Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 292

 

                                                              Ц.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны   өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 422 дугаар магадлалтай, 1710011320046 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж  1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2011 онд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Адууч овогт Ц.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ц.А-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 422 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Н.Б гаргасан гомдолдоо: “...Ц.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх гэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч Ц.А-ын үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Н.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.А-ын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр Вилла хотхоны 112-4 тоотод хохирогч Н.Б-тай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд бүрэн нийцжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.А-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм буруу, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

Хохирогч Н.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Ц.А-ын үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй талаар тодорхой мэдүүлсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед хөнгөн гэмтэл учруулсан шинжийг үндэслэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулж байна гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Энэ талаар гаргасан хохирогчийн гомдол, шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 422 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

           

               ДАРГАЛАГЧ                                                              Б.ЦОГТ

               ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН