| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2017/03107/И |
| Дугаар | 182/ШШ2017/02375 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2017/02375
| 2017 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2017/02375 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э С Т И С Э” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Б Д” ХХК -нд холбогдох
Урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны гэрээний үүрэгт 2,394,878.435 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Б Д” ХХК-аас гаргасан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, Г.Б, Ш Д Х, орчуулагч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч А.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Н З” ХХК-ийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ”Э С Т И С Э” ХХКнь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын төсөл (цаашид NUBIA Төсөл гэх)-ийн тэргүүн туслан гүйцэтгэгч юм. Бид NUBIA төслийн барилгын ажлын хүрээнд туслан гүйцэтгэгч компаниудтай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахдаа Монгол Улсад болон олон улсад тогтсон жишгийн дагуу хөндлөнгийн санхүүгийн чадамжтай этгээдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар урьдчилгаа төлбөрийн баталгаа болон гүйцэтгэлийн баталгааг өөрийн компанийн нэр дээр гаргуулдаг ба эдгээрийн баталгааны үндсэн дээр ажлаа эхлүүлэхийг зөвшөөрч, дээрх төлбөрийн баталгаануудыг үндэслэн урьдчилгаа төлбөр болон явцын гүйцэтгэлийн төлбөрүүдийг тухай бүр төлж ажилладаг.
“Б Д” ХХКнь манай туслан гүйцэтгэгч компаниудын нэг болох “Н З” ХХК-ийн үндсэн үүргийн гүйцэтгэл болон урьдчилж авсан урьдчилгаа төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, Олон Улсын Худалдааны Танхимаас боловсруулж баталсан Баталгааны нэгдсэн журам (ICC Uniform Rules for Demand Guarantees 458, 758, цаашид Баталгааны Нэгдсэн Журам" эсхүл URDG" гэх)-ийн дагуу “Э С Т И С Э” ХХКнэр дээр 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №01 дугаартай [1,090,000,000] төгрөгийн Урьдчилгаа төлбөрийн баталгаа, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №02 дугаартай [2,180,000,000] төгрөгийн Гүйцэтгэлийн баталгаа (цаашид хамтад нь Баталгаа гэх)-г тус тус гаргаж өгсөн.
Уг Баталгааны дагуу ”Б Д” ХХКнь ”Н З” ХХК-ийг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах төслийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, Гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд ”Э С Т И С Э” ХХКөмнө мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхээр баталгаа гаргаж өгсөн. Энэхүү мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх Баталгааны нөхцөлийн дагуу ”Б Д” ХХКнь ”Н З” ХХК-ийг NUBIA төслийн хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажлаа бүрэн дуусгаж, Гүйцэтгэлийн гэрчилгээ гардаж авах хүртэл хугацаанд хэрэв Баталгааг эзэмшигч ”Э С Т И С Э” ХХК(бэнифициар)-аас ”Н З” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухай мэдэгдэл гаргаж, баталгаанд заасан дүнгийн хэмжээнд төлбөр төлөх шаардлагыг бичгээр хүргүүлсэн нөхцөлд ”Б Д” ХХКнь үл маргах журмаар нэхэмжилж буй шаардлага, төлбөрийн дүнг нотлохыг шаардахгүйгээр төлөх үүрэг хүлээсэн. Олон улсын хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, нийтлэг хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээ болох Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ийн хүрээнд гаргаж өгдөг энэ төрлийн баталгааг Баталгааны нэгдсэн журам-ын 2-р зүйлд тодорхой заасны дагуу арилжааны банк, даатгалын компани зэрэг санхүүгийн байгууллагууд гаргаж өгдөг бөгөөд уг гаргаж өгсөн баталгаа нь буцаан үл дуудагдах, үл маргах журмаар буюу баталгаа хүлээн авагчийн анхны шаардлагаар төлөгддөг гол онцлог нөхцлөөрөө дотоодын болон олон улсын практикт нэгэнт хэвшин тогтсон санхүүгийн хэрэгсэл юм. Энэхүү баталгааны ерөнхий зохицуулалтыг 2002 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд Үүрэг гүйцэтгэгчийн хулээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно" гэж тодорхой тусгасан байдаг.
“Б Д” ХХКнь ”Н З” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж дээр дурьдсан Баталгаа өгсөн тул ”Э С Т И С Э” ХХК-ий зүгээс ”Н З” ХХК-д ажлаа эхлүүлэх зөвшөөрөл олгон, урьдчилгаа төлбөр болон бусад төлбөр тооцоог төлж ажиллаж эхэлсэн. Улмаар барилгын ажлын явцад ”Н З” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул ”Э С Т И С Э” ХХКнь ”Н З” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, Баталгааны төлбөрийг үл маргах журмаар төлөх шаардлагыг Баталгаа гаргагчид хүргүүлсэн боловч ”Б Д” ХХК-иас өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд төлөхөөс татгалзаад байгаа юм.
Бодь даатгал XXK нь ”Э С Т И С Э” ХХК-ийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа үндэслэлдээ ”Н З” ХХК нь холбогдох төлбөр, хураамжийг төлөөгүй тухай мэдэгдсэн.
“Б Д” ХХК-ийн гаргаж өгсөн эдгээр Баталгаанд уг баталгаа нь Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ээр зохицуулагдахаар заажээ. Олон улсын хэмжээнд URDG-ийн дагуу гаргасан аливаа баталгаа нь нэмэлт нотлох баримт шаардахгүйгээр үл маргах журмаар, анхны шаардлагаар төлөгдөх хууль зүйн хүчин төгөлдөр баталгаанд тооцогддог учиртай. Иймд эдгээр Баталгаа нь гуравдагч этгээдийн зүгээс гаргасан санхүүгийн бие даасан баталгаа бөгөөд хууль зүйн хувьд (i) ”Б Д” ХХКболон ”Н З” ХХК-иудын хоорондын харилцаа, (ii) ”Э С Т И С Э” ХХКболон ”Н З” ХХК-ийн харилцаанаас тусдаа, бие даасан үүргийн харилцаа юм.
Батапгааны нэгдсэн журам 458-ийн 27-р зүйл, Баталгааны нэгдсэн журам 758-ийн 34 (а)- р зүйлийн дагуу баталгаатай холбоотой аливаа харилцааг хэрэв баталгаанд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн хууль тогтоомжоор зохицуулах журам тогтоож өгсөн байдаг. Иймд эдгээр Баталгаа нь Баталгааны нэгдсэн журам буюу URDG-ээс гадна Монгол Улсын хуулиар зохицуулагдах ёстой. Монгол Улсын Иргэний хуулийн 234.1 дэх зүйлд Үүрэг гүйцэтгэгчийн хулээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгуулэгчид баталгаа гаргаж болно", 234.3 дахь зүйлд Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй гэж заасны дагуу эдгээр Баталгаа нь баталгаа гаргагчийн нэг талын санаачилгаар үл цуцлагдах, үл маргах журмаар төлөгдөх баталгаа бөгөөд баталгаа гаргагч ”Б Д” ХХКболон баталгааг хүлээн авсан ”Э С Т И С Э” ХХКхооронд үүссэн бие даасан үүргийн харилцаа мөн. Иймд Баталгааны нөхцлийн дагуу Баталгаа төлбөрийг ”Б Д” ХХКнь ”Н З” ХХК-иас үл хамааран төлж барагдуулах, улмаар ”Э С Т И С Э” ХХК-д төлсөн мөнгөн төлбөрийг ”Н З” ХХК-аар буцаан нөхөн төлүүлэх асуудал нь ”Б Д” ХХК-ийн бие даан шийдэх харилцаа юм.
Үүнээс гадна эдгээр Баталгааг гаргаж өгөхдөө ”Б Д” ХХКнь албан бичгээр ”Н З” ХХК- тай баталгааны даатгалын FGI0313401072826 тсот гэрээг 2013 оны 07-р сарын 17-ны өдрөөс эхлэн 4 (дөрвөн) жилийн хугацаатай хамтран ажиллахаар байгуулсан тухай ”Э С Т И С Э” ХХК-д мэдэгдэж байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 234.3 дахь зүйлд гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй", Баталгааны нэгдсэн журам буюу URDG-H 4, 5-р зүйлд баталгаа нь баталгаанд тийнхүү дурьдаагүй байсан ч баталгааг гаргасан үеэс irrevocable буюу буцаан ул дуудагдах гэж ойлгогдоно" гэж тус тус заасны дагуу эдгээр Баталгаа нь хүчин төгөлдөр юм.
Эдгээр үндэслэл, нөхцөлийн дагуу бидний зүгээс ”Б Д” ХХК-д удаа дараа бичгээр албан хүсэлт, тайлбар хүргүүлсэн бөгөөд бодит байдал, учир холбогдлыг тайлбарласан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна.
“Б Д” ХХКнь Санхүүгийн Зохицуулах Хороо (цаашид СЗХ гэх)-нд бүртгэлтэй, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг зохицуулалттай хуулийн этгээд юм. Манай компани 2015 оны 08-р сарын 06-ны өдөр СЗХ-д SCT-NUBIA-LTR-2978 тоот албан бичгээр ”Б Д” ХХКнь Баталгааны дагуу төлбөрөө төлөхгүй манай компанийг хохироож байгаа талаар гомдлыг хүргүүлсэн. Улмаар СЗХ-ноос 2015 оны 08-р сарын 25-ны өдөр №1/3812 тоот хариу албан бичгээрээ энэ баталгааны дагуу шаардаж буй мөнгөн , төлбөрийн харилцаа нь үүргийн биелэлттэй холбоотой асуудал тул гомдлоо хэргийн харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг бидэнд өгсөн.
Иймд Иргэний хуулийн 234.1, 234.3-р зүйлийн дагуу -ийг Баталгааны дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Б Д” ХХК-аас манай компанийн өмнө Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгааны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж Урьдчилгаа төлбөрийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 214,878,435 төгрөг, Гүйцэтгэлийн баталгааны үүргийн гүйцэтгэлд 2,180,000,000 тегрөг, нийт дүнгээр 2,394,878,435 төгрөгийг гаргуулан өгч зөрчигдсөн эрхийг сэргээн өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариутайлбарыг гаргаж байна. “Б Д” ХХКнь “Н З” ХХК-ын гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Э С Т И С Э” ХХКөмнө баталгаа гаргасан гэж үзэж, уг асуудлыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тайлбарлах боломжгүй байна. Учир нь:
1. “Н З” ХХК нь 2013 оны 07-р сарын 09-ний өдөр “Б Д” ХХК-тай FGI0313401072826 тоот Баталгааны даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн билээ. Улмаар Гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д даатгалын тохиолдол гэдгийг даатгалын гэрээний хугацаанд туслан гүйцэтгэгчийн шууд оролцоотой хийгдсэн хуурамч бичиг баримт болон үнэнч бус байдлын улмаас үүссэн маргаан зөрчилдөөний улмаас даатгуулагчид даатгалын гэрээнд заасан эрсдлийн нөхцөл байдал бүрэлдэхийг", Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т даатгалын үндсэн эрсдлүүдийг Хууль бус бичиг баримт үйлдэх, хууран мэхлэх, илтгэл алдах, үнэнч бус байдал гаргах, бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө шамшигдуулах, завших, албан тушаалаа урвуулан ашиглах, онцгой үүрэг даалгаврыг буруу гүйцэтгэх" хэмээн тус тус тодорхойлжээ.
Тодруулбал, Гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.2-т заасан даатгалын эрсдлүүдийи улмаас “Н З” ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд “Б Д” ХХКнь “Э С Т И С Э” ХХК-д нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Гэтэл энэ маргааны хувьд даатгалын тохиолдол бий болоогүй буюу Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан гэрээгээр тохиролцсон болзол бүрдээгүй" байна.
2.Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу “Б Д” ХХК-аас “Н З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Болормаад хандаж барьцаа хөрөнгө бүртгүүлэх болон, 2014 оны даатгалын хураамжаа төлөх-ийг шаардаж байсан хэдий ч “Н З” ХХК нь гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй болно. Мөн Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Даатгуулагч эхний жилийн даатгалын хураамжийг энэхүү гзрээний 4.1-д заасан хугацаанд төлнө. 2014-2017 оны даатгалын хураамжийг тухайн оны 7-р сарын 10-ний дотор даатгагчид шилжүүлэн тушаах бөгөөд тухайн жилийн хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөнө гэж заасан билээ.
Иймээс Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т зааснаар Даатгуулагч нь даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй тул “Б Д” ХХКнь гэрээнд заасан нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй билээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа-г хүчин төгөлдөр бус гэж үзэж дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Нэг. 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа-гаар нийт 3,270,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичгийг “Б Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.О “Э С Т И С Э” ХХК-д гаргасан нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчиж хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 87.1-д Их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно гээд 87.1.1 -д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах,худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл гэж заасан байдаг.
Учир нь тус баталгааны бичгүүдийг 2013 оны 7 сарын 17-ны өдөр “Б Д” ХХК-иас гаргасан бөгөөд хэлцэл хийхийн өмнөх сүүлийн баланс гэдэгт 2013 оны 6 сарын 30-ны өдөр гаргасан 2-р улирлын Санхүүгийн тайлан хамаарах бөгөөд тус тайлангаар “Б Д” ХХК-ийн нийт актив буюу хөрөнгө 12,424.410,491.36 төгрөг байсан бөгөөд үүний 25 хувь нь 3,106,102,622.5 төгрөг байна. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Б Д” ХХК-ийн дүрмийн 9.8.14-т Компаниин тухай хуульд заасан журмыг баримтлан их хэмжээний болон сонирхлып зөрчилтэй гэрээ байгуулах зөвшөөрлийг Төлөөлөн удирдах зөвлөл олгох"-оор заасан, мөн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2008 оны 12 сарын 8-ны өдөр С.Отэй байгуулсан "Б Д" ХХК-ийн гүйцэттэх захиралтай байгуулах гэрээ"-ний 2.3.2-т "Гүйцэтгэх захирал нь гадаад, дотоодын байгууллагатай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 3 тэрбум төгрөг хүртэл үнийн дүн бүхий гэрээ хэлцлийг бие даан хийх, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулап 3 сая төгрөг хүртэл зардлыг гаргах эрхтэи бөгөөд үүнээс дээш үнийн дүнтэй хэлцлийг зөвхөн ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийх гэж тодорхой зааж өгсөн.
Гэтэл Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа-гаар нийт 3,270,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий баталгааны бичиг нь тухайн үеийн компанийн нийт хөрөнгийн 26,32 хувьтай тэнцэх бөгөөд энэхүү хэлцлийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гаргасан байна.
Компанийн тухай хуулийн 88.1-д Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана, 88.2-т Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөб уг суудлыг хуралд оролцож байгаа хувъцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд “Б Д” ХХКнь ТУЗ-тэй компани байтал ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд тухайн асуудлаа оруулахгүйгээр гүйцэтгэх захирал компанийн тухай хууль, Компанийн дүрэм, Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг зөрчиж хийсэн үйлдэл юм.
Иймд тус баталгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Хоёр. Түүнчлэн “Б Д” ХХКнь “Н З” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 1-ны өдөр FGI0313401072826 дугаар Баталгааны даатгал гэрээ-г Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 356 дугаар тоггоолын хавсралтаар баталсан Сайн дурын даатгалын хэлбэр-ийн 1.13-т тус тус заасныг үндэслэн байгуулсан юм. Энэхүү даатгалын гэрээгээр нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй NUBIA төслийн Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын газар, шорооны болон ус зайлуулах ажлын гүйцэтгэгч буюу даатгуулагч “Н З” ХХК-ийн гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн эрсдэлийг хамгаалах зорилготой байсан.
Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр йлийн 9.1.5 дахь хэсэгт даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд олгох гэж тус тус заасны дагуу даатгагчийн зүгээс даатгалын зүйл, эрсдлийн төрөл, үргэлжлэх хугацаа зэрэг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг тусгаж, гэрээ байгуулсны нотолгоо болгон даатгалын баталгааг гаргуулдаг.
Үүнтэй холбоотойгоор даатгагч “Б Д” ХХК-ийн тухай үеийн гэрээ байгуулсан гүйцэттэх захирал, ажилтнууд Баталгааны даатгалын үндсэн гэрээнд Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан даатгалын баталгаа гарган өгч байна гэж ойлгон 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа-г тус тус гарган өгсөн байна. Өөрөөр хэлбэл баталгаануудын төлбөр төлөгдөх нөхцөл, хүргүүлэх мэдэгдэл зэрэг нь даатгагч, даатгуулагчийн тохиролцооны зүйл, анхны үндсэн гэрээний агуулга, хүсэл зорилгод нийцээгүй, даатгалын баталгааны загвартай адил байснаас ноцтой төөрөгдөлд хүргэсэн тул 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 03/512 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Э С Т И С Э” ХХК-д нэн даруй мэдэгдсэн болно. Уг албан бичигт даатгуулагч “Н З” ХХК-тай байгуулсан 2013 оны FGI0313401072826 дугаар бүхий Баталгааны даатгал-ын үндсэн гэрээний нөхцөлд заасан эрсдэлийн төрөл, нөхөн төлбөр олгох зэрэг гэрээний нөхцөлийг дэлгэрэнгүй тайлбарлан хүргүүлсэн юм.
Дээрх үйл явцыг дүгнэвэл, “Б Д” ХХКнь “Н З” ХХК-тай байгуулсан гэрээнд үндэслэн Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох үүргийн хүрээнд даатгалын баталгааг олгож байна гэж ойлгож BD/C130051 дугаарт Урьдчилгаа төлбөрийн баталгаа болон BD/C130052 дугаарт Гүйцэтгэлийн баталгаа-г “Э С Т И С Э” ХХК-иас ирүүлсэн загварын дагуу гаргаж хүргүүлснээс талуудын хооронд төөрөгдөл үүссэн байна.
Тухайлбал “Н З” ХХК-тай “Б Д” ХХКнь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 дугаар бүхий Баталгааны даатгалын гэрээ-г байгуулсан бөгөөд “Э С Т И С Э” ХХК-д олгосон BD/C130051, BD/C130052 дугаар бүхий Даатгалын баталгаануудад заасан гэрээний дугаар хэсэгт FGI0313401072826 гэсэн гэрээний дугаарыг зааж өгсөн байгаа нь “Б Д” ХХК-ийн зүгээс 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр FGI0313401072826 дугаар бүхий Баталгааны даатгалын гэрээ-ны Даатгалын баталгаа-г гаргаж өгсөнийг харуулж байна. Үүний улмаас “Б Д” ХХКнь даатгалын баталгаа өгч байна, “Э С Т И С Э” ХХКурьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргуулж авсан гэж зөрүүтэй ойлгосноос талууд хэлцлийн агуулгын хувьд ноцтой төөрөгдсөн байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 5.1.17-д Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгаа-г гаргах эрхтэй субьектийг тодорхой хуульчилснаас үзэхэд банкны баталгаа, Засгийн газрын баталгаа, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ойлгох бөгөөд үүнд даатгалын компани хамаардаггүй. Тиймээс нэхэмжлэгч ”Э С Т И С Э” ХХК- ийн хувьд ч даатгалын баталгааг дээрх хуульд заагдсан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гэж ойлгож, агуулгын хувьд төөрөгдөж байна.
Иймд хариуцагч “Б Д” ХХКнь даатгуулагч “Н З” ХХК-тай байгуулсан 2013 оны FG10313401072826 дугаар Баталгааны даатгал-ын үндсэн гэрээний шинж, үндсэн агуулга, хүсэл зорилгод нийцээгүй баталгааг гарган өгч ноцтой төөрөгдсөн тул 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хүссэн хэлцлийн агуулгыг эндүүрсэн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл юм.
Тиймээс 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот Гүйцэтгэлийн баталгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болох үндэслэлүүдийг аль алийг нь харгалзан үзэж хүчингүй хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ”Э С Т И С Э” ХХКнь ”Б Д” ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу их хэмжээний хэлцлийн хууль зүйн үр дагавар нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчид үүсэх бөгөөд ашиг сонирхол нь зөрчигдсөн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл их хэмжээний хэлцлийн улмаас үүсэх хууль зүйн үр дагавар нь хувь нийлүүлэгч, хувьцаа ээмшигчдийн хоорондын асуудал байх бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гуйцэтгэх захирлын зүгээс хийсэн хэлцлийг гуравдагч этгээдийн зүгээс шалгах, хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус компанийн дотоод асуудал байна.
Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгааны агуулгаас харвал эдгээр баримт бичгүүд нь бие даасан хэлцэл, баримт бичгүүд байна. Түүнчлэн урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг тус компанийн гүйцэтгэх захирал С.Оюунчимэг өөрөө гарын үсэг зурж компанийн тамга, тэмдгийг дарж гаргаж өгсөн байх атал баталгааны дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг шаардах үед ноцтой төөрөлдсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй, бусдыг хохироосон залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн нотлох баримтууд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахад өөрийн үндэслэлийг нотлох бүрэн боломжтой гэж үзэж байна. Аливаа этгээдүүдийн хооронд байгүулагдсан хэлцэл бол нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журмын дараа орох талуудын хооронд заавал биелэгдэх үүрэг үүсгэдэг гол тохиролцоо, хоорондын дүрэм, баталгаа, хэлцлийн мөн чанар гэж бид ойлгож байна
Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, баталгааны дагуу төлбөрийг олгож манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э С Т И С Э” ХХКнь хариуцагч “Б Д” ХХК-нд холбогдуулан тус компанийн “Н З” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Б Д” ХХК-аас гаргасан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны төлбөр 2,394,878,435 төгрөгийг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч “Б Д” ХХКнэхэмжлэгчид холбогдуулан “Б Д” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрйн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчингүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Хариуцагч “Б Д” ХХКнь манай туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Н З” ХХК-ийн манай компанийн өмнө хүлээсэн үндсэн үүргийн гүйцэтгэл болон урьдчилж авсан урьдчилгаа төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1 дугаартай 1,090,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 дугаартай 2,180,000,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргасан. Туслан гүйцэтгэгч “Н З” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, улмаар бидний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Иймд Иргэний хуулийн 234.1, 234.3-р зүйл, “Б Д” ХХК-аас гаргасан баталгааны харилцаанд баримтлахаар харилцан тохиролцсон олон улсын худалдааны танхимаас боловсруулж баталсан Баталгааны нэгдсэн журам 458, 758-ын дагуу 2,394,878,435 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, үндэслэлээрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргасан. Тэрээр Талуудын хооронд баталгааны харилцаа үүсээгүй, “Б Д” ХХКнь “Н З” ХХК-нд баталгааны даатгалын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тус даатгалын гэрээний хүрээнд “Э С Т И С Э” ХХК-нд Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан даатгалын баталгаа гаргаж өгсөн гэж ойлгож байгаа. Тухайн үед энэ төрлийн даатгалын үйлчилгээг “Б Д” ХХКнь анх удаа үзүүлсэн. Ингэхдээ алдаа гаргаж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дахь хэсэгт заасан ноцтой төөрөгдөл бий болсон. гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэжээ. Үүний зэрэгцээ хариуцагч баталгааны гэрээ нь Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл байх бөгөөд “Б Д” ХХК-ийн тухайн үеийн захирал эрх хэмжээгээ хэтрүүлэн уг хийсэн хэлцлийг хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд “Б Д” ХХК-ийн гаргасан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэх үндэслэлийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн татгалзах өөр хувилбарыг гаргаж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтаар шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Засгийн газраас хэрэгжүүлж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөлд нэхэмжлэгч “Э С Т И С Э” ХХКнь тэргүүн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байх ба 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус компани нь “Н З” ХХК-тай 21,799,915,500 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ /нотлох баримт 4 буюу 7 дахь хх-ийн 83-157 дугаар тал/. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээг байгуулахын өмнөх өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч “Б Д” ХХК-аас 1,090,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 01 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, 2,180,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 02 тоот гүйцэтгэлийн баталгааг нэхэмжлэгч “Э С Т И С Э” ХХК-нд хандан тус тус гаргажээ /нотлох баримт 4 буюу 7 дахь хх-ийн 163, 164 дүгээр/.
2. Хариуцагч “Б Д” ХХКдээрх баталгаанууд нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгаа биш бөгөөд даатгалын компанийн нэгэн төрлийн бүтээгдэхүүн болох урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааны даатгалын үйлчилгээ байсан гэж тайлбарлаж байна. Тодруулбал, энэ төрлийн даатгалын үйлчилгээ үзүүлэхээр харилцаж байхдаа тус компанийн эрх бүхий албан тушаалтан болон мэргэшсэн ажилтнууд нь байгуулахаар зорьсон хэлцлийн төрөл, агуулгын хувьд ноцтой төөрөгдөж, буруу хэлцлийг зөвшөөрснөөс баталгаа гаргаж өгсөн гэж маргаж байна. Тэрээр “Б Д” ХХКнь даатгалын баталгаа гаргах хүсэл зоригтой байсан боловч андуурч баталгаа гаргасан нь дараах үйл баримтаар нотлогдоно гэжээ:
”Б Д” ХХКнь “Н З” ХХК-аас баталгааны шимтгэл аваагүй, харин даатгалын хураамж авахаар харилцан тохиролцож, даатгалын гэрээ байгуулсан. Хэрэв баталгааны гэрээ гэж үзсэн бол эрсдлээ зээлийн арга болон баталгаа гаргах үед хэрэглэж болох бусад санхүүгийн аргаар хаах байсан.
2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Б Д” ХХК-аас гаргасан 01, 02 тоот баталгаанд “Н З” ХХК, “Б Д” ХХКнарын хооронд байгуулсан даатгалын гэрээний дугаарыг тусгасан.
01, 02 тоот баталгааны үнэ болон даатгалын гэрээний нөхөн төлбөрийн дүнгүүд хоорондоо тохирно.
Баталгааны гэрээтэй холбоотойгоор “Б Д” ХХК-ийн дотооддоо харилцсан цахим шуудан, “Э С Т И С Э” ХХК-нд илгээсэн албан бичгүүдэд эдгээр баталгааг даатгалын баталгаа гэж дурдаж байсан.
”Б Д” ХХКтухайн үеийн санхүүгийн тайландаа 01, 02 тоот баталгааг өр, төлбөрийн хэлбэрээр тусгаагүй.
”Б Д” ХХК-ийн гарын үсэг зурсан баталгааны маягтын төслийг ”Э С Т И С Э” ХХК-аас илгээсэн бөгөөд уг төсөлд огт өөрчлөлт оруулалгүйгээр “Б Д” ХХКгарын үсэг зурсан.
Эдгээр үйл баримтаар “Б Д” ХХКнь “Н З” ХХК-тай байгуулсан урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн даатгалын гэрээний баталгаа буюу сертификатыг “Э С Т И С Э” ХХК-нд бичиж өгөх хүсэл зоригоо андуурч урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгсөн нь нотлогдох тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т заасан ноцтой төөрөгдөл гэх үндэстэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцэж байна.
Шүүх “Б Д” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Э С Т И С Э” ХХК-нд гаргасан баталгааг Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан даатгалын баталгаа буюу сертификат гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Долоодугаар хавтаст хэргийн 163, 164 дүгээр талд авагдсан баталгаанд ...Баталгаа гаргуулагчийн хүсэлтээр, бид [“Б Д” ХХК] Танд Баталгаа гаргуулагч нь туслан гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухай бичгээр ирүүлсэн мэдэгдэл, анхны шаардлагыг хүлээн авмагц нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээнд буюу нийт 1,090,000,000 төг [Туслан гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 5%]-өөс хэтрэхгүй төлбөрийг төлөх буцаан үл дуудагдах баталгааг үүгээр гарган өгч байна. ... Энэхүү баталгаа нь Олон Улсын Худалдааны Танхимын №458 Баталгааны нэгдсэн журам (ICC Uniform Rules for Demand Guarantees)-аар зохицуулагдана. гэж дурдаснаас үзвэл “Б Д” ХХК-ийн гаргасан 01, 02 тоот баталгааг Иргэний хуулийн 433 дугаар зүйлд заасан даатгалын баталгаа гэж үзэх боломжгүй байна.
Шүүх хуралдааны явцад “Б Д” ХХК-ийн гарын үсэг зуран баталгаажуулсан баталгааны маягтын анхны төслийг нэхэмжлэгчээс илгээсэн, эдгээр маягтад дурдсан үнийн дүн “Н З” ХХК, “Б Д” ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний үнийн дүнтэй тохирч байгаа, баталгаанд даатгалын гэрээний дугаар дурдагдсан зэрэг хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласан ноцтой төөрөгдлийг тогтоохыг оролдсон бусад үйл баримтууд тогтоогдож байх боловч энэ нь дээр дурдсан баталгааны нэгдсэн журам, Иргэний хуулийн үүргийн эрхийн ерөнхий ангид тусгасан баталгааны талаарх зохицуулалтыг мэргэшлийн төвшинд хууль зүй, эрсдэл, эдийн засгийн талаас шинжлэн судлах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн үүрэг, түүнтэй харилцагч этгээдийн өмнө хүлээх ажил мэргэжлийн хариуцлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Даатгалын үйл ажиллагаа нь банк бус санхүүгийн зах зээлийн томоохон хэсэг бөгөөд санхүүгийн нарийн мэргэшлийн шаардлага хангасан этгээд эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл ноцтой төөрөгдөх эсэх асуудал уг үндэслэлийг хэрэглэж буй субьектийн шинж байдлаас ихээхэн шалтгаална. Нарийн мэргэшлийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэгч, тэр тусмаа эдийн засгийн болон хууль зүйн хувьд хариуцлагатай ажиллах хүний нөөцийн болон бусад боломж, чадавхитай, ийнхүү хариуцлагатай хандах үүрэг бүхий этгээдийн хувьд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох энэ төрлийн субьектив үндэслэлийг харьцангуй хязгаарлагдмал хэрэглэнэ. Даатгалын зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнээ банкны болон банк бус санхүүгийн зах зээлийн уламжлалт (баталгаа шинэлэг аргын нэг биш) бүтээгдэхүүнээс ялгаж ойлгох мэргэжлийн чадваргүй, эсхүл энэ талаарх анхан шатны мэдлэг эзэмшээгүй, нэн шаардлагатай суурь судалгаа, хууль зүйн, даатгалын, эрсдлийн шинжилгээг хийлгүй өдөр тутмын ажилбартаа хайнга хандсан нөхцөл байдал нь тухайн салбартаа туршлагатайд тооцогдох аж ахуй эрхлэгчид ноцтой төөрөгдсөн гэх үндэслэлийг хэрэглэх эсэхэд нэн тэргүүнд дэнсэлж үзвэл зохих нөхцөл байх учиртай. Худалдааны эрх зүй нь үндсэндээ аж ахуй эрхлэгч мэргэшсэн байх, үүний үндсэн дээр ажил мэргэжилдээ нухацтай, хариуцлагатай хандах байдалд суурилдаг учир гэрээ байгуулах, гэрээний үүрэг зөрчигдөх, зөрчлийн улмаас хариуцлага хүлээх, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх зэрэг олон тохиолдлуудад худалдааны шинжгүй хэлцлүүдээс ялгамжтай хандах үндэслэл болдог юм.
Хуулийн этгээд төөрөгдөж болно гэх хариуцагчийн төлөөлөгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч энэ нь өөрийн үндсэн бүтээгдэхүүний талаар судалгаа шинжилгээтэйгээр эрх зүйн харилцаанд орох, хэлцэл хийгч нөгөө тал болон өөрийн эрх ашиг, бизнесийг хууль зүйн болон эдийн засгийн үүднээс хамгаалах бүх талын чадавхтай боловч уг чадавхиа ашиглаагүй хайнга хандсан мэргэшсэн санхүүгийн субьектын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл байна.
Иймд “Б Д” ХХК-ийн төлөөлөгч А.Базарын гаргасан “Б Д” ХХКхүсэж байснаасаа өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн, мөн хэлцлийнхээ агуулгын хувьд төөрөлдсөн гэх агуулга бүхий тайлбарыг шударга, зөв гэх боломжгүй байна.
3. Түүнчлэн хариуцагч “Б Д” ХХКнь 01, 02 тоот баталгааг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл буюу тухайн үеийн гүйцэтгэх захиралд компаниас олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн их хэмжээний хэлцэлд тавих журмыг зөрчсөн гэж үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна.
Шүүх мөн энэ үндэслэлийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл энэ нь хариуцагчийн дотоод харилцаа бөгөөд тус компанийг өдөр тутмын үйл ажиллагаандаа итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдтэй байгуулсан хэлцлийг түүнтэй гэрээ байгуулагч бусад этгээдэд илэрхий биш, компанийн дотоод мэдээллийг мэдээгүй гэх үндэслэлээр хүчингүй гэж үзэх боломжгүй. Энэ талаар мэдээлэл өгөх, бизнесийн үйл ажиллагаандаа шударга зарчмаар хандах нь гэрээ байгуулагч хоёр талын тэр дундаа мэдээлэл бүхий этгээдийн хүлээх үүрэг мөн. Энэ дүгнэлтээ шүүх дараах тайлбараар дэмжиж байна. Үүнд:
i. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Богд даатгал ХХК нь хэлцэл байгуулах тухайн үед эрх олгогдоогүй этгээд хэлцэл байгуулсан талаар баталгаа хүлээн авагчид мэдэгдэж хэлцлийн үр дагаврыг зөвшөөрөхгүй тухайгаа илэрхийлээгүй атлаа шүүхэд маргаан үүсгэснээс хойш ийнхүү мэтгэлцэж байгааг хуулийн дээрх заалтад нийцээгүй гэж шүүх үзэж байна.
ii. ”Б Д” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирал С.Оюунчимэгтэй байгуулсан гэрээ нь үүргийн эрх зүйн гэрээ юм. Өөрөөр хэлбэл энэ нь тухай харилцаанд оролцоогүй гуравдагч этгээдэд ч үйлчлэх шинжтэй өмчийн эрх зүйн гэрээнээс ялгаатай, харьцангуй харилцааг зохицуулсан баримт бичиг. Иймд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн гуравдагч этгээдтэй хийсэн үйлдэл нь “Б Д” ХХК-нд хохирол учруулсан гэж үзэж байгаа бол тухай гэрээний үүргийн зөрчлийг үндэслэл болгон зөрчил гаргасан этгээдтэй хариуцлага тооцох нь зүйтэй. Иймд энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэл бүхий байна.
4. Нэхэмжлэгч “Э С Т И С Э” ХХКнь хариуцагч “Б Д” ХХК-ийг баталгаа гаргах бүрэн эрх бүхий этгээд гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан баталгааг иргэний эрх зүйн аливаа субьект гаргах боломжтой, энэ нь нээлттэй хэлбэрийн үүргийн гүйцэтгэлийг хангах арга мөн болох нь зарчмын хувьд үнэн. Гэвч Даатгалын тухай Монгол Улсын хуулийн Даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх гэсэн нэр бүхий 49 дүгээр зүйлийн 49.1-д Даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ. гэж, 49.2-т Даатгагчийн эрхлэх даатгалтай холбоотой үйл ажиллагааг даатгалын багц дүрмээр тодорхойлно гэж тус тус заажээ. Энэхүү зүйл, заалт нь Даатгагчийн үүрэг, даатгагчид тавих хязгаарлалт гэсэн нэртэй 10 дугаар бүлгийн эхний зүйл, заалтууд байна.
Даатгалын тухай хууль нь нийтийн эрх зүйн шинжтэй эх сурвалж, өөрөөр хэлбэл тус хуулиар даатгалын үйл ажиллагаан дахь төрийн зохицуулалттай холбоотой хэсгийг зохицуулдаг бөгөөд төрөөс даатгалын үйл ажиллагаанд ямар хязгаарлалт тогтоох, даатгалын салбарын мэргэшсэн этгээдэд тавигдах журам, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах ерөнхий зарчмуудыг хуульчилсан байдаг. Энэ ч агуулгаараа Даатгалын тухай хууль нь нийтийн эрх зүйн эх сурвалжид хамрагдаж, тус хуулиар тусгайлан зөвшөөрөөгүй харилцааг хориглох дүрэм үйлчилнэ. Иймд Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн агуулга, зүйлийн нэр, тухайн зүйл багтсан бүлгийн нэрээс үзвэл даатгагч этгээд гагцхүү даатгалын үйл ажиллагаа, мөн зохицуулагч байгууллагаас гаргасан тусгай журмаар баталсан даатгалтай холбоотой үйл ажиллагааг л эрхлэхээр байна. Мөнгөний зах зээлийн үндсэн оролцогч банкинд эрхлэх тодорхой ажилбарыг хуулиар зааж түүнээс бусад нарийвчилсан ажилбаруудыг ашиг олох зорилгоор эрхлэхгүй байх дүрэм үйлчилдгийн нэгэн адил Даатгалын байгууллагуудад даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд учирч болох эрсдлийг багасгахын тулд түүний эрхлэх үйл ажиллагаа, ажилбарт төрөөс тавих хязгаарлалт тавьдаг.
Санхүүгийн зохицуулах хороо 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 80 тоот тогтоолоор Ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааврыг баталсан бол 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 174 тоот тогтоолоор Урт хугацааны даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааврыг баталжээ. Эдгээр заавруудад даатгалтай холбоотой үйл ажиллагааг жагсаан тогтоосон байх бөгөөд даатгагч баталгаа гаргах нь даатгалтай холбоотой ажилбарт хамаарахгүй байна.
Даатгалын тухай хуулийн 6 дугаар бүлэг буюу Хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн чадвар гэх нэр бүхий бүлгийн 27 дугаар зүйлд урьдчилгаа болон зээлтэй холбоотой хязгаарлалтыг жагсаасан байна. Энэ жагсаалтад даатгагч нь холбогдох этгээдийн бусдаас авсан зээлд баталгаа, батлан даалт гаргахыг хориглосон байна. Хуулийг хориглосноос бусад зөвшөөрөгдөнө гэх зарчмаар тайлбарлавал даатгагч баталгаа гаргах боломжтой гэх дүгнэлтэд хүрч болох ч мөн хууль нь даатгалын үйл ажиллагааны нийтийн эрх зүйд хамаарах хэсгийг зохицуулж байгааг болон мөн хуулийн 10 дугаар бүлэг тухайлан даатгагчийн үйл ажиллагааны хүрээ хязгаарыг зохицуулж байгааг анхаарах ёстой. Хуульд заасан даатгагчид хориглосон зүйлийн жагсаалтаас бусдыг даатгагч эрхэлж болно гэх өнцгөөр тайлбарлавал Даатгалын тухай хуульд чухал байр суурь бүхий зохицуулалт болох 10 дугаар бүлэг, 49 дүгээр зүйлийн зорилго ойлгомжгүй болж, ач холбогдлоо алдах бизээ.
Иймд “Б Д” ХХКнь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 01 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, 02 тоот гүйцэтгэлийн баталгаа нь Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг зөрчсөн байх тул эдгээр баталгаа нь Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарахаар байна.
Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан “Б Д” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааны үүрэгт 2,394,878.435 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгааг хүчин төгөлдөр бус гэж үзсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Э С Т И С Э” ХХКулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,290,292 төгрөг, хариуцагч “Б Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,507,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч”Э С Т И С Э” ХХК-аас 16,507,950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б Д” ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу “Б Д” ХХК-иас 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааны үүрэгт 2,394,878.435 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, баталгаа тус бүрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдрийн 2 тоот гүйцэтгэлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Э С Т И С Э” ХХКулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,290,292 төгрөг, хариуцагч “Б Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,507,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч”Э С Т И С Э” ХХК-аас 16,507,950 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б Д” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА