Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2018/00435

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух,******* *******ийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, *******ын тоотод оршин суух, ын /РД:/холбогдуулан

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.*******, нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.той 2016 онд танилцсан. Анх надтай уулздаг байхдаа “өмнө нь амьдрал зохиож байсан. Эхнэр 2 хүүхдийг  маань аваад салсан гэж хэлдэг байсан. Иймд би түүнийг амьдрал үзсэн учир дахин алдаа гаргахгүй байх гэж итгэж хамт амьдарсан. Бидний дундаас М. төрсөн.

Гэтэл Г. намайг жирэмсэн байхад өөр эмэгтэйчүүдтэй уулзаж, хүүхдээ 3 сартай байхад хаяаад яваад өгсөн. Дахиж ирээгүй. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ирж хүүхэдтэйгээ уулзсан. Би хүүхдээ өнчрүүлээд яахав гэж бодоод уучлалт гуйвал хамт амьдарна гэж бодсон. Гэвч уучлалт гуйгаагүй. Надад ямар нэгэн юм хэлээгүй. Тэрээр надтай хамт амьдрах хугацаанд  юу ч авдаггүй байсан. Г. ажил хийгээд авсан цалингаа өмнөх эхнэрээс нь гарсан өөрийн 2 хүүхэддээ өгдөг байсан. Г.г цалингийн зээл авахад нь би батлан даагч болсон. Г. тэр мөнгөөр автомашин авсан. Гэтэл банк миний том охины хадгаламжаас суутгаж авсан. Энэ мөнгийг түүнээс нэхэх болно. Одоо Г.той эвлэрээд хамт амьдрах  боломжгүй болсон.

Иймд эцэг Г.гоос  хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж өгнө үү.

Мөн хариуцагч Г. шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа гэдгээ мэдэгдсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2016 онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний дундаас М. төрсөн.

Охин М. миний хүүхэд мөн тул маргах зүйлгүй. Бид хамт амьдарч байхад П.*******ын ах, эгч, дүү нар болон хуучин нөхөр нь ирж сал гэж дарамтладаг байсан. Үүнээс болоод бид салсан. Би охин М.д хуулийн дагуу тэтгэлэг төлнө. Харин би хөдөө ажлаар явж байгаа тул шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* хариуцагч Г.д холбогдуулан тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан.

 

Хариуцагч Г. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.гийн эцэг мөн эсэх, хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй ба нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн.

 

Хариуцагч Г. шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаагаа мэдэгдсэн, нэхэмжлэгч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүх нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчлан заасан. Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч П.******* охин М.г эцгээр нь тэжээн тэтгэхийг үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч П.*******, хариуцагч Г. нар 2016 онд танилцсан, хамтран амьдрах хугацаанд буюу М. төрж эцэг Г.гийн нэрийг авч овоглосон байна.

 

Одоо охин М. эх П.*******ын асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь охин М.гийн №1113000416 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-6/

 

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Г. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг болохыг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан. Зохигчид охин М.г тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.г эцэг Г.гоор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин нэхэмжлэгч П.******* нь охин М.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Г. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Хариуцагч Г. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.153 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.гоос 33.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгов.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин М.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ын гоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Г.гоос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.153 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.гоос 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС