| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00301/И |
| Дугаар | 104/ШШ2019/00294 |
| Огноо | 2019-08-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 104/ШШ2019/00294
|
2019 оны 08 сарын 12 өдөр |
Дугаар 189/ШШ2019/00294 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, **************ын ******* /*******/
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, Тарвагатай гийн //-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2008 онд 11 дүгээр ангийн сурагч байхдаа А.тэй танилцаж, хайртай болсон. 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин , 2010 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү Г., 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин Г. нар төрсөн. Бид эхний хэдэн жил манайд амьдарсан. Гэтэл А. буудалд байгаа юм шиг байх болсон. Тэрээр ажил хийдэг ч тэжээдэггүй, хайр халамжгүй байснаас гадна янз бүрийн хүүхнүүдтэй холбогдож гадуур хонох болсоноос болж байнгын хэрүүл маргаантай байх болсон. Мөн бид эр, эмийн харьцаанд сард 2 удаа ордог байсан тул миний биед өөрчлөлт орж, бэлгийн амьдралын хувьд таарч тохирохоо больсон.
А.ийн энэ байдлаас болж манай хойд эцэг биднийг гэрээсээ хөөсөн. Ингээд А.ийн гэрт эцэг, эхтэй нь хамт амьдарсан. Гэтэл би ганцаараа юм шиг гурван хүүхдээ асрах болсон. Үүнээс болж биеийн эсэргүүцэл муудаж уушигний өвчин туссан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад А. өөр хүүхэнтэй уулзаж байгаад баригдсан. Би үүнд нь уурлахад “эмнэлэгтэй үхэхгүй яасан юм” гэж хэлж байсан. Сүүлийн хэдэн жил хүүхдүүдийг маань хадам эцэг, эх харж байгаа. Би энэ хугацаанд ажил хийж, найз нөхөдтэй болсон.
Бид 2018 оноос эхлэн тус тусдаа амьдарч байна. Одоо надад А.ийг гэх хайр сэтгэл байхгүй болсон тул хамт амьдрах боломжгүй. Учир нь:
Би 2018 оны 10 дугаар сард өөр хүнтэй танилцсан. Одоо бид хамт амьдарч байна. Энэ хүн намайг хайрлаж, халамжилдаг. Харин А.тэй өнгөрүүлсэн цаг хугацаа бүхэн хар дарсан зүүд шиг санагддаг. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Харин хүүхдүүдийн хувьд гэвэл, би одоогоор өөрийн гэсэн гэр оронгүй, ажил хийдэгч цалингийн зээлтэй учир зөвхөн өөрийгөө болгож байна. Мөн хүүхдүүд хадам эцэг, эх дээр өссөн учир тэдэнд энэгшин дассан. Иймээс хүүхдүүдийг эцэг А.ийн асрамжид үлдээхээр бид тохиролцсон. Харин би хүүхдүүдээ байнга харж хандаж, уулзаж байх болно. Хариуцагч А.ийн нэр дээр хашаа байшин байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгөд миний хүүхдүүд амьдрах учир хөрөнгийн талаар маргахгүй гэв.
Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэртэйгээ 2008 онд утсаар танилцаж байсан. 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин , 2010 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү Г., 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин Г. нар төрсөн. Бид өрх тусгаарлан тусдаа гарч амьдраагүй. Би хадмынхаа гэрт амьдарч байгаад, дараа нь Налайх дүүрэгт манай эцэг, эхийнд ирж амьдарсан. Би тухайн үед цагдаа байсан болохоор цаггүй ажиллаж байсан. Энэ байдлыг Б.******* ойлгохгүй байнга хардаж, хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Харин би эхнэрээ хуурч байгаагүй.
Миний цалин бага ч эхнэр Б.*******ыг аятай байлгах гэж түүний хүссэнээр Шинэ Налайх хороололд байр түрээслэн амьдарч байсан. Харин Б.******* хамт амьдрах хугацаанд надад нэг удаа аяга цай, хоол хийж, хувцас угааж өгч байгаагүй. Б.******* мөнгө өгвөл хувьцасыг чинь индүүдэж өгнө гэдэг байсан тул мөнгө өгч хийлгэдэг байсан. Мөн төрсөн хүүхдүүдээ хайрлаж, хайхардаггүй.
Намайг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд хүүхдүүдийг маань миний эцэг, эх өсгөж хүмүүжүүлж байсан. Одоо хүүхдүүд маань миний асрамжид байгаа. Б.******* тусдаа амьдарснаас хойш хүүхдүүдтэйгээ 3 удаа уулзсан. Бусад үед нь утсаар ярьдаг. Хүү Г.ийг бүүр тоодоггүй.
Би түүнийг найз охинтойгоо хамт амьдарч байгаа гэж бодсон. Гэтэл 2018 онд танилцсан залуутайгаа хамт амьдарч байгааг сая мэдлээ. Би Солонгос улсаас ирээд Б.*******тай хамт амьдрах гэж зөндөө гуйсан. Мөн зээлийн өрнөөс нь хүртэл төлөлцсөн. Энэ бүхнийг түүнд хайртайдаа хийсэн. Гэтэл Б.******* өөр эртэй амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдээ боддоггүй хүнд өгөхгүй өөрөө авна. Бидний дунд эд хөрөнгө гэх зүйл байгаагүй учир хуваах эд хөрөнгө байхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч А. гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч насанд хүрээгүй хүүхэдтэй тул нэхэмжлэгч Б.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Б.******* хариуцагч А. нар 2008 онд танилцан, 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин , 2010 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү Г., 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдөр охин Г. нар төрсөн. Одоо охин , хүү Г., охин Г. нар эцгийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь Б.*******, А. нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин гийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Г.ий дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Г.ы дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн “...охин , хүү Г., охин Г. нар эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “... нь 52 ангид, Г. нь 47 ангид тус тус суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-14/
Нэхэмжлэгч Б.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Би одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа... бидний эр, эмийн харьцаа тохирдоггүй...түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон” гэж тайлбарласан, хариуцагч А. “...Б.******* өөр хүнтэй хамтран амьдарч байгаа...намайг гэх сэтгэлгүй болсон тул эвлэрч амьдрахыг хүсэхгүй байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл гэж үзэхгүй ч тус тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй, нэхэмжлэгч өөр бусадтай хамтран амьдарсан, хэн хэн нь эвлэрч амьдрах хүсэлгүй байгаа зэрэг байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А. нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эцэг А. үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхдүүд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал нь А.ийн дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А.ийн дугаартай Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Мөн хүүхдүүдийн өссөн газар, эцэгтээ энэгшин дассан байдал, хүүхдүүдийн нас болон охин гийн “...Аав надад илүү анхаарал халамж тавьдаг. Аав мөнгийг нь өгч, ээж надад хэрэгтэй зүйлийг маань авч өгдөг байсан. Аавтайгаа хамт амьдрахыг хүсч байна...” гэсэн санал, хүү Г.ий “...Аав надад илүү анхаарал халамж тавьдаг, Аавтайгаа хамт амьдрахыг хүсч байна...” гэсэн санал зэргийг харгалзан 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин , 2010 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г., 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдөр төрсөн охин Г. нарыг эцэг А.ийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг тул нэхэмжлэгч Б.******* үр хүүхдүүдээ хариуцагчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд хариуцагч А. хүүхдүүдийн тэтгэлэгийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй ч нэхэмжлэгч Б.******* үр хүүхдүүдээ сайн дураар тэжээн тэтгэж байхыг дурдаж байна.
Мөн зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаагүй гэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.ээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч **************ын *******, хариуцагч Тарвагатай гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин , 2010 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г., 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдөр төрсөн охин Г. нарыг эцэг А.ийн асрамжид байлгасугай.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.ээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС