Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 0049

 

 

 

 

 

 

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.М

Шүүгдэгч                                           Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Ц

Хохирогчийн өмгөөлөгч               Р.Н

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Бт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Д-н Б

 

Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Хөндлөн намаг” гэдэг газарт Ж.Ч-г зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Д-н Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-н эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шүүгдэгч Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-н цагдан хоригдсон 294 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар ногоон өнгийн энгэртээ цахилгаантай биеийн тамирын цамц, богино ханцуйтай цайвар цэнхэр хөх өнгийн шоон хээтэй сорочкон цамц, 61 ст урттай мод зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүйг дурьдаж, хэрэгт битүүмжилсэн Орхон аймгийн Жаргалант сум, Г.Д-т хадгалуулсан шүүгдэгч Д.Б-н өмчлөлийн шүдлэн үхэр гуна 5, хязаалан дөнж 10, нас гүйцсэн адуу /соёолон үрээ/ 4, нас гүйцсэн гүү 4, нас гүйцсэн адуу 4, хязаалан адуу 4, нийт 47 толгой /16 адуу, 31 тооны үхэр/ нийт 22,350,000 төгрөгний үнэ бүхий малыг битүүмжлэлээс чөлөөлж,

 

          Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

“... Д.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх магадлалтай гэж үзэж болохоор байна. Учир нь:

 

ШШҮХ-ийн 1137 дугаартай шинжээч нарын дүгнэлтийн 8-д ...эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ гэж дүгнэсэн нь буруу байна. Тархины тухайн гэмтлийн үед эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй яаралтай үзүүлбэл амь нас аврагдах боломжтой, 9-д талийгаачийг эмнэлэгт ирсэн даруйд яаралтай журмаар хатуу хальс доорх цусан хурааг авах мэс засал хийсэн бол амь нас аврагдах боломжтой байжээ гэж дүгнэлт гаргасан байна.

 

Мөн шинжээч эмч Б.А-н мэдүүлэгт “... ийм гэмтэл авсан хүнийг амь насны заалтаар тээвэрлэх шаардлагатай, ... тээвэрлэх явцад гэмтэл хүндрэх боломжтой, ...” гэжээ. Гэтэл амь хохирогчийг тээвэрлэн ирэхдээ цагдаагийн машины хойд талын гишгүүр дээр тээвэрлсэн, хөдөөгийн донсолгоо ихтэй замаар явсан, мөн эмнэлэгт ирээд хагалгаа хийлгэлгүй хугацаа алдсан зэрэг нь хохирогчид учирсан гэмтэл хүндэрсэн байна гэж үзэхээр байгаа бөгөөд энэ нөхцөл байдалд яллагдагчийг буруутай гэж үзэж болохооргүй байна.

 

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хохирогчид томографикийн шинжилгээ хийлгэсэн ба хохирогчийг эмнэлэгт ирсэн даруйд хийлгээгүй нь яллагдагчийн буруу биш юм. Хохирогчийг хэрхэн тээвэрлэсэн талаараа дуудлагаар очсон цагдаа зөрүүтэй мэдүүлсэн байдаг ч анх өгсөн мэдүүлгээ уншин гарын үсэг зурсан байдаг. Гэрч Э нь яллагдагч Д.Б-г хөх өнгийн дээлтэй явж байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл яллагдагч тэр өдөр куртик өмсөж явсан гэж гэрч Ж.Б-н мэдүүлэг болон өөр бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Эндээс харахад гэрч Э-н мэдүүлэг үнэн гэхэд эргэлзээтэй байна.

 

Гэрч Ж.Б-г яллагдагчтай нүүрэлдүүлэн байцаалт авахад яллагдагч миний уруул, амыг хэн цохьсон бэ гэхэд талийгаач л цохьсон байх гэж мэдүүлдэг бөгөөд харин гэрч Э нь мэдүүлэхдээ ... би Д.Б-г тонгорч унагаад уруулаар нь газар, өвс рүү унагаасан гэсэн байна. Хохирогч эмнэлэгт ирэнгүүтээ нас бараагүй бөгөөд эмнэлэгт ирээд 2 хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байдаг.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нь хэзээ, хаана, яаж, юугаар хохирогчид учирсан гэмтлийг учруулсан гэдгийг тогтоогоогүй байж шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж хүнд гэмт хэрэгт гэм буруутай гэж шийтгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.

 

Иймд шүүгдэгч Д.Б нь хүн алсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх магадлалтай гэж үзэж болох тул Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШШТ/174 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас доогуур хэмжээний ял шийтгэл ногдуулах боломжтой байх тул давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-г 2018 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Хөндлөн намаг” гэх газарт Ж.Ч-г зодож хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г 2018 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд хувийн шинжтэй үүссэн маргаанаас шалтаглан Ж.Ч-н толгойн хэсэгт модоор цохьсон үйлдлийн улмаас Ж.Ч-н тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, суурин хэсгийг нь бүхэлд нь хамарсан хатуу хальсан доорхи их хэмжээний цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл авч улмаар тархины комд орж, эмнэлгийн тусламж авсан боловч нас барсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байна.

           Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

             Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Б нь Ж.Б, Ж.Ч нарын гэрт очиж “...чи баяжчихаад ганц шил архи задлахгүй юм уу” гэх зэргээр хэлж архи гаргуулан ууж, Ж.Ч-г ... одоо чи манайд оч, би чиний өгсөн архийг ахиулаад гаргаад өгнө гэж хэлээд Ж.Ч-г мотоцикль дээрээ сундлаад  гэртээ шөнийн 01-02 цагийн үед  ирсэн. Гэртээ  Д.Б Ж.Ч-г гишүүгээр цохиж, Ж.Ч-г гэрээс зугтаж гарахад нь араас нь мод барьж хөөсөн...Д.Б гэрээсээ архи авч гэрийнхээ арын хойд энгэрт очиж Ж.Ч-той хамт уусан. Д.Б-н эхнэр Г.Д шөнийн 04 цагийн үед очиж харахад Д.Б, Ж.Ч хоёр хоорондоо 1 метр орчим зайтай унаад унтсан байдалтай байсан. Үүрээр Д.Б гэртээ орж унтсан ба Ж.Ч өглөөний 06 цагийн орчимд цагдаа ирэхэд дээшээ хараад хурхирсан байдалтай сэрэхгүй байсан. Сумын цагдаа УАЗ 469 машинаар тээвэрлэн авчирч Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд амь хохирогчийг хэвтүүлэн эмчлүүлсэн ба Ж.Ч нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 40 минутанд тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Д.Б-н үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь гэрч Д.Б-н ...намайг очиход Б ах гэрийнхээ цаад талд зогсож байсан...Б ах гартаа урт мөчир барьчихсан байсан. Б ах Ч-т энэ мод байна уу, төмөр байна уу хар гээд газарт савахад мөчир нь хугарсан... гэх мэдүүлэг,

             Гэрч Г.Д-н...Ч зугтаагаад араас нь манай нөхөр мод бариад гэр тойруулаад хөөсөн. Цаашаа жалга руу орохоор нь би наанаас нь харж байсан. Ч төмөр юм уу чулуу барьчихсан юм уу гэхэд манай нөхөр төмөр байна уу мод байна уу гээд газарт цохиод модны мөчрөө хугалсан...гэсэн мэдүүлэг,

            Гэрч Ж.Б-н...Би мотоциклоо Б-н гэрээс зайтай тавьчихаад гэрийнх нь гадаа очтол Б-н гэрээс манай дүү Ч хар гүйхээрээ гарч ирсан. Чи намайг цохичихлоо шүү дээ гээд байсан. Б манай дүүгийн араас хөөсөн. Манай дүү Б-г чи намайг трубагаар цохилоо шүү дээ гээд байсан... гэсэн мэдүүлэг,

            Б.Ц-ын... Биднийг анх очиж юу болсон талаар ахаас нь асуухад манай дүүг Б гэдэг залуу мотоциклээр гэртээ авчирч байгаад 3 метрийн урттай труба төмрөөр зодсон. Би сарны гэрэлд харсан гэж хэлсэн. Харин Б гэгчийн эхнэр нь төмрөөр зодоогүй мод байсан гэж хэлсэн, мөн хажууханд нь байдаг бололтой нэг хүн ирж уулзаад төмрөөр зодоогүй харин модоор цохисон шүү гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 61 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 1137 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.Б-н мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагддаг.

Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирогчоос илүү архи гаргаж уулгах гэсэн зорилгоор амь хохирогчийг гэртээ авчирч модоор толгой руу нь цохиж хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1137 дугаартай дүгнэлтээр ... Талийгаачийг эмнэлэгт ирсэн даруйд яаралтай журмаар хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс засал хийсэн бол амь нас аврагдах боломжтой гэсэн дүгнэлт, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжээч эмч Н.А-н өгсөн...1137 дугаартай шинжээчийн дүгнэлтийг комисс санал нэгтэй гаргасан.  Ч-н тархинд үүссэн хатуу хальсан доорх цусан хураа хуримтлагдаж тархи дарагдсан. Гэтэл энэ цусан хурааг авсан бол амь нас аврагдах боломж байсан. Цусан хурааг авах мэс засал хийх боломж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд байгаа...3 баллын үнэлгээ нь амь нас аюултай байдалд байна гэсэн үг... гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд  амь хохирогч Ж.Ч-н тархинд үүссэн цусан хураа нь нэмэгдсэнээс өөрөөр хэлбэл тархинд авсан хүнд гэмтэл нь хүндэрсний улмаас эмнэлэгт ирж 2 хоног эмчлэгдэж байгаад нас барсан зэргээс дүгнэн үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал байна.

            Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг зүйлчлэлийг давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэн өөрчилж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Ж.Ч нас барсан байна гэж дүгнэж шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 болгон өөрчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

             Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1. 4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-н Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй гэсэн заалт нэмж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүгдэгч Б овгийн Дн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-ын давж заалдах гомдлын “зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, “хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА