Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1039

 

 

 

 

 

 

               2024          11           20                                           2024/ШЦТ/1039 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,

Улсын яллагч Б.Цэрэнтогтох,

Шүүгдэгч: Н.Т, түүний өмгөөлөгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт Н.Т-д холбогдох эрүүгийн 2409******** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, Дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт *** ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн * дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй, .... Н.Т Т, /РД:УХ********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "********" нэртэй цахим тоглоомын газарт "өрөө өгөөгүй" гэх шалтгаанаар хохирогч Б.У цохиж зодож эрүүл мэндэд нь "нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь “...2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт "********" нэртэй цахим тоглоомын газарт "өрөө өгөөгүй" гэх шалтгаанаар хохирогч Б.У цохиж зодож эрүүл мэндэд нь "нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2024 оны 03 дугаар сарын 15-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Р гэх нэртэй цахим тоглоомын газар найз Т, Г нартай хамт тоглож байх үед таньдаг Т ах орж ирээд шууд бид 3 дээр ирээд таньж байна уу гээд баруун гараараа зүүн хацар луу 1 удаа алгадсан. Тэгээд гаргаж ирээд машиндаа суулгаад Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** гэх нэртэй цахим тоглоомын газар ирээд шууд тамхины өрөө рүү оруулаад миний 2 хацар луу 20-оос дээш удаа алгадаад миний зүүн гуя руу баруун өвдгөөрөө 15-аас дээш өвдөглөөд хавирга руу жийж унагасан. Тэгээд бид гурвыг ариун цэврийн өрөө лүү оруулаад дахин баруун гараараа зүүн нүд рүү нэг удаа цохиод хэвлий эсэг рүү баруун хөлөөрөө 2 удаа жийж унагасан. Тэгээд би эгч О рүү яриад дуудсан.......миний хавирга орчимд хөлөөрөө жийсэн..." мэдүүлэг /хх-ийн 09, 11-13 хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3860 дугаартай "... Б.У биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, үрэх үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна..." шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 15- 16 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 391 дугаартай "...нэмэлтээр ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №4537 дугаартай Гэмтэл согог судлалын өвчний түүхэнд Б.У биед хэвлийн ханын няцрал, гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 39-41 хуудас/,

 

Шинжээч эмч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...эмнэлгийн нэмэлт бичиг баримтад ямар хүчин зүйлийн нөлөөгөөр ямар үйлчлэлээр үүсэх, гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэсэн байсан бөгөөд уг асуултын дагуу өвчний түүхэнд хэвлийн ханын няцрал гэсэн онош тавигдсан байсан бөгөөд тухайн эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан. Хэвлийн ханын няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэргийн 2.6-т, зүүн нүдний хөхрөлт няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл хэрэг учрал болсон газарт үүссэн байх боломжтой. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохих өшиглөх аль алинд үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48 хуудас/,

 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн өвчний түүх "...2024/03/18 18:25 одоогийн өвчний түүх: 2024.03.15-нд 23 цагт баруун 4 зам РС тоглоомын газар бусдад зодуулсан 2 хоног хоол идээгүй гэнэ...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 24-25 хуудас/,

 

Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 15-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэх нэртэй цахим тоглоомын газар найз У, Г нартай хамт тоглож байх үед таньдаг Т ах орж ирээд шууд бид 3 дээр ирээд таньж байна уу гээд баруун гараараа зүүн хацар луу 1-2 удаа алгадсан. Тэгээд гаргаж ирээд машиндаа суулгаад Г-ийн хацар луу нь 3-4 алгадаад цээж рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд бид 3-ийг Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** гэх нэртэй цахим тоглоомын газар ирээд шууд тамхины өрөө рүү оруулаад миний зүүн гуя руу баруун өвдгөөрөө 5-6 удаа өвдөгдөөд зүүн гуя руу 5-6 удаа өшиглөөд үсдээд тамхины өрөө цэвэрлүүлсэн. Тэгээд бид 3-ийг ариун цэврийн өрөө лүү оруулаад миний зүүн хөл рүү 1 удаа өшиглөөд ариун цэврийн өрөөг цэвэрлэ гэсэн тэгээд бид 3 цэвэрлээд гарч ирэхэд хамт тоглож байсан хүмүүс ирсэн байсан. Тэгээд тэд нартай тоглоод тухайн газар хоносон. Тэгээд үүрээр Т над руу фейсбүүкээр чат бичээд та нар явахгүй шүү гэж бичсэн байсан. Тэгээд Т ах ирээд та 3 тай нотариат ороод надтай гэрээ хийчих гэсэн гээд нотариат ороод гэрээ хийх гэсэн боловч их оочиртой байсан тул маргааш болъё гэсэн тэгээд бид нар буцаад, ******** гэх нэртэй цахим тоглоомын газарт очиход Т ах та 3 хоночих гэхэд У ахаа манай эмээ өвчтэй байгаа би явмаар байна гэхэд хоночхоод өглөө нотариат ороод гэрээ хийчхээд явчихаа гээд байсан болохоор бид 3 дахин хонохоор болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/,

Гэрч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Уын хацар луу 5 удаа алгадаад хөл рүү нь 5 удаа өшиглөсөн, зүүн нүд нь хөхөрсөн, хөл нь өвчтэй байсан..." мэдүүлэг /ХХ-ийн 64 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Б.У эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 150,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Т-аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь *********** дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 112 хуудас/ зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Н.Т нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ч.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүгдэгч Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Хохирол хор уршгийн хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол болон баримтаар 471.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 150.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Харин шүүгдэгч Н.Т нь хохирогчид 8.000.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан 150.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Тыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *** овогт Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТҮВШИНТӨГС