| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/1314/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1341 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1341
2024 12 04 2024/ШЦТ/1341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мад холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
Шүүгдэгч О.М нь хххх тоотод байрлах нийтийн байранд хохирогч Б.Ггийн эзэмшлийн ххх загварын гар утсыг нэг яриулчих гэж гуйж эд хөрөнгийг өөртөө хууль бусаар авч хууран мэхэлж, түүнд ххх төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/,
Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“ххх өдөр Баянзүрх дүүргийн хххх тоотод байхад манай хажуу өрөөг түрээсэлдэг М нь гар утсаараа нэг яриулчих гэж хэлэхээр нь гар утсаа өгөөд гэр дотроо юм хийж байсан чинь үүдэн дээр хүнтэй ярьж байгаад яваад өгсөн байсан. Тухайн үед би явсныг нь анзаараагүй. Гэнэт харахад явчихсан байсан.
Харсан хүн байхгүй утсаар ярьж байгаад нэг харахад машиндаа суугаад явсан байсан. Би араас нь өөрийнхөө гар утас руу олон удаа залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд сүүлдээ миний гар утас холбогдохгүй болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 07, 11/,
Сүлд үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын хххх дугаартай:
“ххх төгрөгөөр үнэлэв.” гэх үнэлгээ /хх-ийн 42-44/,
Шүүгдэгч О.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Баянзүрх дүүргийн ххх тоотод ххх болон өвөөгийн хамт амьдардаг. Би одоогоор ажилгүй, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Би урд өмнө нь нийтийн байранд амьдардаг байсан. Тэгээд ххх өдөр эгчтэйгээ уулзах гээд ххх орчимд очоод эгчтэй уулзах гэхэд эгч байхгүй байсан. Тэгээд би хажуугийн өрөөнд байдаг залуугийн утсаар нь гуйж яриад эгчтэй уулзсан. Эгч ирээд хажууд засал хийлгээд гараад явсан. Тэгээд дахиад нөгөө залуугаас утсыг нь гуйгаад нөхөр лүүгээ ярьсан. Тэгээд би нөхөртэйгөө муудалцаад хэрэлдэж нэлээн удаан ярьсан. Яриандаа болоод би нөгөө залууд утасыг нь өгөхгүй яваад өгсөн байсан. Тухайн үед би нөхөртэйгөө уулзах гээд ххх явж байхад замд манай нэг танил таараад ххх буудлаас суулгаж авч яваад замдаа би дэлгүүр ороод гараад ирэхэд нөгөө найз маань байхгүй байсан. Тэгээд би өөрийнхөө утас руу залгахад би удахгүй очлоо гэж хэлээд агла болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс О.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16, 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 19-20/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт /хх-ийн 21-22/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 26/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 27/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 28/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хх-ийн 29-32/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 34/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 35/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 36-38/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Гэм буруугийн талаар:
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан үйлдлээр илэрдэг бөгөөд залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.
Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэхийг ойлгоно.
Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг ойлгоно.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.
Шүүгдэгч О.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч О.М нь Б.Ггийн хххх гар утсыг нэг яриулчих гэж эд хөрөнгийг өөртөө хууль бусаар авч залилан түүнд хххх төгрөгийн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч О.Мын хххх өдөр Баянзүрх дүүргийн хххх тоотод байрлах нийтийн байранд хохирогч Б.Ггийн эзэмшлийн хххх гар утсыг нэг яриулчих гэж гуйж эд хөрөнгийг өөртөө хууль бусаар авч залилан мэхэлж, түүнд ххх төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчид хөрөнгө үнэлгээний тайлангаар ххх төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулаагүй байх учир шүүгдэгчээс ххх төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүгдэгч О.М нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал шүүгдэгч О.Мын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч О.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол төлөгдөөгүй байдал, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан дээрх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт О Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч О.Мыг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мад оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Маас 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г /-т олгосугай.
6. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ