Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1213

 

                                                                                                                    

  2024           11            07                                          2024/ШЦТ/1213

 

                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

улсын яллагч Ц.Ганцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 2406 03517 0522 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б  нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлйийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 6 дугаар  сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Газарчин дээд сургуулийн зүүн талын замд ХП 00-00 УХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.                          

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “БЗДЗЦХ-ийн цагдаа зохицуулагч а/ч Д.Эрхэмбаяр би пост 155 хойш 700м үүрэг гүйцэтгэх хугацаанд Б РД: ЛЛ0000000 дугаартай БЗД-ийн 24-р хороо, 0 тоот, 0 согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсон. ХП 00-00 УХХ ... 0.56%” гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас), 

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “... Эрх хасагдсан ... эрх хасах: Төв, Зуунмод, ЭХ-ийн 27.10.2,2022-12-27,2025-12-27 3 жил эрх. НШШГГ-ын 2023.03.10-ны өдрийн 03/4626 дугаартай мэдэгдлийг үндэслэв.” гэх лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн” гэх шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 25-34 дүгээр хуудас), 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 25-34 дүгээр хуудас), Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 11 дүгэрэ сарын 07-ны өдрийн 04-Б/25573 тоот албан бичиг зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч Б  нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлйийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 6 дугаар  сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Газарчин дээд сургуулийн зүүн талын замд ХП 00-00 УХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б  нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлйийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 6 дугаар  сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Газарчин дээд сургуулийн зүүн талын замд ХП 00-00 УХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон үйл баримт тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б  нь гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор хасуулсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч Б  нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлйийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 6 дугаар  сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Газарчин дээд сургуулийн зүүн талын замд ХП 00-00 УХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу нийгмийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт оногдуулах ял шийтгэлийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилийн хугацаагаар заавал хасаж дээрээс нь 2.700.000-14.000.000 төгрөг хүртэл торгуулийн ялтай, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай эсвэл, 6 сараас 3 жил хүртэл хорих ялын зүйлчлэлтэй. Таны хувьд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаад мөн зорчих эрхийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр буюу харьцангуй өндөр ял шийтгэл оногдуулсан байна. Энэ дээр та ял шийтгэл нь тухайлан тохиромжгүй, тухайн ял шийтгэлдээ ямар нэгэн гэмшсэн тийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах нь учир дутагдалтай. Мөн бусдын эрүүл мэндэд хор уршиг учруулаагүй учраас хорих ялыг оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэхээр тодорхой төрлийн өвчтэй группт байдаг хүн юм байна. Тэгэхээр торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй юм болов уу гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж оногдуулсан нэмэгдэл ялаас үлдсэн нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэмж нэгтгэн 4 жил 2 сар 3 хоногоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, зорчих эрхийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэл ял өнөөдрийн байдлаар 1 жил 2 сар 3 хоногийн үлдэгдэлтэй байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан үүнийг тусад нь эдлүүлээд шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг тусад нь эдлүүлж, зорчих эрхийг тусад нь эдлүүлээд дээрээс нь 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг гаргаж байна.” саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн тал дээр мэдээж маргадаггүй. Ар гэрийн амьдрал дээр эхнэр нь айлын хүүхдүүд хараад бага хэмжээний цалин хөлс авдаг. Ар гэрийн амьдрал тийм таатай биш. Өөрөө бол Төв аймагт болсон ослын улмаас учирсан гэмтэлд одоо группт байдаг. Гуяны ясныхаа оронд төмөр суулгасан гээд одоо доголон хөл муутай, 50 хувийн группт байдаг. Согтолтын зэргийн тухайд 0,56 хувь гарсан байдаг. Мэдээж 0,20 хувиас илүү бол согтуурсан мансуурсан гэж тооцдог учраас энэ дээр маргахгүй. Гэхдээ харьцангуй 100 хувь биеэ хянах чадвараа алдчихсан бол биш байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Энэ бүлгийг 2013 оны 12 сард өөрчлөн найруулсан. Хуулийн нэмэлтээр орж ирсэн зүйл. Энэ хүний ар гэр амьдралын байдлыг нь харж үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн ийм хүсэлтэй байна. Хохирлын тухайд хохирол төлбөр байхгүй. Ар гэрийнх нь амьдрал байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өөрийнх нь биеийн байдал, групп тогтоолгосон байдал зэргийг харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч Б ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүлээж байхдаа дахин ижил төрлийн гэмт хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсанаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас 01 жил 01 сар 09 хоног, зорчих эрх хязгаарлах ялаас 03 сар 21 хоногийг тус тус эдлээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б д Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 09 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 03 сар 21 хоног зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 04 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар, хорих ялыг 11 сар 21 хоногийн хугацаагаар тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 04 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б д Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 09 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 03 сар 21 хоног зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 04 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар, хорих ялыг 11 сар 21 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 04 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Б д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ