Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга              Б.Алтансүх

Улсын яллагч                                                           Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Гоо овогт Дашцэрэнгийн Шинэболдод холбогдох эрүүгийн 201710010132 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 1-16 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Гоо овогт Дашцэрэнгийн Шинэболд  /РД:ЕЕ89070611/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч Д.Шинэболд нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Норжай хүнсний дэлгүүрт хохирогч Н.Мөнхбатын Самсунг Жи 5 /Samsung J5/ маркийн гар утсаа мартаж гээгдүүлснийг олж хувьдаа  завшсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Шинэболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 18-ны шөнө найз Мөнхбаярын хамт Норжой дэлгүүрээс архи худалдаж авахаар 23 цаг өнгөрч байх үед орсон юм. Бид хоёр дэлгүүрт ороод 0.75 граммын Ерөөл нэртэй архи худалдаж авсан. Уг архийг худалдаж аваад би дэлгүүрт тооцоо хийгээд гарах үед кассан дээр сууж байсан эгч хойноос дуудаж миний дүү утсаа үлдээчихлээ гэж хэлэхээр нь кассан дээр буцаж очиход тавиур дээр нь нэг гар утас байсан. Би түүнийг нь аваад гарсан юм. Тэгээд би авсан архиа Мөнхбаяртай хувааж уучихаад нөгөө олсон гар утсаа тэр шөнөө найз Ууганбаярт үзүүлж би гар утас олсон чи худалдаж авах уу? гэж түүнээс асууж түүнд би 20.000 төгрөгөөр худалдсан юм. Самсунг Жи 5 маркийн гар утас байсан ба шаргал өнгийн гар утас байсан юм. Би уг гар утсыг согтуудаа найздаа зарсан байсныгаа буцаан авч 2 хоногийн дараа цагдаагаас намайг дуудах үед эзэнд нь буцаан өгсөн. Би гар утсыг олсон даруйдаа унтраасан. Утсыг буцаан өгөхдөө сим карт болон бусад мэдээлэл бүгдийг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

- Хохирогч Н.Мөнхбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цаг 40 минутын орчим би Норжой дэлгүүрт орж ундаа, пиво аваад гарахдаа лангуун дээр нь өөрийн эзэмшлийн Самсунг Жи 5 маркийн гар утсаа мартаж ориход гарсан байсан. Тэгээд буцаж 10 орчим минутын дараа дэлгүүрт очиж худалдагч эмэгтэйгээс би гар утсаа үлдээсэн байна харсан уу гэж асуухад чиний дараа 2 залуу үйлчлүүлсэн тэгээд тэднийг гар утсаа орхисон юм байх гэж бодоод нэг залууг нь утсаа үлдээсэн байна гэж хэлэхэд аваад гарсан гэж хэлж байсан. Ямар хүмүүс байсан талаар асуухад төмөр замын ажлын хувцастай залуучууд байсан гэж хэлж байсан. Миний гар утас Самсунг Жи 5 маркийн шаргал өнгийн гар утас байсан юм. Би уг гар утсаа Тэди худалдааны төвөөс 2016 оны 08 дугаар сарын орчимд хуучин гар утас 280.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Миний алдсан гар утсыг бүрэн бүтэн ажиллагаатай цагдаагийн байгууллагын ажилтан олж өгсөн одоо надад ямар нэг нэхэмжлэx зүйл байхгүй, ямар нэг гомдол санал хүсэлт байхгүй. Миний утсыг олсон хүнтэй би ярилцаж учир зүйгээ олж сайн дураараа эвлэрсэн, түүнтэй холбогдуулан гаргах ямар нэг гомдол санал хүсэлт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 11 тал/

Гэрч Ч.Ууганбаяр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 00 цагийн үед манай гэрт Шинэболд ирж надтай уулзан гар утас худалдаж авах уу гэж асууж Самсунг Жи 5 маркийн шаргал өнгөтэй гар утас надад үзүүлсэн юм. Тэгээд би түүнээс 20.000 төгрөгөөр худалдаж авсан байсан юм. Гэтэл Шинэболд 2 хоногийн дараа надтай уулзаж нөгөө гар утсаа буцааж авъя олсон утас байсан чинь эзэн нь нэхэж байна асуудал үүссэн гэж хэлээд  надаас буцааж гар утсаа авсан юм. Би гар утсыг хэвийн ажиллагаатай түүнд эргүүлэн өгсөн.  Надад өөр нэмж ярих зүйлгүй, тэр надаас авсан 20.000 төгрөгөө эргүүлэн төлсөн надад ямар нэг нэхэмжлэx зүйл болон гомдол санал хүсэлт гэх зүйл байхгүй... гэжээ. /хх-ийн 12 тал/

- 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 тал/

-Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 тал/

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 22 тал/

- 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24 тал/

- 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 25-26 тал/

- Хохирогч Н.Мөнхбатын санал гомдолгүй, сайн дураараа эвлэрсэн талаарх тодорхойлолт /хх-ийн    тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч  Д.Шинэболд нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Норжай хүнсний дэлгүүрт хохирогч Н.Мөнхбатын Samsung J5 маркийн гар утсаа мартаж гээгдүүлснийг олсон бөгөөд гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Мөнхбатын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектийн нэг хэлбэр нь гээгдэл эд хөрөнгө байх бөгөөд энэ нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх юм.

Шүүгдэгч Д.Шинэболд нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Н.Мөнхбат нь шүүгдэгч Д.Шинэболдтой сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн шатанд хүсэлтээ бичгээр илэрхийлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Шинэболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Шинэболд нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гоо овогт Дашцэрэнгийн Шинэболдыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Дашцэрэнгийн Шинэболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Шинэболдод авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Д.Шинэболд, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ