| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0194/Э |
| Дугаар | 0048 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 0048
Ж.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.М
Шүүгдэгч Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Бд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Бгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овгийн Ж-н Б,
шүүгдэгч Ж.Бг 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн 33-1 тоотод хамтран амьдрагч У.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 30-01 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч У.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч З овгийн Ж-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар 10 хоногийн /нэг жил, нэг сар, арав хоног/ хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 1 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдолдоо:
“... Тус хэрэгт хохирогчоор оролцож буй У.О 2018 оны 09 дүгээр сар гэж тодорхой хугацаагүй хүндэвтэр гэмтэл авсан гэж намайг хилсдүүлж байгаа учир 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр намайг хутгалж хүнд гэмтэл учруулсандаа өширхөн миний нөлөөгүй учирсан гэмтлээ санаатайгаар тулгаж байна.
Би 2018 оны 09 дүгээр сард “Оюу толгой” ХХК-д ажиллаж байсан гэдэг тодорхойлолтоо авхуулмаар байна. Мөн дээрх хугацаанд У.О нь дүүдээ зодуулж хоёр хавирга хугарсан гэж надад хэлж байсан. Мөн найз нартайгаа хамт явж байгаад осолд орж гуя болон гар нь маш их хөхрөлтэй байсан нь гэмтэл авахад нөлөөлсөн гэж үзэж байгаа учраас найз нараас нь гэрчийн мэдүүлэг авах хүсэлтэй байна. Иймд энэ хэргийг дахин тодруулж шалгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ж.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 33-01 тоотод хамтран амьдрагч У.О-г зодож биед нь хуйх, баруун мөр, зүүн гуя, баруун шанаанд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, зүүн бугалганд 1 тооны шалбархай, баруун талын 8,9 дүгээр хавирганы суганы арын шугамаар далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,
2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 33-01 тоотод хамтран амьдрагч У.О-г зодож биед нь хуйханд 2 тооны язарсан шарх, зүүн шуу шилбэ, өвдөг, гуя, баруун шуу, духанд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий хүний биед удаа дараа халдан сэтгэл санааны болон бие мах бодийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бгийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтанд үндэслэн түүнд хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Мөн хохирогч У.О-н биед учирсан гэмтлүүдийг шүүгдэгч Ж.Б учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол, хор уршгийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтад заасан төрөл, хэмжээний ялыг хуулийн агуулга зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна
Иймд шүүгдэгч Ж.Бгийн ...хохирогч У.О нь надад хүнд гэмтэл учруулсандаа өширхөн намайг худал гүтгэж, намайг хэлмэгдүүлж найз нөхөдтэйгээ явж байгаад авсан гэмтлээ намайг учруулсан болгож байгаа тул энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1. 1 , 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,шүүгдэгч Ж.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА