Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 119/ШШ2022/0034

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “О” ХХК /захирал Д овогтой М/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б овогтой А

Хариуцагч: ОА-ийн ТХ /дарга Б.Ц/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОАТХ-ийн ХАХТУБ Д.Б нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК нь ОА-ийн ТХ-т холбогдуулан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах”-аар маргасан.

2. “О” ХХК нь ““О” ХХК-ийн “нэмэгдсэн өртгийн албан татварын 1.911.172.700 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 844.757.00 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгогдсон орлогоос суутгасан албан татварын 190.46.00 төгрөг, нийт 1.998.552.700 төгрөгийн татварын өрийг  өршөөлд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ОА-ийн ТХ-т гаргасан бөгөөд ОА-ийн ТХ-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/161 тоот албан бичгээр “...албан татварын өрийг чөлөөлөх, өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг “О” ХХК-д хүргүүлсэн.

3. Нэхэмжлэгч нь үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн. Шүүх тус нэхэмжлэлээр хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

 4. Нэхэмжлэгч “О” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 /Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ/, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасны дагуу Сумын дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 104 дугаар захирамжтай /шүүхийн шийдвэртэй/ 2031256 тоот регистрийн дугаартай “О” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 1.911.172.700 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 844.757.00 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгогдсон орлогоос суутгасан албан татвараар 190.46.00 төгрөг, нийт 1.998.552.700 төгрөг /нэг тэрбум есөн зуун ерэн найман сая таван зуун тавин хоёр мянга долоон зуун/-ийн татварын өрийг өршөөлд хамруулах үндэслэлтэй” гэжээ.

            5. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““О” ХХК нь Татварын өршөөлд хамруулах 1.998.552.700 төгрөг байгаа. Энэхүү өр нь яаж үүссэн бэ? гэхээр 2013 онд явуулсан үйл ажиллагааны үр дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 1.9 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 844.000.00 төгрөг, нийт 1.998.552.700 төгрөгийн өр үүссэн. 2014 онд ОА-ийн ТХ-ээс эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргасны дагуу эвлэрлийн гэрээ байгуулж, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар батлаад графикийн дагуу 5 хувааж татвараа төлнө гэсэн байдлаар захирамж гарсан байгаа. Одоо яагаад татварын өршөөлд хамрагдах ёстой вэ гэхээр 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гарсан. Тухайн хуулийн үзэл баримтлал, агуулга нь юу байсан бэ? гэхээр нууж байсан нийгмийн даатгалын болон албан татваруудыг төлөөгүй байдлыг өөрөө сайн дураараа илчлээд гаргасан тохиолдолд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй гэж заасан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 3,4 дүгээр зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3, 10.3 дахь зүйлүүдэд заасны дагуу өршөөлд хамрагдана гэж үзэж байгаа.

Хариуцагчийн зүгээс шүүгчийн захирамж гарсан учраас хамруулахгүй гэж үзэж байгаа. Өөрөө сайн дураараа илэрхийлээд гаргасан тохиолдолд хариуцлага тооцохгүй гэж заасны дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан учраас энэ зүйл, заалтанд хамаарна гэж үзэж байгаа. Дээрээс нь эвлэрлийн гэрээнээс өмнө ч гэсэн “О” ХХК-иас ТХ-т албан бичгээр татвараа төлнө, хугацааг сунгаж өгөөч гэсэн албан бичгүүдийг явуулж байсан байгаа. Зөвхөн эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулиудын үзэл баримтлал нь өөрсдөө сайн дураараа мэдүүлсэн этгээдэд өршөөл үзүүлье, дээрээс нь энэ үйл ажиллагаандаа ТХ- тэгш байдлыг хангах үүднээс нэхэмжлэгчийг өршөөлд хамруулаад явах нь хууль зөрчсөн зүйл болохгүй гэж үзэж байна. Тийм учраас энэ хуульд хамаарах учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            6. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн дарга Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ОА-ийн ТХ-т бүртгэлтэй “О” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу өршөөлийн хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан бөгөөд хуулийн зорилтыг уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл захиргааны зөрчил гаргасан этгээдэд ногдуулсан захиргааны хариуцлагыг өршөөхөд чиглэгдсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан 1,998,552,700 төгрөгийн албан татварын өр нь “О” ХХК-ийн хуулийн дагуу тайлагнасан 2014 оны байдлаарх нэмэгдсэн өртгийн албан татварын 1,911,172,700 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 84,475,700 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвараар 999,700 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвараар 19,046.00 төгрөгийн татварын тайлангаарх өр байсан. ТХ- хуулийн хугацаандаа төлөгдөөгүй албан татварын өрийг хураан барагдуулах зорилгоор татварын ерөнхий хуульд заасан өр барагдуулах ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэдэг. Тус хэлтсээс 2014 онд холбогдох өрийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж “О” ХХК эвлэрэхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулагдаж 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажсан байдаг. Энэ бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Өршөөлийн хуульд заасны дагуу өршөөлд хамрагдаж болох захиргааны шийтгэл бус татвар төлөгчийн өөрийн төлбөл зохих албан татвараа хуулийн дагуу тайлагнасан татварын тайлангаарх өрийг өршөөлийн хуульд хамруулах хууль зүйн зохицуулалт байхгүй болно.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тухайн хуулийн үйлчлэх цар хүрээ, цаг хугацааг маш тодорхой заасан байдаг. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “энэ хуулийн 3.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас 5 өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд тухайн үйлдэл нь захиргааны байгууллагаас хүлээлгэсэн шийтгэл биш байгааг анхааралдаа авах нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн 4.3 болон 10.3 дахь хэсэгт заасан утга агуулгыг явцууруулан, хүчин чадлыг өөрчлөн хуулийн бус хүрээнд тайлбарлан нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч ТХ-т анх хүсэлт гарган хандахдаа болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тодорхой нэг зүйлийг огт анхаарахгүй байгаагаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс зайлсхийж байгаа үйлдэл гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах ёстой гэж үзсэн боловч ТХ буюу захиргааны байгууллагаас шийтгэл хүлээлгэсэн шийдвэр байхгүй гэдгийг анхааран хуулийн санаа зорилго, зохицуулах зүйлийн үзэл баримтлалыг хууль зүйн талаас нь судлан харж нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж үзэж байна.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тус шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийг холбогдох өршөөлийн тухай хуульд хамрагдах үндэслэлгүй болохыг хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлэж байсан баримт байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд “О” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өршөөлийн хууль олон янзаар гарсан. Алинд нь хамрагдах хүсэлтэй байгаа нь тодорхой бус байсан. Хариу тайлбарыг нэхэмжлэлийн дагуу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд гаргасан. 2014 онд ОА-ийн ТХ “О” ХХК-ийн хооронд татварын маргаан үүссэн байсан. Тухайн үед ажиллагаа хийгдэж шүүхийн шийдвэр гарч биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийж явж байсан. Өмгөөлөгч маань Өршөөлийн хуульд хамрагдана гэж байна. Татварын албатай байгуулсан эвлэрлийн гэрээгээр баталгаажсан татварын өр бол татвар төлөгчийн тайлангаар тогтоосон татварын өр юм. Нөхөн татвар гэдэгт юуг ойлгох вэ гэхээр хянан шалгалтын актаас үүссэн өрийг нөхөн татвар гэж үздэг. Татвар төлөгчийн тайлагнасан өр нөхөн татварт хамаарахгүй. Өнөөдрийн байдлаар “О” ХХК одоогийн байдлаар 2.3 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа. Татварын алба татвар төлөх хугацааг 1 жил, шаардлагатай бол 2 жил хүртэл хугацаагаар сунгадаг. Нэхэмжлэгч шүүхэд татварын өр төлбөрөө өршөөлд хамруулъя гээд байдаг, ТХ дээр очихоор татварын үйл ажиллагаа доголдсон, татвар төлөх асуудал хоцрогдсон гэдэг. Тэгэхээр 2.3 тэрбум төгрөгийн өртэй, өнөөдөр өршөөлд хамрагдахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа өр нь 2.3 тэрбум дотор явж байгаа. “О” ХХК ТХ-т хүсэлт өгсөн байгаа. Бид нар үйл ажиллагаагаа явуулъя, өр төлөх хугацааг сунгаад өгөөч гэсэн хүсэлтийг өчигдрийн байдлаар өгсөн байдаг. Татварын талаас анхнаасаа энэ эвлэрлийн гэрээний утга учир бол татварын алба тухайн үед эвлэрлийн гэрээгээр баталгаажуулж болдог байх үеийн асуудал. Тэгэхээр эвлэрлийн гэрээ хуульд заасны дагуу төлбөр төлөгчийнхөө хүсэлтийн дагуу явдаг. Холбогдох баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн байдаг. “О” ХХК ийм ийм хуваарийн дагуу өр төлбөрөө төлөхөөр эвлэрэн хэлэлцье, эвлэрэн хэлэлцэхэд төлөөлөгч нараа томилъё гээд тухайн үеийн нөхцөл шаардлага, процессын дагуу хийгээд Татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаад эвлэрэн хэлэлцье гэсэн хүсэлтийн дагуу эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Тэгэхээр татвар талдаа өр төлбөрөө хүлээн зөвшөөрөөд байдаг, шүүх дээр ирэхээр өршөөлд хамруулж өгөөч гээд байдаг. Тэгээд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байдалд хүрсэн. Өршөөлийн хууль нь тодорхой асуудлыг зохицуулахаар хуулийн үзэл баримтлалд тодорхой заагдсан байдаг. Өршөөлийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт захиргааны хариуцлага, захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбоотой үүссэн харилцааг зохицуулсан. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр эсвэл аливаа нэг байгууллагаас гаргасан шийтгэлийг чөлөөлөхөд оршино. Энэ компанитай холбогдуулан хянан шалгалтын акт, нөхөн татвар, торгууль, алданги тавигдаагүй. Татвар төлөгчийн тодорхойлсон өр байна. Тэгэхээр энэ нь энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль маань татвар төлөгч тайлагнаагүй, татварын хяналт шалгалт орохоос өмнө орлого олж, татварын тайландаа тусгаагүй байх юм. Хуулийн үзэл баримтлал ийм байна. Тэгэхээр ямар нэгэн нуусан татвараа хамрагдуулъя гэсэн хүсэлтээ татварын албанд өгөөгүй. Тийм нуусан зүйл энэ компанид байхгүй байна. Тэгэхээр Татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлнэ. Тайлангаа гаргасан байна. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК нь ОА-ийн ТХ-т холбогдуулан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу Сумын дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 104 дугаар захирамжтай /шүүхийн шийдвэртэй/ 2031......... тоот регистрийн дугаартай “О” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 1.911.172.700 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 844.757.00 төгрөг,  суутгагчийн хувь хүнд олгогдсон орлогоос суутгасан албан татвараар 190.46.00 төгрөг, нийт 1.998.552.700 төгрөг /нэг тэрбум есөн зуун ерэн найман сая таван зуун тавин хоёр мянга долоон зуун/-ийн татварын өрийг өршөөлд хамруулах үндэслэлтэй” гэж;

Хариуцагч ““О” ХХК-ийн 2014 онд холбогдох өрийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүгчийн захирамжаар баталгаажсан байдаг. Энэ бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Өршөөлийн хуульд заасны дагуу өршөөлд хамрагдаж болох захиргааны шийтгэл бус татвар төлөгчийн өөрийн төлбөл зохих албан татвараа хуулийн дагуу тайлагнасан татварын тайлангаарх өрийг өршөөлийн хуульд хамруулах хууль зүйн зохицуулалт байхгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус тус маргасан.  

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 3,4 дүгээр зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3, 10.3 дахь зүйлүүдэд заасны дагуу өршөөлд хамрагдана гэж үзэж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулиудын үзэл баримтлал нь өөрсдөө сайн дураараа мэдүүлсэн этгээдэд өршөөл үзүүлье, дээрээс нь энэ үйл ажиллагаандаа ТХ тэгш байдлыг хангах үүднээс нэхэмжлэгчийг өршөөлд хамруулаад явах нь хууль зөрчсөн зүйл болохгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б “Өршөөлийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт захиргааны хариуцлага, захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбоотой үүссэн харилцааг зохицуулсан. Энэ компанитай холбогдуулан хянан шалгалтын акт, нөхөн татвар, торгууль, алданги тавигдаагүй. Тэгэхээр энэ нь энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль маань татвар төлөгч тайлагнаагүй, татварын хяналт шалгалт орохоос өмнө орлого олж, татварын тайландаа тусгаагүй байх юм. Тэгэхээр ямар нэгэн нуусан татвараа хамрагдуулъя гэсэн хүсэлтээ татварын албанд өгөөгүй. Тийм нуусан зүйл энэ компанид байхгүй байна. Тэгэхээр Татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлнэ. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлээ тус тус тайлбарлаж мэтгэлцэв.

 4. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4.1. “О” ХХК нь ““О” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 1.911.172.700 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 844.757.00 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгогдсон орлогоос суутгасан албан татварын 190.46.00 төгрөг, нийт 1.998.552.700 төгрөгийн татварын өрийг өршөөлд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ОА-ийн ТХ-т гаргасан бөгөөд ОА-ийн ТХ-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/161 тоот албан бичгээр “...албан татварын өрийг чөлөөлөх, өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг “О” ХХК-д хүргүүлжээ.  

4.2. Татвар төлөгч “О” ХХК нь захиргааны байгууллагын дээрх татгалзлыг эс зөвшөөрч “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

4.3. ОА-ийн ТХ-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/161 тоот албан бичгээр “...албан татварын өрийг чөлөөлөх, өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг “О” ХХК-д хүргүүлсэн нь захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

4.4. Хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус “эс үйлдэхүй” эсхүл “татгалзсан шийдвэр”-ийн эсрэг “даалгах нэхэмжлэл”-ийн шаардлага гаргадаг. Тийм учраас нэхэмжлэгч нь ОА-ийн ТХ-ийн “О” ХХК-ийг албан татварын өрөөс чөлөөлөх, татварын өршөөлд хамруулахаас татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийн шаардлага /”О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах/-ыг гаргасан гэж үзнэ.

4.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд ОА-ийн ТХ нь “О” ХХК-ийн гаргасан татварын өршөөлд хамруулах, татварын өрийг чөлөөлөх өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

4.6. Тордуулбал, “Эс үйлдэхүй”-н хувьд захиргааны зүгээс ямар нэгэн хариу үйлдэл буюу шийдвэр гаргаагүй байдгаараа татгалзсан шийдвэрээс ялгаатай байдаг. ОА-ийн ТХ нь ““О” ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, “татварын өршөөлд хамруулах, татварын өрийг чөлөөлөх үндэслэлгүй” гэсэн хариуг хүргүүлсэн тул өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин хариу хүргүүлсэн нь татгалзсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

4.7. Захиргааны байгууллагын “татгалзсан шийдвэр” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актад хамаарна.  

4.8. ОА-ийн ТХ-ийн “О” ХХК-ийн татварын өрийг чөлөөлөх, татварын өршөөлд хамруулахаас татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 4.9. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн татварын өршөөлд хамруулахыг хүссэн 1,998,552,700.00 төгрөгийн татварын өр нь татвар төлөгчийн өөрөө татвар ногдох орлогоо тодорхойлж, түүнд ногдох албан татвараа татварын албанд тайлагнасан албан татвар байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

4.10. Уг татварын өрийн талаар ОА-ийн ТХ нь 2014 онд Сум дундын 14 дүгээр шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид тус компанийн 1,998,552,700.00 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр өргөдөл гаргаж, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд уригдагч тал болох “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ОА-ийн ТХ-ийн нэхэмжилж буй 1,998,552,700.00 төгрөгийн татварын өрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өргөдөл гаргагч талтай “2014 онд багтаан 200 000 000 төгрөг, 2015 оны 1, 2 дугаар улиралд 200 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар улиралд үлдэгдэл төлбөрийг сар бүр тэнцүү дүнгээр төлөх”-өөр харилцан зөвшилцөж, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон.  

4.11. “О” ХХК-ийн төлбөл зохих татварын өрийн талаарх Сум дундын 14 дүгээр шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж /шүүхийн шийдвэр/ нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хүчин төгөлдөр шийдвэр тул тухайн татварын өр төлбөрийг төлөх нь зайлшгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ.

4.12. “Татвар” нь улсын орлогыг бүрдүүлдэг бөгөөд хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулж, орлого олсон бол тухайн орлогоо үнэн зөв тодорхойлж, түүнд ногдох албан татварын тайланг хуульд заасан хугацаанд гаргаж, татвараа төлөх  нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан орлого олсон бол татвар төлөх нь “зайлшгүй байх” зарчим, мөн нэгэнт төлөх нь тодорхой болсон, шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон татварын өр төлбөрийг төлж барагдуулах нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шударга байх” татварын үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцнэ.

4.13. Мөн  татвар төлөгч нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж зааснаар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй. Энэ нь биелүүлбэл зохих зүй ёсны шаардлага, татвар төлөгчийн үүрэг бөгөөд үүнийг “захиргааны хариуцлага” гэж үзэхгүй. 

4.14. Татвар төлөгч “О” ХХК-ийн албан татвар төлөх үүргийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж, татвараас чөлөөлөх, хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.  

4.15. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

4.16. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ”, 2.2-т “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж тус тус заажээ.

4.17. Дээрх хуулийн зорилт, үйлчлэх хүрээнээс үзвэл бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан эд хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон мэдүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр хуульд заасан. “Сайн дурын үндсэн дээр ил болгож тайлагнах” гэдэг нь өмнө уг татварын орлогыг огт тайлагнаж байгаагүй байх, мөн татварын хяналт шалгалтаар татварын орлогоо нуусан болох нь тогтоогдоогүй байх, хэн нэгэн этгээд илрүүлээгүй байхад нуусан татвараа татвар төлөгч өөрийн сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлэхийг ойлгоно.

4.18. Гэтэл “О” ХХК-ийн 1,998,552,700.00 төгрөгийн татварын өр нь татвар төлөгч өөрөө тодорхойлж, тайлагнасан албан татвар байх бөгөөд хууль үйлчилж эхлэхээс өмнө ил, тодорхой байсан. Тийм учраас нуугдмал байсныг тус компани энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд өөрөө сайн дураар ил болгож мэдээлсэн гэх үндэслэл байхгүй тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж зааснаар татвар төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 4.19. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заанаас үзвэл энэ хуулиар эрүүгийн болон захиргааны хариуцлагатай холбоотой өршөөл үзүүлэх харилцааг зохицуулжээ.

4.20. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан бол шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”,  10 дугаар зүйлийн 10.1-т “Энэ хуулийн 3.1-д заасан "гэмт хэрэг үйлдсэн хүн" гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасан хуулийн үйлчлэлд “О” ХХК-ийн татварын өр өршөөлд хамрагдах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.21. Тодруулбал, “О” ХХК-ийн татварын өр нь татвар төлөгч өөрөө тодорхойлж, тайлагнасан татварын өр байх бөгөөд татвар ногдох орлогоо нуусан, бууруулсан зэргээр нөхөн татвар ногдуулсан, хүү, торгууль, алданги тооцсон хариуцлагын шинжтэй захиргааны байгууллагын шийдвэр гараагүй болохыг хэргийн оролцогчид тус тус тайлбарладаг, энэ талаар маргаагүй.  

4.22. Хэрвээ татварын албанаас татвар төлөгчийн татварын орлогоо нуусан, татвар ногдох орлогоо бууруулсан зэрэг татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчилд нөхөн татвар ногдуулж, хүү, торгууль, алданги тооцсон бол “хүү, торгууль, алданги”-ийг захиргааны хариуцлагад хамааруулж, өршөөн хэлтрүүлэх нөхцөл үүснэ. Гэтэл “О” ХХК-д ийм хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нөхцөл үүсээгүй.

4.23. “О” ХХК болон ОА-ийн ТХ-ийн хооронд татварын өр төлбөрийг төлж, барагдуулах талаар байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г баталгаажуулсан Сум дундын 14 дүгээр шүүхийн хуулийн 2014 оны 104 дугаартай захирамж /хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр/ нь иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр юм. Уг шийдвэр нь “О” ХХК-д эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэсэн шийдвэр биш тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

4.24. “О” ХХК-ийн 2014 оноос өмнө үүссэн төлбөл зохих татварын өр нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, татвараас чөлөөлөгдөх, өршөөлд хамрагдах нөхцлүүд тогтоогдохгүй байна.

4.25. Иймд ОА-ийн ТХ-ийн “О” ХХК-ийг татварын өр төлбөрөөс чөлөөлөх, татварын өршөөлд хамруулахаас татгалзсан шийдвэр нь хууль зөрчөөгүй, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах хууль зүйн үндэслэлгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн ОА-ийн ТХ-т холбогдуулан гаргасан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.УУГАНЦЭЦЭГ