Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0693

 

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0693

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б***** *********

Хариуцагч: Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл,

Гуравдагч этгээд: Н.Т** нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б***** , түүний өмгөөлөгч О.А**** , гуравдагч этгээд Н.Т** , түүний өмгөөлөгч С.Ч******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. 2021 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад Б.Б***** оролцож 1 дүгээр байрт шалгарсан.

1.2. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Б***** нь уг албан тушаалд томилогдохоос татгалзах хүсэлтээ гаргасан.

1.3. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яамны дэргэдэх Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлөөс 72 дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтын 2 дугаар байрт шалгарсан Н.Т** ыг томилуулахаар дэвшүүлжээ.

1.4. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.Б***** эс өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгаа тухайгаа болон Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томлогдон ажиллах хүсэлтэй байгаагаа тус тус илэрхийлж хүсэлт гаргасан.

1.5. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11/171 дүгээр албан бичгээр ... 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Иймд өмнө өгсөн өргөдлөөсөө татгалзах тухай өргөдлийг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгсөн байна.

1.6. Б.Б***** эс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан Б.Б***** нэрийг дэвшүүлж, санал болгоогүй Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд даалгах, Н.Т** ыг нэр дэвшүүлж, санал болгосон Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч Б.Б***** эс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Б.Б***** миний бие 2008 оноос Татварын албанд, 2019 оноос хойш Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалыг гүйцэтгэж байгаа бөгөөд татварын улсын байцаагчаар 9 жил, ахлах байцаагчаар 3 жил ажиллаж байна.

Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Татварын ерөнхий газрын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд миний бие уг сонгон шалгаруулалтад оролцож 123.75 оноогоор 1 дүгээр байрт шалгарсан.

Татварын ерөнхий газрын удирдлагын зүгээс өөр албан тушаалд дэвшүүлэн
томилох учир сонгон шалгаруулалтаас татгалзах талаар тавьсан шаардлагын
улмаас миний бие аргагүй сонгон шалгаруулалтын дүнгээс татгалзах өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хэдий ч Татварын ерөнхий газрын зүгээс өөр албан тушаалд шатлан дэвшүүлээгүй учир өмнө өгсөн өргөдлөөс татгалзаж, сонгон шалгаруулалтын дүнгээр Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар өргөдөл гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11/171 дугаар албан бичгээр хариу ирүүлэхдээ өмнө ирүүлсэн өргөдлийг үндэслэн салбар зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн" гэх агуулгаар миний өргөдлийг хүлээн аваагүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 7.2-т Зөвлөл, Салбар зевлел нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж заасны дагуу сонгон шалгаруулалтад тухайн албан тушаалд нэгээр шалгарсан Б.Б***** миний нэрийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгох ёстой байтал 2-т шалгарсан Н.Т** ын нэрийг дэвшүүлж, санал болгосон Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаа нь хуульд нийцэхгүй байна.

Энэ нь дээрх хууль, журмыг зөрчсөнөөс гадна төрийн жинхэнэ албан хаагч
миний Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д "ажил
мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах...", Төрийн
албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д "Монгол Улсын иргэн төрийн алба
хаах адил тэгш боломжоор хангагдах", 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд
иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах" зарчим болон
шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан албан тушаалд нэр дэвших, улмаар
томилогдох эрх зөрчигдөж байна.

11 дүгээр сарын 25-ны өдөр шалгалтын дүнг танилцуулсан. 12 дугаар сарын 02-ны өдөр Татварын ерөнхий газрын удирдлагаас дуудсан. Дуудаж уулзахдаа дээрээс шахалт, дарамт ирж байна, тийм учраас албан тушаалаа өгчих, чамайг одоо байгаа албан тушаалаас чинь дээшлүүлж, Татварын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулъя гэдэг саналыг тавьсан бөгөөд тэр дор нь миний өргөдлийг бичүүлж авсан. Ингээд миний асуудлыг шийдвэрлэхгүй байсаар байсан бөгөөд удаа дараа удирдлагуудад яах талаараа хандаж байсан. Асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар 12 дугаар сарын 20 хавьцаа дараагийн албан тушаалд дахин сонгон шалгаруулалтад оролцоно гэж хэлж байсан. Намайг хууран мэхэлж, хөсөр хаясан. Нэг ёсондоо би хэдэн хүмүүсийн тоглоом болоод орхигдож, хаягдсан. Эхлээд төрийн албаны салбар зөвлөлд хандсан бөгөөд ингээд шүүхэд хандаад явж байна.

Иймд удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан Б.Б***** нэрийг дэвшүүлж, санал болгоогүй Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд даалгаж, Н.Т** ыг нэр дэвшүүлж, санал болгосон Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А**** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Төрийн албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хориглох зүйлийг Төрийн албан тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бөгөөд нэхэмжлэгч нь тус хуулийн 31.2-т заасан хориглосон үйл ажиллагааг удирдлагын зүгээс зөрчиж, албан тушаалаасаа татгалз гэж шахсан гэх тайлбар, байр сууриар нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа. Хууль зүйн дүгнэлтийн үүднээс Төрийн албаны салбар зөвлөл өөрөө аливаа төрийн албан хаагчийг албан тушаалт томилох, албан тушаалд томилохоос татгалзах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий субъект биш юм. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэж заасан. Чадахуйн зарчмын талаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан байдаг. Энэхүү чадахуйн зарчимд суурилсан үнэлгээг салбар зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтын комисс нэгдсэн үнэлгээгээр гаргаж ирсэн байдаг. Өнөөдрийн байдлаар нэгдсэн үнэлгээ хүчин төгөлдөр, ямар нэг байдлаар гомдол гаргасан асуудал байхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг хуульчилсан. 26.1 Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэж заасан. Эдгээр заалтууд нь Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөл гэх байгууллагуудын үйл ажиллагаандаа баримтлах зарчмууд байдаг. 27 дугаар зүйлийн 27.1.4-д зааснаар сонгон шалгаруулалт явагдсан. 27.3 Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно гэж заасан. Төрийн албаны салбар зөвлөлийн үүрэг нь тухайн шалгалтаар нэгт орсон иргэнийг томилуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

Томилох эрх бүхий этгээд өөрөө тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой. Ойлголтын хувьд зөрүүтэй ойлголт байгаад байна. Онооноосоо татгалзсан гэсэн ойлголт харагдаж байгаа ч онооноосоо татгалзах ойлголт хууль зүйн хүрээнд ч тэр бодит байдлын хувьд ч тэр байх боломжгүй зүйл. Албан тушаалаасаа татгалзаж байгаа. Албан тушаалд томилох асуудлыг зөвхөн тухайн байгууллагын томилох эрх бүхий субъект эдэлж байгаа эрх юм. Илт хууль бус захиргааны акт гарсан гэж үзэж байна. Салбар зөвлөл Б.Б***** таны албан тушаалаасаа татгалзаж байна гэсэн өргөдлийг энэ салбар зөвлөлөөс шийдэх эрхгүй, энэхүү өргөдлийг магадгүй төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журамд заасны дагуу Б.Б***** нэрийг дэвшүүлж, давхар өргөдлийг хавсаргах, томилох эрх бүхий албан тушаалтнаас тухайн өргөдөл, үндэслэлийг үзэж, томилохгүй байх асуудлыг нэг удаа гаргах хуулийн зохицуулалттай. Өөрийн шийдэх боломжгүй асуудлын хүрээнд хариуцагч байгууллага Б.Б***** нэрийг дэвшүүлээгүй нь хууль бус үйлдэл тул Б.Б***** шалгалтын оноо хүчинтэй байгаа. Нэгт орсон хүний нэрийг дэвшүүлж өгөх шаардлагаа дэмжиж байна. Мөн Төрийн албаны салбар зөвлөл өөрөө хоёрт орсон хүнийг нэрийг нь дэвшүүлсэн нь дээр дурдсан хууль, мөн төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам зааврын 7.2, Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам батлах тухай 59 дүгээр тогтоолын 3.5.4-д заасан журмуудыг зөрчиж гарсан байх тул хуульд нийцэхгүй байна гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

...Татварын албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлуулах тухай Татварын ерөнхий газрын дарга 2021 оны 01/2094 тоот албан бичгээр захиалгаа ирүүлсний дагуу тусгай шалгалтыг нийтэд нээлттэй зарлан 2021 онд зохион байгуулсан.

Иргэн Б.Б***** нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоог нөхөх шалгалтад бүртгүүлэн, улмаар тусгай шалгалтад орж 123,75 оноогоор нэгт жагссан боловч Б.Б***** энэ албан тушаалаасаа татгалзаж байгаа" тухай өргөдлөө 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн болно.

Тус яамны дэргэдэх салбар зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, Татварын албаны зарим удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайланг хэлэлцсэн. Мөн иргэн Б.Б***** эс ирүүлсэн өргөдлийг хуралдаанд танилцуулж, хэлэлцээд онооны дарааллаар хоёрт жагссан иргэн Н.Т** ыг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэхээр тогтоол гаргаж, Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.

Иргэн Б.Б***** 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яамны дэргэдэх салбар зөвлөлд дахин өргөдөл гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны едер гаргасан ергедлөөсөө татгалзсан. Тус салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Б.Б***** 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул хоёр дахь буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн өргөдлийг хүлээн авах боломжгүй тухай хариу хүргүүлсэн байна. гэжээ.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Гуравдагч этгээд Н.Т** аас шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 72 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй байгаа талаарх үндэслэл:

Нэхэмжлэгч Б.Б***** нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сангийн
яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд Чингэлтэй дүүргийн Татварын
хэлтсийн даргын албан тушаалаас өөрөө татгалзаж, Татварын ерөнхий газарт дэвшин ажиллах хүсэлт бүхий өргөдлийг гаргасан байх бөгөөд энэхүү өргөдлийг салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар хурлаар хэлэлцүүлж, баталсан 72 дугаар тогтоол нь холбогдох Терийн албаны тухай хууль болон бусад хууль, тогтоомжуудын ямар ч заалтыг зөрчөөгүй, хуульд нийцүүлэн гаргасан байна.

Тухайлбал, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу Б.Б***** бичгээр гаргасан өргөдлийг хүлээн авч, өөрийнх нь хүсэлтийн дагуу Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэн 2021 оны 72 дугаар тогтоолыг баталсан нь хууль зөрчөөгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 22.1, 37.1.2, 37.1.6, 37.1.14-д тус тус зааснаар Б.Б***** нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Татварын ерөнхий
газрын удирдлагын зүгээс өөр албан тушаалд дэвшүүлэн томилох учир удирдах
албан тушаалтны 51 сонгон шалгаруулалтаас татгалзах талаар тавьсан шаардлагын улмаас миний бие аргагүй сонгон шалгаруулалтын дүнгээс татгалзах
өргөдлийг гаргасан... гэж бичсэн байгаа нь хэрэв үнэн бол төрийн албан хаагч болох Б.Б***** нь дээд шатны албан тушаалтны хуульд нийцээгүй шаардлагыг биелүүлж, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх талаар заасан дээрх хуулийн заалтуудыг өөрөө зөрчсөн болохыг батлаж байх бөгөөд өөрийн буруутай хууль зөрчсөн үйл
ажиллагаагаа бусад байгууллага, этгээдэд хамааруулж нэхэмжлэл гаргаж буй нь
хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. 

Түүнчлэн Татварын ерөнхий газрын удирдлага, Б.Б***** нар нь албан
тушаалыг дураараа наймаалцаж, анх томилгоо хийхдээ Төрийн албаны тухай хууль, журмыг зерчиж сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон болон нэг бол энэ албан тушаалаас татгалзаж байна, дэвшиж ажиллана гэж өргөдөл өгөөд, эсхүл гаргасан ергедлийнх нь дагуу хэлэлцэж шийдвэрлэсэн байхад өргөдлөөсөө татгалзаж байна гэх мэтээр дураараа аашилж, төрийн байгууллагууд, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хүндрэл учруулан тоглоом наадам хийж, бусад төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны эрх ашгийг уландаа гэшгиж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг болон энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.4, 31.2, 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1-т тус тус заасныг зөрчиж, төрийн албан хаагч, албан тушаалтанд хуулиар хориглосон ноцтой зөрчлийг гаргасан байна.

Мөн энэ хуулийн 35.1-т "Энэ хуулийн 34.1, 35.2-т заасныг зөрчсөн төрийн
албан хаагчийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр
хална." гэж заасан тул үнэхээр Б.Б***** нэхэмжлэлдээ бичсэн нь үнэн бол өөрт нь болон хамтран хууль зөрчсөн албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцохоор байна.

Ийнхүү албан ёсоор бичгээр гаргасан Б.Б***** өөрийнх нь хүсэлтийн
дагуу хэлэлцэж, шийдвэрлэсэн энэхүү 72 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай
хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг
шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн ямар ч заалтыг зөрчөөгүй, хуульд нийцүүлэн гаргасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлгүй болно.

Хоёр. Татварын ерөнхий газрын дарга Б.З***** нь 2022 оны 1 сараас
хойш албан тушаалд томилох тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь Н.Т** миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж буй талаар:

Татварын ерөнхий газрын дарга Б.З*****, ТЗУГ-ын дарга Л.Н*****, ХНСХ-ын дарга С.О**** нар 2021 оны 12 сарын 30-ны өдөр ажил тарах үед дуудаж уулзахдаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд чамайг томилох тухай салбар зөвлөлийн тогтоол гарсан. Б.Б***** өөрөө Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалаас сайн дураар татгалзах хүсэлт гаргаж, Татварын ерөнхий газрын бодлогын газар, хэлтэст дэвшин ажиллах
тухай өргөдлөө Сангийн яамны салбар зөвлөлд албан ёсоор бичгээр өгсөн тул
салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж, чамайг нэр дэвшүүлж томилох тогтоол
гарсан. Иймд Авлигатай тэмцэх газар болон дүүргийн Засаг даргад ашиг
сонирхолын зөрчлийн дүгнэлт гаргуулах, зөвшилцөх албан бичгүүдийг
хүргүүлнэ. Хариу ирэнгүүт чамайг албан тушаалд томилох тушаал гарна. гэж
хэлсэн юм.

Мөн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичгийн дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн Н.Т** намайг хувийн ашиг сонирхолын зөрчилгүй тухай дүгнэлтийг тус газрын 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 05/111 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл олон сараар чирэгдүүлж, тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйгээрээ Н.Т** миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн
албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай" журамд
зааснаар удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсанаас хойш 7 хоногийн дотор төрийн албан хаагчийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зөвлөл сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар олон нийтэд мэдээлэхээр заасан. Хэрэв сул орон тоог нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах бөгөөд сонгон шалгаруулалтын захиалгыг 21-с илүүгүй хоногт Төрийн албаны зөвлөлд ирүүлж, энэхүү шийдвэр хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл сул орон тоог нөхөх зарыг ажлын 10-с доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлөөс нийтэд гаргахаар тус тус заасан болно.

Гэтэл 2019 онд Б.Б***** томилохдоо сул орон тоо гарсан талаар нийтэд нээлттэй мэдээлээгүй, сонгон шалгаруулалт хийлгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр томилсноос хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль, журмыг зөрчсөн.
Түүнчлэн Татварын ерөнхий газрын удирдлагаас удирдах албан тушаалын
сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа тухай мэдээллийг 3 сараас 1 жилийн өмнөөс хууль зерчиж, сонгон шалгаруулалт хийлгүй шууд томилсон албан тушаалтнууддаа тусгайлан егч, уг шалгалтад эртнээс бэлдүүлсэн байсан бөгөөд татварын албаны бусад байцаагчдаас энэхүү мэдээллийг нууцалсан байв. Эдгээр шууд томилогдсон албан тушаалтнууд нь олон сарын өмнөөс багш хүртэл авч шалгалтад урьдчилан бэлтгэсэн байсан бөгөөд шалгалтын талаарх бүх нарийвчилсан мэдээллийг нэмэлтээр өгч, бүртгүүлэх бичиг баримтуудыг ч эртнээс бэлдүүлсэн байсан юм.

Ийм байдлаар эртнээс хууль зөрчин албан тушаалд томилсон этгээдүүдээ
урьдчилж мэдээлэл өгч, татварын албаны бусад албан хаагчдад адил тэгш мэдээлэл өгөөгүй нууцалснаар өрсөлдөгч орох боломжгүй болгож, хэт шударга бус зохион байгуулалттайгаар, холбогдох хууль, журмыг зөрчиж явуулсан.

Хэрэв Татварын ерөнхий газрын удирдлага Төрийн албаны тухай хууль болон "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай" журамд заасан хугацааг баримталж, хууль, журамд нийцүүлэн сул орон тоо гарсан тухай бүр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бол мэдлэг, чадвартай, мэргэшсэн, энэ хуульд заасан нийтлэг болон тусгай бүх шаардлагыг бүрэн хангасан олон албан хаагч эдгээр албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан.

Гурав. Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Татварын ерөнхий хуулийн 77.5-
д заасны дагуу зөвшилцөх бичгийн хариуг өгөөгүй, өөрт нь гаргасан өргөдөлд
мөн хариу өгөөгүй болон Засаг даргын орлогч Д.О*****р гэгчийн албан бичиг хууль зөрчсөн, илт хууль бус болох тухай:

Чингэлтэй дүүрийн Засаг дарга Н.Б****** ******** нь Татварын ерөнхий хуулийн 77.5-д заасны дагуу Татварын ерөнхий газраас хүргүүлсэн зөвшилцөх албан бичгийн хариуг өөрийн нэр, гарын үсэгтэйгээр хуульд нийцүүлсэн байдлаар өгөөгүй бөгөөд Татварын ерөнхий хуульд тусгайлан заагаагүй этгээд болох Засаг даргын дэд бүтэц, төлөвлөлт хариуцсан орлогч Д.Ор**** ****** гэгч нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад илтэд давуу байдал олгон, өөрийнх нь эрх хэмжээнд хамраарахгүй, зөвхөн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудлаар дур мэдэн өөрийн нэр, гарын үсэгтэйгээр 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 2/1870 тоот хууль зөрчсөн, илт хууль бус албан бичгийг Татварын ерөнхий газарт ирүүлсэн байв.

Иймд Чингэлтэй дүүрийн Засаг дарга Н.Б****** д хандаж өргөдөл гаргасан боловч мөн л дээрх зөрчил дахин давтагдаж, засаг даргад нэр зааж гаргасан өргөдөлд Д.Ор**** гэгч хариу ирүүлсэн бөгөөд Н.Б****** д нэр зааж гаргасан өргөдөл тул энэ хүнээс өөрөөс нь хуулийн дагуу хариу авах хүсэлтийг дахин гаргасан боловч хариу өгөөгүй, удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг
сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн 77.5, мен Иргэдээс төрийн байгууллага
албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 1тус тус заасныг зерчин, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад илтэд давуу байдал олгон, бусад этгээдүүд болон Б.Б***** тэй үгсэн хуйвалдах замаар өөрийн эрх хэмжээний асуудлаарх албан бичиг болон өөрт нь хандаж гаргасан ергеделд өнөөдрийг хүртэл хуулийн дагуу хариу өгөхгүй, хууль зөрчиж ирсэн эдгээр албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас хэрэг үүсгэн одоо шалгаж байгаа болно.

Дөрөв. Төрийн албаны зөвлөл нь тус байгууллагын хуулиар хүлээсэн эрх
хэмжээнд хамаарах асуудлаар гаргасан гомдлыг шалгаж шийдвэрлэхгүй, хууль
зөрчиж ирсэн эс үйлдэхүй нь Н.Т** миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг
зөрчиж буй талаар:

Н.Т** би 2021 оны 11 сард Төрийн албаны зевлелийн сайтад тавигдсан
Сангийн яамны салбар зөвлөлийн захиалгаар Татварын ерөнхий газрын удирдах
ажилтан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн дарга/-ын сул орон тоог нехех
нээлттэй сонгон шалгаруулалт явуулах зарын дагуу бүртгүүлж, сорил шалгалтуудыг егч, албан тушаалд хамаарах хууль, эрхзүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар гэсэн 4 шалгалтын нийлбэр дүнгээр шалгалт өгсөн нийт 76 албан хаагчаас хамгийн ендер оноог авсан ба энэхүү сорил шалгалтуудын оноо болон сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үнэлгээний нийлбэр дүн нийт 104 оноогоор 1-р байрт жагссан дүнг Төрийн албаны зөвлөлийн сайтад олон нийтэд нээлттэйгээр тавигдсан юм

Гэсэн хэдий ч ярилцлагын дүн болон сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны
үнэлгээний оноог бууруулж, шалгалтын комиссоос холбогдох хууль, журмыг зөрчин, зассан дүнгээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд өрсөлдсөн хүмүүсээс 2-т орсон дүнг комисс гаргасан тул Сангийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл, Татварын ерөнхий газрын удирдлагын хууль бус үйлдэлүүд болон оноог үндэслэлгүйгээр засаж бууруулсан зөрчлийг шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Учир нь удирдах албан тушаалтын сул орон тоог нөхөх энэхүү тусгай шалгалт нь хуулийн хүрээнд явагдаагүй, сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үнэлгээг шөнөөр засаж, бууруулсныг, мөн ярилцлагын оноог үндэслэлгүй бууруулсан нь сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдсөн Н.Т** миний хууль ёсны эрхийг зөрчиж, холбогдох хууль, журамд заасны дагуу явагдаагүй тул сонгон шалгаруулалтын үед гарсан зөрчлүүд, шалгалтын комиссын гишүүдийн ашиг сонирхолын зөрчил, Татварын ерөнхий газрын удирдлагын хууль зөрчиж буй үйлдлүүд зэрэг холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан нийт 9 зөрчлийг шалгуулж, хууль бус үйлдлийг тогтоолгох, цаашид татварын албаны мэдлэг, чадвартай олон албан хаагчид шалгаруулалтад адил тэгш эрхтэйгээр оролцож, шударгаар өрсөлдөх боломжийг нээж өгөх зорилгоор болон өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль, журамд нийцүүлэн албан тушаалд томилох шийдвэр гаргуулахаар 2021 оны 11-р сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан болно.

Иргэдээс терийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг
шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3-т тус заасан хуулийн зохицуулалт хэрэгжиж байна.

Гэтэл Сангийн яамны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон
шалгаруулалт, шалгалтын хууль бус үйлдлийг шалгуулахаар дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд ийнхүү гаргасан гомдлыг шалгалгүй, гомдол гаргаж шалгуулах хүсэлт гаргасан Сангийн яамны салбар зөвлөлд хүргүүлж, дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн байсан бөгөөд гомдолд хавсаргасан нотлох баримтуудыг хамт өгөлгүй сугалж авч үлдсэн байв.

Мөн Сангийн яамны салбар зөвлөлөөс хариу ирүүлэхдээ гомдолд дурдсан 9
зөрчлийг бүрэн шалгаагүй, зарим асуудлыг Төрийн албаны зөвлөлийн нэвтрүүлсэн
програмтай хамааралтай асуудал манайд хамааралгүй, манай салбар зөвлөлтэй
хамааралгүй Татварын ерөнхий газрын асуудал байна... гэх мэтээр хариу өгсөн болон зарим зөрчлийн талаар огт дурдалгүй, шалгалгүй орхиж, өөрсдийн гаргасан шийдвэрээ хамгаалсан хариу өгсөн.

Иймд Төрийн албаны зөвлөлийн удирдлагын зүгээс анх гомдлыг шалгуулахаар хувиарласан ахлах Ц******* гэх албан тушаалтантай уулзаж, гаргасан гомдлыг яагаад шалгаж шийдвэрлэхгүй байгаа талаар болон ямар учраас гомдол гаргасан салбар зөвлөлд хууль зөрчиж гомдлыг хүргүүлсэн, хавсаргасан нотлох баримтыг яагаад сугалж авч үлдсэн талаар тодруулахаар олон удаа ажлын байранд нь очсон боловч гадуур ажилтай, эсхүл чөлөөтэй, ажил явдал гарсан тул хөдөө явсан... зэрэг шалтгаантай олон хоногоор хүлээлгэж, ажлын байрандаа байхгүй байсан тул 2022 оны 2-р сарын 21-ний өдөр ажилдаа ирсэн үед нь уулзахад хавсаргасан нотлох баримтуудыг явуулах шаардлагагүй, шалгалттай холбоотой мэдээлэл угаасаа байгаа, хариуг түүгээрээ өг гээд явуулсан, зөвхен шалгалттай холбоотой асуудлаа л би хариуцна, надтай хамааралгүй манай маргаан шийдвэрлэх газартай хамааралтай асуудал байсан учир хавсаргаж явуулаагүй. гэх зэргээр тус зөвлөлийн дотроо зохион байгуулах ажлыг хүртэл өөртөө хамааралгүй асуудал, өөр өөр газрууд учир тус тусдаа шийдэх ёстой... гэх мэтээр тайлбар хэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Төрийн албаны зөвлөлд дахин 2 удаа өргөдөл, гомдол гаргасан боловч мөн шалгаж, шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүй нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн бөгөөд удаа дараа үндэслэлгүй хариу өгснийг Н.Т** би хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Учир нь шалгуулахаар гомдол гаргасан ганцхан зөрчлийг жишээ болгон дурдвал ЗГХЭГ-ын даргын 2019 оны 47 дугаар тушаал, 2020 оны 100 дугаар тогтоолыг зөрчсөн буюу Н.Т** миний 2019 2020 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 2-лаа "А" үнэлгээтэй байхад сайтар шалгаж, нягтлалгүйгээр Төрийн албаны сайтад тавигдсан оноог шөнөөр засаж, бууруулсан нь үндэслэлгүй болохыг Төрийн албаны зевлел шалгаж тогтоож өгөөгүй.

ЗГХЭГ-ын даргын 2019 оны 47 дугаар тушаалаар баталсан Төрийн
жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх
журам болон 10 дугаар хавсралтад заасанчлан хангалтгүй" гүйцэтгэсэн ажил нэг ч
байхгүй тул 2019 оны ажлын гүйцэтгэлийг 90 оноогоор А үнэлгээтэй дүгнэсэн байхад емне сайтад оруулсан байсан 30 оноог бууруулж зассан нь үндэслэлгүй юм.

Мен ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тогтоолын 9 дүгээр
хавсралтад заасан аргачлалд "Журмын 4.3-т заасны дагуу Нэгжийн дарга албан
хаагчийн гүйцэтгэлийн айланг хянаж "А буюу Маш сайн", "В буюу Сайн, С буюу Хангалттай", "D буюу Сайжруулах шаардлагатай, F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна. Үнэлгээг онооны харьцаагаар тодорхойлбол:

90-100 оноотой бол А буюу Маш сайн гэсэн үнэлгээ

80-89 оноотой бол "В буюу Сайн" гэсэн үнэлгээ

70-79 оноотой бол "С буюу Хангалттай" гэсэн үнэлгээ

60-69 оноотой бол "D буюу Сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ

59 онооноос доош бол "F буюу Хангалтгүй" гэсэн үнэлгээгээр үнэлнэ." гэж
заасан тул 2020 оны "А" буюу 90 оноотой дүгнэгдсэн үнэлгээг бууруулах үндэслэлгүй байсан болно.

Хэрэв дээрх ганцхан зөрчлийг авч үзэхэд л ийм шударга бус байдлаар
үндэслэлгүйгээр хууль, журам, тушаал, аргачлалыг зерчин 6 оноог хасаж, бууруулаагүй бол шударгаар өрсөлдсөн Н.Т** би бодит байдал дээр хамгийн өндөр оноог авсан тул 1-т жагссан дүн гарах байсан.

Тав. Миний бие Н.Т** нь Терийн албаны тухай хуульд заасан чадахуйн зарчмын дагуух бүх шаардлагыг бүрэн хангасан, ажлын туршлага, мэдлэг, боловсрол, мэргэшсэн байдал, татварын албанд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа... гэх мэт бүх шаардлагаар нэхэмжлэгчээс илт давуу гэж үзэж байна. Тухайлбал, Татварын албанд тасралтгүй 21 дэх жилдээ А үнэлгээтэй ажиллаж байгаа бөгөөд татварын албанд ажиллах хугацаанд хэрэгжүүлсэн зарим ажил, ажлын туршлагаас дурдвал:

- 2004-2008 онд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасагт нууцын зэрэглэл бүхий програм хариуцан татварын улсын байцаагчаар ажиллах хугацаандаа татвар татварын албаны мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, татвар төлөгчийн хөндлөнгийн мэдээлэл цуглуулалт, ашиглалтанд хяналт тавих асуудлаар олон санал, санаачлага гаран, шинээр маягт батлуулж, програмын хөгжүүлэлт хийн ажилласнаар хөндлөнгийн мэдээллийн цуглуулалт ашиглалтын ажлын чанар, урсгалд ихээхэн ахиц гаргасан. Тухайлбал, 2004 онд Хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, түүнийг татварын хяналт шалгалтанд ашиглах" чиглэлээр татварын хяналт шалгалтын ажлын сүүлийн 5 жилийн нэгтгэсэн судалгааг хийж, хөндлөнгийн мэдээллийн урсгалыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх санал боловсруулан дүгнэлт гаргаж, нийт татварын албадын хэмжээнд илтгэл тавьсан нь Үндэсний татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газрын удирдлагуудаас өндөр үнэлэлт авч, гаргасан саналуудыг нийслэлийн татварын албадын хэмжээнд нэвтрүүлж байсан юм.

- 2008 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын сургуулийн "Удирдахуйн ухааны магистр"-ын зэргийг Хөндлөнгийн мэдээлэл ашиглан татварын хяналт шалгалтын үр нөлөөг сайжруулах нь" сэдвээр онц дүнтэй хамгаалж, татварын хяналт шалгалтын ажлын үр нөлөөг сайжруулахад чиглэсэн татварын албаны үйл ажиллагаанд шууд авч хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй арга, саналуудыг боловсруулж, нийслэлийн татварын газар болон дүүргүүдийн татварын хэлтсүүдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн.

- 2009-2013 оны 5 сар хүртлэх хугацаанд Татварын ерөнхий газрын Татварын
удирдлага, олон улсын татварын газарт хяналт шинжилгээ үнэлгээ, татварын хуулийн бодлого хариуцаж "Үндэсний татварын албаны хөгжлийн дунд хугацааны
зорилтот хөтөлбөр": Үндэсний татварын албаны хөгжлийн дунд хугацааны
зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх Инновацийн дэд хөтөлбөр, бууруулах чиглэлээр Далд ЭЗ-ийг Үндэсний татварын албанаас хэрэгжүүлэх үйл
ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг татварын албаны
хэмжээнд анхлан боловсруулж батлуулан, Татварын ерөнхий газарт хэрэгжүүлж
ажилласан юм.

- Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Бэлэн ба бэлэх бус төлбөр тооцоог бүртгэж, иргэдийг урамшуулах тухай шинэ хуулийн төслийн санал, танилцуулга, үзэл баримтлалын төслийг боловсруулан холбогдох судалгаа, тооцоог хийж, Сангийн яам болон дээд шатны удирдлагуудад тухай бүр хүргүүлэн, Төсвийн байнгын хороо, намуудын бүлгийн хурал, УИХ-аар хэлэлцүүлэхэд удирдлагын хамт оролцож, мэдээллээр ханган хамтарч ажилласан бөгөөд татварын албаны үйл ажиллагааны үндсэн чиглэл, гүйцэтгэлийн стандарт, шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтийг тооцох, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх болон татварын хуулийг хэрэгжүүлэх 10 гаруй дүрэм, журам, заавар, маягт боловсруулж батлуулсан.

- НӨАТ-ын тухай хуульд оршин суугч бус этгээдийн борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулан, суутган авч төсөвт төлөхөөр зохицуулсан боловч татвар төлөгчдийн зүгээс зөвшөөрөхгүй, байнга маргаан гаргаж, албан татвар төлөхгүй байсан тул энэхүү асуудлыг 3 шатны шүүхээр хэлэлцүүлэхэд хариуцагчаар оролцон 2012 онд Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл жил бүр олон зуун тэрбум төгрөгийн албан татварыг оршин суугч бус этгээдээс суутган авч, улсын төсөвт их хэмжээний НӨАТ-ын орлогыг төвлөрүүлэх боломжийг бүрдүүлсэн.

- 2013-2015 онд Татварын ерөнхий газрын харъяа Улсын төсвийн орлого,
хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Нэмэгдсэн өртгийн албан татварын
буцаан олголтын хяналт шалгалтын хэсэгт ажиллах хугацаандаа татвар
төлөгчдийн зүгээс үндэслэлгүйгээр илүү төлөлтөөр тайлагнасан ногдуулалт,
төлөлтийг хянаж, хуульд нийцүүлээгүй тайлагнасан нийт 100 гаруй тэрбум
төгрөгийн илүү төлөлтийг бууруулснаар улсын төсөвт төвлөрсөн их хэмжээний
орлогыг буцааж олгохоос сэргийлсэн юм.

- Түүнчлэн Ж олон улсын байгууллага болон Татварын ерөнхий газар
хамтран татварын албаны чадавхийг бэхжүүлэх төслийг 3 жилийн хугацаанд
хэрэгжүүлж, олон улсын татварын чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудыг жилд 2-3 удаа Монгол улс болон Япон улсад зохион байгуулсан ба Н.Т** би энэхүү сургалтын анхан шатнаас гунзгий шат хүртэлх бүх сургалтад хамрагдан олон улсын татварын чиглэлээр мэргэшиж, сургалтаас олж авсан мэдлэг, олон улсын татварын хяналт шалгалтыг хэрхэн хийх талаар зөвлөхүүд, сургагч багш нараас өгсөн зөвлөмжийг ОТй ХХК-ийн менежментийн үйлчилгээ болон санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийг дангаараа хариуцаж гүйцэтгэсэн компанийн татварын хяналт шалгалтад анх хэрэгжүүлж ажилласнаар татварын албаны түүхэнд байгаагүй онц их хэмжээний татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлэн дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн болно.

- 2016-2019 онд Татварын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвд багшаар ажиллах хугацаандаа УТОХГ, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн татварын хяналт шалгалтын болон орлогын хэлтэс, тасгийн татварын улсын/ахлах/ байцаагчдад мэргэшүүлэх сургалтыг хийж, татварын хуулийн маргаантай, хоёрдмол утгатай зүйл заалт, татварын хяналт шалгалт, татварын өр барагдуулалт, орлого бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудаар хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийт татварын улсын/ахлах/ байцаагчдаас санал авч, нэгтгэн ТЕГ-ын бодлогын газрууд болон холбогдох удирдлагуудад тухай бүр хүргүүлж ажилласан. Мөн татварын хяналт шалгалтын болон орлогын хэлтэс, тасгийн татварын улсын/ахлах/ байцаагчидын ажлын чиг үүргийн дагуу бие даалтын болон судалгааны ажил бичүүлж, татварын улсын/ахлах байцаагчдыг нэгтгэсэн судалгаа, шинжилгээ хийх, санал, дүгнэлт гаргах, судалгааны арга зүйг эзэмшүүлэхэд анхаарч ажилласан.

- Н.Т** би МУИС-ийн дипломын дараах сургалтад хамрагдаж, судалгааны ажил бичиж хамгаалан, "Их, дээд сургуульд багшлах эрх-ийг 2017 онд авсан бөгөөд татварын улсын/ахлах байцаагч нарт болон бусад ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэхээс гадна татвар төлөгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийг таниулах, сурталчлах чиглэлээр олон удаагийн сургалтыг хийсэн. Тухайлбал: Нийслэл, дүүргийн татварын улсын байцаагчдын Мэргэшүүлэх сургалт-ыг жил бүр зохион байгуулахад нийт 1500/давхардсан тоогоор/ гаруй татварын улсын байцаагчид хичээл заасан. Хөдөө орон нутагт 5 аймгийн Татварын хэлтсийн 200 гаруй татварын улсын байцаагчид 2-7 хоногийн хугацаанд сургалт хийсэн ба албан тушаал шилжих, сэлгэж буй татварын улсын байцаагч, албан хаагчдад зориулсан 3 удаагийн сургалтаар нийт 150 гаруй албан хаагчид, хураагч нарт 5 удаа зохион байгуулсан "Чиглүүлэх сургалт-д 400 гаруй хураагчид хичээл заасан болно. Мөн Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалтыг 6 удаа зохион байгуулахад нийт 520 хураагчид хичээл заасан бол татвар төлөгчдийн захиалгат сургалтад 8 удаа оролцож, 350 гаруй татвар төлөгчийг сургалтад хамруулж, татварын хуулиуд, холбогдох дүрэм, заавар, журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр хичээл заасан байна.

- Түүнчлэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн багшийн ажлыг үнэлэх, урамшуулах тухай журам болон нийт татварын албадын татварын
улсын/ахлах/ байцаагчдад хийх Мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, Орон нутгийн
татварын албадын мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, Чиглүүлэх сургалтын
хөтөлбөр-ийг тус тус боловсруулж батлуулан, хариуцсан ажлын хуваарын дагуу
татварын хяналт шалгалтын чиглэл, ТЕХ, НӨАТ-ын тухай хууль, Ашигт малтмалын
тухай хууль, Олон улсын татвар, НББ-ийн хичээлийг хариуцаж, тухай бүр батлагдсан сургалтын хөтөлбөр, хичээлийн сэдвийн дагуу хичээл, гарын авлага бэлтгэх, тест, дасгал, бодлогуудыг боловсруулж, нэгдсэн сан, цахим сургалтын системд байршуулж, тус Сургалтын төвийг бүтэцийн өөрчлөлтөөр татан буулгах хүртэл 2019 оныг дуусталх хугацаанд ажилласан. 2020 оны эхнээс Татварын ерөнхий газрын ХХХГ-т томилогдон ажиллаж байгаа бөгөөд НӨАТ-ын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилт болон татвар төлөгч ААН, иргэн, татварын албадаас ирүүлсэн хуулийн тодруулга, чиглэл, зөвлөгөө хүссэн албан бичиг, гаргасан өргөдөл, гомдлыг тухай бүр хянан шийдвэрлэн хариу өгч, татвар телегчид болон татварын албадын албан хаагчдад хууль, эрх зүйн зөвлөгөө, арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлж, НӨАТ-ын тухай хууль,
тогтоомжийн хэрэгжилтийг хангах явцад гарч буй зөрчил маргаантай зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, боловсронгуй болгох, хийдэл, давхардлыг арилгах зорилгоор НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн саналыг судалгаа, бодиткэйсүүдэд тулгуурлан боловсруулж, холбогдох бодлогын газарт хүргүүлсэн ба Ковид-19 цар тахлын үед дэлхийн улс орнуудад НӨАТ болон бусад татварын чиглэлээр авчхэрэгжүүлж байгаа олон улсын туршлагын талаар судлаж, дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэн удирдлагад хүргүүлж, НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, ажиллаж байна.

Боловсрол эзэмшсэн болон мэргэшсэн байдлын талаар товч дурьдвал, зөвхөн үндсэн ажилд хамаарах чиглэлээр төгссөн их, дээд сургууль гэхэд Мандах бүртгэл их сургуулийг нягтлан бодогчоор, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагчаар бакалаврын зэрэгтэй тус тус онц дүнтэй төгссөн, Удирдлагын академд онц дүнтэй суралцаж, удирдахуйн ухааны магистр зэрэг хамгаалсан, мэргэжлийн чиглэлээр бүх эрхийг авсан буюу Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, Баталгаажуулах эрх бүхий аудиторын эрхтэй, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, Татварын зөвлөх цол, Их дээд сургуульд багшлах эрх авсан, АНУ, Япон, Франц, БНСУ, БНХАУ зэрэг гадаадын улс орнуудад татварын бүх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, дотооддоо ч дээшлүүлсэн юм. 

Мөн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг
бүрэн хангасан, хариуцсан ажилдаа эзэн нь болж, татварын албанд чин шударгаар 20 гаран жил ажиллаж байгаа мэргэшсэн төрийн албан хаагч билээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б***** гаргасан шаардлага нь
хуульд нийцээгүй, үндэслэлгүй, илт хууль бус болох нь тодорхой байх тул
нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Н.Т** миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан, Чингэлтэй дүүргийн Татварын хэлстийн даргын албан тушаалд томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгаж, хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Ч******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч онооноосоо татгалзсан болохоос албан тушаалаасаа татгалзаагүй гэж хэлж байна. Өргөдлийг шийдвэрлэх эрх хэмжээгүй гэж байна. Тэгж тайлбарлаж байгаа юм бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулах бөгөөд 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэг үндэслэлээр маргах ёстой байсан юм биш үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн гол үндэслэлдээ миний гаргасан ганц алдаа бол итгээд өргөдлөө өгсөн гэж байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар та удирдлагын хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх үүрэгтэй. Хууль мэдээгүйгээсээ ийм асуудалд орсон гэж хэлж байна. Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Өөрт байгаа холбогдох баримтуудаа гаргаж өгөөгүй, эх сурвалжаа зааж өгөөгүй бол тэр нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар хуралдааны тэмдэглэлтэй ямар нэг байдлаар маргаагүй. Сонгон шалгаруулалт зохион байгуулсны дараа Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 7.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б***** Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргад нэр дэвшүүлэх гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө тухайн албан тушаалын сул орон тоонд ажиллахаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр татгалзсан. Тухайн асуудлыг Төрийн албаны салбар зөвлөл тус журмын 3.2.1, 3.3, 7.4, Төрийн албаны тухай хуулийн 27.3-д заасны дагуу 6 дугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээд, тэмдэглэл гаргасан. Онооны дарааллаар хоёрт жагсаж байсан Н.Т** ыг нэр дэвшүүлж, маргаан бүхий 72 дугаар тогтоол гарсан. Энэ нь мөн Төрийн албаны зөвлөлийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 3.5.4, 4.2.3, 5.7 дахь заалт болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг зөрчөөгүй. Иймд үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм. Хэрэгт авагдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын нотлох баримт хүргүүлэх тухай гээд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/4036 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан албан бичигт 6 дугаар хуралдаан 72 дагуу тогтоол гарснаас хойш буюу 22-ны өдрөөс хойш 15 хоногийн дараа, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр та өмнө нь гаргасан өргөдлөөсөө татгалзсан. Үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж хүсэлтээ өгсөн, гарын үсгээ зурсан. Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэлдээ хавсаргасан Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д зааснаар тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж томилогдоно. Гэтэл Засаг даргын зөвшилцөөд ирээд байгаа хоёр албан бичиг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч н.Отгонбаатарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/1870, мөн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2/412 дугаар албан бичиг байдаг. Эдгээр албан бичгүүдэд гуравдагч этгээд гомдол гаргаж Авлигатай тэмцэх газарт шалгуулсан. Эдгээр албан бичгүүд хаанаас яаж гарсан болох мөн холбогдох асуудлын хүрээнд гараагүй шийдвэр юм. Нэхэмжлэгч Үндсэн хуульд заасан эрхээ өөрөө эдэлсэн. 72 дугаар тогтоол хууль зөрчөөгүй учраас эс үйлдэхүй байхгүй. Үүнийг хүчингүй болгох боломжгүй. Нэхэмжлэгчийн эрх ашиг огт хөндөгдөөгүй. Эсрэгээрээ Н.Т** ын эрх ашиг хөндөгдөж байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б***** эс Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан Удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан Б.Б***** нэрийг дэвшүүлж, санал болгоогүй Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд даалгах, Н.Т** ыг нэр дэвшүүлж, санал болгосон Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ, Татварын ерөнхий газрын удирдлагаас уулзаж өөр албан тушаалд дэвшүүлэн ажиллуулна гэсэн атлаа шийдвэрлээгүй тул сонгон шалгаруулалтын үр дүнгээр 2-т жагссан иргэнийг нэр дэвшүүлсэн нь хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

2. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг баримтлахаар, 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилох-оор тус тус заасан байх ба төрийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх журмыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын Долоо зүйлийн 7.2-т Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж журамлажээ.

2.1. Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад Б.Б***** нь 123,75 оноогоор 1 дүгээрт, Н.Т** нь 119.0 оноогоор 2 дугаарт жагссан байна.

2.2. Нэхэмжлэгч Б.Б***** эс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сонгон шалгаруулалтын дүнгээр 1 дүгээрт жагссан албан тушаалд томилогдохоос татгалзаж байгаа хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан, энэхүү хүсэлтээсээ татгалзаж байгаа хүсэлтээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн тухайдаа маргаагүй.

2.3. Энэ тохиолдолд Н.Т** ыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж, санал болгосон Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Учир нь дээр дурьдсан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим болон төрийн албан тушаалд сонгон шалгаруулж томилох хуулийн зохицуулалтаас үзвэл, төрийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх шийдвэр гаргах үндэслэл нь иргэнээс тухайн албан тушаалд ажиллахаар хүсэлт гаргасан, сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан, тухайн албан тушаалд томилогдон ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн байх урьдчилсан нөхцөлтэй байна.

2.4. Гэтэл нэхэмжлэгч Б.Б***** нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоосоо татгалзах хүсэл зоригоо нэр дэвшүүлэх эрх бүхий этгээдэд гаргасан тул Н.Т** ыг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гарсан, үүний дараа Б.Б***** эс өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд сүүлд илэрхийлсэн хүсэл зоригт үндэслэж, цаг хугацааны хувьд өмнө болсон бөгөөд журмаар тогтоосон процессын дагуу гарсан 72 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

2.5. Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын даргаас намайг өөр албан тушаалд дэвшүүлэн томилно гэсэн боловч томилоогүй гэж тайлбарлан маргах боловч уг тайлбарыг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүйн дээр, Татварын ерөнхий газрын дарга нь энэхүү амлалт нь хууль бус эсэх талаарх эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр гараагүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь энэхүү асуудлаар эрх бүхий этгээдэд гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсний үндсэн дээр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй.

3. Сангийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын үр дүнгээр Б.Б***** нь хамгийн өндөр оноо авсан нь төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох талаарх Төрийн албаны хуулийн үзэл баримтлалд нийцэхээр байх боловч Б.Б***** эс тухайн албан тушаалд томилогдохоос татгалзах хүсэл зоригоо нэгэнт илэрхийлсэн, маргаан бүхий 72 дугаар тогтоол гарах үед Б.Б***** өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзах эсэхийг хариуцагч мэдэх боломжгүй уг тогтоолыг хууль бус гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд сүүлд бий болсон үйл баримтаар өмнө болоод өнгөрсөн үйл баримтыг дүгнэх, гарсан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

4. Гуравдагч этгээдээс сонгон шалгаруулалтын дүнгээр Б.Б***** биш би нэгдүгээрт жагсах ёстой байсан, салбар зөвлөл цахим хуудсанд өмнө оруулсан дүнгээ өөрчилсөн тул Б.Б***** нэгдүгээрт жагссан нь хууль бус зэргээр тайлбарлан маргах боловч Н.Т** аас Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцэж, тус салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 11/7235 тоот албан бичгээр хариу өгсөн, гуравдагч этгээдээс сонгон шалгаруулалттай холбоотой бие даасан шаардлага гаргаагүй байх тул дээрх тайлбаруудад шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

Иймд Б.Б***** Удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан Б.Б***** нэрийг дэвшүүлж, санал болгоогүй Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд даалгах, Н.Т** ыг нэр дэвшүүлж, санал болгосон Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б***** эс Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргасан Удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан Б.Б***** нэрийг дэвшүүлж, санал болгоогүй Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд даалгах, Н.Т** ыг нэр дэвшүүлж, санал болгосон Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ