| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/82 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/82
2024 01 16 2024/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч Б.Д,
иргэний нэхэмжлэгч Н.Д, П.Ш,
хохиргч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Баяржаргал,
иргэний хариуцагч (нэхэмжлэгч) Б.Э,
шүүгдэгч Б.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Туул,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Д нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
........ урд уулзвар замд 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг 20 минутын орчимд ........ маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж, ........улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Б.Д-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингисийн музейн хойд талын гэрлэн дохионы уулзвараас баруунаас зүүн рүү нэвтэрч байхад осол гарсан. Зам нэвтрэхдээ хойноос урагшаа чиглэлд машин харагдаагүй учраас нэвтэрсэн. Нэгдүгээр эгнээ өнгөрөөд 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү шилжих үед осол гарсан. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирол төлбөрийн тухайд Б.Дд 3.209.000 төгрөг, Н.Дд 1.915.000 төгрөг, нийгмийн даатгалд 1.670.000 төгрөг төлсөн. Ослын дараа Б.Дг эмнэлэгт үзүүлж төлбөрийг нь төлж барагдуулсан ба 1 сая орчим төгрөг болсон. Баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д мэдүүлэхдээ: “2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр машин барьж явсан бөгөөд би хажуу суудалд сууж явсан. Осол гарсны дараа босох гэтэл босож чадахгүй байсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг явсан. Шинжээчийн дүгнэлттэй маргах зүйлгүй. “АСЭ” эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн. “Гранд мед” эмнэлэгт мэдрэлийн эмчид үзүүлсэн. Цэргийн эмнэлэгт нурууны имрай хийлгэсэн. Эдгээр төлбөрүүдийг Б.Д төлсөн. Цалингийн зөрүү 1.855.991 төгрөг, сэтгэл санааны хохирол 8.573.400 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Нэхэмжилсэн мөнгийг барагдуулчихвал гомдол саналгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Д мэдүүлэхдээ: “Эмчилгээний зардалд 1.915.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч П.Ш мэдүүлэхдээ: “Одоогоор авсан төлбөр байхгүй. Тээврийн хэрэгсэлд 7.871.000 төгрөгний хохирол учирсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Хохирлыг яаралтай гаргуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч (нэхэмжлэгч) Б.Э мэдүүлэхдээ: “Тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд даатгалаас 5.000.000 төгрөг гаргаж авна. Үлдсэн төлбөрийг боломжоороо төлнө. Шүүхээс тогтоол гарсны дараа даатгалаас мөнгийг өгнө гэсэн” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь ........урд уулзвар замд 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг 20 минутын орчимд ........маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ........улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж, ........улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Дын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Б.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 52-57 /,
Хохирогч Б.Дгийн / хх 59 /: “...2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд нөхөр Н.Д, нөхрийн найзтай / нэрийг нь мэдэхгүй / Яармаг руу гэр лүүгээ харихаар ........улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй “Метро” моллын уулзвар өнгөрөөд явж байсан. Тээврийн хэрэгслийг нөхөр Н.Д жолоодоод би урд суудалд найз нь хойд суудалд суугаад явж байсан. Тэгээд бид нар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй 40 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэтхэн манай тээврийн хэрэгслийн урдуур тэзврийн хэрэгсэл орж ирээд мөргөлдчихсөн. Тухайн үед мөргөлдсөний дараа босох гэхэд босож чадахгүй аарцаг, хөл рүүгээ маш хүчтэй өвдөөд суудлаасаа босож чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг дуудаж биеийн байдлаа үзүүлэхэд яаралтай Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Шинжилгээ хийлгэхэд нуруу нугасны зураг авах шаардлагатай гэсэн ба нуруу нугасны зураг авахуулахад холбогч эдийн гэмтэлтэй байна гэсэн онош гарсан байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...Б.Дгийн биед бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагираг урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 887 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 114-115 /,
Шүүх шинжилгээний үндэний төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Б.Д-н сэтгэцэд дасан зохицохуйн хямрал, стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд илэрнэ. Б.Д дасан зохицохуйн хямрал, стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэх 97 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлт / хх 138-140 /,
Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Н.Дын биед нурууны зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 10054 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 32-33 /,
Тээврийн цагдаагийн албаны “........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
“Toyota Harrier” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван тав. Уулзвар нэвтрэх. II. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх. 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.” гэх мөрдөгчийн магадалгаа / хх 143 /,
Б.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн / хх 157 /: “...Би 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг 20 минутын орчимд Чингис хааны музейн гэрэл дохиотой уулзварын хойд талын гэрэл дохиогүй уулзварыг ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд нэвтрэхээр Toyota Harrier маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Тэгээд уулзварт ирээд уулзварыг нэвтрээд явж байсан ба миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойд талаас машин ирж миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн талын 2 хаалганы гол хэсэг рүү мөргөсөн. Тухайн үед би уулзварыг нэвтрэхдээ туслах замаар нэвтэрсэн ба зүүн гар талаас ирж мөргөсөн машин гол замаар явж байсан. Миний явж байсан чиглэлд туслах замын зам тавьж өгөх тэмдэг байсан ба би уулзварыг нэвтрэхдээ тухайн тэмдгийг харсан. Би уулзварыг нэвтэрч орохдоо машин ирж байгаа эсэхийг харахад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хар өнгийн машин зогсож байх шиг байсан. Тэгээд би уулзварыг нэвтэрч байтал 2 дугаар эгнээнээс машин гарч ирээд миний машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо гол ба туслах замын уулзварт туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, Б.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Дд ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал, бусад зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д нь сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг нэхэмжилсэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хохирлын хэмжээг сайн дураар багасган 6.600.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээн авч, нэхэмжлэлээс 550.000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч П.Шгийн 7.886.000 төгрөгийн нэхэмжлэлээс мөрдөгч шинжээч томилоогүй байхад өөрсдийн сайн дураар машины эвдрэл гэмтлийг үнэлүүлж, уг төлбөрийг шүүгдэгчээр төлүүлсэн байх тул 460.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Д нь өвчтэй байх хугацааны цалингийн зөрүүнд 1.855.991 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийгээ нотолсон баримтуудаа өгөөгүй тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол төлбөр болох хохирогч Б.Дгийн сэтгэл санааны хохирол 6.600.000 төгрөгийг шүүгдэгч Б.Дгээс, иргэний нэхэмжлэгч П.Шгийн 7.426.000 төгрөгийг шүүгдэгч Б.Д, иргэний хариуцагч Б.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Шд олгохоор шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Д “нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг гаргасан, иргэний нэхэмжлэгч ..... газарт 1.670.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Н.Д, .....газарт төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Д-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Д-гээс 10.313.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Дд 6.600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Шд 3.713.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Эаас 3.713.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Шд тус тус олгож, Б.Д нь цалингийн зөрүүгээ баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Б.Дгийн нэхэмжлэлээс 550.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.Шгийн нэхэмжлэлэээс 460.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ