| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0122/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
2024 01 30 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Б.Оргилболд,
шүүгдэгч Н.Б (өөрийгөө өмгөөлж),
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Н.Б нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
...... тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-д хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнераар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгууллагаас ажилдаа ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн байсан “...i5-12th Gen intel Core i512600k /16CPU/, 3.7 GHZ, RAM32GB, Hard 256” загварын процессорыг завшиж, 816.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Бнь ......тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-д хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнераар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгууллагаас ажилдаа ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн байсан “...i5-12th Gen intel Core i512600k /16CPU/, 3.7 GHZ, RAM32GB, Hard 256” загварын процессорыг завшиж 816.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ж.М-гийн / хх 14, 16, 18/: “...Миний бие “......” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай компани .....тоот хаягт самбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр гээд манай байгуулцага амарсан. Ингээд өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 09:10 цагт намайг ажилдаа орж ирэхэд манай ажилчид толгой компьютерын процессор алга болсон байна гэсэн. Манай байгууллагын түлхүүр 3 хүнд л байдаг. Надад 1 түлхүүр, нэг нь гүйцэтгэгчийн
ахлагч М-т, нөгөө нэг түлхүүр нь дизайнер Н.Б-нд байгаа. М өнөөдөр ажилдаа 08:50 цагт хамгийн түрүүнд ирээд онгойлгож ороод процессор алга болсныг мэдсэн байсан. ” гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 20-21 /,
Н.Б-ий яллагдагчаар мэдүүлсэн / хх 51 /: “Миний бие 2018 оноос хойш ...... хорооны хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-д дизайнераар ажиллаж байгаа. 2023 оны 11 дүгээр саын 14-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр гээд манай ажил амарч байсан. Тэр өдөр 12 цагийн үед би өөрт байсан ажлын түлхүүрээрээ байгууллагын хаалгыг онгойлгож ороод өөрийн суудаг компьютерынхоо залгуурнуудыг салгаад процессорыг тэвэрч аваад гарсан. ...цалин дээрээс 1.077.000 төгрөгийг суутгуулж төлж барагдуулсан..” гэх мэдүүлэг болон Н.Б-ий ажлын байрны анкет, хөдөлмөрийн гэрээ / хх 33-41/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-ий үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Б-д ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.
Шүүгдэгч Н.Бторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Бусад асуудлаар:
Хохирогч Ж.М-гийн “...хохирол бүрэн барагдсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргий 18 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4,
5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 / хоёр сая долоон зуу / нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ