Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02155

 

 “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01438 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алдангид 512 687 978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээний үүрэг зөрчсөний улмаас тооцсон алданги,учирсан хохиролд 560 418 593 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх 16-1677 тоот гэрээ байгуулж, Шангри-Ла худалдааны төвд байрлах “Н” ХХК-ийн IMAX өргөө кино театрын интерьер засал /1,2,3-р танхимын дотор заслаас бусад/ иж бүрэн, инженерийн шугам сүлжээний ажлыг /салхивч агаар сэлгэлтээс бусад/ хийхээр тохиролцсон. Ажлын санхүүжилтийн үлдэгдлийг талууд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар 256 012 456 төгрөг гэж тогтоосон. Гэрээний 5.4 дэх хэсэгт зааснаар алданги 90 631 228 төгрөг хариуцагч төлөх ёстой.  Мөн IMAX өргөө кино театрын дотоод засал, инженерийн шугам сүлжээний ажилд  гэрээгээр тохиролцоогүй боловч зайлшгүй хийгдэх ёстой ажлууд гарч нийт өртгийг 139 807 244 төгрөг болохыг хоёр талын төсөвчин П.С, А.Э нар тооцож тогтоосон. Мөн гэрээний 4.1.7 -д зааснаар баталгаа болгон гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх дүн буюу 74 750 000 төгрөгийг барьцаалсан. Уг барьцааны хугацаа 2018 оны 01 сарын 20-ны өдөр дууссан боловч “Н” ХХК нь 74 750 000 төгрөгийг өгөөгүй. Гэрээний 5.4-т заасныг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны алданги 26 237 050 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд “Н” ХХК-аас нийт 512.687.978 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Шангри-Ла Улаанбаатар худалдааны төвийн байранд Өргөө-3 IMAX кино театр байгуулах төслийн санаачлагч, санхүүжүүлэгч болж 16-1101 тоот гэрээг байгуулж, 3851 м.кв бүхий талбайг түрээслэсэн. Нэхэмжлэгчтэй  2015 оны 12 сарын 26-ны өдөр IMAX Өргөө кино театрын барилгын интерьер засал /1.2.3 дугаар танхимын дотор заслаас бусад/ иж бүрэн, инженерийн шугам сүлжээний /салхивч агаар сэлгэлтээс бусад/ иж бүрэн ажлыг гүйцэтгэх 16-1037 тоот гэрээ, 2016 оны 03 сарын 22-ны өдөр IMAX өргөө кино театрын барилгын 1,2,3 дугаар танхимын дотор засал, дотор шаврын ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэх 16-1174 тоот нэмэлт гэрээг байгуулсан. Гэтэл “И” ХХК нь гадаад улсын туршлагатай ажилчидтай компанитай хамтран ажлыг гүйцэтгэхээр амласан боловч ажлын дадлага туршлагагүй монгол ажилчдаар гүйцэтгүүлснээр чанар муутай, хугацаа сунжирсан ажил болсон. Гэрээт ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр дуусгахаар харилцан тохиролцсон. Талууд барилгын талбайд нэвтэрэх зөвшөөрөл хугацаандаа олгогдоогүй, төлөвлөөгүй ажил нэмэгдсэн тул ажлын хугацааг эцсийн байдлаар 2016 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Үүнээс хойш хугацааг дахин сунгаагүй. Гүйцэтгэгч тал ажлыг 8 сар буюу 234 хоног хоцроосноос их хэмжээний орлого олох боломж болон 16-1101 тоот гэрээний дагуу түрээсийн төлбөр болон менежментийн төлбөрийн алдагдалд орсон. Ш ХХК-д менежментийн төлбөр болон түрээсийн төлбөр 810 620 096 төгрөг болсон. Хэрэв бид 6,7 дугаар саруудад ажилласан бол 911 452 500 төгрөгийг орлого олох байсан. Гэхдээ талууд дараа дараагийн төсөлд хамтран ажиллах боломжтой гэж үзэн, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зөвхөн эхний 1 ширхэг IMAX танхимыг ашиглалтад оруулсан гэж үзээд, гэрээт ажлын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буюу нийт 51 хоногт Ш ХХК-д бодитоор төлж хохирсон 177 358 675 төгрөгийг “И” ХХК-иас нэхэмжилж байна. “И” ХХК нь ажлыг эцсийн байдлаар 2017 оны 01 сарын 20-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн. Энэ нь гэрээний хугацааг 8 орчим сараар буюу 234 өдрөөр хожимдуулсан байх бөгөөд үүнээс шалтгаалан дээрх хугацаанд олох ёстой байсан орлогоо алдсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-тзааснаар гүйцэтгэгч нь ажлыг 234 хоногоор хожимдуулсан тул алданги 103 059 918 төгрөгийг “И” ХХК-иас нэхэмжилж байна.

Талуудын 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хавсралт №1-т батлагдсан төсөвт хятад ажилчид 47, Хонгконгоос 2 инженер, 115 өдөр ажиллахаар тооцож, нийт 280 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч тал гэрээнд заасан мэргэжлийн гадаад ажилчид ажиллуулаагүй. Иймд “И” ХХК-аас 280 000 000 төгрөг нэхэмжилж байна. “И” ХХК-аас хохирол 177 358 675 төгрөг, алданги 103 059 918, мөн хохиролд 280 000 000 төгрөг, нийт 560 418 593 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гантулга сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ““И”” ХХК нь ““Н”” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бүхий л боломжит нөхцөл байдлын хүрээнд гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Н” ХХК-аас 372 880 734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 139 807 244 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “И” ХХК-аас 560 418 593 төгрөг гаргуулах “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 -т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 879 363 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 642 793 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2 022 353 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад нийцээгүй. 2016.09.16-ны өдрөөс 2016.12.23 хүртэлх хугацаанд хяналтын явцын комиссоос өгсөн үүрэг даалгавруудын биелэлтээр дутуу ажлуудыг гүйцэтгэсэн, дутуу ажлыг хийж гүйцэтгэснээ баталгаажуулж 2016.12.23-ны өдөр 399/16 тоот албан тоотыг захиалагч болох “Н” ХХК-д ирүүлснээс үзэхэд  үүргээ чанарын шаардлагад нийцүүлэн 100% гүйцэтгэж чадаагүй гэдэг нь нотлогдоно.

 

Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлын явцыг удаашруулснаар захиалагч компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан.  Гэтэл шүүхээс  гэрээний бүх гүйцэтгэлийг хийж гүйцэтгэн захиалагчид мэдэгдсэн гэж буруу дүгнэсэн. Зөвхөн тухайн өдрийн ирүүлсэн албан тоотоор 16-1677тоот ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтанд нийцэхгүй байна. Ажил гүйцэтгэсэн тэмдэглэлд тэмдэглэсэн баримтад тулгуурлан ажил гүйцэтгэх гэрээг биелэгдсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажил чанарын шаардлага хангахгүй сунжирч, I МАХ өргөө-3 кино театр зөвхөн танхимаа нээж ашиглалтад оруулсан. I МАХ кино театр нээлтээ хийх хугацаагаа иргэдэд зарласан байсан учраас нэг танхимыг нээх зайлшгүй шаардлагаар ажлыг хүлээн авсан.

 

Мөн шүүх захиалагч 2017 оны 01-р сарын 20-ны өдөр ажлын үр дүнг хүлээн авсан атлаа хөлсний үлдэгдлийг төлөх үүргээ биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн. Хэрэгт авагдсан 2017 оны 02-р сарын 20-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн актанд 2017.01.01-ны өдрийн техникийн комиссын өгсөн үүргийг 2017оны 01-р сарын 20-ны өдөр шалгахад биелэлтийг хангасан тул ажил гүйцэтгэх гэрээг хаахаар шийдвэрлэв гэсэн тоот байгаа. Ингэж гүйцэтгэгч 8 сар буюу 234 хоногоор хугацаа хожимдуулсан тул алданги тооцогдсон.

 

Захиалагч компаний зүгээс санхүүжилтаас шалтгаалсан 41 хоногийг хасч тооцож гүйцэтгэгч компани бүгд 193 хоногийн алдангитай байсан. Орох байсан орлогыг хохиролд тооцож нэхэмжлэх эрхтэй байхад ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний улмаас учирсан хохирол 177 358 675 төгрөг, алданги 103 059 918 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой.

 

Мөн 2016 оны 05-р сарын 13-ний өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор 2016 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан, ажил гүйцэтгэх боломжгүй хүлээгдсэн зэрэг нөхцөл байдлууд үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрэхэд нөлөөлсөн гэж буруу дүгнэсэн. “И” ХХК-ний гүйцэтгэсэн ажилтай холбоотой үүссэн эвдрэл гэмтэл, чанарын шаардлага хангахгүй, дутуу гүйцэтгэснээс  манайд их хэмжээний хохирол учраад байна. “Н” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус хуралдаанд оролцож хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй,  мэтгэлзэх эрхээр хангаагүй, хариуцагчийн  эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцуүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “Н” ХХК-нд холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 181 262 000 төгрөг, алданги 90 631 228 төгрөг, нэмэлт ажлын хөлс 139 807 244 төгрөг, хариуцагчаас гэрээний дагуу барьцаанд авч үлдсэн 74 750 000 төгрөг, уг мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа буцаан төлөөгүйгээс тооцсон гэх алданги 26 237 050 төгрөг, нийт 512 687 978 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх-ийн 1-2, 2хх-ийн 28-29 хуудас/

 

Зохигч 2015 оны 12 дугаар сарын 26-ний өдөр 16-1677 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээ хэрэгжиж дууссан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /1хх-1-2, 60-62

 

Талууд ажлын үр дүнг хэдийд хүлээлгэж өгсөн, хугацаа хэтрүүлсэн эсэх, анз болон хохирлыг төлөх эсэх талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь “үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн, 2016 оны 7 дугаар сарын 23-ний өдөр ажлаа дуусгаж, хариуцагчид хүлээн авах техникийн комиссыг 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдөр ажиллуулах хүсэлтээ бичгээр хүргүүлсэн ч хариуцагч үндэслэлгүйгээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр ажлыг хүлээн авах техникийн комисс ажиллуулж, тухайн өдрөө ажлыг хүлээн авах акт үйлдсэн” гэж, хариуцагч нь “нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх ёстой байсан ч “У” худалдааны төвийн захиргаанаас барилгын талбайд нэвтэрч ажиллах зөвшөөрлийг хугацаандаа олгоогүйгээс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл талууд гэрээний хугацааг сунгасан, дахиж сунгаагүй, гэрээт ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эцсийн байдлаар актаар хүлээлцсэн” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүхээс барилгын ажлын явц, 2 талын баримтжуулсан тэмдэглэлд үндэслэж ажлын үр дүнг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдөр гүйцэтгэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр эцсийн байдлаар акт үйлдсэнд нэхэмжлэгч буруугүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч нь “2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн техникийн комиссын өгсөн үүрэг даалгаврыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр шалгахад биелэлтийг хангасан тул ажил гүйцэтгэх гэрээг хаахаар шийдвэрлэв” гэж талуудын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн актад дурдсан тул / 1хх -ийн 85/ ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч доголдолтой ажил хийсэн, хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласан боловч гүйцэтгэсэн ажилд доголдол байсан, гомдлын шаардлага гаргаж байсан, хугацаатай үүрэг өгсөн, биелэлтийг хангуулсан гэх нотлох баримтыг гаргаагүй болно. Зөвхөн актад дурдсан дээрх бичвэрийг үндэслэж ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүнд доголдол байсан гэж шүүхээс дүгнэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 353.3 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Хэрэгт доголдлын талаар гомдлын шаардлага гаргаж байсан гэх баримт байхгүй, харин барилгын ажлын үйл явцыг баримтжуулсан хоёр талын тэмдэглэлээс кино театр нээлтээ хийсэн, нээлтийн талаар иргэдэд зарласан, ажлын үр дүнг хүлээн авсан тухай баримт байх тул нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлэн доголдлоо засварласан, доголдолтой ажил гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч гэрээг дүгнэж нэхэмжлэгчид 87 429 693 төгрөгийн анз тооцсон /1хх-ийн 75-78 / гэх боловч гэрээ дүгнэсэн гэх баримтад гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, нэг талын баримт байх тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын талаарх тохиролцоог бичгээр хийх бөгөөд хоёр тал гарын үсэг зурснаар шаардах эрх үүснэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс 74 750 000 төгрөгийг барьцаалсан, буцаан төлөөгүй үйл баримтыг хүлээн зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч нь нэмэгдэл ажлын хөлс гэх 139 807 244 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулж давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрээний үлдэгдэл төлбөр 256 012 456 байгаа болон түүнтэй холбоотой төлбөрийг төлөх хугацаа, хугацаа хэтрүүлсэн хоног түүнд ногдох алдангийн хэмжээний талаар шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Харин хариуцагчийн “барилгын талбайд нэвтрэх зөвшөөрөл хугацаандаа олгогдоогүй, төлөвлөөгүй ажил нэмэгдсэн тул ажлын хугацааг эцсийн байдлаар 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, үүнээс хойш хугацааг дахин сунгаагүй” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар гэрээний ажлыг гүйцэтгэх хугацааг талууд гэрээгээрээ тодорхойлсон. Талуудын анхны тохиролцоогоор гүйцэтгэгч нь 04 дүгээр сард ажлыг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрээт ажилтай холбоотой өөрчлөлтийг хийж тэмдэглэл үйлдсэн. Гэрээгээр 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлыг гүйцэтгэж, хүлээлгэж өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгч санхүүжилт 375 000 000 төгрөгийг хүлээн авсан, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх тул талуудын үүргийн зөрчлийг дүгнэх боломжтой.

 

Дээрх баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 55 хоногоор үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн урьдчилгаанд олгосон санхүүжилтийн үнийн дүнгээс 0,3 хувиар алданги тооцох үндэслэлтэй. Энэ нь 61 875 000 төгрөг болж байна. Гэвч хариуцагчийн зүгээс буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, бусад санхүүжилтийг олгоогүй нөхцөл байдал, талууд гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг анх тохиролцсоноосоо өөрчилж байсан гэх хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлан алдангийн хэмжээг бууруулж 30 937 500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс хариуцагчийн хохирол шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохих хуулийн заалтыг баримтлаагүй байгааг залруулж хууль  хэрэглээний хувьд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. /1хх-ийн 123-203 дугаар хуудас/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнд болон хууль хэрэглээний хувьд, түүнчлэн холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хувиарлалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01438 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 372 880 734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 139 807 244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “И” ХХК-аас 30 937 500 төгрөг гаргуулж хариуцагч ““Н”” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 529 481 093 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2 022 353” гэснийг “1 709 716” гэж өөрчлөн, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 834 560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Т.ТУЯА

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД