Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1334

 

 

 

 

  2024       12          02                                   2024/ШЦТ/1334

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

иргэдийн төлөөлөгч Э.Намуун,

хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Сыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хххх хороо, хххх тоотод өөрийн х Т.Бийг шалтгаангүйгээр цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж, биед нь зүүн хөхний доогуур цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс нэвт хатган зүрхний баруун тосгуурт хүрч төгссөн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.     

             

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ааас авсан мэдүүлэгт түүний биеийн байцаалт хэсгийг өөрөөр бичсэн байгаа хэдийч болсон үйл явдлын талаарх мэдээллийг яриулж бичсэнийг тэрээр танилцаж үнэн зөв бичигдсэн болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Түүний биеийн байцаалтад холбогдох мэдээлэл бүхий иргэний бичиг баримтын мэдээллийг мэдүүлэгт хавсаргажээ.

Мөн сэжигтэнээр хоёр дахь удаа асууж авсан тэмдэглэлийн нэр өөр байх хэдийч Т.Саас мэдүүлэг авсан байгаа нь түүний мэдүүлэгтэй танилцаж гарын үсэг зурснаар баталгаажсан байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх бөгөөд тус хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхэд саад учруулахгүй гэж дүгнэсэн болно.

 

Шүүх доорх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул уг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцон эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.С нь хххх тоотод хохирогч Т.Бийн биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4-5/,

-хэргийн газрын үзлэг хийсэн “… хххх тоот … гал тогооны шүүгээ, түүний урд хар өнгийн төмөр рамтай модон тавцантай тавиур дээр шар бор өнгийн бариултай хутга байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авав. …” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-8/,

 

Хохирогч Т.Бийн хххх өдөр мөрдөн байцаалтад өгсөн:

 “...хххх минутын үед манай х С гэрээсээ 0,75 литрийн архины талыг бариад ороод ирсэн. Тэгээд тэрийг нь хувааж уугаад би дэлгүүр ороод дахиад 0.75 литрийн архи 1 шилийг аваад хадмын гэрт ороход аав мах идээд сууж байсан. Тэгээд тэр архинаасаа бага зэрэг ууж байгаад би хадам ээжийн хажууд гэрийнх нь зүүн талд байх орон дээр сууж байхад х С мах идэж байсан хутгаа аваад миний цээж рүү 1 удаа хутгалсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Нэлээн согтуу тасарсан байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр бас архи уусан байсан. Тухайн өдөр би х Стай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Надад ямар нэг санал гомдол байхгүй. Х Сын ээж нь нас бараад удаагүй байсан. Тэгээд сэтгэл санаа нь тогтворгүй, гутралтай байсан. Эмнэлэгт хэвтүүлэх бодолтой байсан. Тэгээд хааяа архи уугаад байсан.

... миний биед цээжний зүүн хэсэгт хутгаар хатгуулсан шарх гэмтэл учирсан. Надад учирсан гэмтлийг манай х Т.С хутгаар нэг удаа хатгаж учруулсан.   Т.С хх өдрөөс эхэлж архи уусан байсан. ххх өдөр нутгийн бөх түрүүлсэн гэж Баянзүрх дүүргийн хх тоотод манай гэрт 0.75 граммын ххх гэх архи бариад манай гэрт орж ирээд бид 2 хувааж уусан. Би болсон асуудлыг бүгдийг санаж байна. Х бол нилээд согтсон байсан. Манай хын ээж нь ххх настай хххх сарын үед нас барсан болохоор аав сэтгэл гутралтай байсан. Бид хоёр урьд өмнө нь ч, одоо ч хэрэлдэж маргалдсан зүйл огт байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй. Миний биеийн байдал одоо хэвийн, бүрэн эдгэрсэн.” гэх мэдүүлэг /хх-н 11-15/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

хххх өглөө х наадам сайхан боллоо, манай нутгийн бөх түрүүллээ гээд 1 шил архи бариад орж ирсэн. Тэр архийг бид хоёр хувааж уусан. Би зөрж гараад дэлгүүр ороод нэг шил архи аваад хадмын гэр лүү орсон. Гэр рүү ороход х мах идчихсэн сууж байсан. Харин ээж орон дээр уйлчихсан сууж байсан. Ээжээс “юу болсон юм, яасан бэ” гэж асуусан. Ээж “наад аав чинь манай ээж өнгөрчихсөн, надад бас амьдрах хүсэл алга гээд хоолой ам руугаа хутга тулгаад байна” гэж хэлсэн. Тэгээд би энийг сонсчхоод аав руу уурлаад “та одоо юун сүртэй юм, ээж чинь үхээ л биз, шороонд булагдаа л биз, тэрний төлөө ингэж байх ямар хэрэгтэй юм, яагаад хутга бариад байгаа юм” гэхэд аав шууд уурлаж босож ирээд “юу гэнэ ээ чи” гээд хутгалчихсан. Тэгээд ээж түргэн дуудаад би эмнэлэг рүү явсан. Би тухайн үед ийм хатуу үг хэлээгүй байсан бол одоо юу ч болох байсан юм билээ, тухайн үед болчимгүй буруу үг хэлсэндээ харамсаж байна. Тэр үед аав стресстэй, бухимдалтай тиймэрхүү үе болж байсан. Тэр үед нь ингэж хэлсэн дээ харамсаж байна. Тэр үг л огцом уурыг нь хүргэсэн байх.

Тухайн үед авсан гэмтэл цаг алдаагүй очсон болохоор эмчилгээ сайн хийлгээд сайн эдгэрсэн. Одоо ямар нэгэн зовуурь байхгүй. Хөдөлмөрийн чадвараа алдсан зүйл байхгүй хэвийн байгаа. Санал гомдол байхгүй. Аавыгаа энэ хэргээс үнэн зөвөөр нь шийдвэрлүүлмээр байна. Би эхнэрээ алдаад удаагүй байгаа. 3 хүүхэдтэйгээ үлдсэн. Сэтгэл санаа бас хэцүү байна. Аавыг бас ийм байдалтай байгаад бүр хэцүү байна. Миний 3 хүүхдийг манай х, ээж 2 хардаг. Надад хэцүү байна гэх мэдүүлэг.

 

Гэрч Ц.Чгийн 2024 оны 07 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн:

 “манай нөхөр Т.С өчигдөр орой архи уугаад өнөөдөр унтаж байгаад ххх цагийн үед сэрээд өчигдөрийн ууж байсан хагас шил архиа бариад хажуу талд байх х Т.Бийн гэрт орсон. Тэгээд байж байгаад тэр 2 нэг нэг лаазтай пиво барьж орж ирээд маргалдаж байгаад гал тогооны тавиур дээр байсан шар цагаан өнгийн иштэй хутгыг аваад хөргөгчний хажууд байсан х Бийн зүүн хөхний дээд хэсэгт хутгалсан. Тэгээд би 102, 103-т дуудлага өгсөн.

Гаднаас орж ирээд над руу дайраад хэрүүл хийгээд хутга бариад ална гээд байж байхад гаднаас х орж ирээд салгах гэхэд хийг хутгалсан. Т.С уухаараа 3-4 хоног уудаг. Уусан үедээ агсам согтуу тавиад байдаг.

... Манай нөхөр Т.С хххх өдрөөс эхэлж хоёр өдөр архи уусан байсан ба хххх тоотод гэртээ ххххх минутын орчимд хажуу талд нэг хашаанд байх манай хий гэрт ороод ирлээ гээд орж ирсэн. Би мах чанасан байсан болохоор ширээн дээр шар иштэй хутгаар мах огтлоод идэж байсан. Араас нь удалгүй манай х Б нэрийг нь мэдэхгүй архи бариад орж ирээд буйдан дээр сууж байсан. Т.С махаа идэж байснаа шууд босоод Б дээр очоод түүнийг мах идэж байсан хутгаараа шууд цээж хэсэгт нь нэг удаа хутгалсан. Т.С нэлээн согтсон байсан юу хийж байгаагаа санахгүй, ойлгохгүй байх шиг байсан. Бийн биеэс нь цус гараад байхлаар нь сандраад цагдаа дуудсан. Хутганы цусыг нь арчсан байсан хэн арчсаныг нь би мэдээгүй. Б нь манай х болоод 12 жил болж байна. Т.С Б хоёр нь хоорондоо хэрэлдэж, маргалдаж муудалцаж байгаагүй хэвийн сайхан харилцаатай байдаг.” гэх мэдүүлэг, /хх-н 19, 27-28/,

 

Гэрч С.Аын ххххх өдөр мөрдөн байцаалтад өгсөн:

хххх цагийн үед манай аав болох С тал шил архи барьж орж ирээд манай нөхөр Бтой хувааж уугаад тэр 2 хамт гараад явсан. Тэгээд би гэртээ гэрээ цэвэрлэж байгаад дуусаад аавын гэр лүү ороход ээж болохоо байлаа гээд өөдөөс гэрээд ирэхээр нь би гэрт нь ороход манай нөхөр Б орон дээр суусан цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд ээж 103 дуудсан. Манай аавын ээж Л гээд хөгшин нас бараад удаагүй байсан. Аав сэтгэл санаагаар унасан, тогтворгүй хааяа архи уугаад хэцүү байсан.

Би тухайн хэрэг гарах үед байгаагүй болохоор Т.Бийн биед хэн гэмтэл учруулсаныг хараагүй. Намайг ороход аав Т.С, ээж Ц.Ч, нөхөр Т.Б нар л байсан. Бийн цээжнээс цус гарсан байдалтай гэрийн зүүн талын буйдан дээр сууж байсан. Аав гэрийн баруун талд орон дээр сууж байсан. Мах идэж байсан ширээ нь гэрийн хойд талд байсан. Миний ойлгосноор Т.С нь Т.Бийг хутгаар хатгаж гэмтээсэн байна лээ гэх мэдүүлэг /хх-н 21-22, 24/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмчийн хххх дугаартай:

Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн яаралтай тусламжийн тасгийн хххх тоот өвчний түүхээс: Өвчний түүх нээсэн хххх гэжээ. Үндсэн онош: Цээжний хөндийн нэвч хутгалагдсан шарх, зүрхний баруун тосгуурын гэмтэл, перикардийн гэмтэл, цус алдалт 1 зэрэг. Яаралтай тусламжийн хуудсанд ... Шархаар өвдөнө, амьсгал авахад өвдөнө. ... хххх өдрийн мэс заслын тэмдэглэлд: Өвчтөнийг ерөнхий мэдээ алдуулалтын дор .... Цээжний зүүн талд хөхний доогуур 10-12 см орчим зүслэг хийж тогтоогоод цээжний хөндийг нээхэд нөжирсөн цус бүлэнг соруулан /250мл/ аваад хутганы шарх орчмоор шалгахад зүрхний баруун тосгуурт 0.5-1 см орчим нэвт хатгагдсан шархтай, оёод перикардад байсан цусыг соруулан аваад ... ариун боолт хийв гэжээ.

ДҮГНЭЛТ: “Т.Бийн биед зүүн хөхний доогуур цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс нэвт хатган зүрхний баруун тосгуурт хүрч төгссөн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл, цээжний хөндийд хурсан цус авч, шарх цэгцлэх мэс засал хххх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар үүссэн байна.  Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 48-50/,

 

Цэргийн төв эмнэлэгийн ххх дугаар өвчний түүхийн хуулбар /хх-н 55-100/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 104/,

ЭМД-н сангийн хххх дансанд ххх төгрөгийг Т.Саас төлсөн талаарх баримт /хх-н 123/,

 

Шүүгдэгч Т.Сын хххх цагт мөрдөн байцаалтад өгсөн:

Өнөөдөр би ххх цагийн үед босоод гэрт авдарт байсан ххх нэртэй 0,75 литрийн архи, 0,75 литрийн вискиг х Бийг дуудаад гэртээ оруулж ирээд наадмын талаар яриад нөгөө архиа хувааж уусан. Тэгээд юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдсэн намайг цагдаа ирээд бариад аваад явсан байсан. Би согтуу тасарсан байсан. Гаргасан үйлдлээ санахгүй байна. Нэг мэдэхэд манай охин А, эхнэр Ч нар орилоод чи юу хийчих вэ гэхээр нь харсан чинь х Б гэрийн зүүн орон дээр суусан байдалтай байсан. Бийн цээж хэсэгт би согтуудаа хутгалсан байсан. Гэрийн зүүн талд шалан дээр байсан савтай махан дээр байсан хутгыг би авсан. Бид 2 архи уугаад наадмын талаар ярилцаад сууж байсан. Би хийсэн хэргээ хүлээж байна. Мөн их гэмшиж байна. Миний буруу.

… х Т.Бтой хамт хувааж уусан тухайн цагаа санахгүй байна. Архи ууж дуусаад хашаан дотор байх гэртээ орж ирсэн. Тэгээд юу болсоныг санахгүй байна. Сүүлд цаг орой болсон байхад цагдаа дээр ирээд ухаан орсон. Намайг ухаан ороход миний гарт гав зүүсэн байсан. Эргээд юу болсон талаар санах гэсэн боловч надад санагдах юм байхгүй байгаад байгаа юм. Манай х цээж хэсэгтээ хутгалуулаад Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн байсан. Өөр болсон асуудлын талаар би огт үнэхээр санахгүй байна. Б манай х болоод 10 аад жил болж байна. Бид 2 тухайн үед хэрүүл маргаан хийгээгүй. Урьд нь бас хэрүүл маргаан хийж байгаагүй энгийн сайхан харилцаатай байдаг. Би шар өнгийн иштэй хутгаар махыг идсэн. Т.Бийг орж ирсэн гэдгийг би санахгүй байна…   гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Т.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-117/,

 Шүүх хуралдаанд гаргасан Т.Сын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /11 хуудас/, нас барсаны гэрчилгээний хуулбар /2 хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн асуудлаар:

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан хүнд гэмт хэрэг юм.

 

Иргэний эрүүл мэндэд халдаж, аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаанд аюул учруулж байгаа нийгэмд аюултай үйлдэл учраас эрүүгийн хууль тогтоомжоор хариуцлагажуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг шууд заасан байх бөгөөд шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч Т.Бийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болох нь тогтоогдсон байх учир гэмт хэргийн үндсэн шинж хангагдажээ.

 

Хүнд зэргийн гэмтэл гэж гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх амь насанд аюултай гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэлийг хэлнэ.

Амь насанд аюултай гэмтэл нь цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтэн бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан битүү гэмтэл хамаардаг.

Хохирогч Т.Бийн биед цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс нэвт хатган зүрхний баруун тосгуурт хүрч төгссөн хатгагдсан шарх, цээжний хөндий дэх нөжирсөн 250мл цусан бүлэн гэмтэл үүссэн нь биед учирсан үедээ амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, ердийн явцаараа үхэлд хүргэх боломжтой хүнд зэргийн гэмтэл байна.

 

Уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

Тус зүйл, хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заажээ.

 

Зэвсэг гэж иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгодог.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Т.Сын хохирогч Т.Бийн бие махбодид халдаж, хутгалсанаар хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл бөгөөд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.   

 

Шүүгдэгчийн хохирогч руу чиглэсэн, хүч хэрэглэсэн, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой.

 

Шүүгдэгч Т.Сын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулж хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч хутгаар хүний биед халдаж хатгаж хутгалсан тохиолдолд биед нь гэмтэл учирч болох аюултай шинж чанарыг өөрөө ухамсарлаж байсан ч хүсэж үйлдэснээрээ уг хохиролд хүргэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлсэн оролцогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан болох нь тогтоогдож, тухайн үйл явдалд дүгнэлт хийх, нөхцөл байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь “Т.Сыг гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Харин шүүгдэгч Т.С нь өөрийн х Т.Бийн цээж хэсэгт хутгалаж цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хохирлыг учруулсан болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх учир иргэдийн төлөөлөгчийн хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй уг дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэх шаардлагагүй гэж дүгнэв.

Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдэлийг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.Сыг ххх өдрөөс эхлэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хххх өдөр Баянзүрх дүүргийн ххх тоотод өөрийн х болох хохирогч Б.Бтой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг хутгаар нэг удаа цээжинд нь хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хххх дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.

Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн учраас шүүгдэгч Т.Сыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт ххх төгрөгийн зардал гарсаныг гэм буруутай этгээд болох С төлснийг шийдвэрт тусгуулах саналтай байна” гэсэн дүгнэлт,

 

Хохирогчийн өмгөөлөгч “прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэсэн зүйлчлэлээр зүйлчилж өгөөч гэж хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна.

Энэ 2 хүний харьцаа тухайн үед маргалдсан, тийм нөхцөл байдал үүссэн гэдгийг гэрч А, Ч, шүүгдэгч, хохирогч нар яг бодит байдлыг хэлээгүй цухас цухас дурдаж байсан. Ч 7 дугаар сарын 13-нд өмгөөлөгчгүй үедээ маргаан болсон, маргалдсан гэдгийг мэдүүлсэн. Болсон бодит байдлыг гэрчлэх ганц гэрч Ч тэр газарт байсан. Яг болсон бодит байдлыг хохирогч өөрөө үнэн зөвөөр хэллээ. Буруутай үйлдэл надад байсан, энэ хүн сэтгэл санааны хямралтай, архи уугаад байсан нөхцөл байдал тухайн мөчид байсан гэдгийг гэрчүүд цухас цухас дурдаж байсан. Гэхдээ бүрэн дүүрэн тэгсэн гэж хэлээгүй цухас дурдсан ийм хэргийн бүрдүүлэлт харагдаж байна.

Бодит байдлыг шүүх бүрэлдэхүүнээс тогтоож өгөөч ээ, юу болчхов, ямар ч шалтгаангүйгээр мах идэж байсан хүн шууд очоод хутгална гэдэг зүйл байх боломжтой юм уу. Тийм учраас шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд бодит байдлыг тогтоож, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгөөч ээ гэсэн санал гаргаж байна.

Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй. Гомдол саналгүй гэдгээ өөрөө удаа дараа шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн” гэсэн дүгнэлт,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Бидний хувьд шүүх дээр хэргээ хүлээгээд, зүйлчиллээ зөвшөөрч орж ирсэн байдаг. Өнөөдрийн нөхцөл байдалд хохирогч би үгээ хэлье гэж орж ирж байгаагаас үнэн зөв бодит байдал харагдана гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгөөч гэж байна.

Миний үйлчлүүлэгчийн ээжийг хххх нас бараад аав минь тэрнээс хойш гутралын байдалд байгаад хххх байнгын архи уугаад байсан тухай гэрч А хэлсэн байдаг. Гэрч Ч “ээж минь нас барсан юм чинь би нас барна гээд хутгаа далайсан” гэж мэдүүлсэн байдаг. Энэ хүний хамгийн ойрын хүн төрсөн ээж нь байхгүй бол өөр хэн байх вэ. Ээж нь ххх настай байсан, өөрөө хх настай ийм хүн. Ийм удаан хугацаанд хамт амьдарчихсан 2 хүн бол хайртай байлгүй яах вэ. Ээжийгээ би алдчихсан шүү дээ гээд тогтворгүй байгаа энэ нөхцөл байдалд, архи уучхаад мах идээд сууж байхад хайртай х нь орж ирээд “чиний ээж чинь нас бараад шороонд булагдаа л биз дээ” гэдэг үг ямар ч хүнд сайхнаар тусахгүй. Би бол тэгж харж байна. Энэ хүн юу болсон талаар санахгүй байгаагаа тогтвортой мэдүүлж байгаа. Өнөөдөр бид нар хэний мэдүүлэг дээр үндэслэх вэ гэхээр хохирогчийн мэдүүлэг. Би үнэн байдлыг мэдүүлье гэж хохирогч орж ирж байгаа нь бахархууштай үйлдэл.

Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэн хоромхон зуур автах нөхцөл байдал үүсэж байгаа учраас зүйлчлэлийг өөрчилж өгөөч гэсэн саналтай санал нэг байна. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдэг бол ширүүн үг хэллэг, маргаан бий болсон нөхцөл байдалд үүсэх боломжтой, дээд шүүх ч тайлбарласан байгаа. Энэ дээр энэ хүний хувьд өөрөө согтолтын зэрэг өндөр байсан байх. Хэргийн нөхцөл байдлаас харахад ххх жил хээ би хайрладаг, миний хамгийн бага хайртай х маань байгаа юм гээд мэдүүлэг бүртээ хэлсэн байгаа. Тэгэхээр сэтгэл гутралтай, архи уучихсан хүн гэнэт хутга бариад дайрна гэдэг бол хайртай хүнээ ч мэдэхгүй гутралын байдалтай байж. Тиймээс зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвтгөн зүйлчилж өгөөч” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн “гутаан доромжилсон” гэдэг нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдэл байна.

Түүнээс гадна гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус доромжлох, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр төр, алдар хүндийг нь гутаах зэрэг үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

 

Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “Т.С нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн субьектив талын шинж болох гэмт этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ заавал сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байх ёстой шинжийг хангах үйл баримт хэрэгт тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “…хадмын гэрт ороход аав мах идээд сууж байсан. Тэгээд тэр архинаасаа бага зэрэг ууж байгаад би хадам ээжийн хажууд гэрийнх нь зүүн талд байх орон дээр сууж байхад х С мах идэж байсан хутгаа аваад миний цээж рүү 1 удаа хутгалсан. ...Нэлээн согтуу тасарсан байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр бас архи уусан байсан. Тухайн өдөр би х Стай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Надад ямар нэг санал гомдол байхгүй. Х Сын ээж нь нас бараад удаагүй байсан. Тэгээд сэтгэл санаа нь тогтворгүй, гутралтай байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Чгийн “…Тэгээд байж байгаад тэр ххх нэг нэг лаазтай пиво барьж орж ирээд маргалдаж байгаад гал тогооны тавиур дээр байсан шар цагаан өнгийн иштэй хутгыг аваад хөргөгчний хажууд байсан х Бийн зүүн хөхний дээд хэсэгт хутгалсан. ...Гаднаас орж ирээд над руу дайраад хэрүүл хийгээд хутга бариад ална гээд байж байхад гаднаас х орж ирээд салгах гэхэд хийг хутгалсан. Т.С уухаараа 3-4 хоног уудаг. Уусан үедээ агсам согтуу тавиад байдаг.

... хажуу талд нэг хашаанд байх манай хий гэрт ороод ирлээ гээд орж ирсэн. Би мах чанасан байсан болохоор ширээн дээр шар иштэй хутгаар мах огтлоод идэж байсан. Араас нь удалгүй манай х Б нэрийг нь мэдэхгүй архи бариад орж ирээд буйдан дээр сууж байсан. Т.С махаа идэж байснаа шууд босоод Б дээр очоод түүнийг мах идэж байсан хутгаараа шууд цээж хэсэгт нь нэг удаа хутгалсан. Т.С нэлээн согтсон байсан юу хийж байгаагаа санахгүй, ойлгохгүй байх шиг байсан.” гэх мэдүүлэгүүдээс дүгнэхэд хохирогч нь бусдыг гутаан доромжилсон ямар нэг үйлдэл гаргаагүй, үг хэллэг хэлээгүй байна.

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар анх мэдүүлэхдээ бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй.

Харин хохирогч болон шүүгдэгч нар нь хоорондоо харилцаа хамаарал бүхий энэ тохиолдолд гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлхийг хүсч байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байх нь их байдаг.

Иймд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд анхлан өгсөн мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.

 

Шүүгдэгч Т.С нь хххх тоотод хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Т.Б нь биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй. Х нь болохын шүүх хуралдаанд тайлбарласан учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлага дээр хохирогч үг үйлдлээсээ болоод нэгэнт ийм байдалд хүргэсэнд шүүхийн шатанд шүүгдэгчээс уучлалт гуйсан, харамсаж байгаагаа илэрхийлж байгаа. Ийм буруутай нөхцөл байдал байгаа учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж өгөөч” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “…буруутай үйлдэл гаргасан гэдгээ хохирогчийн өмгөөлөгч болон хохирогч хэлж байгаа. Өнөөдөр 72 настай хүн 94 настай ээжийгээ нас барснаас хойш гутранги байдалд орсон. Энэ нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хийгдээгүй. Шүүгдэгч өөрөө Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хариуцлага хүлээж, хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгөөч ээ, би 3 жил 4 сарын ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн байдалтай ирсэн. Өнөөдөр хэлэлцүүлэг өөрөө нөхцөл байдал үүсгээд байгаа учраас цочрон давчидсан байна гэдэг нөхцөл байдал ярьсан. Хөнгөрүүлэн үзэх үндэслэл нь чин сэтгэлээсээ буюу мөрдөн шалгах ажиллагаанд өөрөө мэдүүлгээ өгөөд “би маш их гэмшиж байна” гээд уйлсан нөхцөл байдал байгаа. Хээсээ би уучлалтыг маш их гуйж байна гэсэн.

Нөхцөл байдлын хувьд С гэдэг хүн хорих ял биечлэн эдлэхээсээ илүүтэй Б гэдэг хүний аж амьдрал 3 өнчин хүүхэдтэй хүнд байдалд үлдэж байгааг, цаана нь амьдрал ахуй үлдэж байгаа шүү гэдгийг шүүх бүрэлдэхүүн бас харж үзнэ үү. Энэ хүн бол өөрөө юу ч мэдэхгүй ээ гээд хохирлыг нөхөн төлсөн. Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн. Хохирогч бол энэ хүнээс ямар нэгэн хохирол төлбөр авахгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол байхгүй, би аавтайгаа маш их эвтэй найртай байдаг гэх нөхцөл байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүнээс ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах заалтыг хэрэглэж өгөөч” гэсэн саналыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч уг журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурор хүсэлтийг хянаад тус бүлэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэн, хүсэлтийг хүлээн авч түүнд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрч хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад шүүгдэгчийн “урьд ажилласан өмгөөлөгч буруу ажилласан” гэх, түүний шинээр сонгон авсан өмгөөлөгч, хохирогчийн сонгон авсан өмгөөлөгч нарын “шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцах” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтсон.

 

Шүүх хуралдаанд оролцогч талууд хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэж, зүйлчлэлийг өөрчлөх талаар дүгнэлт гаргаж оролцсон нь шүүгдэгч талыг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэх хуулийн гол шаардлагыг үгүйсгэх нөхцөл бүрдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэг шийдвэрлэхдээ баримтлах гол үндсэн шаардлага нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” нөхцөл юм.

 

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх ойлголт нь түүний өмгөөлөгчийн хэргийн талаарх байр суурьд мөн адил хамааралтай байдаг. Түүнээс шүүгдэгч хэргийн талаар гэм буруугаа сайн дураараа хүлээж, харин өмгөөлөгч нь гэм буруугийн асуудлаар хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь хэргийн онолын хувьд эсрэг байр суурийг илэрхийлэх учир шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл үгүйсгэгддэг болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх байр суурь нэгдмэл утгыг илэрхийлсэн тохиолдолд хамааралтай.

 

Иймээс хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаарх дээрх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдалууд тогтоогдлоо.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөргүй байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүх хуралдааны оролцогч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Тын Сыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар таван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Т.Сыг шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслэн сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ

 

 

       ШҮҮГЧИД                             Д.МӨНХТУЯА

 

 

                                                                                            Э.ЧИНГИС