Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэйгээр

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,  

Улсын яллагч Б.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч Б.Ариунсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан,

Шүүгдэгч Б.Итгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байтаг овогт Бат-Оршихын Итгэлд холбогдох эрүүгийн 201601000277 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, ах нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 17 дугаар хороо 18-10 тоотод оршин суух хаягтай боловч одоо Улаанбаатар хот Баянгол дүүрэг 17 дугаар хороо 24 дүгээр байр 04 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Байтаг овгийн Бат-Оршихын Итгэл /PД: УШ98050412/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Итгэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45,353 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 5 хэсэг тунгалаг өнгийн зиплок түгжээ бүхий гялгар ууттай нийт 45,353 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Итгэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би "Ar S” контрол буюу удирдлагатай тоглоомон машин сонирхдог тоглодог. Уг машины өртөг нь доод тал нь 300,000 төгрөгнөөс 1 сая гаран төгрөгний хооронд байдаг. Би ундаг дугуй болон өөрийнхөө өмсөж зүүж байгаа пүүз гутал, гар утас МР тоглуулагч зэргийг найз нөхөд хүүхдүүдтэй сольж зарж борлуулан илүү гарсан мөнгөө хадгалдаг байсан. Тэгээд би 2016 он гараад эмнэлгээс гарч ирээд мөнгө цуглуулдаг байсан миний цуглуулсан нийт 1,300,000 төгрөг орчим болсон байсан учраас 2016 оны 12 дугаар сарын 17-18-ны үед урагшаа буюу Хятад Улсын Бээжин хотруу явж удирдлагатай машины шинэ багаж, сэлбэгийг нь авах зорилгоор явсан. Боди буюу удирдлагатай машины гадна талын салдаг бүхээг буюу арьс тоног төхөөрөмжийг нь авах гээд ганцаараа явсан. Би 2016 оны 12 дугаар сарын 18-19-ний үед байх Замын-Үүд хилийн боомтоор хувийн машинаар хил гараад Эрээн хотоос микро автобусаар Бээжин хотод очсон. Тэгээд удирдлагатай машин зардаг дэлгүүр рүү явсан. Би явахаасаа өмнө нь интернетээс мэссэнжерээр Өвөр Монгол хүнтэй холбогдоод Бээжин рүү явсан. Тэгээд Бээжинд нөгөө хүнтэй мэссэнжерээр холбогдсон тэгтэл маргааш өглөө захисан юм чинь ирнэ маргааш уулзъе гэхээр нь би зочид буудалдаа хүлээгээд ирээгүй мэссэнжерт ч орж ирээгүй алга болсон. Тэгэхээр нь хүлээж дахиж саатаад яахав гэж бодоод дэлгүүр орж зарим нэг өнгөлгөөний жижиг гар өрөм хошуу зэргийг болон төрөх гэж байгаа дүүдээ салфетка, оймс болон бусад зүйл худалдаж авсан. Тэгээд миний бие тухайн үед эвгүй болоод даралт ихсээд сонин болоод байхаар нь ах эгчийнхээ санааг зовооно гэж бодоод хэлээгүй тэгээд эмийн сан ороxод надад эм өгөхгүй эмчийн бичиг, паспорт хэрэгтэй гээд байсан. Тэгээд би буцаж зочид буудал руугаа очих гээд явж байтал эмийн сан буудал хоёрын голд үл таних нэг Орос хүнтэй таарсан тэгээд өөрөө Орос хэл мэддэг болохоор яриад асуугаад та надад туслаж чадах уу миний даралт ихсээд байна гэтэл ах нь туслаж чадах байх гээд миний орсон аптек ороод заавал эмчийн бичиг паспорт нэхээд байна даралтны эм өндөр доозоор олон төрөл байдаг болохоор өгөхгүй боломжгүй байна гээд хэрвээ дугуйцахгүй бол чамайг тайвшруулна, даралтыг чинь буулгана даралтны эмнээс ялгаагүй зөөлхөн уян соруул гаргаж ирээд сугандаа нэг юм хавчуулаад соруулнаас сор гэхээр нь 3 удаа сорсон тэгтэл бие apзаагаад толгой сонин болоод байхаар нь хэлтэл анхны удаа хэрэглэж байгаа болохоор зүгээр болно гэсэн тэгээд 5 минутын дараа миний даралт ихсэхгүй зүгээр болчихсон, зүрхний цохилт жоохон өндөр байсан. Хүзүү хөших толгой эргэх нь зүгээр болчихсон. Тэгээд одоо би явлаа буцлаа гэтэл ах нь чамд чадахаараа тусалсан шүү гээд ах нь Замын-Үүд рүү хүнд ачаа өгөх гэсэн юм чи ахдаа туслаач ээ ах нь мөнгө төгрөг гаргахгүй чамд өгөөд явуулчихъя гэхээр нь би надад тусалсан хүнд яаж үгүй гэж хэлэх вэ гээд тусалъя гэсэн тэгтэл паар шиг хэмжээний хайрцагтай компрессорыг чи энийг Замын-Үүдэд хүн тосоод авахаар өгчихөөрэй гэсэн миний орсон буудлын цаг ч дууссан байсан учраас Эрээн хот руу явдаг микро автобусаар Замын-Үүд рүү явсан. Дэн буудалд хоночихоод 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Замын-Үүдийн хилээр автобусаар гарах гээд суусан хилээр автобустайгаа гараад байж байтал автобус шалгана гээд хүмүүсийг буулгаад дараа нь хүмүүсээ шалгасан. Тэгээд эхлээд миний биед үзлэг хийгээд бүтэн шалгаж дуусаад дараа нь нөгөө хүний өгч явуулсан компрессыг бүтэн задлаж шалгаж үзсэн тэгтэл дотроос нь жижиг гялгар ууттай зүйлүүд гарч ирсэн яг юу байсан гэдгийг нь мэдээгүй тэгээд намайг саатуулаад компрессор дотроос гарч ирсэн зүйлийг асуусан тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн тэгээд намайг хотод шилжүүлэн авчирсан... 2 сая орчим төгрөгтэй явсан байх, 2500 юань авсан цаана нь 50,000, 60,000 төгрөг үлдсэн. Хүн надад тус болсон болохоор л хүний вмыг авч яваад ийм хэрэгт холбогдчихлоо. Би дөнгөж 18 нас хүрсэн бага насандаа ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, бага ял оногдуулж өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 84-85/,

- Гэрч З.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд хилийн чиглэлд гаалийн хойшлуулашгүй ажиллагааны чиглэлээр давхар хяналт тавих ажил үүргийг хувиарын дагуу үүргээ гүйцэтгэж байсан. Манай хилийн гаалийн байгууллага нь цагдаа, тагнуулын ажилтнуудтай хамтран мэдээлэл солилцож ажилладаг. Үүний дагуу Тагнуулын байгууллагаас хилээр хар тамхи, мансууруулах бодистой зорчигч хилээр нэвтэрч болзошгүй гэх мэдээллийг үндэслэн хил орчимын бүсэд хяналтыг чангатгаж сайжруулан ажиллаж байсан. ... 14 цагийн орчим Бээжингээс Улаанбаатар чиглэлийн 06-66 ДГО улсын дугаартай автобус зорчигчдын хамтаар хилээр орж ирээд зорчигч нараа буугаад штамб даруулахаар оочирлох үед автобусанд албаны нохой ашиглан үзлэг шалгалтыг нэг бүрчлэн явуулсан. Энэ үед автобусны тээшинд байсан гаднаа компрессорын зурагтай цаасан хайрцагтай эд зүйлийг энэ хэний эд зүйл вэ гэж зорчигч нараас асуухад нэг залуу миний эд зүйл гэж хэлсний дагуу уг залууг нарийвчлан шалгахаар авч явсан. Үзлэгийг өрөөнд оруулж цаасан хайрцагтай, гадуураа скоч, боодлын даруулгаар амыг нь дарсан байсныг задалж үзэхэд улаан өнгийн компрессoр буюу даралтат хий байсан. Уг компрессoрын поршингийн хэсгийг задалж үзэхэд шаргал өнгийн скочоор боосон эд зүйл байсан. Түүнийг гаргаж харахад нойлын цаасанд боочихсон түгжээтэй 5 жижиг гялгар уутанд хийсэн хар тамхи байж болзошгүй мөс мэт зүйл байсан ба хажуугаар нь хар тамхи хэрэглэхэд хэрэглүүр болдог гуурс урт богино 3 ширхэг, шилэн гаанс 4 ширхэг, 1 ширхэг гаанс мэт зүйл цэнхэн өнгийн дугуй зүйлтэй байсан. Мөн нарийн гуурс шиг зүйлтэй граммын хэмжээтэй хуванцар сав зэрэг эд зүйл гарч ирсэн. Үүнийг гэрэл зургаар бэхжүүлж тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Зорчигчдын хувьд хил нэвтэрсэн байсан. Монгол Улсын хилийн штамб даруулсан байсан. ... Уг Итгэл гэх залууг шалгахад согтуурсан, мансуурсан зүйл илэрхий ажиглагдаагүй. Харин ачаа тээшийг нь шалгахад сандарсан байдалтай байсан. Компрессoрыг хаанаас авсан юм гэхэд Бээжингээс авсан гэж хэлж байсан ба үүргэвчинд байгаа жижиг оврын техникийн багаж хэрэгслээр яах гэж байгаа юм гэж асуухад миний хэрэглэдэг зүйл гэж хэлж байсан. Ер нь бол ямар нэгэн юм нуусан, сандарсан байдалтай хардлага төрүүлэхээр байсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 33-34/,

- Гэрч Д.Хүдэрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Дэлгэрэх ХХК-нд 06-66 ДГО улсын дугаартай Хюндай маркийн том оворын автобусаар Замын-Үүд сумын хилийн боомт болон Хятад Улсын Эрээн хотын хилийн бүс орчимд хүн тээвэрлэдэг юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Замын-Үүдийн хилээр Эрээн хотруу автобустайгаа хил гарчихаад Эрээн хотоос Замын-Үүд рүү 14 цагийн үед хилээр орох гээд хүмүүсээ аччихаад Эрээн хотын хилийн наахан талд явж байтал миний машины урдуур цагаан Хятад машинтай өвөр монгол залуу хашиж зогсоогоод нэг хүн аваад явчихаач гээд дөрвөлжин цаасан хайрцагтай нэг залуу машинаас нь бууж ирээд миний машинд суусан. Би тэр залуугийн ачааг нь тээшинд хийгээд хүнийг нь сул суудал дээр жолоочийн талын дунд хэсгийн суудал дээр суулгасан Тэгээд зорчигчид тусдаа штамб даруулахаар ороод би тусдаа машинтайгаа гадаа штамб даруулахаар орсон. Би штамбаа түрүүлж даруулчихаад гарч ирсэн. Тэгээд зорчигчидоо аваад Монголын Замын-Үүдийн хилрүү орох гээд урд хаалга буюу гаалийн бүртгэл хийдэг хаалган дээр очтол нөгөө зорчигч залуу буугаад Монголын штамб даруулах гээд яваад байсан би гаалийн бүс дээр ирээд зогстол нэг залуу үнэмлэх үзүүлээд танай автобусанд тиймэрхүү залуу гээд дүрсэлж хэлээд орж ирсэн үү гэсэн би тэр явж байна гээд хэлсэн тэгтэл нөгөө залуу штамбаа даруулчихаад намайг хүлээгээд зогсож байсан тэгээд намайг зорчигчидоо аваад 2-р хаалган дээр хүрээд ирээрэй гэсэн тэгээд нөгөө залууг зорчигчидын хамт суулгаад 2-р хаалган дээр очсон тэгтэл гаалийн ажилтан ирээд нөгөө залуугийн авч явсан цаасан хайрцагтай зүйлийг шалгаад нөгөө залуутай хамт шалгана гээд авч явсан. Мөн тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь авч явж давхар шалгасан. Тэгээд бусад зорчигчид ирээд нөгөө залуу ирээгүй. Сүүлд нь мөн манай автобусыг нохойтой хүмүүс ирж давхар шалгаад байсан. Би эхлээд мэдээгүй. Бор өнгийн том цаасан хайрцагтай зүйл байсан. Дотор нь юу байсныг мэдээгүй. Эрээний хил дээр очоод штамбаа даруулах гээд буухдаа ахаа наадах чинь компрессор байгаа юм гэсэн өөр зүйл хэлээгүй. Би тэр хайрцаган дотор юу байсан гэдгийг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,

- Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэл Гаалийн хяналт тавих нийтлэг журамын 10 дахь заалт буюу зорчигчийн бараанд гаалийн хяналт тавих гэсэн заалтыг үндэслэж байгаа. Зорчигчийн рентиген, хүний биед шалгах Монгол руу орох чиглэлд рентиген байхгүй. Харин Хятадруу гарах чиглэлд хүний бие дэх эд зүйлийг шалгах рентиген гэж байдаг. Тэгэхээр Монгол талаасаа хүний бие дэх эд зүйлийг шалгах рентиген гэж байхгүй. Металл илрүүлэгч хаалга, металл илрүүлэгч гар багаж, эрэлч нохой зэрэг техник хэрэгслээр үзэж шалгаж байна. Хүний бие ачаа тээшинд хадгалагдаж байгаа эд зүйлийг илрүүлэхэд хамгийн гол цагдаа, тагнуул хууль хүчний байгууллагын мэдээллээр эсхүл тодорхой сэжиг илэрсэн байгаа бол хүний биед үзлэг хийх, үүнээс бусад тохиолдолд журмынхаа дагуу улаан, ногоон гарцыг зорчигч сонгож нэвтэрнэ. Хүмүүсийн ачаа овор ихтэй бараатай холбоотойгоор тэр болгоныг оруулж ирж рентигенээр үзэх боломжгүй, ачиж буулгахаас авахуулаад нилээд их асуудал үүсдэг. Харин зөвхөн гар ачааг рентигенээр үзэж шалгаж байгаа. Гаалийн шалгалтаар машинд буюу 69 машинд ачсан ачаа бараанаас зөрчил илэрсэн дохиолдолд рентигенд үзэж шалгаж болдог. Замын-Үүд боомтын хувьд өдөрт дунджаар орох чиглэлдээ 700 орчим автомашин, 2800 орчим зорчигч орж гарч байна. Ажлын цаг ашиглалтын хувьд үдээс хойш 14 цагаас хойш ачаалал эрс ихсдэг. Иймд хүний бие болон ачаа тээшинд байгаа овор хэмжээний хувьд бага хэмжээтэй ямар нэгэн хууль бус хориглосон эд зүйлийг илрүүлэх боломжгүй юм. Эм, эмийн хүнсний бүтээгдэхүүний хувьд дарааллаараа бол эхлээд мэргэжлийн хяналтын байгууллага дараа нь гаалийн байгууллага шалгадаг юм. Хилийн бүс дээр камерын бичлэг 24 цагаар тасралтгүй явагддаг Гэхдээ сүлжээний хүчин чадлаас хамаарч шаардлагын хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна. Тухайн бичлэг нийт 45 хоног хадгалагддаг түүнээс хойш дарагдаад дараагийн бичлэг хадгалагддаг. Хятад Улсаас Монгол Улс руу нэвтрэх үед зөвхөн боомтын үүдэн дээр ирээд нэвтрэх үеийн автомашиныг камерын дүрс бичлэгээр бичдэг. Харин зорчигчийг Хятдаас Монгол руу нэвтрэх үеийн камерын бичлэг гэж байхгүй... Манай Гаалийн тухай хуулиар бол гаалын улсын байцаагчид шалгуулаад өнгөрсөн тохиолдолд гаалийн хилээр нэвтэрсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 37-38/,

- Шинжээч Б.Ламчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Амфетамин, метамфетамин гэх бодисууд нь сэтгэцэд нөлөөт нэг төрлийн бодис бөгөөд нэг төрлийн уламжилалт бодис гэж ойлгож болно. Хоёр өөр төрлийн бодис гэж ойлгож болохгүй... Амфетамин, метамфетамин нь хоёулаа мөс буюу метамфетамин агуулсан нийлмэл бүтэцтэй бодис юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/,

- 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 683 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн 8см урттай цорго гаргасан улаан өнгийн тагтай хуванцар сав, 37см урттай цагаан өнгийн уян гуурс мэт зүйл, 1 ширхэг шилэн гаанс мэт зүйл нь цайвар өнгийн бодис мэт зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 21см, 14см, 35см урттай цагаан өнгийн уян гуурс мэт зүйл 3 ширхэг, шилэн гаанс мэт зүйл 2 ширхэг, хүрэн өнгийн толгойтой цэнхэр өнгийн дугуй зүйлтэй шилэн гаанс мэт зүйлд ямар нэгэн үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн бодис мэт зүйлээр бохирлогдсон 8см урттай цорго гаргасан улаан өнгийн тагтай хуванцар саванд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн бодис мэт зүйлээр бохирлогдсон 37см урттай цагаан өнгийн уян гуурс мэт зүйл болон шилэн гаансанд метамфетамины агууламж /methamphetamine/ илэрсэн.

5. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-47/

- 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Итгэлийн шээс нь 70мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

 2. Шинжилгээнд ирүүлсэн шээснээс амфетамины /AMP/ агууламж илэрсэн. Амфетамины /AMP/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 49/,

 - 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 524 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №1-1, №2-1, №3-1, №4-1, №5-1 талстлаг мөс мэт зүйл тус бүрээс метамофетамины /methamphetamine/ агууламж илэрсэн.

3. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-53/,

- 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 31 дугаартай дүгнэлт: 

1. Б.Итгэл нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Итгэл нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Итгэл нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Б.Итгэл нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.Итгэл нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Б.Итгэл нь мансуурах донтой болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Б.Итгэл нь мансуурах донтой болон мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-56/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11, 14-21/,

- Хүний биед үзлэг хийж мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл /хх-ийн 27/,

- Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг дээжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29/,

- Б.Итгэлийн гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 92/,

- Б.Итгэлийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шйидвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд Б.Итгэл нь удирдлагатай машины сэлбэг, багаж авахаар 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод очоод Орос залуутай таарч НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай“ конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45,353 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг авч, уг бодисоо компрессорт хийж 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт болсон байна.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Итгэлийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Итгэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоос НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45,353 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, мөн уг бодисоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор компрессорт нууж хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болох нь: шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч З.Мягмарсүрэнгийн “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд хилийн чиглэлд гаалийн хойшлуулашгүй ажиллагааны чиглэлээр давхар хяналт тавих ажил үүргийг хувиарын дагуу үүргээ гүйцэтгэж байсан...Тагнуулын байгууллагаас хилээр хар тамхи, мансууруулах бодистой зорчигч хилээр нэвтэрч болзошгүй гэх мэдээллийг үндэслэн хил орчимын бүсэд хяналтыг чангатгаж сайжруулан ажиллаж байсан. ... 14 цагийн орчим Бээжингээс Улаанбаатар чиглэлийн 06-66 ДГО улсын дугаартай автобус зорчигчдын хамтаар хилээр орж ирээд зорчигч нараа буугаад штамб даруулахаар оочирлох үед автобусанд албаны нохой ашиглан үзлэг шалгалтыг нэг бүрчлэн явуулсан. Энэ үед автобусны тээшинд байсан гаднаа компрессорын зурагтай цаасан хайрцагтай эд зүйлийг энэ хэний эд зүйл вэ гэж зорчигч нараас асуухад нэг залуу миний эд зүйл гэж хэлсний дагуу уг залууг нарийвчлан шалгахаар авч явсан. ... Уг компрессoрын поршингийн хэсгийг задалж үзэхэд шаргал өнгийн скочоор боосон эд зүйл байсан. Түүнийг гаргаж харахад нойлын цаасанд боочихсон түгжээтэй 5 жижиг гялгар уутанд хийсэн хар тамхи байж болзошгүй мөс мэт зүйл байсан ба хажуугаар нь хар тамхи хэрэглэхэд хэрэглүүр болдог гуурс урт богино 3 ширхэг, шилэн гаанс 4 ширхэг, 1 ширхэг гаанс мэт зүйл цэнхэн өнгийн дугуй зүйлтэй байсан. Мөн нарийн гуурс шиг зүйлтэй граммын хэмжээтэй хуванцар сав зэрэг эд зүйл гарч ирсэн... Зорчигчдын хувьд хил нэвтэрсэн байсан. Монгол Улсын хилийн штамб даруулсан байсан... Компрессoрыг хаанаас авсан юм гэхэд Бээжингээс авсан гэж хэлж байсан ... ямар нэгэн юм нуусан, сандарсан байдалтай хардлага төрүүлэхээр байсан...” гэсэн, гэрч Д.Хүдэрбаатарын “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Замын-Үүдийн хилээр Эрээн хотруу автобустайгаа хил гарчихаад Эрээн хотоос Замын-Үүд рүү 14 цагийн үед хилээр орох гээд хүмүүсээ аччихаад Эрээн хотын хилийн наахан талд явж байтал миний машины урдуур цагаан Хятад машинтай өвөр монгол залуу хашиж зогсоогоод нэг хүн аваад явчихаач гээд дөрвөлжин цаасан хайрцагтай нэг залуу машинаас нь бууж ирээд миний машинд суусан. Би тэр залуугийн ачааг нь тээшинд хийгээд хүнийг нь сул суудал дээр жолоочийн талын дунд хэсгийн суудал дээр суулгасан Тэгээд зорчигчид тусдаа штамб даруулахаар ороод би тусдаа машинтайгаа гадаа штамб даруулахаар орсон...би гаалийн бүс дээр ирээд зогстол нэг залуу үнэмлэх үзүүлээд танай автобусанд тиймэрхүү залуу гээд дүрсэлж хэлээд орж ирсэн үү гэсэн би тэр явж байна гээд хэлсэн тэгтэл нөгөө залуу штамбаа даруулчихаад намайг хүлээгээд зогсож байсан... гаалийн ажилтан ирээд нөгөө залуугийн авч явсан цаасан хайрцагтай зүйлийг шалгаад нөгөө залуутай хамт шалгана гээд авч явсан...Эрээний хил дээр очоод штамбаа даруулах гээд буухдаа ахаа наадах чинь компрессор байгаа юм гэсэн өөр зүйл хэлээгүй. Би тэр хайрцаган дотор юу байсан гэдгийг хараагүй...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 683 дугаар, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 434 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 524 дугаар дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийж мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг дээжилсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичиг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс Б.Итгэлд холбогдох хэргийн зүйлчилэл тохирсон гэж үзэж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөлөлийн үгэндээ: “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Итгэл нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцсэн нь дээр дурдсан гэрчүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, бусад бичгийн баримтуудаар няцаагдаж байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт тогтоогдсон байх ба энэ нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болно.

Түүнчлэн Б.Итгэлийн биеийн эрүүл мэндийн хувьд даралт нь ихэсдэг гэх ба үүний улмаас эмнэлгийн хяналтанд байдаг талаар эмнэлгийн бичиг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Итгэлд оногдуулсан хорих ялыг биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Б.Итгэлийн цагдан хоригдсон 52 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутны хамт 39,853 грамм метафеманины агууламж бүхий бодис, 8 см урттай цорго гаргасан улаан өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, 21 см, 14 см, 35 см, 37 см урттай цагаан өнгийн уян гуурс мэт зүйл 4 ширхэг, 6,5 см урттай шилэн гаанс мэт зүйл 3 ширхэг, 7 см урттай хүрэн өнгийн толгойтой цэнхэр өнгийн дугуй зүйлтэй шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Е12062225 дугаар гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Байтаг овогт Бат-Оршихын Итгэлийг мансууруулах  бодисыг  хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх, мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бат-Оршихын Итгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  шүүгдэгч Б.Итгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар 188.2-т зааснаар оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Итгэлд оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Итгэлийн цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Итгэл нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гялгар уутны хамт 39,853 грамм метафеманины агууламж бүхий бодис, 8 см урттай цорго гаргасан улаан өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, 21 см, 14 см, 35 см, 37 см урттай цагаан өнгийн уян гуурс мэт зүйл 4 ширхэг, 6,5 см урттай шилэн гаанс мэт зүйл 3 ширхэг, 7 см урттай хүрэн өнгийн толгойтой цэнхэр өнгийн дугуй зүйлтэй шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Е12062225 дугаартай гадаад паспортыг шүүгдэгч Б.Итгэлд буцаан олгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Итгэлд урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.БОЛОРМАА

 ШҮҮГЧИД                                                      А.ЦЭРЭНХАНД

                                                                         Б.НАРМАНДАХ