Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/247

 

2024          03          11                                       2024/ШЦТ/247

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Амуундарь

Улсын яллагч Ц.Ганцэцэг

Хохирогч Д.Эрдэнэсувд, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн

Насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч Д.Доржготов

Шүүгдэгч Л.Доржмягмар, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аззээр овогт Лувсангийн Доржмягмарт холбогдох эрүүгийн 2403 00000 0070 дугаартай хэргийг 2024 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 10-р хороо, Зүүнбаян-Уулын 9-25 тоотод урьд ял шийтгэлгүй, Аззээр овогт Лувсангийн Доржмягмар /ИО89032816/

                         

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Л.Доржмягмар нь 2024 оны 01 сарын 16-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7-р хороо, Баянцээл худалдааны баруун замд Suzuki SX-4 маркийн 1282 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 16.1-т заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр явган зорчигч болох Д.Эрдэнэсувд /РД:НО79121467, 45 настай, эмэгтэй/ Д.Тэмүүжин /РД:НМ062319/, 17 настай, эрэгтэй/ нарыг мөргөж улмаар Д.Эрдэнэсувд /РД:НО79121467/-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Доржмягмар мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гарцан дээр очиж зогсоод хөдлөхдөө хажуу машины урдаар гарч ирсэн хүнийг харалгүй мөргөсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Эрдэнэсувд мэдүүлэхдээ: “Ер нь 01 дүгээр сараас хойш ажлаа хийгээгүй. Цагаан сарын үер ажлын эрэлттэй үе байсан боловч ажлаа хийж чадаагүй. Сар гаран орноосоо ч босож чадаагүй. Хүүхдүүдээрээ хоол цайгаа зөөлгөж идэж байсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Би түрээсийн мөнгө нэхэмжилж байгаа. Гэрээ сунгасны дараа эх хувийг гаргаж өгнө гэж хариуцсан менежер хэлсэн. 2 дугаар сарын агуулах, лангууны түрээс 1.804.665 төгрөг  нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Доржготов мэдүүлэхдээ: Манай хүү 12 дугаар ангийн буюу төгсөх ангийн хүүхэд байгаа. Насанд хүрээгүй хүүхдэд сэтгэл санааны хохирол яадын бол. Баримтаар хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, явган зорчигчийн согтууруулха ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын  2024 оны 02 сарын 14-ний өдрийн 02/689 дугаартай албан бичиг, Д.Эрдэнэсувдын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн мэдээлэл, эд зүйл баримт бичиг  хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Д.Эрдэнэсувдаас хохиролтой холбоотой гаргасан баримтууд, хохирогч Д.Эрдэнэсувдын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүжингийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Болорцэцэгийн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.01.23-ны өдрийн 1678  дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.01.23-ны өдрийн 1680 дугаартай дүгнэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024.01.17-ны өдрийн 1140049222 дугаартай дүгнэлт, тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын 2024.02.02-ны өдрийн 127 дугаартай Мөрдөгчийн лавлагаа, яллагдагч Л.Доржмягмарын мэдүүлэг, мөрдөгчийн эд зүйлс баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, яллагдагч Л.Доржмягмараас хохирол төлсөн талаархи баримтууд, шинээр 316000 төгрөг төлсөн баримт, шинээр нийт 8 хуудас баримт байна. Түрээсийн гэрээ, гэрээний дагуу лангуу түрээслэдэг. Нийт 1804665 төгрөгийг нэхэмжилж байгаа баримтууд, лангууны гэрээ, агуулахад мөнгө төлсөн баримтуудыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Л.Доржмягмар нь 2024 оны 01 сарын 16-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7-р хороо, Баянцээл худалдааны баруун замд Suzuki SX-4 маркийн 1282 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 16.1-т заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр явган зорчигч болох Д.Эрдэнэсувд /РД:НО79121467, 45 настай, эмэгтэй/ Д.Тэмүүжин /РД:НМ062319/, 17 настай, эрэгтэй/ нарыг мөргөж улмаар Д.Эрдэнэсувд /РД:НО79121467/-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.01.23 №1678 тоот дүгнэлтэд: Д.Эрдэнэсувдын биед ууцны 4-р нугалмын ташуу сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээч эмчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

Шүүгдэгч Л.Доржмягмар нь 2024 оны 01 сарын 16-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7-р хороо, Баянцээл худалдааны баруун замд Suzuki SX-4 маркийн 1282 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 16.1-т заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр явган зорчигч болох Д.Эрдэнэсувд /РД:НО79121467, 45 настай, эмэгтэй/ Д.Тэмүүжин /РД:НМ062319/, 17 настай, эрэгтэй/ нарыг мөргөж хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Доржмягмарын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.Доржмягмар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Доржмягмарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 700 нэгж тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн өмгөөлөгч хуулийн нэмэлт өөрчлөлтийг хараагүй буруу ярьж байна. Эрх хасдаг ял заавал байхаар нэмэгдсэн хуулийн заалтыг мэдэхгүй  дүгнэлтээ гаргаад байна. Улсын яллагч хорих ял оногдуулна гэж хэлээгүй байхад хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж байгаа нь үндэслэлгүй юм. Заавал ял шийтгэл оногдуулна. Ял шийтгэлгүй үлдэнэ гэж байхгүй. Хохирогч сууж чадахгүй, ажлаа хийж чадахгүй байхад шүүгдэгчийн хувьд сайн дураараа туслаад явахгүй, алга болдог байдалтай байгаа тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй юм гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүх хуралдаанд орж байгаа хүмүүс бүгд хуульчид биш. Хэн хэн нь эрүүл байсан. Миний үйлчлүүлэгчийн машин бүтэн байсан. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын баримтаар бүрэн төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлсөн болов баримтаа авч ирээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн, хорих ялгүй гэмт хэргийн хувьд гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөр төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудын талаар заасан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гарцан дээр зогсож байгаад хүн мөргөсөн. Түүнээс цаанаас ирж байгаад хүн хараагүй мөргөсөн зүйл байхгүй. Үүнийг хохирогч өөрөө мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас чөлөөлөх боломж байгаа. Хохирогч эрхтэй, миний үйлчлүүлэгч эрхтэй. Хэргийн нөхцөл байдлаас харахад манай үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд эрх заавал хасна гэсэн заалт байхгүй. 1 жил 6 сараар жолоодох эрхийг хасахгүй, өөр шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгч Л.Доржмягмарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө тодорхой хэмжээнд төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Доржмягмарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Доржмягмар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч С.Сувд-Эрдэнээс 310606 төгрөгийн хохиролтой холбоотой Е баримт, Л.Доржмягмараас хохирогчид нийт 335580 төгрөгийн /Е баримт шинжилгээг хийлгэсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 168000 төгрөгийг нэхэмжилсэн, хохирол төлөгдөөгүй болно гэж дурдсан бөгөөд хохирогч Д.Эрдэнэсувд 2 дугаар сарын агуулах, лангууны түрээс 1.804.665 төгрөг  нэхэмжилсэн боловч дээрх нэхэмжлэлтэй холбоотой баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй байна. Иймд хохирогч Д.Эрдэнэсувд, хохирогчийн хуул ёсны төлөөлөгч Д.Доржготов нар нь цаашид гарах хор уршиг хохиролтой холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцох бөгөөд 13 дахин буюу 8580000 төгрөгийг тогтоолгох саналыг гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлахад “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар-“ыг хохирогч Д.Эрдэнэсувдад мөрдөгч танилцуулсан баримт хэрэгт авагдсан хэдий ч  Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2-т Сэтгэцийн эмгэгийн зэргийг ... шинжилгээний байгууллага тогтооно. 3.6-д Шинжилгээний байгууллага ... тогтоож ... шийдвэрлэнэ. гэж тус тус заасан. Энэ хэрэгт хохирогч Д.Эрдэнэсувдын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоосон зүйлгүй. Талуудаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эрдэнэсувд 168000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч дээрх зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч Л.Доржмягмар 168000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд тушаахыг даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Доржмягмар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л.Доржмягмарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аззээр овогт Лувсангийн Доржмягмарт Эрүүгийн хуулийн тусангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасншүүгдэгч Л.Доржмягмарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.

 

           3. .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Доржмягмар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож мэдэгдсүгэй.

 

          4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Доржмягмар /ИО89032816/-с 168000 /нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд тушаахыг даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Доржмягмар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Д.Эрдэнэсувд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Доржмягмарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА