Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Г.Маралмаа

Улсын яллагч                                                                   Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                 Э.Батбаяр  нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балбар овогт Алтангэрэлийн Дэмбэрэлсамбууд холбогдох эрүүгийн 201710010045 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн суманд Дэлгэрэх төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газарзүй байгалийн ухааны багш мэргэжилтэй, ЕБ 1 дүгээр сургуулийн Газар зүйн багш ажилтай,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Шалганы 2-11 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Балбар овогт Алтангэрэлийн Дэмбэрэлсамбуу /РД:ЕГ89041511/.

Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч А.Дэмбэрэлсамбуу нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Магнай Трейд” ХХК-ийн Гааль, төмөр замын асуудал хариуцсан менежерээр ажиллаж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шатахууны орлого 7.539.050 төгрөг, тосны орлого 73.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шатахууны орлого 5.201.000 төгрөг, нийт 12813.050 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.                       

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Дэмбэрэлсамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2013 оны 12 дугаар сард Магнай трейд ХХК-д түгээгчээр ажилд орсон. 2017 оны 7 сар хүртэл "Магнай Трейд" ХХК-ийн Гааль, төмөр замын асуудал хариуцсан менежерээр ажиллаж байхдаа 7 сарын сүүлээр клонк дээр давхар түгээгчээр ажилд орсон. Түгээгчээр ажил хийж байхдаа  2015 оны зунаас 158 дугаар салбар луу шилжсэн. 158 дугаар салбар дээр байхдаа жилийн өмнөөс бага багаар хувийн хэрэгцээндээ мөнгө авч хэрэглэж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 23, 24-ний орлого болох мөнгийг өөртөө авсан юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлын төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би энэ хэрэгт компанийн төлөөлөл хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна... А.Дэмбэрэлсамбуу 2016 оны 09 дүгээр сарын 23, 24-ний өдрийн орлогын мөнгийг хуурамч баримт бүрдүүлэн банканд тушаасан мэт харагдуулж 12.813.050 төгрөгийг ашигласан байсан... тухайн үед би Улаанбаатар хотод оффис дээр тайлан гаргахаар очсон байсан... тэгээд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тайлан гаргасан тэгтэл санхүүгийн баримтаар тухайн өдрийн тушаасан мөнгө ороогүй байсан...дээрх 2 удаа банкинд тушаах ёстой мөнгө бол А.Дэмбэрэлсамбуугийн гараан дээр орж ирсэн орлого байсан юм, тэгээд банкинд тушаасан мэтээр хуурамч бичиг хийгээд өгсөн байсан, тэр нь банкиндаа мөнгө байршаагүй байсан болохоор илрээд гараад ирсэн юм... ямар учраас мөнгийг банкинд тушаагаагүй талаар Дэмбэрэлсамбуугаас асуутал би авчихсан юм аа гэж үнэнээ хэлсэн...салбарынхаа тайланг би өөрөө гаргадаг тайлангаар А.Дэмбэрэлсамбуугаас ямар нэгэн мөнгө дутаагүй...А.Дэмбэрэлсамбуу нь хохирлын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан  тул нэхэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй....…гэжээ. /хх-ийн 34-35, 38, 150 тал/

Гэрч Л.Энхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сараас эхлэн давхар мөнгө хураагч гэсэн албан тушаал дээр ажиллаж байгаа, мөнгө хураагч гэдэг нь харилцагч байгууллагуудад байгаа лацдсан мөнгийг хүлээн авч банкинд байршуулдаг...тухай үед А.Дэмбэрэлсамбуу нь надад хэлэхдээ Энхбаатар ахаа энэ өмнөх өдрүүдийн орлогын баримтууд дундаас энэ 3 баримтыг буруу наагаад норгочихсон байна гээд надад 3 ширхэг баримт үзүүлсэн юм. Тэгэхээр нь би тэр 3 баримтын он, сар, өдрийг харж байгаад адилхан бичээд гарын үсгээ зураад банкны тэмдгийг дарж өгөөд за чи одоо наадах доторх мөнгөн дүнгийг нь ижилхэн болгож бичээд буруу наасан, норсон гэх баримтаа засчих гэж хэлсэн. Тэгсэн чинь А.Дэмбэрэлсамбуу би одоо ажилтай байна, та санаа зоволтгүй ээ, би өөрөө засаад хуучин баримтыг нь устгачихна гэж хэлсэн, тэгэхээр нь би тухайн үед ажил ихтэй ч явж байсан учраас итгээд үлдээгээд явсан. Тэгсэн А.Дэмбэрэлсамбуу нь дээрээс нь баллаж засвар хийгээд өөр өдрийн орлогыг Худалдаа хөгжлийн банкинд тушаасан болгож бичилт хийгээд эрхлэгчдээ өгсөн байсан...Надад яах аргагүй буруу наасан, норсон шаардлага хангахгүй болсон 3 баримтыг солих хэрэгтэй байна гэж гарын үсэг зуруулж 3 ширхэг хоосон баримт авсан... түүнээс надад А.Дэмбэрэлсамбуутай хуйвалдсан асуудал огт байхгүй...ажил хэргийн шугамаар зүс мэддэг болсон...” гэжээ.  /хx-ийн 40 тал/

Гэрч Д.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би одоо яг он, сар, өдрийг нь санахгүй байгаа юм, ямар ч байсан 2016 оны 7,8 дугаар сард А.Дэмбэрэлсамбуу над дээр ирээд яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна, мөнгө олоод өгөөч хэд хоногоос асуудалгүй эргүүлээд өгнө, 10 хувийн хүүтэй нь эргүүлж өгнө гэж гуйхаар нь би Улаанбаатар хотод “Мөнх-Аз” гэх нэртэй хүнсний дэлгүүр ажлуулдаг тал Баясгалан ахаас мөнгө зээлж өгч байсан...4 сая төгрөг зээлсэн... тухайн үед А.Дэмбэрэлсамбууг надаас гуйгаад байхаар нь Баясгалан ахруу ярьж туслах санаатай л мөнгө зээлж өгсөн, тэгээд өөрийнхөө дансаар мөнгийг шилжүүлж аваад А.Дэмбэрэлсамбууд бэлнээр өгч байсан...ажил дээр мөнгө хэрэг болоод байна, шалгалт ирэх гээд байна, шалгалт дуусангуут эргүүлээд аваад өгчихнө өө гэж хэлж байсан...өрөнд орсон талаараа надад огт хэлээгүй...” гэжээ  /хоx43-44 тал/

  • 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Магнай трейд ХХК-ийн 1/17 дугаартай албан тоот /хх-ийн 03 тал/
  • Магнай трейд ХХК-нд А.Дэмбэрэлсамбуугийн гаргаж өгсөн хүсэлтүүд, Худалдаа хөгжлийн банкны дагалдах хуудасны хуулбарууд  /хх-ийн 05-06, 07-09 тал/
  • 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Магнай трейд ХХК-ийн 1/14 тоот ажилд томилох тухай тушаал /хх-ийн 21 тал/
  • 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 217 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 22-24 тал/
  • 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн компаний мэдээллийн нууцыг хадгалах гэрээ /хх-ийн 25 тал/
  • Борлуулалтын өдөр тутмын мэдээ /хх-ийн 27 тал/
  • Борлуулалтын орлогыг тушаасан мөнгөний бүртгэл /хх-ийн 28 тал/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/
  • 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын тасгийн 12 дугаартай албан тоот, хавсралт /хх-ийн 81-82 тал/
  • А.Дэмбэрэлсамбуугийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84 тал/
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85 тал/
  • А.Дэмбэрэлсамбуу, Т.Оюун-Эрдэнэ нарын гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 86 тал/
  • 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсийн 410 дугаартай албан тоот /хх-ийн 87 тал/
  • Худалдаа хөгжлийн банкны орлогын баримтууд /хх-ийн 88-91 тал/
  • 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Магнай трейд ХХК-ийн захирлын 35/13 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 102 тал/
  • 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Магнай трейд ХХК-ийн захирлын 351/13 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 103 тал/
  • Магнай трейд ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 104-105 тал/
  •  Депозит дансны харилцагчийн Монгол хуулга /хх-ийн 106-109 тал/
  • Хохирогч Ц.Эрдэнэчимэгийн хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйл болон санал гомдолгүй талаарх хүсэлт /хх-ийн 130 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Дэмбэрэлсамбуу нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Магнай Трейд” ХХК-ийн Гааль, төмөр замын асуудал хариуцсан менежерээр ажиллаж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шатахууны орлого 7539.050 төгрөг, тосны орлого 73000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шатахууны орлого 5201.000 төгрөг, нийт 12813.050 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Дэмбэрэлсамбууг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ц.Эрдэнэчимэг нь шүүгдэгч А.Дэмбэрэлсамбуугаас нэхэмжлэх зүйл болон гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3,  55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч А.Дэмбэрэлсамбуугийн эзэмшлийн 1.200.000 төгрөгний үнэлгээтэй 5 ханатай Монгол гэрийг мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн байх бөгөөд уг битүүмжлэлийг цуцлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Балбар овогт Алтангэрэлийн Дэмбэрэлсамбууг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дэмбэрэлсамбуугийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Дэмбэрэлсамбууд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дэмбэрэлсамбууд  оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Замн-Үүд дэх сум дундын  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч А.Дэмбэрэлсамбуу нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Худалдаа хөгжлийн банкны дагалдах хуудас 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Шүүгдэгч А.Дэмбэрэлсамбуугийн эзэмшлийн 1.200.000 төгрөгний үнэлгээтэй 5 ханатай Монгол гэрийн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн битүүмжлэлийг цуцалсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид   авсан   бусдын батлан даалтанд өгөх таслан   сэргийлэх  арга   хэмжээг   хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.                              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ