Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Б.Алтансүх

Улсын яллагч                                                                   Н.Амаржаргал  нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жа боржигон овогт Раднаабазарын Насанбатад холбогдох эрүүгийн 201710010058 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хорт хийн утааны багны мастер мэргэжилтэй, “Хорин дөрвөн цаг” ХХК-ийн хамгаалагч ажилтай,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо 17 дугаар гудамжны 236 дугаар тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жа боржигон овогт Раднаабазарын Насанбат /РД:ХЕ67110811/

Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч Р.Насанбат нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны орой 05 цагийн орчим бусдын эзэмшлийн 58-94 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож Улаанбаатар хотоос 537 км яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “...Өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасна, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчиж авсан өөрийн эхнэр Б.Алтантулгын бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                       

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Насанбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед эхнэр, охин Энхжин болон түүний найз Дэлгэрмөрөн нарын  хамтаар Улаанбаатараас хотоос Дорноговь аймаг руу гарсан. Манай охин урд сургуульд сурдаг бөгөөд охиноо Эрээн хүргэж өгөх далимдаа эхнэргийнхээ лангууны барааг татах зорилгоор урагшаа явсан юм. Осол болохоос өмнө нойр хүрээд байхаар нь өөрийгөө сэргээх санаатай хажууд байсан усаа уугаад савыг буцааж тавьтал машин замын хөвөө даваад замаас гарах гэж байгаа мэт мэдрэмж төрөхөөр нь жолоогоо эсрэг тал руу нь дарсан. Тэгээд цааш юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машин дээшээ хараад онхолдсон байдалтай байсан. Би Улаанбаатараас гараад нэг жигд хурдтай буюу цагт 75-80 км хурдтай явсан. Оосол болохоос өмнө км-ийн заалтаа харахад 65 км цагийн хурдтай байсан. Надаас бусад нь суудлын бүсээ зүүгээгүй байсан. Текникийн бүрэн бүтэн байдал хэвийн үзлэг оношлогоонд хамруулсан байсан. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Эхнэрийн маань биеийн байдал сайн байгаа. Манай охин болон охины найз тухайн ослоос болж гэмтсэн зүйлгүй байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Алтантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед манай нөхөр, охин Энхжин, түүний найз Дэлгэрмөрөн бид нар Улаанбаатараас гараад Дорноговь аймаг руу гарсан. ...Шөнө явж байхдаа би унтаж байтал түр тар хийх чимээ гарах шиг болоод нэг мэдсэн чинь манай нөхөр намайг суулгаад түшчихсэн байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад Эрдэнэ сумын эмнэлгийн анхны тусламж аваад дараа нь Шандын эмнэлэгт шилжүүлсэн санагдаж байна. Ослын улмаас миний 3-н хавирга хугарсан, мөн уушгинд бага зэрэг цус хуралт үүссэн байсан. Одоо миний бие зүгээр болсон. Би эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй. Осолд орсон 54-98УБИ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх, ХААН банкнаас лизинг хийж авсан. ...Манай нөхөр 80 км цагаас дээш гаргахгүй хурдтай явж байсан. Надад гомдол саналгүй …гэжээ. /хх-ийн 123-24 тал/

  • 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Р.Насанбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/
  • 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 111 тоот шинжээчийин дүгнэлтэнд: хохирогч Б.Алтантулгийн биед учирсан цээжний хөндийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна гэжээ.  /хx-ийн 55 тал/
  • Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 08 тал/
  • 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 83 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 тал/
  • 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 78 дугаартай дүгнэлт /хх-ийн 51 тал/
  • 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 111 дугаартай дүгнэлт /хх-ийн 56 тал/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 тал/
  • Гэрч Н.Энхжин, Г.Дэлгэрмөрөн нарын тайлбарууд /хх-ийн 28-35 тал/
  • 58-94 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77 тал/
  • Р.Насанбатын гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 78 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Р.Насанбат нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны орой 05 цагийн орчим бусдын эзэмшлийн 58-94 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож Улаанбаатар хотоос 537 км яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “...Өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасна, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчиж авсан өөрийн эхнэр Б.Алтантулгын бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Насанбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно, өмгөөлөгч авахгүй гэсэн хүсэлт гаргасан бөгөөд хохирогч Б.Алтантулга нь шүүгдэгч Р.Насанбатаас нэхэмжлэх зүйл болон гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн  317367 дугаартай Р.Насанбатын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жа боржигон овогт Раднаабазарын Насанбатыг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид  хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Р.Насанбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн  хугацаагаар  хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй. 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Р.Насанбатад оногдуулсан 1/ нэг/  жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Насанбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Р.Насанбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Р.Насанбатын 317367 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид   авсан   гадагш явж болохгүй баталгаа авсан  таслан   сэргийлэх  арга   хэмжээг   хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ