| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2021/00488/и |
| Дугаар | 151/ШШ2021/00535 |
| Огноо | 2021-07-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2021/00535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Б.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвд холбогдох,
Ажилгүй байсан 57 хоногийн цалин олговорт 2,851,706 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд лаборант ажилтай Б.С нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн төвийн дарга Н.Намжилмаагийн Б/23 тоот тушаалаар ажлаас халагдсан. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2020/00073 дугаартай шийдвэрээр ажил эгүүлэн тогтоож, 3,388,959 төгрөгийг гаргуулан олгуулахаар болсон. Гэвч Эрүүл мэндийн төвийн дарга Н.Намжилмаа нь давж заалдана хэмээн ажилд эргүүлэн авахгүй, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаагүй. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Н.Намжилмаа нь Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орсон боловч Эрүүл мэндийн төвийн төсөв хүрэхгүй хэмээн мөнгө олгоогүй тул албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт өгсөн.
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа эргэн орсон. Иймд ажилгүй байсан 57 хоногийн цалинг нэхэмжилж байна.
01 дүгээр сар 9 хоног х 48,334 төгрөг = 435,006 төгрөг
02 дугаар сар 20 хоног х 48,334 төгрөг = 1,063,348 төгрөг
3 дугаар сар 23 хоног х 48,334 төгрөг = 1,111,682 төгрөг
4 дүгээр сар 3 хоног х 48,334 төгрөг = 241,670 төгрөг, нийт 2,851,706 төгрөг нэхэмжилж байна. Миний үндсэн цалин 759,541 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 5 хувь буюу 37,977 төгрөг, хөдөө орон нутгийн нэмэгдэл 15 хувь буюу 113,931 төгрөг, ариутгагч хавсран ажилласан хувь 20 хувь 151,908 төгрөг, нийт 1,063,357 төгрөгийн сарын цалин авч байсан. Мөн дээрх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч ........ Эрүүл мэндийн төв, түүнийг төлөөлөн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнгөнзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус Эрүүл мэндийн төвд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс лаборантаар ажиллаж байгаа Б.С 2021 оны 1 сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилд аваагүй хугацааны цалинд 2,851,706 төгрөг нэхэмжилсэн байна. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШШ2021/000073 дугаартай шийдвэрээр Б.Сгийн цалинд 3,388,959 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 34,586 төгрөг тус тус тогтоогдон, манай эмнэлгийн төсвөөс гаргуулахаар шийдвэр гарсан ба дээрх шийдвэрийн дагуу 2021 оны 6 сарын 22-ны өдрийн 151/ГХ2021/00084 тоот иргэний хэргийн гүйцэтгэх хуудас, 151/Ш32021/01483 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарсныг хүлээн авсан.
2020 оноос цалингийн нэгдсэн системд шилжсэнтэй холбоотой 2021 оны төсөвт батлагдсан орон тоо, цалингийн сүлжээгээр цалингийн сан санхүүждэг болсон тул манай төсөвт нэмж тусгагдсан санхүүжилт байхгүй. Ковид-19 цар тахлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтээ Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн авч чадахгүйгээс эхний хагас жилээр 4,6 сая төгрөгийн цалингийн өртэй болоод байна. Иймд төлбөрийг барагдуулах боломжгүй тул холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.С нь ажилгүй байсан 57 хоногийн цалин олговорт 2,851,706 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажилгүй байсан 57 хоногийн цалин хөлсний олговорт нийт 2,851,706 төгрөгийг ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвөөс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргаж, хариуцагч ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвийг төлөөлөн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнгөнзул нь “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилд аваагүй хугацааны цалинд 2,851,706 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2021 оны төсөвт батлагдсан орон тоо, цалингийн сүлжээгээр цалингийн сан санхүүждэг болсон тул манай төсөвт нэмж тусгагдсан санхүүжилт байхгүй” гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ. /хх-34-35/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.С нь Төв аймгийн ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвд лаборантаар ажиллаж байгаад Төв аймгийн ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Лаборант Б.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаартай тушаалаар “гурав, дөрөв, тавдугаар сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл хүлээж, мөн даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар лаборантын ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-16-18, 20-22/
Сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан Б.Сгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2020/01261 дугаартай шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 3 сарын 24-ний өдрийн Б/13 дугаартай “Лаборант Б.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, 379,768 төгрөгийг ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 189,884 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-20-22/
2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн лаборантын ажлаас чөлөөлсөн Төв аймгийн ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвийн даргын тушаалыг эс зөвшөөрч маргасан Б.Сгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00073 дугаартай шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Сг ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3,388,959 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640,605 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэн, мөн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-16-18/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Б.Сгийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь шүүхээр хянан шийдвэрлэх гомдлоор авч хэлэлцэх иргэний маргаанд хамаарна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай” шүүгчийн захирамж гарснаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00073 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаандаа гэж үзнэ.
Б.Сг ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвд лаборантын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч шүүхийн шийдвэрийн ажилд эгүүлэн тогтоолгох хэсэг нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ний өдөр ,,,,,,,,,,,,эрүүл мэндийн төвийн даргын Б/21 дугаартай тушаал гарснаар биелэгдсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс лаборантаар ажилд томилох тухай тушаал гарсан 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг гаргуулах, түүнд ногдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2020/01261 дугаартай шийдвэрт: “нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалин хөлсний баримтаас судлахад уг тушаалаар Б.Сгийн үндсэн цалингаас сар бүр 151,908 төгрөг, хавсран ажилласны нэмэгдлээс 30,381 төгрөг, удаан жилийн нэмэгдлээс 7,595 төгрөг, сард нийт 189,884 төгрөгөөр тооцон 2020 оны 4, 5 дугаар сард нийт 379,768 төгрөгийг суутгажээ” гэж дүгнэсэн, энэ шийдвэрт зохигч талууд гомдол гаргаагүй байна.
Дээрх шийдвэрээр, Б.Сгийн сахилгын шийтгэлийн 20 хувьд цалин хөлснөөс нэг сард 189,884 төгрөгийг суутган тооцсон бөгөөд тухайн тушаалыг хүчингүй болгож, суутгасан цалин хөлсийг ажилтанд олгож шийдвэрлэжээ.
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00073 дугаартай шийдвэрт: “Нэхэмжлэгч Б.С цалин хөлсний олговрыг нэхэмжлэхдээ ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх гэж тодорхойлж, 4,029,564 төгрөгийг шаардсан байна... Иймд шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цалин хөлсний олговрыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Б.Сгийн цалин хөлсний олговрыг түүний 0520563 тоот нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцвол нэг сард ногдох цалин 899,545 төгрөг, нэг өдөрт 41,839 төгрөг, ажилгүй байсан 81 хоногийн цалин 3,388,959 төгрөгийг ажил олгогчоос олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640,605 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00073 дугаартай шийдвэрээр тооцсон ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дундаж нь Б.Сд сахилгын шийтгэл ногдуулж, цалинг 20 хувиар бууруулан олгож, нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг үндэслэн тооцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин олговрын болон суутгалын хэмжээг дахин нотлохгүй.
Иймд, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00073 дугаартай шийдвэрээр тогтоосон нэг сарын дундаж цалин хөлсийг 899,545 төгрөг, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн 151/ШШ2020/01261 дугаартай шийдвэрээр тогтоосон сахилгын шийтгэлийн 20 хувьд 189,884 төгрөгийг суутгасан нь нотлогдон тогтоогдсон учир нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлсийг (899,545 төгрөг + 189,884 төгрөг) нийлбэр дүнгээр буюу 1,089,429 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.С нь хууль бус тушаалаар сахилгын шийтгэл тооцогдож, цалингаас 20 хувийн суутгал хийгдээгүй бол лаборантын үндсэн ажил, ариутгагчийн ажлыг хавсран гүйцэтгэсний цалин хөлсөнд нэг сард дунджаар 1,089,429 төгрөгийг авах байсан гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Үүнийг тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00073 дугаартай шийдвэрт дундаж цалин хөлсийг бодсон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5-д заасан аргачлалаар тооцвол (1,089,429 төгрөгийг 21,5 дундаж ажлын хоногт хуваана) нэг өдрийн цалин хөлс нь 50,671 төгрөгтэй тэнцэж байна.
Нэхэмжлэгч Б.Сгийн шаардсан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 76.1.3, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5-д заасан Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8-ны өдөр тохиосон учир тухайн 2 өдрийг хасахад, нийт 54 ажлын хоног болно.
Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцоход (нэг өдрийн цалин хөлс 50,671 төгрөг x 54 хоног) нийт 2,736,234 төгрөг болно.
Иймд Б.Сгийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2,851,706 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,736,234 төгрөгийг хангаж, үлдэх 115,472 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 46.2-т “ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д хөдөлмөрийн тухай хуулийн... 69 дүгээр зүйлд заасан олговорт нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Б.Сгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, зохих санд шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг ажил олгогчийн санхүүд даалгах нь хуульд нийцнэ.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт товлон зарлаж, товыг хариуцагч ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төв, түүний төлөөлөгч Г.Мөнгөнзулд 2021 оны 7 дугаар сарын 21-ны өдөр 94089692 дугаарын утсаар мэдэгдэж, шүүхийн мэдэгдэх хуудсыг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүргүүлсэн боловч, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан журмын дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,578 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, 58,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2,736,234 /хоёр сая долоон зуун гучин зургаан мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 115,472 /нэг зуун арван таван мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, зохих санд шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төв /санхүү/-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,578 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 58,730 төгрөгийг ,,,,,,,,,,,,Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН