Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

    2024        01         30                                   2024/ШЦТ/113

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Д.Пүрэврагчаа,

хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,

шүүгдэгч Б.Б(өөрийгөө өмгөөлж),

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт   урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан Б.Б нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

..... захын хашаанд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Эг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: “........ захын хашаа руу орох гэтэл 1 машин зогсож байхаар нь жолоочид нь “холдооч” гэхэд холдохгүй  байсан. Гэтэл тэр цагдаа дуудсан байхаар нь би дургүйцэж түүнтэй барьцалдаж аваад ноцолдсон, газар унагаж дээр нь гарч заамдсан. Тэгж байхад гэмтэл учирсанг үгүйсгэхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тэр намайг илүү цохьсон. Би буруутай  болохоор гомдол гаргаагүй. Гэтэл 11 сард намайг цагдаагийн байгууллагаас дуудаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хүнээс болоод би ажилгүй болсон. Гэвч би алдаа гаргаснаа ойлгож, ухамсарлаж байгаа. Согтуугаар автомашин жолоодсон нь миний буруу. Тухайн үедээ ярилцаад шийдэх боломжтой асуудлыг заавал намайг шийтгүүлэх шаардлага байсан юм уу гэж хэлэх байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “Би эхнэрээ авахаар ...захын хашааны хаалтны урд зогсож байтал нэг залуу хаалга онгойлгоод “ Чи наанаасаа холдчих, би орчихъё” гэж их түрэмгий хэлсэн. Тэгээд сигналдаад байхаар нь би буугаад хартал согтуу нөхөр машин барьж байхаар нь би Замын цагдаа дуудсан. Тэгээд би замын нөгөө талд хараад зогсож байтал энэ залуу ирээд “ Чи хүний мууд дураллаа” гээд намайг зодсон. Эмчилгээний зардал 641.600 төгрөг, тухайн үед зүүж явсан бугуйн цаг эвдэрсэн учир 637.463 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Хэрэг удаан шийдэгдээд би байнга хэн намайг зодчих бол гэсэн айдастай байснаас стрест орж, саажилт тусаж, уламжлалт эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эдгээр зардлаа нэхэмжилж байна” гэв.

 

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ..... захын хашааны гадна хохирогч Б.Эг “цагдаа дуудлаа” гэх шалтгаанаар түүнийг заамдан, түлхэж унагаан дээрээс нь дарах зэргээр түүний эрх чөлөөнд халдсаны улмаас эрүүл мэндэд зүүн 9 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун тохой, дал, зүүн суга, хоёр өвдөгт зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

хохирогч Б.Эгийн / хх 29-30 /: “... 2023 оны 06 сарын 02-ны орой 19.50 цагийн орчим ..... захын үүдний орчим эхнэрээ хүлээгээр машин дотроо сууж байсан. ... Шууд над руу ирээд намайг заамдаад авсан. Тэгэхэд нь би тэр хүнээс зугтсан бөгөөд намайг зугтаж байхад араас хөөж ирээд газарт унагаагаад дээрээс маань дарсан. Зүүн талын хавирга орчимд маань өшиглөсөн юм уу, дарсан юм уу мэдэхгүй. Одоо амьсгалж болохгүй байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Т-гийн / хх 34 /: “ ...Тухайн өдөр 2023 оны 06 сарын 02-ны өдөр байсан бөгөөд 5 дахь өдөр болгон ачаа өгдөг юм. Ачаагаа өгчихөөд ажлын газрын хүн болох Б-той 2л том пиво хоёулаа хувааж уучихаад ..... зах руу ажлын машинтайгаа Б.Б бариад ундаа авч уух гэж очсон. Тэгсэн ..... зах руу машинтай ордог хаалганы урд жижиг цагаан машин байсан. Марк дугаарыг нь санахгүй байна. ...Тэгээд машинаас буугаад урд байсан машины хүн  дээр очиход  нөгөө хүн ч гэсэн буугаад ирчихсэн байсан. Тэр залуу нь бордуу царайтай 180 см орчим өндөртэй залуу байсан. Тэр хоёр хоорондоо нээх зодолдож байгаа харагдахгүй байсан. Ноцолдож байгаа харагдсан “ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7246 дугаартай дүгнэлтэд:

Б.Эгийн биед зүүн 9 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун тохой, дал, зүүн суга, хоёр өвдөгт зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.  

Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 42-43 /

 

Хохирогч Б.Эгийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон талаарх баримтууд / хх 52-54 /

 

Хяналтын камерын бичлэг бүхий  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 16-17 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин хохирогч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “ ... шүүгдэгч намайг зодож, цохьсон“ гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоон хууль сануулан мэдүүлэг авахад “ Шууд над руу ирээд намайг заамдаад авсан. Тэгэхэд нь би тэр хүнээс зугтсан бөгөөд намайг зугтаж байхад араас хөөж ирээд газарт унагаагаад дээрээс маань дарсан. Зүүн талын хавирга орчимд маань өшиглөсөн юм уу, дарсан юм уу мэдэхгүй... / хх 29-30 / гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаандаар камерын бичлэг бүхий сидиг үзэхэд хохирогчийг заамдсан, хөөсөн, газарт унагааж дээрээс нь дарсан болох нь нотлогдсон, дээрх үйлдлүүд нь хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой байна. Харин хохирогчийг зодож, цохьсон гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б-од ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөөс зарим хэсгийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бэрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол төлбөр болох хохирогч Б.Эд эмчилгээний зардал 291.600 төгрөг, бугуйн цагны үнэ 637.463 төгрөг, сэтгэл санааны хор уршигт 104.000 төгрөг буюу нийт 1.033.063 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.Бнь 500.000 төгрөгийг хохирогч Б.Эд нөхөн төлсөн байх тул үлдэх хохирол 533.063 төгрөгийг шүүгдэгч Б.Б-оос гаргуулж хохирогч Б.Эд олгохоор шийдвэрлэв.  

 

Харин хохирогч нь хэргийн улмаас байнгын айдастай байснаас стрест орж, саажилтын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардалд 200.000 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э нь “беллийн саа” өвчин туссан эсэх, дээрх өвчин нь хөнгөн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 533.063 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд олгож, хохирогч нь 200.000 төгрөгийн нэхэмжлэлээ баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Б эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7.  Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ