ******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д. Б нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо МУИС-ийн номын сангийн орчмоос иргэн Б.Я эзэмшлийн Хаан, Голомт банкны виза картыг газраас олж, улмаар 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоорондох хугацаанд тус виза картыг худалдаа үйлчилгээний байгууллагаас эд зүйл худалдан авахад ашиглан 829.525 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч, хохирогч Б.Я 829.525 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо МУИС-ийн номын сангийн орчмоос иргэн Б.Я эзэмшлийн Хаан, Голомт банкны виза картыг газраас олж, улмаар 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоорондох хугацаанд тус виза картыг худалдаа үйлчилгээний байгууллагаас эд зүйл худалдан авахад ашиглан 829.525 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч, хохирогч Б.Я 829.525 төгрөгийн хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Б.Я мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн **-р хороо ********* гудамжинд байрлах Оргил сургууль дээрээ ажилсан. Би өөрийн бичиг баримт болон банкны картуудыг хар өнгийн Голомт банк гэсэн логотой картны гэрэнд хийдэг. Картын гэрэнд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх, Хаан банкны чиптэй карт 1 ширхэг, Голомт банкны чиптэй карт 1 ширхэг, нэг нь энгийн карт байсан. Тухайн үед сургууль дээрээ ажиллах үед картны гэр байсан. Ажлаа дуусгаад ажлын ойролцоо *****-д 200.000 төгрөгийн орлогыг Хаан банкны картаар уншуулсан. Ер нь миний картын гэр өмдний карманд байдаг. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өглөө ажлын газрын хажуу талд байрлах дэлгүүр рүү орж уншуулах гэтэл миний картын гэр байгаагүй. Тухайн үед би гэртээ үлдээсэн байна гэж бодоод гэртээ ирээд үзтэл байгаагүй. Тэгээд алга болгосон юм байна гэж бодоод, хөдөө явах яаралтай ажил байсан болохоор картаа хаалгахаа мартаад шууд явсан. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр утсанд зарлагын мессеж ирээд байхаар нь шалгаад үзтэл миний алга болгосон Хаан банк болон Голомт банкны хоёр чиптэй картыг ашигласан байсан. Ингээд банкны лавлах утас руу залгаж картуудаа хаалгасан байгаа. Хаан банкны ********* дугаарын данснаас 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 346.789 төгрөгийг уншуулсан байсан. Голомт банкны ******** дугаарын данснаас 2024 оны 07 дугаар сарын 17-ноос 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 482.736 төгрөгийг уншуулсан байсан. Нийт 829.525 төгрөгийн хохирол учирсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай хамаатны дүү Я над руу залгаад данснаас мөнгө гарсан байна. Хамгийн сүүлийн зарлага нь ПС тоглоомын газар байна. Тухайн газарт карт уншуулсан хүн нь байна гэж байна. Та очоод уулзаад өгөөч гэсэн. Тэгээд хэлсний дагуу би яваад очиход карт уншуулсан хүн нь байсан. Манай дүү карт энэ тэрээ хэзээ гээснээ өөрөө ч мэдэхгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 хуудас/,

Хохирогч Б.Я нэр дээрх Голомт банкны ******** тоот данс, Хаан банкны ******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-33 хуудас/,

Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа баримтууд /хх-ийн 36-42 хуудас/,

Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Д.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Я 829.525 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Д.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТҮВШИНТӨГС