| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2020/03392/и |
| Дугаар | 182/ШШ2021/00314 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2021/00314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, /регистрийн дугаар /, Ч хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт оршин суугч /регистрийн дугаар /, овогт Д.О-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дөлгөөн, хариуцагч Д.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч хэлтэс шүүхэд болон төлөөлөгч Э.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О- нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр санхүүгийн дэмжлэг олгох тухай гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг олгосон. Гэрээнд заасны дагуу үнийн дүнг 100 хувь эргэн төлөх ба эргэн төлөх сүүлийн хугацаа 2019 оны 9 сард дуусан. Иймд Д.О-оос 2,000,000 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч Д.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл 2,000,000 төгрөгөөс оёдлын машин, индүү авсан бөгөөд 6 сарын дотор төлмөөр байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч хэлтэс нь хариуцагч Д.О-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч Д.О- нь зээлийн төлбөр 2,000,000 төгрөгийг 6 сарын дотор хэсэгчлэн төлнө гэж маргажээ.
Хариуцагч Д.О- 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, сар бүр 100,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож олгосон болох нь Аж ахуй, Бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дах хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Д.О-ы дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба энэ тухайд хариуцагч маргаагүй.
Хариуцагч Д.О- нь гэрээний 3.5 дахь хэсэгт заасан Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулж, хавсралтад тусгагдсан Эргэн төлөлт хийх хуваарь-ийн дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлнө гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хариуцагч Д.О- нь Эргэн төлөлтийн хугацааг 6 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч татгалзсан тайлбар гаргаж маргасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан /хх-ийн 2-3 тал/ байна.
Иймд хариуцагч Д.О-оос үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч хэлтэст олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-оос 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч хэлтэст олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ