Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0697

 

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0697

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С**** ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С***** *****,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Т*****, Ж.Ө***** нарын хоорондын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйл, 192 дугаар зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж /жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас/ олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/253 дугаар захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйл, 192 дугаар зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг С.С**** д олгох шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С***** ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т****, Ж.Ө******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. С.С**** нь ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу 2022 оны 03 дугаар сарыг дуустал ажил үүргээ гүйцэтгээд, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогчид Жирэмсний чөлөө авах" хүсэлтээ гаргаж жирэмсний чөлөө авчээ.

1.2. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр С.С**** гаас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ... эмнэлэгийн хуудас олгуулан, жирэмсний тэтгэмжийг олгуулах арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.

1.3. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/253 дугаар албан бичгээр ... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 2.6-д заасны дагуу 32-33 дахь долоо хоногтой жирэмсний үед эмнэлгийн хуудас бичүүлж авах эрх нь үүсээгүй байна. жирэмсний болон амаржсаны эмнэлэгийн хуудсыг хууль журмын дагуу эрх үүсээгүй даатгуулагчид олгох боломжгүй гэсэн хариуг өгчээ.

1.4. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/58 дугаар албан бичгээр ... Эрүүл мэндийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/318 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Жирэмсэн эмэгтэйн үзлэг, шинжилгээний товчлол-ын 5 дугаар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 2.6-д заасан нөхцөл, болзлыг хангаагүй тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох боломжгүй гэх хариуг өгсөн байна.

1.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр С.С**** гаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 2.6-д ... жирэмсний 31-32 долоо хоногтойд, 4.8.2-т Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд гэснийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

1.6. С.С**** гаас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас, тэтгэмж олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасны дагуу жирэмсний болон амаржсаны эмнэлэгийн хуудас, тэтгэмж олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч С.С**** гаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Иргэн С.С**** би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр амаржиж, 3 дахь хүүхдээ төрүүлсэн. 2022 оны 03 дугаар сарыг дуустал ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээд, 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр ажил олгогчид Жирэмсний чөлөө авах" хүсэлтээ гаргаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан жирэмсний чөлөө авсан. Жирэмсний чөлөө авах үедээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан.

Хариуцагч талаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох боломжгүй гэх үндэслэлээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 2.6-д "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд заасны дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудсыг жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн эх барихын тусламж үйлчилгээ үзүүлсэн амаржих газар олгоно гэж заасны дагуу таны 32-33 дахь долоо хоногтой жирэмсний үед эмнэлэгийн хуудас бичүүлж авах эрх нь үүсээгүй байна. Иймээс жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг хууль, журмын дагуу эрх үүсээгүй даатгуулагчид олгох боломжгүй болно" гэж албан бичгээр хариу ирүүлсэн.

Хариуцагчийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, тэтгэмжийг олгохгүй байгаа нь хууль бус болох дараах үндэслэл байна.

1. Хариуцагчийн зүгээс тушаал, журмыг үндэслэл болгодог. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийг үндэслээгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25.2, 25.3 дахь хэсгийг үндэслэсэн тул мөн хуулийн 191 дүгээр зүйлд заасан харилцаанд хамааралгүй юм. Түүнчлэн үндэслэл болгосон 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын 78 дугаар тогтоолоор батлагдсан Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр нь Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 314 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. Энд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний чөлөөний талаар агуулга огт байхгүй. Хэрэглэх учиргүй тушаалуудыг тус харилцаанд хэрэглэсэн нь хууль бус болно.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд ... жирэмсний чөлөө авахаас өмнө ... 12 сар , ...сүүлийн 6 сард ... тэтгэмж авах эрхтэй хэмээн заасанчлан цаг хугацааны нэгжийн хувьд "сар"-ыг сонгосон. Сар нь Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дүгээр хэсэгт заасанчлан сараар тогтоосон хугацаа нь тухайн сарын эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл байна.

3. Нийгмийн даатгалын шимтгэлийг сард нэг л удаа төлдөг бөгөөд тухайн сарын 01-ний өдрөөс сүүлийн өдөр хүртэлх хугацааг тооцдог бөгөөд тухайн сарын Нийгмийн даатгалын тайлангаа ажил олгогч дараа сарын 5-ны өдрийн дотор илгээдэг. Миний хувьд сүүлийн 6 сарын тэтгэмжийн шимтгэлийг тасралтгүй төлсөн.

4. Жирэмсний чөлөөг ажил олгогч олгох бөгөөд эмч, нийгмийн даатгалын байгууллага олгохгүй. Амралтыг ажилтан шаардах эрхтэй, чөлөөг бол шаардах туйлын эрхгүй бөгөөд ажил олгогч, захиргаатай зөвшилцсөний үндсэн дээр биелэх боломжтой 2 өөр ойлголт юм

5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд жирэмсний чөлөө авах тухай хуульчилсан, харин жирэмсний амралтыг нь жирэмсний 31-32 долоо хоногтойд олгох талаар хуульчлаагүй. Жирэмсний амралт ба жирэмсний чөлөө нь 2 өөр агуулга, 2 өөр харилцаа болно. Хуулийн агуулгыг явцууруулсан.

6. Хариуцагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хөндөн жирэмсний болон амаржсаны хуудас, тэтгэмжийг олгохгүй шийдвэр гаргаж байна. Хуулиар тогтоосон тэтгэмж авах эрхийг маань эдлүүлэхгүй байх тул хууль бус болохыг тогтоолгох, хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаарт шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.8, 2.9-д тус тус заасанчлан ...журмын хэрэгжилт хангагдаагүй, хариуцагчийг үндэслэлгүйгээр жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, тэтгэмжийг олгохгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу маргах эрхийг үүгээр хязгаарлахгүй" хэмээн дүгнэсний дагуу тус шүүхэд хандаж байна.

8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн 191 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу 2 дахь хүүхдээ 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрүүлж, түүнийг асрах 3 жилийн хугацаандаа 3 дахь хүүхдээ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн учир хуульд заасан тэтгэмжийг мөн олгох учиртай гэж үзэж байна. Хуулиар хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандаж байна.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйл, 192 дугаар зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж / жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас/ олгохоос татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/253 дугаар захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйл, 192 дугаар зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг С.С**** д олгох шийдвэр гаргахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С***** гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд иргэн С.С**** 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 3 дахь хүүхдээ төрүүлсэн. 2022 оны 03 дугаар сарыг дуустал ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогчид жирэмсний чөлөө авах хүсэлтийг гаргасан ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний чөлөөг авсан. Мөн хуулийн 100 дугаар зүйлд заасанчлан чөлөө авах нь ажилтны санаачилгаар үүсэх хувийг харилцаа гэж үзэж байна. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр буюу жирэмсний чөлөө авах үедээ тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн даатгуулагчийг жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Хариуцагч талаас С.С**** д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох боломжгүй гэсэн үндэслэлээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаартай тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 2.6-д заасан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг жирэмсний 32-33 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно гэдэг үндэслэлээр татгалзсан хариу өгсөн. Татгалзсан хариуг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заажээ. Ингэсэн нь хууль цаг хугацааны хувьд сарыг сонгосон байна. Нийгмийн даатгалын тайланг сард нэг удаа гаргаж, төлдөг. Иймд журмаар 7 хоногоор тооцож байгааг хууль бус гэж үзэж байна. Гол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл маань Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд зааснаар жирэмсний чөлөө хүсэх хүсэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж чөлөөг авч 04 дүгээр сарын 22-ны өдөр амаржсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан ажилтны санаачилгаар эхлэх энэ процесст ажил олгогч, захиргаа хамааралгүй ажилтны өөрийнх нь бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл даатгуулагч жирэмсэн эх хүсэлт гаргасан нь түүний бүрэн эрхийн асуудал. Ийм учраас журмаар даатгуулагч эхийн хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа нь хууль бус юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд жирэмсний чөлөө авахтай холбоотой харилцааг хуульчилсан. Жирэмсний амралт нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байна. Хариуцагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохгүй шийдвэрлэсэн шийдвэр гаргасан байна. Хуулиар тогтоосон эрхийг эдлүүлэхгүй байх тул хууль бус болохыг тогтоолгох, хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 зүйлийн 191.3-т хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно гэсэн заалт байдаг. Нэхэмжлэгч С.С**** 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Гурав дахь хүүхдээ төрүүлэх хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхэд асрах чөлөөний хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 зүйлийн 191.3-т заасан заалтын дагуу тэтгэмжээ авах эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э***** өөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн харилцааг зохицуулсан болохоос жирэмсний чөлөө авах харилцааг зохицуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно гэж зохицуулсан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно гэсэн харилцаагаар зохицуулагдах боломжгүй.

Иргэн С.С**** 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус хэлтэст гаргасан хүсэлтдээ ... би одоо жирэмсний 37-38 дахь долоо хоногтой, мөн түүний 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр амаржсан гэжээ. Үүнээс үзэхэд иргэн С.С**** гийн жирэмснийн амралт нь 31-32 дахь 7 хоногтойд буюу 2022 оны 02 дугаар сарын 20-оос хойш эхлэхээр байгаа бөгөөд 2021 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2022 оны 1 дүгээр сарын нийгмийн даатггалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх ёстой. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод иргэн С.С**** нь 2021 оны 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д заасан заалтыг зөрчсен гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь амаржсаны тэтгэмжийн эрх хэрхэн үүсэх, тэтгэмжийн хэмжээ, хугацааг зохицуулсан бөгөөд эмнэлгийн хуудас хэрхэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн хуудас олгох, хянах журам"-аар зохицуулсан. Журмын 2 дахь хэсгийн 2.6-д заасны дагуу түүний жирэмсний явцад хяналт тавьж байсан эрүүл мэндийн байгууллага олгоно. Гэтэл иргэн С.С**** гийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус хэлтэст хандан гаргасан хүсэлтээс харахад 37-38 долоо хоногийн хугацаатай байсан нь журмын дээрх заалтыг зөрчсөн байна. Иймд иргэн С.С**** д хяналт тавьж байсан эрүүл мэндийн байгууллага 4.8.2 дахь заалт "Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх гэснийг баримтлан эмнэлгийн хуудсыг олгоогүй тул нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгох боломжгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ыг баталсан. Уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан, төслийг бэлтгэх, төсөлд санал авах, бүртгэх ажиллагаа хийгдсэн, холбогдох хууль , журамд нийцсэн, ... жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд эмнэлгийн хуудас олгох тавих, мэдээллийн санд бүртгэх, хяналт тавих харилцааг зохицуулж байгаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн харилцааг зохицуулсан, 25 дугаар зүйл 2.3 дахь хэсгээр тэтгэмж олгоход шаардагдах баримт бичиг болон тэтгэмж хянах журмыг зохицуулахаар хуульчилсан. Харин Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 дугаар тушаалын үндэслэл болгосон Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 314 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байгаа нь сайдын 2020 оны А/318 дугаар тушаал батлагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тогтоол байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно гэж, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Жирэмсэн эмэгтэйн үзлэг, шинжилгээний товлол", Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн хуудас олгох, хянах журам"-д заасны дагуу 31-32 долоо хоногтойд жирэмсний буюу амаржсаны амралтаа авсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх 6 сар нь 2021 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сap, 2022 оны 01 дугээр сарууд байх ёстой. Гэтэл иргэн С.С**** гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь 2021 оны 09 дүгээр сар нь тасарсан байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д "Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь шимтэглийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй" гэсэн болзолыг хангахгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлээр Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх" үүсэх харилцааг зохицуулсан болохоос "жирэмсний чөлөө авах харилцааг зохицуулаагүй болно Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлээр Хувийн чөлөө олгох" харилцааг зохицуулсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд жирэмсний чөлөө авах" гэсэн ямар ч зүйл, заалт байхгүй. Ер нь Жирэмсний чөлөө авах гэсэн хуулийн зүйл, заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлээр Жирэмсний болон амаржсаны амралт, эцгийн чөлөө, мөн хуулийн 139 дүгээр зүйлээр Хүүхэд асрах чөлөө гэж хуульчилсан байдаг

Иргэн С.С**** нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1, Эрүүл мэндийн сайдын 2020 оны A/318 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Жирэмсэн эмэгтэйн үзлэг, шинжилгээний товлол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 2.6 дахь заалт зэрэг хууль, журмыг зөрчсөн байх тул түүнд тэтгэмж олгох боломжгүй байна.

Иймд иргэн С.С**** гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч талд томьёоллын зөрүү яваад байгаа юм болов уу гэж бодож байна. Нийгмийн даатгалын тухай хуульд хуулийн нэр томьёо гэсэн зүйл заалт байдаг. Үүнд, "нийгмийн даатгалын байгууллага" гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлнэ гэжээ. Бид чөлөө олгодог байгууллага биш. Жирэмсэн эхийг жирэмсэн болсноос 3 сарын дотор буюу 12 долоо хоногтойд эрүүл мэндийн байгууллага хяналтад авдаг. Эрүүл мэндийн байгууллага 31-32 долоо хоногтойд буюу иргэдийн ярьдгаар жирэмсний 8 сар хүртэл хяналт тавьдаг. Ингээд 31-32 долоо хоногтойд энэ жирэмсэн эхэд жирэмсний амралт авах эрх үүсэж байх бөгөөд тухайн амралтыг авах эсэх нь ажилтан, ажил олгогч нарын хооронд зохицуулагдаад явах ёстой.

С.С**** гийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний амралт, чөлөө авах эрх үүссэн гэж хэлж байна. 2022 оны 04 дүгээр сарын байдлаар С.С**** 36-40 долоо хоногийн хугацаатай байсан. Тийм учраас жирэмсний тэтгэмж гэдэг нэр томьёо хэрэглэгдэх боломжгүй болж байгаа юм. Нийгмийн даатгалын байгууллага жирэмсэн эхийг хяналтад авч эрүүлжүүлээд амаржуулах хүртэл хугацаанд яагаад оролцож байна гэхээр 31-32 долоо хоногтойд эмчтэйгээ зөвлөлдсөний дагуу даатгуулагч хүсэлтээрээ жирэмсний амралт эдлэх эмнэлгийн хуудас бичүүлж авч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргана. Гаргасан хүсэлтийг байгууллага хүлээж аваад хуульд заасан хугацаанд шийдвэрлэж тэтгэмж олгоно. С.С**** гийн хувьд 2022 оны 04 дүгээр сард амаржсан. Тэгэхээр С.С**** тэтгэмжээ авъя гээд хүсэлтээ гаргасан тохиолдолд манайхаас шийдвэрлэх үйл явц юм. Яагаад нэхэмжлэгчид амаржсаны тэтгэмж олгогдохгүй байна вэ гэхээр нэг эрхээр үүсэж байгаа төрсний өмнөх болон төрсний дараа нэг нэршлээрээ өөр байгаа юм. Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмжийн эрх үүсэхгүй бол дараа нь амаржсаны тэтгэмжийн эрх мөн үүсэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дугаар зүйлийн 191.3-д заасныг ярьж байна. Хүн нэг удаа төрөхгүй 2-3 удаа төрж болно. Дараа, дараагийн төрөлтөд боломж олгож буй заалт болохоос нэг удаа төрсөн юм чинь дараа нь шимтгэл төлсөн төлөөгүй хамаагүй шууд ямар нэгэн шалгуургүй тэтгэмж олгоно гэсэн зүйл заалт биш гэв.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасны дагуу жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, тэтгэмж олгохыг даалгах гэсэн үндсэн шаардлага тавьж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогчид жирэмсний чөлөө авах хүсэлтээ гаргаж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний чөлөө авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасанчлан чөлөө авах нь ажилтны санаачилгаар үүссэн хувийн харилцаа болно. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу жирэмсний чөлөө авах үедээ тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д заасан шаардлагыг бүрэн хангасан гэж бичсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэх харилцааг зохицуулснаас жирэмсний чөлөө авах харилцааг зохицуулаагүй. Жирэмсний чөлөө авах харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлд заасан жирэмсэн болон амаржсаны амралт, эцгийн чөлөө, жирэмсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно гэж зохицуулсан. Нэхэмжлэгчийн ярьж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан хувийн чөлөө олгох харилцаагаар зохицуулахгүй. Иргэн С.С**** Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтдээ би жирэмсний 37-38 долоо хоногтой, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр амаржсан гэж бичсэн байна. Үүнээс үзэхэд С.С**** гийн жирэмсний амралт 31-32 долоо хоног буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэхээр байна. Энэ хугацаанаас тооцоход хуульд заасан тасралтгүй 6 сар шимтгэл төлсөн байх нь 2021 оны 08 дугаар сар, 09 дүгээр сар, 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр саруудад төлсөн байж эрх үүснэ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн С.С**** гийн талаарх мэдээлэлд 2021 оны 09 дүгээр сарын шимтгэлийг төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 зүйлийн 191.1-д заасан тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас 12 сараас доошгүй хугацаанд, үүний сүүлийн 6 сард шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд амаржсаны тэтгэмжийн эрх үүсэх, тэтгэмжийн хэмжээ, хугацааг зохицуулсан бөгөөд эмнэлгийн хуудас хэрхэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмаар зохицуулсан. Журмын хоёр дахь хэсэгт эмнэлгийн хуудас бичих эрүүл мэндийн байгууллага гэсний 2.6-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэн даатгуулагчид эмнэлгийн хуудсыг жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно гэж заажээ. Ингэж заасны дагуу түүний жирэмсний явцад хяналт тавьж байсан эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн хуудас олгох ёстой. Эмнэлгийн байгууллага энэ журмыг баримтлан жирэмсний 31-32 долоо хоногтойд ирээгүй 34-35 долоо хоногтойд ирсэн учраас эмнэлгийн хуудас олгох боломжгүй гэсэн бичгийг хэрэгт хавсаргасан байсан. Иргэн С.С**** гийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус хэлтэст хандан гаргасан хүсэлтээс харахад 37-38 долоо хоногийн хугацаатай байсан нь дээрх 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас олгох журмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчид хяналт тавьж байсан эрүүл мэндийн байгууллага журмын 4.8-д заасан дараах тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй, 4.8.2-д жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд гэснийг баримтлан эмнэлгийн хуудас олгоогүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмж олгох боломжгүй байна. Иргэн С.С**** нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох боломжгүй гэх үндэслэлээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 тушаалаар батлагдсан журмын 2.6-д жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг хууль журмын дагуу эрх үүсээгүй даатгуулагчид олгох боломжгүй болно гэж албан бичгээр хариу өгсөн гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 зүйлийн 25.3-д тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх, хянах журмыг Нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 тушаалаар Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ыг баталсан. Уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан төсөл бэлдэх, төсөлд санал авах ажиллагааг хийсэн, холбогдох хууль журамд нийцсэн жирэмсэн болон амаржсаны амралттай байх хугацаанд эмнэлгийн хуудас олгох мэдээллийн санд бүртгэх, хяналт тавих харилцааг зохицуулж байна. Хариуцагчийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, тэтгэмжийг олгохгүй байгаа нь дараах үндэслэлээр хууль бус гэж бичсэн нэхэмжлэлд тайлбар өгөхөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн харилцааг зохицуулсан. Хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь хэсэгт тэтгэмж олгоход шаардагдах баримт бичиг болон тэтгэмж хянах журмыг зохицуулахаар хуульчилсан. Харин Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 дугаар тушаалын үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 314 тогтоолоор хүчингүй болгосон нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 дугаар тушаалыг батлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тогтоол байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 зүйлд жирэмсэн болон амаржсаны амралт, эцгийн чөлөө, 137.1-д жирэмсэн болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно гэж Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан жирэмсэн эмэгтэйн үзлэг, шинжилгээний тов, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журамд заасны дагуу 31-32 долоо хоногтой жирэмсний буюу амаржсаны амралтаа авсан байх ёстой байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх 6 сар нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл байх ёстой. Гэтэл С.С**** гийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт нь 2021 оны 09 дүгээр сард тасарсан байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д заасан тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүний сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах гэсэн болзол шаардлагыг хангахгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэх харилцааг зохицуулсан болохоос жирэмсний чөлөө авах харилцааг зохицуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд хувийн чөлөө олгох харилцааг зохицуулсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд жирэмсний чөлөө авахтай холбоотой ямар ч зүйл заалт байхгүй. Ер нь жирэмсний чөлөө авах гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 зүйлд жирэмсэн болон амаржсаны амралт, эцгийн чөлөө, мөн хуулийн 139 зүйлд хүүхэд асрах чөлөө гэсэн заалтууд байна. Жирэмсэн болон амаржсаны амралттай үеийн 120 хоног нь төрөхөөс өмнөх 60 хоног, төрсний дараах 60 хоногийг хэлж байгаа юм. Энэ хоногуудад хэдэн ажлын өдөр байна гэдгээр тооцож тэтгэмжийг олгодог. Хүүхэд асрах чөлөө гэдэгт тухайн эх, эцэг амаржсаны амралтын хугацааг дуусгаж хүсэлтээ гаргаж хүүхэд асрах чөлөөгөө авч байна. Энэ хугацаанд ажил олгогч байгууллага даатгуулагч эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бодож олгодог.

Иргэн С.С**** нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан журам зэргийг зөрчсөн байх тул тэтгэмж олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэмж хэлэхэд нийгмийн даатгалын байгууллага эмнэлгийн хуудас бичиж олгодоггүй. Энэ нь хууль, журмаараа эмнэлгийн байгууллага олгодог гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.С**** гаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19-р зүйлийн 191, 192 дугаар зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/253 дугаартай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох, С.С**** д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэж тодруулж, нэхэмжлэл гаргаж үндэслэлээ Жирэмсний амралтаа хэзээ авах нь жирэмсэн эхийн өөрийнх нь хүсэл зоригоос хамаарахаар байхад жирэмсэн 31-32 долоо хоногтой байхдаа жирэмсний амралтаа авах ёстой гэж татгалзсан нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж, 192 дугаар зүйлийн 191.2-т  Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж тус тус заажээ.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж авах иргэнд эмнэлэгийн хуудас олгох журмыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар  батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 2.6-д  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудсыг жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн амаржих газар олгохоор, 4.8.2-т Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд эмнэлэгийн хуудас олгохгүй байхаар журамлажээ.  

4. Нэхэмжлэгч С.С**** нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин О.М****нг, 2022 оны 04 сарын 22нд охин О.Б****г төрүүлсэн байх ба 2020 оны 10 сараас 2021 оны 8 сарыг дуустал ЭЭЯ***** ХХК-д, 2021 оны 10 сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал БК***** ТМЗ ХХК-д тус тус ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлжээ.

5. С.С**** нь 2021 оны 9 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тухайд болон жирэмсний тэтгэмж олгогдоогүйгээс амаржсаны тэтгэмж мөн олгогдоогүйд хэргийн оролцогчид маргаагүй.

6. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, хариуцагч Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 1/253 дугаартай албан бичгээр таны 32-33 дахь долоо хоногтой жирэмсэн үедээ  эмнэлгийн хуудсыг бичүүлж авах эрх нь үүсээгүй байна. Иймд жирэмсний болон амаржсны эмнэлгийн хуудсыг хууль, журмын дагуу эрх үүсээгүй даатгуулагчид олгох боломжгүй гэж шийдсэн нь хууль болон журмын холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ. Учир нь:

6.1. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1 дэх заалт нь эх жирэмсний амралт авах хүртлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж тооцоход шаардлагатай нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх хугацааг тодорхойлсон агуулгатай.

6.2. Харин Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2 дахь заалт нь эх жирэмсний амралт авах хүртлэх хугацаанд ургаа тээж чадаагүй эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах нөхцлийг тодорхойлсон агуулгатай.

7. Хуулийн дээрх зохицуулалтуудыг нэгтгэн дүгнэвэл, нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эхийн тэтгэмж авах эрх нь эх ургаа тээсэн болон тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч үүсэхээр байхад хариуцагч нь маргааны бүхий актаар заавал жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлэгийн хуудас бичүүлсэн байх шаардлагатай гэж тэтгэмж олгохоос татгалзсан нь буруу байна.

8. Тодруулбал, хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудын дагуу даатгуулагч эх нь,

- хүүхдээ 196-аас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн бол хүүхэд амьдарсан эсэхээс үл хамааран,

- хүүхдээ 196-аас доошгүй хоног тээсэн боловч тодорхой шалтгааны улмаас үр хөндүүлсэн/хүүхэд амьдраагүй/ тохиолдолд,

- мөн 196 хоног буюу жирэмсний 28 долоо хоног хүртэл хүүхдээ тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн тохиолдолд,

- түүнчлэн жирэмсний чөлөө авах хүртэл буюу жирэмсний хугацааг дуустал ургаа тээсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байхаар хуульчилсан байх ба нэхэмжлэгч С.С**** нь жирэмсний хугацааг дуустал хүүхдээ тээсэн төдийгүй 2020 оны 10-р сараас 2022 оны 3 сарыг дуустал тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 6 сар төлсөн байхад жирэмсний тэтгэмж олгохгүй байх үндэслэлгүй.

9. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар  батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 2.7-д  ... эмнэлгийн хуудас авсан эсэхээс үл хамааран амаржсаны эмнэлгийн хуудсыг эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн амаржих газар олгоно гэж заасан, нэхэмжлэгч С.С**** нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр охин О.Б**** г төрүүлсэн байхад хариуцагч нь жирэмсний тэтгэмж авах эрх үүсээгүй хэмээн тайлбарлаж, С.С**** д амаржсаны тэтгэмж олгохоос татгалзах үндэслэлгүй байжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/38 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах тухай тухай-ын 2.6-д жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас бичиг олгохоор зохицуулсан тул эмнэлэгийн хуудас олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргах боловч энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 зүйлийн зүйлийн 191-т заалтаар эрх үүсэж буй жирэмсний бүх хугацаанд хүүхдээ тээсэн эх-ийн эмнэлэгийн хуудас бичүүлж болох доод хугацааг тодорхойлох зорилгоор тогтоосон хугацаа байх тул жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг хязгаарлах хугацаа биш төдийгүй тухайн 31-32 дахь долоо хоногт эмнэлэгийн хуудас бичүүлэх үүрэг хүлээлгэсэн хугацаа биш юм.

11. Өөрөөр хэлбэл, Жирэмсэн эхийн хүүхдээ тээж төрүүлэх хугацааг эрүүл мэндийн салбарт 38-40 долоо хоногоор тооцдог нь нийтэд илэрхий бөгөөд Эмнэлгийн хуудас олгох, хянах тухай тухай-ын 2.6-д жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас бичиг олгох гэж заасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.3-т заасан ... 4 сар 20 хоногийн хугацаа-г тодорхойлох зохицуулалт болохоос биш уг хугацааг өнгөртөл ургаа тээсэн, хүүхдээ төрүүлсэн эхийн тэтгэмж авах эрхийг хязгаарлах зохицуулалт биш байна.

12. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/38 дугаар тушаалаар  батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 4.2.8-д зааснаар Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тул жирэмсний тэтгэмж олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргах боловч журмын энэхүү зохицуулалт нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, ургаа хэвийн тээсэн эхэд тэтгэмж авах эрх үүсэхээр хуульд заасан тул уг эрхийг журмын зохицуулалтаар хязгаарлах нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлд заасан жирэмсэн болон амаржсаны амралт, эцгийн чөлөө, жирэмсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно гэж заасан тул жирэмсний 31-32 долоо хоногтойд эх жирэмсний амралтаа авах ёстой байсан хэмээн тайлбарлах боловч хуулийн энэхүү зохицуулалт нь ажил олгогч жирэмсэн эхэд амралт эдлүүлэхгүй байхаас хамгаалсан зохицуулалт болохоос, жирэмсэн эх өөрийн биеийн байдлаас хамааран жирэмсний амралтын хугацаагаа богиносгох, жирэмсний амралт эдэлбэл зохих хугацаанд үргэлжлүүлэн ажиллах эрхийг хязгаарласан зохицуулалт биш. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн жирэмсний амралт авах нь жирэмсэн эхийн хүсэл зориг, ажил олгогчтой тохиролцсон байдлаас хамаарна гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна.

14. Иймд С.С**** гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 зүйлийн 191.1-д заасныг баримтлан С.С**** гаас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С.С**** д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/253 дугаартай захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох, С.С**** д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ