| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2021/00549/И |
| Дугаар | 151/ШШ2021/00770 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2021/00770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байр, 57 тоотод оршин суух ...... овогт Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... байрлах “Монголросцветмет” .............алтны үйлдвэрт холбогдох,
.............алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлд 2021 оны 7 дугаар 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, гэрч С.Ган-Очир, Х.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2001 оноос .............харьяа Бор өндөр улсын үйлдвэрийн газар Баяжуулах Фабрикт эдийн засгийн норм зохиогчоос эхлэн автобаазын эдийн засагч, удирдах албан тушаал, ерөнхий эдийн засагчаар тасралтгүй үр бүтээлтэй, хариуцсан үүрэгт ажлаа 20 гаруй жил нэр төртэй гүйцэтгэж, алдаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн.
Гэтэл .............алтны үйлдвэрийн захирал Б.Чагнаадорж 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар ажлаас халсан явдалд гомдолтой байна. Энэхүү тушаалаар намайг ажлаас халсан асуудлын хувьд ажил тасалсан, өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан гэх шалтгаан, үндэслэлээр шийдвэрлэсэн.
Ажил тасалсан гэх асуудлын хувьд бол миний бие 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу эхнэр, 3 хүүхдийн хамт орон сууцны зээлийн төлөлт, хувийн бусад асуудал тэр дундаа эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгүүлэх зорилгоор зорчих талаар албан ёсоор ирэх 7 хоногийн “Лхагва” гариг буюу 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл чөлөө авах талаар амаар .............алтны үйлдвэрийн газрын захиргаа, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал М.Мөнх-Эрдэнэд мэдэгдэж хэлсэн.
Тухайн үед алтны үйлдвэрийн газрын захиргаа, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал М.Мөнх-Эрдэнэ “... бичиг цаас, өргөдөл гээд яах вэ? явчихаад ирээ ... захирал Б.Чагнаадоржид хэлчихнэ ...” гэсэн, үүнийг миний бие зөвшөөрсөн, чөлөө олгосон гэж ойлгосон.
Тэр үед мөн надтай хамт ажилладаг “Шижир алт” алтны үйлдвэрийн газрын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Ган-Очирт бас хэлж байсан.
Захирал Б.Чагнаадоржид 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 99113837 дугаарт холбогдож Улаанбаатар хот руу эхнэр, хүүхдээ Улаанбаатар хот хүргэж өгөх, хувийн ажлаа хөөцөлдөх асуудал байгаа тул чөлөө өгнө үү гэж мэдэгдэж хэлсэн.
2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу “Даваа” гаригт ажилдаа амжиж ирж чадахгүй, боломжгүй байгаа талаар мэдэгдсэн “... ойлголоо тэгье ...” гэсэн. Би тэр үед 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өглөө ажил дээрээ бэлэн байх болно гэж хэлсэн.
Миний бие 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирж, ажлын байран дээр ажиллах гэсэн боловч коронавируст халдвар /КОВИД-19/-ын голомт, эрсдэл бүхий бүс болох Улаанбаатар хотоос ирсэн, эмнэлгээр үйлчлүүлсэн тул холбогдох дүрэм, журмын дагуу халдвар хамгааллын дэглэм баримталж, гэртээ тусгаарлалтад орох талаар үйлдвэрийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн н.Батбилэг, мөн үйлдвэрийн захиргаа, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал М.Мөнх-Эрдэнэ, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Ган-Очир нартай зөвлөлдөөд 7 хоног гэрийн тусгаарлалт байх шаардлагатай гэж хэлж, утсаар мэдэгдсэн.
Энэхүү шаардлагын дагуу миний бие халдвар хамгааллын дэглэм баримталж, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэхээр ажлын хэрэгцээнд ашигладаг иж бүрэн зөөврийн компьютер, бусад бичиг хэрэгсэл зэргээ гэртээ хүнээр хүргүүлж авсан.
Дээрх шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэм баримталж, гэрээс гаралгүй, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байж 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үүрэгт ажлаа хийсэн.
Намайг мөн .............захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан гэж тушаалдаа үндэслэл болгосон нь үндэслэлгүй.
Миний бие энэхүү тушаалаар өгөгдсөн үүргийн дагуу уулын ажлын хоцрогдлыг багасгах, эдийн засгийн алдагдлыг бууруулах чиглэлээр боломжит арга хэмжээг авч ажиллаж байсан. Тухайлбал: техникийн оновчтой хуваарилалтыг боловсруулан “Цэцэгмандал”-ын уурхайн үлдэгдэл нөөцийг олборлох, түрээсийн техникийн гэрээний хугацааг сунгах, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг ямар нэгэн нэмэлт зардал, төлбөргүйгээр зохион байгуулж байсан.
Ер нь бол хоцрогдлын гол шалтгаан нь Улаан уулын ордын уул техникийн нөхцөл, түрээслэгч компанийн экскаваторуудын техникийн бэлэн байдал хангалтгүй, операторуудын ур чадвар дутмаг зэрэгтэй холбоотой юм.
2020 онд үйлдвэрлэлийн улиралд Улаан уулын ордын уул техникийн нөхцөлийг бүрэн таньж мэдэж чадсан учраас энэ онд алдаагаа давтахгүй ажиллана гэж үзэн түрээсийн техник ашиглахаас татгалзах саналыг ТӨҮГ-т тавьж шийдвэрлүүлсэн зэрэг 2021 онд шинээр 3 ширхэг экскаватор худалдан авч, туршлагатай операторуудаас өндөр бүтээлтэй ажиллуулна гэж үйлдвэрийн бусад удирдлагуудтай хамтран зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Миний бие 20 гаруй жил “Монголросцветмет” ТӨҮГ-т ажиллах хугацаанд үүрэгт ажлаа цаг хугацаанд нь шуурхай хийж, алдаа зөрчил гаргалгүй, үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр хоёргүй сэтгэлээр тууштай ажилласан.
Гэтэл “Шижир алт” алтны үйлдвэрийн захирал Б.Чагнаадорж нь өөрийн тушаалаар 6 өдрийн ажил тасалсан, өгөгдсөн үүргийг биелүүлээгүй гэх шалтгаанаар ажлаас халсанд нь үндэслэлгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Шижир алт” алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардагыг хариуцагч .............алтны үйлдвэрийн газарт холбогдуулан шаардаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б. нь 2001 оноос хойш .............харьяа үйлдвэрт эдийн засагчаар одоог хүртэл тасралтгүй 20 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй чадварлаг ажилтан байсан. Гэтэл .............алтны үйлдвэрт шинээр томилогдсон Чагнаадорж гэдэг хүн ажилд ороод, өөрийн хамаарлын хүмүүсээ ажиллуулах санаа зорилготойгоор Бямбазоригийг ажлаас халсан. Чагнаадорж гэдэг хүнийг бүрэн төлөөлж байгаа Мөнх-Эрдэнэ гэдэг хүнээс албан ёсоор 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зөвшөөрөл аваад Улаанбаатар хот руу хувийн шалтгаанаар зорчсон. Энэхүү хугацааг нь ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Эмнэлэгт үзүүлэхээр чөлөө аваад явж байхад ажил тасалсан гэсэн тушаал гаргасанд гомдолтой байна. Бямбазоригийн хувьд тухайн өдөр захиргаа нийгмийн асуудал хариуцсан Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд чөлөө өгнө үү гэж амаар хүсэлт гаргасан байдаг. Мөнх-Эрдэнэ нь бичиг цаас гээд яах вэ захиралд хэлээд өгье гэж хэлснийг нь Бямбазориг нь чөлөө өгсөн гэж ойлгоод мөн дээрээс нь Чагнаадорж захиралтай өөрийнх нь хувийн дугаар руу холбогдож хувийн хөөцөлдөх ажил байна гэхэд нь ойлголоо гэсэн хариу өгсөн байдаг. Тэгээд Бямбазориг нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу эхнэр хүүхдийн хамт явсан. Улаанбаатар хотод ирээд ажил төрлөө хөөцөлдөөд эмнэлэгт үзүүлээд эмнэлгийн тусламж бичгээ авчихаад буцаад ажил дээрээ ирэхэд нь үйлдвэрлэл хариуцсан захирал Ган-Очир, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Мөнх-Эрдэнэ, үйлдвэрлэлийн эрүүл ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн Батбилэг нар нь ярилцаад тухайн үед ковид-19 цар тахлаас болж нөхцөл маш хүнд байсан. Тухайн үед Заамар сум нь ногоон бүс байсан учраас Бямбазоригийг 7 хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой гэдэг шийдвэр гаргаж, Бямбазориг нь гэртээ ажиглалтад байсан. Тухайн үед PCR шинжилгээ өгөөд сөрөг буюу эрүүл байсан ч гэсэн энэ хугацаанд тусгаарлах шаардлагын дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлж гэртээ байсан. Гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажлуудыг хийж ажилласан.
Үүнийг нь дээрх тушаалаар ажил хийгээгүй 6 хоног ажил тасалсан гэж шийдсэн. Нэхэмжлэгч 3 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирсэн. 02 дугаар сарын 25, 26, 03 сарын 01, 02-ны өдрүүдэд зөвшөөрөл аваагүй гэж хариуцагчийн төлөөлөгч хэлж байгаа. Ажлын хоногоор тооцохоор энэ нь 4 хоног болж байна. 02 дугаар сарын 27, 28-нд амралтын өдрүүд байсан. Тэгэхээр 6 хоног гэдэг нь 3 дугаар сарын 09-нийг хүртэл хугацаа гэж бодож байгаа. Гэхдээ 3 дугаар сарын 08-ны өдөр бүх нийтийн амрах өдөр. Яаж 6 хоног гэснийг сайн ойлгохгүй байгаа.
Ч.Б. нь “Шижир алт” алтны үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа 2020 оны 10 сарын 12-ны өдөр Б/142 тушаалаар үүрэг даалгавар өгөгдсөн байдаг. Үүний дагуу уг тушаалыг хэрэгжүүлж тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байтал Б/62 тушаалаар 2020 оны 10 сарын 12-ны өдөр гаргасан зөрчилтэй нь холбогдуулж давхар хариуцлага оногдуулж тушаалд дурдсан. Шууд утгаараа өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй давтан зөрчил гаргасан гэж ойлгож байгаа. Дээрээс нь зөрчлийг хянаж шалгасан тухай, энэ тушаалын хэрэгжилттэй холбоотой дотоод хяналт шалгалт явуулсан тухай ямар нэгэн баримт байхгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ч.Б. нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .............захирлын Б/142 дугаартай тушаалаар “ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр .............алтны үйлдвэрийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.7-д заасанчлан харьяалах удирдлагадаа бичгээр мэдэгдэлгүй ажил тасалсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд иргэн Ч.Б.ийн “Монголросцветмет” ТӨҮГазрын харьяа “Шижир алт” алтны үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тус байгууллагад 2 сараас эхлэн ажиллаж байгаа. Бямбазоригийн хувьд зөвшөөрөл аваагүй явсан асуудал байгаа. Чагнаадорж захиралд утсаар мэдэгдсэн гэж байгаа нь нотлогдох боломжгүй. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн үйлдвэрийн шуурхай хурал дээр Чагнаадорж захирал Мөнх-Эрдэнээс Бямбазориг хаачсан юм бэ, яагаад ажилдаа ирээгүй вэ гэж асуусан байдаг. Утсаар мэдэгдсэн бол ингэж асуухгүй байсан. Бид нар хуулийг чандлан сахиж биелүүлдэг байгууллага. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дотоод журмыг мөрдөнө гэж заасан. Тэрийг нь хүлээн зөвшөөрөөд Бямбадорж нь гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн учраас үйлдвэрийн захирлын Б/62 тоот тушаал үндэслэл бүхий гэж үзэж байна. Бямбазориг нь өөрийгөө хувийн ажлаар Улаанбаатар хот руу зорчино гэдгээ амаар хэлээд явсан байдаг. Дотоод журам дээрээ бичгээр зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Үүнийг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Ч.Б. 02 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ хот руу явсан өдрөөс эхлээд мэдэгдээгүй. Мэдэгдсэн ямар нэгэн баримт байхгүй. Өөрөө амаар хэлсэн гээд байдаг. Хөдөлмөрийн дотоод журмаа дагаж мөрдөөгүй. 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж ажил тасалсан. 3 дугаар сарын 03-аас эхлэн гэрээр ажиллаж эхэлсэн. Гэрээр ажилласан гэдэг дээр маргаагүй. 02 дугаар сарын 25-аас 3 дугаар сарын 03-ыг хүртэл 6 хоног. Тэр хугацаанд ямар нэгэн байдлаар албан бичиг, өргөдөл гомдол явуулах боломжтой байсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 10.2 дугаар зүйлийн 1-т “ноцтой зөрчил”-ийг заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 6.7-т “бичгээр зохих зөвшөөрлийг авах” гэж заасан. Дотоод журмын 6.13-т “ажилтан нь 2 буюу түүнээс дээш өдрийн чөлөөг үйлдвэрлэл эрхэлсэн захирал, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлын саналыг үндэслээд захирал тушаалаар олгоно” гэж заасан байдаг. Гэтэл ямар ч тушаал гараагүй, албан бичгээр хүсэлт өгсөн зүйл байдаггүй.
Давхардуулан шийтгэл оногдуулсан асуудал байхгүй. Харин тус тустаа зөрчил гаргасан байгаа. Нэг нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж байгаа бол нөгөөх нь ажил тасалсан гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Ч.Б. нь .............алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Б. нь С.Батбаатарт 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр /хх-18/, хариуцагч .............алтны үйлдвэр нь Б.Золбаярт 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр /хх-181/ тус тус итгэмжлэлээр төлөөлөх эрхийг олгосон байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Ч.Б.ийг .............алтны үйлдвэрийн ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, тушаал гарснаас шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний олговорт 23,058,942 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шаардаж,
хариуцагч .............алтны үйлдвэрийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх бөгөөд сөрөг шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ч.Б. нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан байна.
.............дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3-т “...бүтцийн нэгжийн дарга ...-ыг эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж эрх олгосон тул “Шижир алт” алтны үйлдвэрийн захирал Б.Чагнаадоржийг уг байгууллагыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэй буюу хариуцагчийг .............алтны үйлдвэр гэж зөв тодорхойлсон гэж дүгнэлээ. /хх-57, 64-72, 108/
Нэхэмжлэгч Ч.Б. нь .............алтны үйлдвэртэй 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Ерөнхий эдийн засагчийн албан тушаалд ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ, нэг сарын 1,330,000 төгрөгийн үндсэн цалин олгоно” гэж “Хөдөлмөрийн гэрээ”-г, мөн өдөр “мэргэжил, мэргэшлийн өндөр ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлд зориулан олгох нэмэгдлийг 2,154,000 төгрөгөөр тогтоохоор “Нэмэгдлийн гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан байх ба энэ талаар зохигчид маргаагүй, уг гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцсэн, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. /хх-24-26, 22-23/
Ч.Б. нь .............алтны үйлдвэрт 2020 оны 3 дугаар сараас ерөнхий эдийн засагчаар ажиллаж байсан нь дээрх хөдөлмөрийн гэрээ, 750115 дугаартай /үргэлжлэл/ нийгмийн даатгалын дэвтэр, мөн ажлаас чөлөөлсөн тушаал зэргээр нотлогдож байна. /хх-32/
Нэхэмжлэгч Ч.Б.ийг .............алтны үйлдвэрийн газрын захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаартай “Ч.Б.ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар “Шижир алт” алтны үйлдвэрийн ерөнхий эдийн засагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэжээ. /хх-17/
Уг маргаж буй Б/62 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 59 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Шижир алт” алтны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1, 8.3.2, 8.3.13 дахь заалтуудыг үндэслэн гаргасан байна.
Тушаалын “1”-д “Ерөнхий эдийн засагч Ч.Б. нь харьяалах удирдлагадаа мэдэгдэлгүй 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил таслан Улаанбаатар хот явж, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хайлааст багт ирсэн бөгөөд улмаар ковид-19-ийн голомттой бүсээс ирсэн тул хөл хорионд орж 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирсэн, энэ хоород нийт ажлын 6 өдөр тасалсан, мөн Монголросцветмет ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан тул 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай” гэжээ.
Өмнө нь .............захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2, Үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1 дэх хэсгийн 8.1.1, 8.1.2 дахь заалт, .............харьяа үйлдвэрүүдийн 2020 оны нэгдүгээр хагас жилийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн .............алтны үйлдвэрийн 2020 оны нэгдүгээр хагас жилийн тайлант хугацаанд төлөвлөсөн зардлыг хэтрүүлж ажилласан, ...өөрийн өртөг өссөн зэрэг хангалтгүй үзүүлэлттэй ажилласан, мөн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул... ерөнхий эдийн засагч Ч.Б. нарт сануулах шийтгэл ногдуулж, шийдвэр хүчинтэй болсон байна.
Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн гэрээ болон холбогдох бусад журмыг баримтлан тушаал гаргахаар хуульчилсан.
Тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол гэж ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохын тулд урьдчилсан нөхцөлийг хөдөлмөрийн гэрээгээр талууд тухайлан тохиролцохоор заажээ.
Нэг талаас Ч.Б., нөгөө талаас .............алтны үйлдвэртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг “ноцтой зөрчил”-д тооцохыг харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтад нийцсэн байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар заалтад гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэлийг заахдаа:
-10.2.1. б/ажил таслах. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилтан өөрийн харьяалах шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй, холбогдох шийдвэр гаргуулалгүйгээр ажлын 1 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан /ажлын байранд байгаагүй/ болон цахим бүртгэлийн төхөөрөмжид бүртгэгдсэн ажилд хоцорч ирсэн, ажил тарахаас өмнө явсан цаг минутын нийлбэр нь нэг сарын хугацаанд 1 ба түүнээс дээш өдрийнх болж байвал;
-10.4-т ...энэхүү гэрээний 10.2-р зүйлд заасан “ноцтой зөрчил”-ийн улмаас ажлаас халагдах тохиолдолд Ажил олгогч ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагагүй бөгөөд шууд халах эрх эдэлнэ” гэж тохиролцжээ.
Түүнчлэн, “Шижир алт” алтны үйлдвэрийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/49 дугаартай тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталснаас хойш Ч.Б.той хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сард байгуулжээ. /хх-58-63/
Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээний 6 дахь заалтад “Ажилтны ажиллах өдөр ба цагийг холбогдох хууль болон үйлдвэрийн дотоод журамд заасан болно” гэж ишлэн заасан тул Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг дагаж мөрдөхөөр хөдөлмөрийн гэрээгээр талууд тохиролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. /хх-24-26/
.............алтны үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журмын 6 ба 8 дугаар зүйлүүдэд:
6.1. Энэхүү журмын дагуу ажилтан ажлын байран дээрээ байж, ажил үүргээ гүйцэтгэж байгаа хугацааг ажлын цаг гэнэ.
6.4.Үйлдвэр нь ажлтны ажилд ирэх, ажлаас тарах цагийг цахим бүртгэлийн төхөөрөмж ашиглан бүртгэнэ.
6.6. Ажилтан нь тогтоосон журмын дагуу ажилд ирэх, ажлаас тарах цагийг бүртгэлийн төхөөрөмжид заавал бүртгүүлнэ. ...шаардлагатай тохиолдолд Захиргаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаас зөвшөөрөл авна.
6.7. Ажилдаа ирсэн, явсан цаг нь цахим төхөөрөмжид бүртгэгдээгүй, гадуур ажиллах болон бусад тохиолдолд бичгээр зохих зөвшөөрлийг аваагүй тохиолдолд тухайн ажлын өдрийг ажил тасалсанд тооцно.
6.16. “өвчний эсвэл гэмтэж бэртсэний улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажилтан нь энэ тухайгаа 24 цагийн дотор мэдэгдэх болон “эмчийн магадлагаа” ажил олгогчид заавал авчирна...
8.2. энэхүү журмын 8.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн арга хэмжээг гаргасан зөрчил, учруулсан хохирлоос хамааран шууд /шат дараалж биш/ ногдуулж болно.
8.3. Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно. Үүнд:
8.3.1.Ажилтан нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, энэхүү хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон албан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, түүнчлэн уг ажилтан өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан;
8.3.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан /ажлын байранд байгаагүй/ болон ажлын цагийн цахим бүртгэлийн төхөөрөмжид бүртгэгдсэн ажилд хоцорч ирсэн, ажил тарахаас өмнө явсан цаг, минутын нийлбэр нь нэг сарын хугацаанд 1 ба түүнээс дээш өдрийнх болж байвал;
8.4.Энэхүү журмын 8.3 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил үйлдсэн ажилтныг ажлаас шууд халах үндэслэл болно” гэж хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан байна.
Нэхэмжлэгч Ч.Б. нь ажил олгогчоос аман хэлбэрээр чөлөө авсан учраас ажил таслаагүй, гэрийн тусгаарлалтад байсан хугацааг ажил тасалсан гэж тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж, хариуцагч тал ажилтан нь дотоод журмын дагуу заавал бичгээр зөвшөөрөл авах үүрэгтэй байтал аваагүй учраас ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан гэж маргаж, мэтгэлцсэн болно.
Ажил тасалсан эсэх тухайд:
-2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ч.Б. нь ажлын байранд
байгаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь захиргаа, нийгмийн асуудал хариуцсан албан тушаалтнаас амаар зөвшөөрөл авсан гэж тайлбарлаж, хариуцагч тал бичгээр зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Ган-Очир, Х.Батбилэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгч Ч.Б.ийн шүүхэд гаргаж ирүүлсэн баримтаас үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод өвчний учир “Мөнхийн ус” эмнэлгээр үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь нотлогдож байна.
Иймд тухайн өдөр нэхэмжлэгч эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй, энэ тухайгаа ажил олгогчид урьдчилан мэдэгдсэн буюу хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.16-д заасан үүргээ биелүүлсэн гэж дүгнэх боломжтой байна.
-2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ч.Б. нь .............алтны үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ажлын байран дээрээ байж, ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь .............алтны үйлдвэрийн шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэл, зохигч талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байх ба талууд маргаагүй болно. /хх-110-112/
Нэхэмжлэгч Ч.Б. нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажил таслаагүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо ажил олгогчид мэдэгдсэн, эсхүл хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос чөлөө авсаныгаа нотлох үүрэгтэй боловч тухайн байдлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд .............алтны үйлдвэрийн үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар “ажилдаа ирсэн, явсан цаг нь цахим төхөөрөмжид бүртгэгдээгүй, гадуур ажиллах болон бусад тохиолдолд бичгээр зохих зөвшөөрлийг аваагүй тохиолдолд тухайн ажлын өдрийг ажил тасалсанд тооцно” гэсний дагуу ажил тасалсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
-2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ч.Б. нь ажлын байранд ирсэн боловч .............албан даалгавар, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед авах арга хэмжээний тухай” А/03 дугаар захирамж, тус үйлдвэрийн шуурхай штабын шийдвэрийг үндэслэн ажлын байранд нэвтрүүлээгүй, 7 хоног гэрийн тусгаарлалтад байсан, ажлын компьютерээ гэртээ авсан үйл баримтын тухайд зохигч талууд маргаагүй. /хх-87-93/
Харин гэрийн тусгаарлалтад байсан 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацааг ажил тасалсан хугацаанд тооцсон эсэхэд талууд маргажээ.
Маргаж буй Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Шижир алт” алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалын “2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хайлааст багт ирсэн бөгөөд улмаар ковид-19-ийн голомттой бүсээс ирсэн тул хөл хорионд орж 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирсэн, энэ хооронд нийт ажлын 6 өдөр тасалсан” гэсэн бичвэрийн агуулгаас үзэхэд Ч.Б.ийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд “ажил тасалсан”-д тооцжээ.
Ч.Б. нь ажлын компьютерээ авч, үйлдвэрийн ажилчдын байрандаа тусгаарлалтад байх хугацаандаа албан үүргээ цахимаар гүйцэтгэж байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрийн ажиглалтад байсан хугацааг ажлаа хийсэнд тооцож, цалин хөлсийг олгосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн и-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тухайн үед Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоол, Төв аймгийн Засаг даргын захирамж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бичиг баримтуудад үндэслэн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын гамшгаас хамгаалах, Гамшгаас хамгаалах хуульд заасан өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах хариу арга хэмжээний хүрээнд ажил олгогчийн шийдвэрээр цахим хэлбэрээр ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна. /хх-196-198/
Иймд гэрийн тусгаарлалтад байсан хугацааг “ажил тасалсан” ноцтой зөрчил гаргасанд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
Дүгнэвэл, ажил олгогчийн тушаалд дурдсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх нийт ажлын 6 өдрийн ажил тасалсан гэх ажлын хоногоос 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ч.Б. “ажил тасалсан” байна.
Өөрөөр хэлбэл, Ч.Б. нь нийт ажлын 6 өдөр ажил таслаагүй боловч нэг өдрийн ажил тасалсан буюу талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон “ноцтой зөрчил” гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдлоо.
Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4. “...энэхүү гэрээний 10.2-р зүйлд заасан “ноцтой зөрчил”-ийн улмаас ажлаас халагдах тохиолдолд ажил олгогч ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагагүй бөгөөд шууд халах эрх эдэлнэ” гэж зааснаар Ч.Б.т урьдчилан мэдэгдээгүй, дотоод хяналт шалтгалт явуулсан баримт байхгүй, хурлаар хэлэлцүүлэхгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан нь буруу гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Б.ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил гаргасан” гаргасан, уг зөрчлийг .............захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсанаас хойш сахилгын шийтгэл ногдуулаагүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн .............алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин .............захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй гэдэг үндэслэлийг шалгаж тогтоогоогүй гэх нэхэмжлэгч талын үндэслэлийг хариуцагч тал няцаагаагүй, энэ талаар нотлох баримтыг хэн аль тал нь шүүхэд гаргаагүй, зохигчид маргаагүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлийн аль нэг нотлогдон тогтоогдоход хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах эрх үүснэ.
.............захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаартай тушаалаар сахилгын шийтгэлийг хүлээлгэснээс хойш 1 жилийн хугацааны дотор буюу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад ажил тасалсан “ноцтой зөрчил” гаргаж, давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус үйлдвэрийн захирлын Б/62 дугаартай тушаал гарчээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.Б.ийн шүүхэд гаргасан .............алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгож, .............алтны үйлдвэрийн ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Ажлаас үндэслэлгүй халагдсан” гэх үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэгч Ч.Б. нь ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд эрхэлж байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 23,058,942 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хууль зүйн үр дагаврууд үүсэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Шүүх, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ханшар овогт Чойжилсүрэнгийн Бямбазоригийн хариуцагч .............алтны үйлдвэрт холбогдох тус үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгож, ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН