| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2024/0325/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/344 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ч |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/344
2024 04 02 2024/ШЦТ/344
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
улсын яллагч Г.Чанцалдулам
өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайхан, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Цагаан овогт Нарантогтохын Энхсайханд холбогдох эрүүгийн 2306 05728 0530 дугаартай хэргийг 2024 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2006 оны 03 сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Нийслэлийн Ерөнхий боловсролы 111 дүгээр сургуулийн 12а бүлэгт суралцдаг ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүрэг 43-р хороо, 84-21 тоотод оршин суух хаягтай, Цагаан овогт Нарантогтохын Энхсайхан ЙЖ06231515/
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайхан нь 2023 оны 10 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг 25-р хорооны нутаг дэвсгэр ЕБС 111-р сургууль дотор хохирогч Б.Тэмүүлэнтэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, үснээс зулгааж биед халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, хохирогч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.11.02-ны өдрийн 13836 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайхан нь 2023 оны 10 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг 25-р хорооны нутаг дэвсгэр ЕБС 111-р сургууль дотор хохирогч Б.Тэмүүлэнтэй үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, үснээс зулгааж биед халдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, хохирогч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.11.02-ны өдрийн 13836 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлон тогтоогдсон гэж дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайхан нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Тэмүүлэн баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, 2024 оны 03 сарын 27-ны өдрийн байдлаар 600000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн гэж яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байна.
Хохирогч Б.Тэмүүлэнд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэж хохирол төлбөр нэхэмжлэх эсэхийг тодруулахад гомдол санал байхгүй, 600000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбарыг өгсөн тул өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, өсвөр насны шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин өсвөр насны шүүгдэгчид нэг зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж дараа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шаардлагагүй юм. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхсгийн 1.1 дэх заалтыг томъёолон бичиж батлахдаа “... ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ...” гэснээс үзэхэд ял оногдуулаад түүнээс чөлөөлөх биш шууд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх утга тодорхой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүгдэгч Цагаан овогт Нарантогтохын Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайханд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Энхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА