Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/208

 

2024        02        29                                2024/ШЦТ/208

 

                                                                                                                              

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Намуунзул

улсын яллагч Ц.Сайнхүү

шүүгдэгч, хохирогч Б.Нэргүйбаатар

шүүгдэгч, хохирогч Б.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн овогт Баярмаагийн Нэргүйбаатар, Битүүб овогт Баатарчулууны Уянга нарт холбогдох эрүүгийн 2406 00000 0083 дугаартай  хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:  

 

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймаг Асгат суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Бүрэн цутгамал ХХК-д зүсэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Чингэлтэй дүүрэг 9-р хороо Дэнж 27-332 тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаа шийтгэлтэй. /РД: ЛА88072217/, Түмэн овогт Баярмаа Нэргүйбаатар

 

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав ээж дүү нарын хамт  Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн алтан өлгийн 9-185 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй. /РД: ШБ87102560/, Битүүб овогт Баатарчулууны Уянга.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Нэргүйбаатар нь 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 00:40 цагийн үед Баянзүрх дүүрэг 22-р хорооны нутагт байх “Рояал” нийтийн карокед хохирогч Б.Уянгатай үл ялих зүйлээс болж маргалдан, хохирогчийн биед халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Уянга нь 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 00:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутагт байх “Рояал” нийтийн караокед хохирогч Б.Нэргүйбаатартай үл ялих зүйлээс болж маргалдан, хохирогчийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Нэргүйбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

           

Шүүгдэгч Б.Уянга нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: иргэн Б.Уянгаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/, хохирогч Б.Уянгын мэдүүлэг /хх-ийн 13/, хохирогч Б.Нэргүйбаатарын мэдүүлэг /хх-ийн 17/, гэрч Н.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 20/, ШШЕГ-ын 2023.12.20 №446 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, ШШГЕГ-ын 2023.12.20 №449 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ яллагдагч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 37, 41/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42,43 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 49,61 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51, 62 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Нэргүйбаатар нь 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 00:40 цагийн үед Баянзүрх дүүрэг 22-р хорооны нутагт байх “Рояал” нийтийн карокед хохирогч Б.Уянгатай үл ялих зүйлээс болж маргалдан, хохирогчийн биед халдаж, хөнгөн хохирол санаатай,

Шүүгдэгч Б.Уянга нь 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 00:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутагт байх “Рояал” нийтийн караокед хохирогч Б.Нэргүйбаатартай үл ялих зүйлээс болж маргалдан, хохирогчийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2023 оны 12 сарын 14-ний өдрийн 00:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутагт байх “Рояал” нийтийн караокед шүүгдэгч Б.Нэргүйбаатар нь хохирогч Б.Уянгын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн хацрын зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод 7-р араа шүдний сулрал гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Уянга нь хохирогч Б.Нэргүйбаатарын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хүзүүнд зулгаралт гэмтэл тус тус учруулжээ. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох үйл баримт тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Б.Нэргүйбаатар нь хохирогч Б.Уянгын эрүүл мэндэд шүүгдэгч Б.Уянга нь хохирогч Б.Нэргүйбаатарын тус тус халдаж зодсон үйлдэл хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.Нэргүйбаатар, Б.Уянга нарын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд “үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдсан нөхцөл байдал байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Хохирогч Б.Уянга нь шүүгдэгч Б.Нэргүйбаатараас хохирогч Б.Нэргүйбаатар нь шүүгдэгч Б.Уянгаас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр тус тус нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Нэргүйбаатар, Б.Уянга нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.Уянгын тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, үл ялих зүйлээс  шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Нэргүйбаатарын тухайд үл ялих зүйлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, урьд шүүхээр удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар ноцтой их биш, зэрэг хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Уянгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Нэргүйбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах” саналыг гаргасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Уянга, Б.Нэргүйбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн санал болон үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Нэргүйбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Б.Уянгад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг тус тус ялгамжтай оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг  сидиг хэрэгт хавсаргах зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түмэн овогт Баярмаа Нэргүйбаатар, Битүүб овогт Баатарчулууны Уянга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэргүйбаатарт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Уянгад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уянга нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож , шүүгдэгч Б.Нэргүйбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй  бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Нэргүйбаатар, Б.Уянга нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

           

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА