Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2022/00351

 

 

 

 

 2022         04            04                                       151/ШШ2022/00351

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Д.Отгончулуун, Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,                                                                                                                                                    

Нэхэмжлэгч: ..... тоотод байрлах .............ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... тоотод оршин суух С овогтой М-т холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 9,487,860 төгрөгийг гаргуулах тухай

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр,

иргэдийн төлөөлөгч Д.Цогтбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .............ХХК нь Төв аймаг, Эрдэнсант сум, 5-р баг, Улаанхудаг 2-01 тоотод байрлах 8 га талбайд овъёос тариалдаг. Иргэн С.М.ын тэжээдэг гахайнууд нь .............ХХК-ийн тариалалтын талбайд байнга орж идэж сүйтгэж хор хохирол учруулах болсон. С.М. нь гахайнуудаа тэжээн, хараа хяналттай маллах ёстой атал маллахгүй дураар нь тавьж санаатай, санамсаргүйгээр .............ХХК-ийн тариалалтын талбайд оруулж хохирол учруулж эхэлсэн...

С.М.ын гахай манай компанийн тариалалтын талбайд тарьсан овъёос идэж, талбай сүйтгэж байгаа талаар Эрдэнэсант сумын захиргаанд гомдлоо гаргасан ба Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А-136, А-158, А-210 тушаал, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128-р тогтоол, Сумын Засаг даргын 2021 оны 05-р сарын 24-ний өдрийн А/115 тоот захирамжийг үндэслэн сумын Засаг даргын 2019 оны А/182 тоот захирамжаар байгуулагдсан комиссын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Таримал ургамлын хохирол тооцох акт-аар тогтоосон 7,000,000 төгрөгийг С.М.аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: .............ХХК нь Төв аймаг, Эрдэнэсант сум, 5 дугаар баг, Улаанхудаг 2-01 тоотод байрлах 8 га талбайд овъёос тариалдаг. С.М. нь тэжээдэг гахайнуудаа хараа хяналттай маллах ёстой атал маллахгүй "Хөнөг нуур" ХХК-ийн тариалалтын талбайд оруулж хохирол учруулж эхэлсэн. Тариалангийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.2.1-т "өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах" үүрэгтэй ба мөн хуулийн 24-р зүйлийн 24.5-т "Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална" гэж заасан. С.М.ын гахай манай компанийн тариалалтын талбайд тарьсан овъёос идэж, талбай сүйтгэж байгаа талаар Эрдэнэсант сумын захиргаанд гомдлоо гаргасан ба Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08-р сарын 30-ны өдрийн А-136. А-158. A-210 тушаал, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12-р сарын 24-ний өдрийн 128-р тогтоол, Сумын Засаг даргын 2021 оны 05-р сарын 24-ны өдрийн А/115 тоот захирамжийг үндэслэн сумын Засаг даргын 2019 оны А/182 тоот захирамжаар байгуулагдсан комиссын 2021 оны 08-р сарын 06-ны өдөр "Таримал ургамлын хохирол тооцох акт"-аар "...гахай орж идсэн хэсгийг 8 га талбайгаас 1 га талбайг хамарсан байна..." гэж үзэж .............ХХК-д учирсан хохирлыг 7,000,000 төгрөгөөр тооцсон. Хүчингүй болсон хуулийн заалтыг баримтлан тооцсон үндэслэлээр актыг шинэчлэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Таримал ургамлын хохирол тооцох акт"-аар 5,163,700 төгрөгөөр хохирлыг тогтоосон. Иймд актаар тогтоосон хохирол 5,163,700 төгрөг, тариалангийн талбайд хохирол учруулснаас болж ургац алдаж, түүнээс олох ёстой байсан ашигт 4,320,000 төгрөг, нийт 9,487,860 төгрөгийг хариуцагч С.М.аас гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд ирүүлсэн  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .............ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн материал болон хэрэгт авагдсан баримтад иргэн С.М.ын гахай 5-6 удаа тариалангийн талбайг сүйтгэж 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн таримал ургамлын хохирол тооцох актаар нийт 5,163,700 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт нотлох баримтаар хохирол тооцох акт нэхэмжлэгчийн дурдаж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08-р сарын 30-ны өдрийн Таримал ургамлын хохирол тооцох акт нь хохирол тооцох аргачлалыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй акт юм. Учир тухайн хохирол тооцох журмын 4 дүгээр зүйлд комиссын гишүүд бүгд газар дээр нь очиж үзлэг шалгалт хийж, тухайн хохирлыг тогтоох ёстой. Уг хохирол тооцох актыг гаргасан гэрч Л.Атарбаяр, Ц.Дэлгэрбаяр, Н.Долгорсүрэн, Э.Мөнхзаяа, Н.Уугантуяа нарын мэдүүлгээс харахад тухайн газарт комиссын гишүүд очиж үзээгүй байдаг. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.Уугантуяагийн баримтжуулалтад үндэслэн комиссын гишүүд гарын үсэг зурж, тухайн хохирол тооцох актыг 5,163,700 төгрөгөөр гаргасан. Тухайн актыг гаргах болсон нотлох баримтад иргэн С.М.ын 5 тооны гахай 5-6 удаа орж тариалангийн талбайг сүйтгэсэн гэдэгт хамаарах нотлох баримт байхгүй учир Таримал ургамлын хохирол тооцох актыг үндэслэж 5,163,700 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн олох байсан орлого гэж 4,320,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь олох байсан орлого, зайлшгүй олох байсан орлого гэдгийг нотолсон баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт гаргаж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч С.М. нь өөрийн эзэмшлийн гахайгаа хариулж, хараа хяналтдаа байлгаагүйгээс .............ХХК-ийн тариалангийн талбайг сүйтгүүлж, хохирол учруулсан гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй” гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл, Засаг даргын захирамж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гараар бичсэн тайлбар, Таримал ургамлын хохирол тооцсон актууд, фото зургууд /хх-2-19, 127-128, 135-138/, газар эзэмших гэрээ, барьцааны гэрээ /хх-129-134/, овъёос тариалсан тооцоо, уринш боловсруулалтын ажил хийсэн тайлан, 2021 онд 8 га-д овъёос тарьсан тариалалтын тооцоо, намрын ургац хураалтын зардал, газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ гэсэн баримтыг; /хх-121-126/.

Хариуцагчаас итгэмжлэл /хх-28/, хариу тайлбар /хх-29, 155/-ыг;

Зохигчдын хүсэлтээр шүүх мал тооллогын А дансны хуулбар /хх-99-108/, гахай дайрж алсан гэх гомдлыг эрүүгийн журмаар хянагдаж байгаад холбогдох баримт /хх-72-92, 109-110/, акт тогтоосон комиссын бүрэлдэхүүнийг гэрчээр асууж /хх-177-203/, актын үндэслэл болсон зураг, бичлэг /хх-213-224/-ийг бүрдүүлж, хэрэгт хавсаргав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч .............ХХК нь хариуцагч С.М.т холбогдуулан гэм хорын хохиролд 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хохирол тооцсон актаар тогтоосон 5,167,860 төгрөг, олох ёстой байсан ашигт 4,320,000 төгрөг, нийт 9,487,860 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хэргийг хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд:

.............ХХК нь 8 га талбайд овъёос тариалдаг. Иргэн С.М. нь тэжээдэг гахайгаа хараа хяналттай маллахгүй дураар нь тавьж, .............ХХК-ийн тариалалтын талбайд оруулж хохирол учруулж эхэлсэн... С.М.ын гахай манай тариалалтын талбайд тарьсан овъёос идэж, талбай сүйтгэж байгаа талаар гомдлоо гаргасан ба Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08-р сарын 30-ны өдрийн А-136. А-158. A-210 тушаал, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12-р сарын 24-ны өдрийн 128-р тогтоол, Сумын Засаг даргын 2021 оны 05-р сарын 24-ны өдрийн А/115 тоот захирамжийг үндэслэн сумын Засаг даргын 2019 оны А/182 тоот захирамжаар байгуулагдсан комиссын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Таримал ургамлын хохирол тооцох акт”-аар тогтоосон 5,163,700 төгрөгийн хохирол,  ургац алдаж, түүнээс олох ёстой байсан ашиг 4,320,000 төгрөг, нийт 9,487,860 төгрөгийг гаргуулна” гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

С.М.ын гахай 5-6 удаа тариалангийн талбайг сүйтгэж, 5,163,700 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна. Сайд нарын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар баталсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ыг зөрчсөн. Учир нь тухайн хохирол тооцох журмын 4 дүгээр зүйлд комиссын гишүүд бүгд газар дээр нь очиж үзлэг шалгалт хийж, хохирлыг тогтоох ёстой боловч комиссын гишүүн Л.Атарбаяр, Ц.Дэлгэрбаяр, Н.Долгорсүрэн, Э.Мөнхзаяа нарын мэдүүлгээр тухайн газарт очиж үзээгүй, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.Уугантуяагийн баримтжуулалтад үндэслэн комиссын гишүүд гарын үсэг зурсан гэдэг нь нотлогддог. Журмыг зөрчиж гаргасан “Таримал ургамлын хохирол тооцох акт”-ыг үндэслэж 5,163,700 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн зайлшгүй олох байсан орлого гэдгийг нотолсон баримтгүйгээр олох байсан орлогод 4,320,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй” гэв.

Нэхэмжлэгч .............ХХК нь Ц.Цогтсайханд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр /хх-3/, хариуцагч С.М. нь Э.Батбаярт 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр /хх-28/ зохигчийн эдлэх бүх эрхийг олгосон итгэмжлэлийг тус тус олгожээ.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүссэн бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

3.Тариалангийн талбайд гахай орсноос учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Нэхэмжлэгч .............ХХК нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Батхаан 8  гудамжны нэгж талбарын 4129050959 дугаартай 36355 буюу 3,6 га газрыг “Төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалан” эрхлэхээр, мөн Дэлийн энгэрт байрлах нэгж талбарын 18465252913483 дугаартай 455м.кв газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар эзэмшдэг байна. /хх-129-134/

Нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд тэжээвэр гахай орж, тариалсан овъёосыг идэж, 1 га талбай талхлагдаж, хохирол учирсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан фото зураг, бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ. Учир нь:

Нэхэмжлэгч нь 15-16 тооны гахай .............ХХК-ийн торон хашааг эвдэж доогуур нь шургаж орох маягаар орж ирдэг, ургац дундаас бүрэн харагддаггүй, 20-30 удаа орж ирсэн  ч актаар тогтоосноор шаардсан гэж, хариуцагч нь 7 дугаар сарын 16-ны өдөр талбайд гахай орсныг хүлээн зөвшөөрнө, бусад өдөр орсон гахайг С.М.ынх гэдгийг нотлоогүй, актыг журмын дагуу гаргаагүй гэж маргажээ.

.............ХХК нь газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх үйл ажиллагаа явуулдаг ба итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Дагвабазар байна. /хх-4-8/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дагвабазарын гомдлоор 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай “Таримал ургамлын хохирол тооцох акт”-аар хохирлыг хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр торгох хэмжээг баримтлан 7,000,000 төгрөгийг хохирол учирсан гэж тооцсоныг, тус актыг тогтоосон этгээд өөрийн санаачлагаар хуульд нийцүүлэн өөрчилж 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Таримал ургамлын хохирол тооцох тухай акт” үйлдэж, албажуулсан байна. /хх-12,127-128/

Тус 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Таримал ургамлын хохирол тооцох акт”-д: “2,3 буюу уринш 685,860=/1га*329,750*16,110/+34,000; 2,4. 5 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд учруулсан хохирлыг тооцох аргачлалаар тооцоход 4,482,000=/1га*2,100кг*800,000/+ /1га*200кг*280,000/*/896,000+396,000+150,000+1,080,000/ эзний баримт болгож авсан зураг болон бичлэгийг үндэслэн 5-6 удаа орж овъёосны талбайг ихээр талхалж идэж сүйтгэсэн байна. Иймд тариалангийн талбайд тэжээвэр 10 гахай орж, 1 га овъёосны талбайд учруулсан нийт хохирол 5,167,860 төгрөгийн хохирол учирсныг тогтоолоо. ...Хохирлын хэмжээ, хохирол төлөхтэй холбогдсон гомдлоо шүүхэд гаргаж болно. Хүлээн зөвшөөрч байлцсан, 2 дугаар багийн малчин С.М. /гарын үсэг зурагдаагүй/” гэсэн байна. /хх-128/

Нэхэмжлэгч зөвтгөн тогтоосон актын дүнгээр хохиролд 5,167,860 төгрөгийг  шаардаж, хариуцагч тус актыг журам зөрчиж гаргасан гэж эс зөвшөөрч байх боловч, тухайн актаар хохирлыг тооцсон аргад маргаагүй.

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглосон ба мөн зүйлийн 24.5-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж хуульчилсан.

Үүний дагуу “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ыг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийг сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалаар баталж, захиргааны хэм хэмжээний актын №3990 дугаарт бүртгэсэн тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Энэ аргачлалын 3 дахь хэсгийн 3.1-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хэрэгжүүлнэ”, 3.2-т “сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгоно”, мөн 3.4-т “Ажлын хэсэг нь талуудын хохирол тогтоолгох тухай хүсэлтийг хэлээн авсан даруй төлөөлөл томилж ажиллуулна”, 3.7-д  “...ажлын хэсэг дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд Ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж журамласан бөгөөд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор баталсан “Таримал ургамлыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах журам”-аар илүү нарийвчлан зохицуулжээ.

Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Уугантуяа тариалангийн талбайд үзлэг хийж ажилласан нь гэрч Л.Атарбаяр, Ц.Дэлгэрбаяр, Н.Долгорсүрэн, Э.Мөнхзаяа болон өөрийнх нь шүүхэд өгсөн мэдүүлэг, зохигч талуудын тайлбараар нотлогдож байх ба ажлын хэсэг буюу комисс нь төлөөллөөрөө дамжуулан талбайд үзлэг, шалгалт хийж, комиссын дарга буюу Засаг даргын орлогч баталгаажуулж, комиссын гишүүд гарын үсгээ зурсан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийг сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалаар батлагдсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ын 3.3, 3.4, 3.5 дэх заалтуудыг зөрчөөгүй байна. /хх-177-203/

Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан комиссын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Таримал ургамлын хохирол тооцох акт”-ыг эс зөвшөөрч, актыг хүчингүй болгуулахаар хариуцагч тал шүүхэд гомдол гаргаагүй учир актыг хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.    

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба мөн зүйлийн 497.2-т заалтаар хариуцлагаас чөлөөлөгдөн үндэслэлийг тодорхойлж, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүргийг хариуцагч талд ногдуулсан.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, түүний гэм буруу нь санаатай болон болгоомжгүй үйлдэл нь тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

Гэм бурууг тогтооход учирсан хохирлыг бий болгох хүсэл нь хариуцагчид байсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, харин тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтнаас хамгаалах хашаалах, мал, тэжээвэр амьтны өмчлөгч нь байнгын маллагаатай байлгах нөхцөлийг бүрдүүлсэн байх, хохирол учруулахгүй байх, хамгаалахад ямар санаа зорилго байв гэдэг нь чухал юм.

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тариалангийн талбайд мал оруулахыг хориглож, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 3.1-д “Тариалангийн талбайн ойролцоо 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд нутаглахгүй, малаа бэлчээхгүй, заасан хугацаанаас өмнө нүүж ирэхгүй байх”, 3.2-т ...тариалангийн газар нутгуудад дурдсан хугацаанд нутаглахгүй байх, тариалангийн талбайн ойролцоо малаа бэлчээхгүй байнгын хариулга, маллагаатай байлгах”-ыг малчин, мал бүхий иргэдэд үүрэг болгосон.

Хариуцагч С.М. нь 2021 онд 38 тооны гахай тэжээдэг болох нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн ”Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого” баримтаар нотлогдож байна. /хх-99-108/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тухайн тариалангийн талбайд 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн гахай нэхэмжлэгчийн талбайд орсонд маргахгүй, бусад өдөр орсон гахай С.М.ын гахай гэдгийг нотлох баримт байхгүй, 5-6 удаа орсон гэдгийг, 1 га талбай сүйтгэгдсэн гэдгийг нотлож чадаагүй, хохирол тогтоох комисс бүрэлдэхүүнээрээ үзлэг хийгээгүй, хохирол тогтоох журмыг зөрчиж акт гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх боловч татгалзлын үндэслэл болох нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийг шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагч буюу гахай тэжээгч С.М. нь гахайгаа байнгын хариулга, маллагаатай байлгах, тариалангийн талбайд оруулахгүй байх үүргээ биелүүлээгүй эс үйлдлээрээ гэм хор учруулахад хүргэсэн гэм буруутай, гэм буруутай эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч .............ХХК-ийн овъёос тариалсан талбайд 5,167,860 төгрөгийн бодит хохирол учирсан, эс үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч .............ХХК нь хариуцагч С.М.аас “Таримал ургамлын хохирол тооцох акт”-аар тогтоосон хэмжээгээр гэм хорын хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

Харин .............ХХК нь өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүргийг Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар хүлээнэ.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/115 дугаар захирамжийн 1.1-д -“1.1-д “Тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгч байгууллага тариалсан талбайгаа мал, тэжээвэр амьтдаас хамгаалах ажлыг зохион байгуулахаас гадна тариалсан талбайгаа тэмдэгжүүлж 200 га тутамд 1 манаач ...байлгах, 1.2-т Тариалсан талбайгаа бөх бат материалаар хийгдсэн хашаагаар бүрэн хашаажуулсан байх”, 1.3-т “тариалсан талбайд орсон мал, тэжээвэр амьтдыг хаших албан ёсны өөрийн эзэмшлийн стандартын хашаа барьсан байх” үүргээ зөрчиж, тариалалт хийсэн талбайд тэжээвэр амьтан оруулахгүй байх бүх талын арга хэмжээ авах, тэжээвэр амьтан орсон бол тухайн амьтныг хашаалж, эзэнд нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэл нь талбайд гахай олон удаа орох, хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна.   

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар хохирлын хэмжээг тал хувиар бууруулан гэм хорын хохиролд 2,583,930 төгрөгийг хариуцагч С.М.аас гаргуулж, нэхэмжлэгч .............ХХК-д олгож, актаас үлдэгдэл 2,583,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4. Олох байсан ашиг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч .............ХХК нь 2021 онд нийт 8 га талбайгаас 9,867,000 төгрөгийн ашиг олох байснаас 5,547,000 төгрөгийн ашиг олж, 4,320,000 төгрөгийн олох байсан ашгийг алдсан гэж нэхэмжилсэн.

Хариуцагч С.М.ын тэжээдэг гахайнууд нэхэмжлэгчийн талбайд орж, 1 га талбайг сүйтгэсэн үйл баримтыг нотлох баримт байхгүй, хохирол тогтоосон актаар тогтоосонтой давхардуулан олох байсан орлогыг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.  

.............ХХК-ийн эзэмшил газрын талбай нь хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших эрхийг барьцаалсан гэрээгээр нийт 36,810 м.кв байх боловч, нэхэмжлэгч “8 га талбайг эзэмшдэг, тухайн талбайд бүрэн хэмжээгээр овъёос тариалсан, түүнээс олох байсан ашгаа алдсан” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан, нотлох баримтаар 8-га талбайд овъёос тариалсан тооцоо, 2020 онд 8 га-д овъёос тарих талбайн уринш боловсруулалтын ажил хийсэн тайлан, 2021 онд 8 га-д овъёос тарьсан тариалалтын тооцоо, 8 га-д намрын ургац хураалтын зардал, газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнэ гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлжээ.  /хх-129-134, 121-126/.

Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйл, .............ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлд зааснаар тус компани нь хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн, санхүүгийн тайлангаа баталгаажуулан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргаж, татвар төлөх үүргийг хуулиар хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн санхүүгийн орлого, зарлага, ашиг, алдагдал нь төрийн зохих байгууллагад тайлагнасан санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн баримтаар баталгааждаг учир тухайн санхүүгийн баримтаар олох байсан орлого, эсвэл татвар төлсний дараах ашиг буурсныг нотлох юм. Нэхэмжлэгч олох байсан ашгийг нэхэмжилсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох санхүүгийн болон татварын тайлан, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй гэж дүгнэж, тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

5. Иргэдийн төлөөлөгч Д.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч С.М. нь өөрийн эзэмшлийн гахайнуудаа хариулж, хараа хяналтдаа байлгаагүйгээс .............ХХК-ийн тариалангийн талбайг сүйтгүүлж, хохирол учруулсан учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэжээ.

Хэргийг хянан хэлэлцээд С.М. нь аж ахуйн зориулалтаар гахай тэжээдэг болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байна. Тухайн гахайг байнгын маллагаатай байлгах, тариалангийн талбайд оруулахгүй байх үүргээ хариуцагч эс биелүүлснээс бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай эс үйлдэл нөлөөлсөн байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээс зарим хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч С.М.аас 56,293 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Эрүүгийн 21340016690403 дугаартай хэргийн нотлох баримтуудыг /хх-72-92/ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэлээр, гар утсаар харилцсан мэссэж гэх баримт /хх-136/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр, зохигч талуудын шүүх хуралдаанд судлуулсан Си-Ди дэх бичлэг хэзээ анх хийгдсэн огноо тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч С.М.аас гэм хорын хохиролд 2,583,930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6,903,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч .............ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч С.М.аас 56,293 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН

 

ШҮҮГЧИД                         Д.ОТГОНЧУЛУУН

 

                                                                     Б.ТҮВШИНЖАРГАЛ