| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00337/И |
| Дугаар | 104/ШШ2019/00012 |
| Огноо | 2019-01-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 104/ШШ2019/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******ны ******* тоотод бүртгэлтэй, *******, *******ны ******* тоотод байнга оршин суух, ******* *******ын ******* /РД:/
Хариуцагч: *******, *******ны ******* тоотод оршин суух, ийн /РД:/-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.тэй 2001 онд танилцаж, 2002 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Б., Б. нарыг төрүүлсэн. Д. 2005 онд уурхайн аваарт орж группт орсон. Түүнээс хойш ажилгүй гэртээ байх болсон. Би гэр бүлээ тэжээхийн тулд олдсон ажил бүрийг хийдэг байсан.
Д. өвчнөөрөө далимдуулан 2012 оны 9 дүгээр сараас хойш байнга архи ууж, хэрүүл маргаан үүсгэх болсон. Би 2016 оны 4 дүгээр сард Изераль улс руу ажиллахаар явсан. Түүнтэй ярих гэж залгах болгонд согтуу, эсвэл гэртээ байдаггүй байсан. Би Монголд ирээд хамт амьдарсан. Д. энэ хугацаанд хүүхдүүдийн хамт байнга дарамталж, гэрээсээ хөөх болсон тул хүүхдүүдээ аваад явсан. Надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй. Д.ээс салахын тулд Изераль улсад өөр хүнтэй хамтран амьдарч байсан гэж хэлсэн. Би Изераль улсаас ирээд буцах бодолтой байсан ч одоо явахгүй. Учир нь: том охин сургуулиа төгсөхөөр Их сургуульд оруулах, гадаад руу сургах гээд олон асуудал үүссэн тул үр хүүхдээ бодоод явахгүй.
Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа өгсөн. Харин Д. шинэ жилээр ирчихээд надад эвлэрэх хүсэл байгаагүй, чи өөрөө хүссэн биздээ гэж агсам тавьсан. Бид шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагч дээр 3 удаа очиж уулзсан. Тэгээд таарч тохирохгүй болохоо ойлгоод салахаар хэн хэн нь шийдсэн. Эвлэрэх хугацаанд Д. хүүхдүүдтэйгээ утсаар ярьж, уулзаж байсан. Харин бид эвлэрэн амьдрах боломжгүй тул охин Б., хүү Б. нарыг өөрийн асрамжид байлгана. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бид гэр бүл болсоноос хойш өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байгаагүй тул эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2000 онд танилцаж, 2002 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас Б., Б. нар төрсөн. Миний хүүхэд мөн эсэхэд маргах зүйлгүй.
Би 2005 онд уурхайд ажиллаж байгаад аваарт орж хөдөлмөрийн чадвараа алдсан. Би тахир дутуу болсон ч ханьдаа болон амьдралдаа тус дэм болох гэж ажил хийдэг байсан. М.******* 2016 онд гадаад улс руу явсан. Бид эхний 6 сарын хугацаанд байнга холбоотой байсан. М.******* энд ажиллаж, амьдрахад хэцүү байна гэдэг байсан. Би хүний газарт ядарч байхаар хүрээд ир болох байлгүй гэдэг байсан. Гэтэл сүүлийн үеэр ярих нь багасаж үл ойлголцох болсон. Би эхнэрээ гадаадад байх 2 жилийн хугацаанд архи байнга ууж байгаагүй. Харин М.******* Изераль улсаас ирээд өөртөө намайг ойртуулахгүй, хөндий хүйтэн хандаж байсан. Яагаад ингээд байгаа тулаар асуухад Изераль улсад өөр хүнтэй болсон гэж хэлсэн. Мөн энэ талаар түүний тэмдэглэлийн дэвтрээс уншиж мэдсэн. Гэсэн ч би хүүхдүүдээ бодоод уучлаад хамт амьдарсан. Гэтэл намайг үл ойшоож утсаа оролдоод суучихдаг. Би үүнд нь уурлаад эхнэр, хүүхдээ гэрээсээ хөөсөн нь үнэн. Харин дарамталсан зүйл байхгүй.
Шүүхээс олгосон эвлэрэх 2 сарын хугацаанд би эхнэртэйгээ эвлэрэх гэж их хичээсэн. Би түүнтэй уулзъя гэхээр уулзахгүй, ярихаар хэрүүл болчихдог. Мөн хагалгаа хийлгээд эмнэлэгт байхад нэг ч удаа эргэж ирээгүй. Би ирэх болов уу гэж харсан. Гэтэл охинд чинь хоол хийгээд явуулсан болоо юм биш үү гэсэн. Шинэ жилээр бэлэг аваад очиход дургүй байсан. Үнсье гэхэд дургүйцэж хөөсөн. Би энэ хүнд хайртай гэрлэлтээ цуцлуулмааргүй байгаа ч М.*******ын сэтгэл хөрсөн байна гэдгийг ойлгосон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Харин би 80 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан. Улсаас өгдөг тэтгэмжээр амьдардаг тул хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй. Надад өөрийн гэсэн гэр байхгүй ахынхаа гэрт амьдарч байна. М.******* гадаад явбал хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч Д.ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч М.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч М.*******, хариуцагч Д. нар 2001 онд танилцаж, 2002 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас Б., Б. нар төрсөн байх ба хүүхдүүд одоо эх М.*******ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн №50 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн дугаар, дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Нарны эрч” өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, “Голомт цогцолбор” сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/
Нэхэмжлэгч М.******* гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...Д. 2012 оны 9 дүгээр сараас хойш байнга архи ууж, хэрүүл маргаан үүсгэх болсон ...Д.ийг гэх хайр сэтгэлгүй болсон... хамт хамьдрахад сэтгэл санааны дарамтанд оруулдаг” гэж тайлбарласан нэхэмжлэл, хариуцагч Д. “...М.******* Изераль улсад байхдаа өөр бусадтай эр, эмийн харьцаатай байсан...намайг гэх сэтгэлгүй болсон...үүнээс болж байнга хэрүүл маргаантай амьдрах болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тайлбар зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх...”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүхээс гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах нөхцөл байдал гэж үзэхгүй ч нэхэмжлэгч М.******* нөхөр Д.ийг гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй болсон, эрэвлэрүүлэх ажиллагааны 2 сарын хугацаанд гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх идэвхи санаачлага гаргаагүй, эвлэрэхээс татгалзсан, шүүх хуралдааны шатанд гэрлэлт цуцлуулах шаардлагаа дэмжсэн, хариуцагч Д. нэхэмжлэлийг зөвшөөрсөн.
Иймд гэрлэлт цуцлахыг хориглох үндэслэл байхгүй байгаа тул шүүх нэхэмжлэгч М.*******, хариуцагч Д. нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх М.******* үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Д.ээс илүү байгааг, зохигчид хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхээр тохиролцсон байдал, охин Б., хүү Б. нар “...эхийн асрамжид байна” гэсэн санал зэргийг харгалзан 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Б., 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Б. нарыг эх М.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Д. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй ч охин Б., хүү Б. нар тэжээн тэтгүүлэх эрх нээлттэй.
Харин зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.ээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т заасныг баримтлан 2002 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******ын *******, хариуцагч ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Б., 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Б. нарыг эх М.*******ын асрамжид байлгасугай.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.ээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС