Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 41

 

 

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө

           Шүүгдэгч: Т.Ганбаатар,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шаавай овгийн Тоодойн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201720000140 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р баг 09-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОЭ86100771, Шаавай овгийн Тоодойн Ганбаатар.

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Ганбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн иргэн С.Жимбийн эзэмшлийн “Адуун нуур” нэртэй дэлгүүрээс эд зүйл хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р тал/,

         2. Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14-р тал/,

         3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгөн тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/,

     4. Хохирогч С.Жимбийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Т.Ганбаатар нь миний охин Урнаатай 2009 онд хуримаа хийж гэр бүл болсон. Манайх Улаангом сумын барааны зах дээр дэлгүүр ажиллуулдаг юм. Би 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд хүргэн Т.Ганбаатарын хамт “Адуун нуур” нэртэй дэлгүүрээ хаагаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод байж байгаад хоёр хүүгийнхээ хамтаар хүргэн Т.Ганбаатарын охин Хуланг гэрт нь хүргэж өгөхөөр “Мон Тува” ХХК-ийн хажуугаар явж байтал хүргэн Т.Ганбаатар нэг хүний хамт 2 хивс үүрчихсэн явж байхаар нь би машинаасаа бууж хүргэн Т.Ганбаатартай уулзаад “Чи яагаад дэлгүүрээс хивс аваад явж байгаа юм бэ?” гэж асуухад хүргэн Т.Ганбаатар “Манай найз Ч.Болдсүрэн худалдаж авна гэхээр нь би энэ хивсийг дэлгүүрээс авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч.Болдсүрэнгээс “Чи хивснийхээ мөнгийг өгчих” гэж хэлэхэд миний урдаас юм хэлэлгүйгээр хувцасныхаа халаасыг ухаад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хүргэн Т.Ганбаатар нь дэлгүүрт ажиллах хүн хүрэлцэхгүй тохиолдолд дэлгүүр дээр ирж худалдагчийн ажил хийдэг бөгөөд манай дэлгүүрийн түлхүүрийн нэг хувь Т.Ганбаатарт байдаг. Манай хүргэн Т.Ганбаатар урьд өмнө миний дэлгүүрээс эд зүйл хулгайлж авч байгаагүй. Тэр өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр миний дэлгүүрээс 4м х 1.5м хэмжээтэй, 180.000 төгрөгийн үнэтэй хивс, 3.8м х 2.0м хэмжээтэй, 110.000 төгрөгийн үнэтэй хивс, нэг бүр нь 2000 төгрөгөөр зарагдаж байсан хутга 3 ширхэг, 2000 төгрөгөөр зарагдаж байсан буузны чимхүүр зэргийг авсан байсан. Тухайн үед нь дээрх эд зүйлүүдээ буцааж авсан. Одоо надад Т.Ганбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

       5. Гэрч Ч.Болдсүрэнгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Т.Ганбаатар бид хоёр нэг дор өсөж торнисон болохоор бага ахуй цагаасаа нэгнээ таньж мэднэ, найз нөхдийн холбоотой. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд найз Отгоо бид хоёр айлын хашааны тор янзалж өгчихөөд Отгоогийн гэрт очиж архи уухаар тохирч замдаа дэлгүүрээс 0.75 литрийн “Тэргүүн” нэртэй архи худалдаж авсан. Тэгээд Отгоо бид хоёр тэдний гэрт ороод архиа задлаад ууж байтал найз Т.Ганбаатар над руу залгаад “Хаана байгаа юм” гэж асуухаар нь би “Отгоогийн гэрт архи уугаад сууж байна. Хүрээд ирэх үү?” гэж хэлэхэд тэр “За одоо очлоо” гэж хэлсэн. Удалгүй найз Т.Ганбаатар Отгоогийн гэрт ирсэн ба үлдсэн архиа Т.Ганбаатартай хувааж уусан. Архи дуусах үеэр би Т.Ганбаатарыг “гараад ир, ярих зүйл байна” гэж хэлээд гэрээс гарахад Т.Ганбаатар миний араас гарч ирсэн. Би түүнтэй юм ярьж байгаад “Найз нь Малчин суманд болох эгчийнхээ хүүхдийн хуриманд явах гэсэн чинь мөнгөгүй болчихоод бэлэг авч явж чадахгүй байна. Чи найздаа туслаад дэлгүүрээсээ хоёр ширхэг хивс аваад өгөөч. Найз нь дүүгийнхээ найрнаас эргэж ирэнгүүтээ ажил хийж байгаад мөнгийг нь төлөөд өгье” гэж хэлэхэд Т.Ганбаатар “За тэгье” гэж хэлээд намайг өөрийнхөө гэр лүү дагуулж явсан. Т.Ганбаатар гэртээ очоод дэлгүүрийн түлхүүр гээд нэг түлхүүр аваад бид хоёр тэдний дэлгүүрт очсон. Тэгээд Т.Ганбаатар надад “Өөртөө таалагдаж байгаа хивсээ сонгоод ав” гэж хэлэхээр нь би улаан, шар өнгийн хоёр хивсийг сонгож авсан ба мөн “Найрны үед хэрэглэнэ” гэж бодоод 3 ширхэг хутга, 1 ширхэг буузны чимхүүрийг тэдний дэлгүүрээс авсан. Тэгээд бид хоёр уг бараануудыг дэлгүүрээс авч гараад манай гэрлүү явж байтал Т.Ганбаатарын хадам ээж нь тааралдаад Т.Ганбаатарт “Чи яагаад дэлгүүрээс хивс аваад явж байгаа юм, хулгай хийж байгаа юм уу?” гэж хэлээд уурлаж цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би найз Т.Ганбаатарыгаа “Адуун нуур” дэлгүүрийн эзэн бөгөөд өөрийнхөө бараанаас надад зээлээр бараа өгч байна гэж бодож байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирээд Т.Ганбаатарын тэр өдөр надад өгсөн 2 ширхэг хивс, 3 ширхэг хутга, буузны жигнүүр зэрэг эд зүйлс нь хулгайн зүйлс байсан гэдгийг мэдсэн. Т.Ганбаатар надад “2 ширхэг хивс, 3 ширхэг хутга, буузны чимхүүр зэрэг эд зүйлсийг 200.000 төгрөгөөр ав” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

         6. Гэрч Т.Нямгэрэлийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Миний дүү Т.Ганбаатар 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө хадам ээж С.Жимбийн дэлгүүрээс эд зүйл хулгайлсан талаар би сонссон. Т.Ганбаатар урьд өмнө гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Миний дүү Т.Ганбаатар нь айлын 10 дахь хүүхэд бөгөөд ерөнхий боловсролын сургуульд сураагүй, хөдөө мал маллаж өссөн. 2009 онд эхнэр Урнаатай гэрлэсэн, одоо хоёр хүүхдийн ээж, аав болчихсон элэг бүтэн сайхан амьдарч байна. Т.Ганбаатар бусадтай нийтэч, төлөв даруу, ажилч, хичээнгүй, бусдын үгийг даадаг зэрэг магтаад байвал маш олон сайн талтай ба гэр бүлийн хүмүүжлийн хувьд маш сайн хүмүүжсэн хүн байгаа юм. Т.Ганбаатар баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийнхөө биеийг маш зөв боловсон авч явдаг ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

        7. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 193 дугаартай эд зүйл /хивс, хутга, буузны чимхүүр/ үнэлсэн тухай тайлан /хх-ийн 25-р тал/,

      8. Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг дарга Н.Хишигжаргалын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 375 тоот тодорхойлолт /хх-ийн 39-р тал/,

       9. Шүүгдэгч Т.Ганбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/,

      10. Шүүгдэгч Т.Ганбаатарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд хадам ээж С.Жимбийн хамт Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Адуун нуур” нэртэй дэлгүүрийг хааж , би гэрлүүгээ явсан. Гэртээ очоод байж байгаад найз Ч.Болдсүрэнгийн гар утас руу залгаж “Хаана байна ” гэж асуухад найз Ч.Болдсүрэн “Отгоогийн гэрт архи ууж байна, хүрээд ир” гэж хэлэхээр би очсон. Тэгээд Отгоогийн гэрт очиход Отгоо, Ч.Болдсүрэн болон миний танихгүй 3 гурван хүн байсан ба би тэд нарын тойруулж ууж байсан архинаас нэг, хоёр хундага уусны дараа Ч.Болдсүрэн надад “Ярих зүйл байна, эндээс гаръя” гэж хэлэхээр би Ч.Болдсүрэнг дагаад Отгоогийн гэрээс гарсан. Гэрээс гарсны дараа Ч.Болдсүрэн “Чи надад хоёр хивс дэлгүүрээсээ аваад өгөөч. Би найранд явах гэсэн чинь хивсний шаардлага гараад байна. Би хивсний мөнгийг чинь найранд оролцож ирчихээд өгнө” гэж хэлэхээр нь би “За за тэгье. Чи манай дэлгүүр дээр очоод үзчих. Таалагдах хивс байвал авч явчихаад найрнаасаа буцаж ирэхдээ мөнгийг нь өгөөрэй” гэж хэлсэн. Би тухайн үед найз Ч.Болдсүрэнд яаралтай хивсний хэрэг гарсан юм байна. Найздаа туслахгүй бол болохгүй байх гэж бодоод хадам ээж С.Жимбийн дэлгүүрээс хоёр хивс хулгайлж найздаа өгөхөөр шийдсэн. Тэгээд найз Ч.Болдсүрэнгээ гэрлүүгээ дагуулж яваад гэрээсээ хадам ээжийн дэлгүүрийн нэг хувь илүү түлхүүрийг аваад дэлгүүр лүү явсан. Тэгээд хадам ээжийн дэлгүүрт ороод би “Ямар ямар хивс авмаар байна сонгоод ав” гэж хэлэхэд Ч.Болдсүрэн “2 ширхэг хивс, 3 ширхэг хутга, 1 ширхэг буузны чимхүүр авъя” гэж хэлээд өөрийнхөө авах зүйлсийг сонгож авсан. Тэгээд бид хоёр 2 ширхэг хивс, 3 ширхэг хутга, 1 ширхэг буузны чимхүүр зэрэг зүйлсийг аваад найз Ч.Болдсүрэнгийн гэрлүү явж байтал замд хадам ээж тааралдаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хадам ээжийн дэлгүүрийн түлхүүр зөвхөн хадам ээжид л байдаг бөгөөд харин нэг нөөц түлхүүр нь манай гэрт байдаг юм. Би хадам ээж С.Жимбийнхээ “Адуун нуур” нэртэй дэлгүүрээс хоёр хивс авч найз Ч.Болдсүрэнд өгөхдөө хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдэж байсан. Тухайн үед хадам ээж С.Жимбэд дэлгүүрээс нь хивс аваад найз Ч.Болдсүрэнд өгч байгаа талаар хэлээгүй. Мөн би найз Ч.Болдсүрэнд 2 ширхэг хивс, 3 ширхэг хутга, 1 ширхэг буузны чимхүүр зэрэг зүйлийг өгөхдөө хадам ээжийн дэлгүүрээс хулгайлан авч байгаа талаар хэлээгүй бөгөөд эдгээр эд зүйлсийг би Ч.Болдсүрэнд 200.000 төгрөгөнд бодож өгсөн. Тухайн бараануудын үнийг нь би мэдэхгүй. Би хадам ээж С.Жимбээс уучлалт гуйж хохирол, гомдлыг нь барагдуулж өгсөн. Эвлэрлийн гэрээ хийсэн байгаа. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, надад холбогдох хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

       Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Т.Ганбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах, иргэн С.Жимбийн эзэмшлийн “Адуун нуур” нэртэй дэлгүүрээс эд зүйл хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Жимбэ, гэрч Ч.Болдсүрэн нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгөн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

         Шүүгдэгч Т.Ганбаатар нь хохирогч С.Жимбийн хүргэн ба тэрээр “Адуун нуур” дэлгүүрт ажилладаг, тус дэлгүүрийн хаалганы нэг түлхүүр нь Т.Ганбаатарт байнга байдаг, хулгайн гэмт хэрэг гарсан өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Т.Ганбаатар, С.Жимбэ нар дэлгүүрт хамт ажиллаад 17 цагийн үед дэлгүүрээ хаагаад гэр гэртээ харьсан зэрэг нөхцөл байдал нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон байна.

        Шүүгдэгч Т.Ганбаатар нь хэдийгээр уг дэлгүүрт ажилладаг боловч дэлгүүрийн бараа, эд зүйлийг захиран зарцуулах эрхгүй бөгөөд бусдын эд хөрөнгийг эзнийх нь зөвшөөрөлгүй, нууцаар, шунахайн сэдэлтээр авсан нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ. Шүүгдэгч Т.Ганбаатар уг дэлгүүрт ажилладаг бөгөөд тухайн үед өөрт байсан түлхүүрээр онгойлгож орсон байх тул түүнийг орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

        Шүүгдэгч Т.Ганбаатар “Адуун нуур” дэлгүүрээс 2 ширхэг хятад хивс, 3 ширхэг хутга, 1 ширхэг буузны чимхүүр хулгайлж, 301.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Т.Ганбаатар нь гэм буруугаа ойлгож ухамсарлан хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч С.Жимбэ нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгчийн зүгээс энэ хэрэгтэй холбогдуулж хохирогчид дарамт үзүүлсэн, эвлэрэхийг тулган шаардсан, зохисгүй харьцсан зэрэг үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Т.Ганбаатар анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч С.Жимбэ нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Т.Ганбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Шаавай овгийн Тоодойн Ганбаатарыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Ганбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Т.Ганбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

     3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Ганбаатараас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

        4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Т.Ганбаатарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН